Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/51

 

   В.Пүрэвсүрэнд холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Т.Дэлгэрсайхан           

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 299 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч В.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч В.Пүрэвсүрэнд холбогдох 2118003900028 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овгийн Волоожийн Пүрэвсүрэн, 1965 оны 03 дугаар 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 5 дугаар байрны 47 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. /РД:ХЛ65030304/

Шүүгдэгч В.Пүрэвсүрэн нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн Ж.Мягмарсүрэнг Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан зээлийн төлөлт хийгээгүй хэвийн бус төлөлттэй гэх мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогчийн албан өрөөнд сум хөгжүүлэх сангаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Авто угаалгын газрын инженерийн шугам сүлжээ, дээвэр” хийх төсөл бичиж 10.000.000 төгрөгийн зээл авсан Жуковын Мягмарсүрэнгийн Монгол банк дахь мэдээллийн санд хэвийн бус зээлдэгчийн мэдээллийг өөрчлүүлэх ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 350.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

-мөн Дархан сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Ажлын байр нэмэгдүүлэх” зорилготой төсөл боловсруулж 10.000.000 төгрөгийн зээл авсан Дэчинноровын Үүрийнтуяа нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогчийн албан өрөөнд зээлийн төлбөр болох 5.0 сая төгрөгийг В.Пүрэвсурэнд бэлнээр өгсөн боловч В.Пүрэвсүрэн нь албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон Д.Үүрийнтуяагийн бэлнээр өгсөн зээлийн төлбөр болох 5.0 сая төгрөгийн зээлийг хаалгүй, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрийн сангийн 100190155001 дугаартай дансанд төлсөн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: В.Пүрэвсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1., 22.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч Боржигон овогт Волоожийн Пүрэвсүрэнг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч В.Пүрэвсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч В.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3.д зааснаар шүүгдэгч В.Пүрэвсүрэн нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Пүрэвсүрэнд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс тоолж,

-Шүүгдэгч В.Пүрэвсүрэн нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди-г хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Пүрэвсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Пүрэвсүрэн давж заалдах гомдолдоо:

... Миний бие сургууль төгссөн цагаас улсад үнэнчээр хөдөлмөрлөж ирсэн. Би Ж.Мягмарсүрэнгээс мөнгө авна гэсэн зорилго байгаагүй, намайг өдөөд “мөнгө өгье, хонь өгье” гээд байхаар нь тоглоом болгоод л хэлсэн. Би түүнээс “мөнгө өг” гэж нэг ч хэлээгүй, түүн рүү нэг ч залгаагүй. Өмнө нь “эргэн төлөлтөө хий” гэхээр урдаас сонин сонин юм яриад надаар тоглоом хийгээд байгаа юм шиг харьцдаг болохоор нь ач холбогдол өгөөгүй хариулсан. Д.Үүрийнтуяагийн мөнгийг ч гэсэн бүр мөсөн авч шамшигдуулах зорилго байгаагүй. Энэ бүхнийг би гэмт хэрэг болно гэж бодсонгүй.

Би сумын удирдлагууддаа ч гомдож байна. Би гай болоод байсан бол зүгээр л “та тэтгэвэртээ гар даа” гээд хэлчихсэн бол би зөвшөөрөх л байсан. Цалингийн зээлтэй байсан болохоор түүнийгээ дуусгачхаад тэтгэвэртээ гарна гэж бодож байсан. Санаатайгаар хүнээр утсаар яриулж, үг унагаж аваад гэмт хэрэгтэн болгодог. Ямар нэг хүн хүнийг тэгж байдалд оруулж болдог ч юм уу, үгүй ч юм уу.

Миний бие зүрхний хагалгаанд орсон, энэ нөхцөл байдал надад маш хүнд туслаа. Гэхдээ би өөрийгөө зөвтгөөгүй. Д.Үүрийнтуяа, Ж.Мягмарсүрэн нарыг ашиглаж ийм байдал үүсгэсэнд л гомдолтой байна.

Би анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу гээгүй. Гэхдээ болсон нөхцөл байдлыг л хянуулахыг хүссэн юм... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч В.Пүрэвсүрэнгийн гомдлыг үндэслэн шүүгдэгч В.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч В.Пүрэвсүрэнг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн Ж.Мягмарсүрэнгийн “зээлийн төлөлт хэвийн бус зээлдэгч” гэх мэдээллийг Монгол банкны цахим мэдээллийн санд уг мэдээллийг засуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 350.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1.д заасан,

-мөн Дархан сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Ажлын байр нэмэгдүүлэх” зорилготой төсөл боловсруулж 10.000.000 төгрөгийн зээл авсан иргэн Д.Үүрийнтуяа нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус сангийн нягтлан бодогчийн албан өрөөнд зээлийн төлбөр болох 5.0 сая төгрөгийг В.Пүрэвсүрэнд бэлнээр өгсөн боловч В.Пүрэвсүрэн нь албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон Д.Үүрийнтуяагийн бэлнээр өгсөн зээлийн төлбөр болох 5.0 сая төгрөгийн зээлийг хаалгүй, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрийн сангийн 100190155001 дугаартай дансанд төлсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч В.Пүрэвсүрэнг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумаас гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс тоолохоор шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл шүүгдэгч В.Пүрэвсүрэн нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сум хөгжүүлэх сангаас зээл авсан хохирогч Ж.Мягмарсүрэнгийн Монгол банк дахь мэдээллийн санд “хэвийн бус зээлдэгч” гэх мэдээллийг засуулж “хэвийн” болгуулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 350.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1.д заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардсан”, мөн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Ажлын байр нэмэгдүүлэх” зорилготой төсөл боловсруулж 10.000.000 төгрөгийн зээл авсан иргэн Д.Үүрийнтуяагийн зээлээ хаахаар бэлэн авч явсан мөнгөнөөс “манай санхүүд бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж ойлгуулан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон Д.Үүрийнтуяагийн зээлийн төлбөр болох 5.000.000 төгрөгийг авч зээлийг нь хаалгүйгээр 5 сар гаруй хугацаанд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл өөртөө давуу байдал бий болгон ашиглаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

-хохирогч Ж.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкнаас 20.000.000 төгрөгийн бизнесийн барьцаат зээл хүссэн юм. Тэгэхэд эдийн засагч миний зээлийн материалыг судалж үзээд “Монгол банкнаас зээлийн мэдээлэл авахад “зээлийн хоцрогдолтой, хэвийн бус” гэсэн мэдээлэлтэй байна. Иймд та уг зээлийн мэдээллийг хэвийн болгохын тулд төлөөгүй хугацааны төлөлтөө хийж мэдээллээ засуулж ир” гэж хэлсэн. Тэгээд би Дархан сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлөөгүй хугацааны төлбөр дээрээ нэмээд нийт 3.0 сая төгрөгийн төлөлт 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийгээд Дархан сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогч В.Пүрэвсүрэн дээр 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр очоод “Би Төрийн банкнаас зээл авах гэхэд намайг Монгол банканд хэвийн бус мэдээлэлд бүртгэсэн байна, би өөрийн авсан зээлдээ 3.0 сая төгрөг төлчихлөө” гээд баримтаа үзүүлэхэд В.Пүрэвсүрэн мэдээллийн сангаас шалгаад “төлсөн байна, мөнгө нь орсон байна” гэж хэлсэн. В.Пүрэвсүрэн нь ”Монгол банкны мэдээллийн сангаас таны хэвийн бус зээлдэгч гэх мэдээллийг засахад их төвөгтэй, та 350.000 төгрөг /мөнгө гэж гараа имрээд гараараа үйлдэл үзүүлээд/ хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “надад 250.000 төгрөг байна, илүү мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн. В.Пүрэвсүрэн “бага байна наад мөнгө чинь, хүрэхгүй, чи битгий уурлаарай, миний дээр 2 хүн байгаа, наад мөнгийг чинь хуваана” гэж хэлж байсан. Тэгээд би Засаг даргын тамгын газрын үүдэнд хүлээж байгаад В.Пүрэвсүрэнтэй уулзахад “1 дэх өдөр хүрээд ир” гээд явуулсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 10.00 цагийн үед В.Пүрэвсүрэнтэй очиж уулзахад “цаад хүн маань утсаа авахгүй байна, хүлээж бай” гэж хэлсэн. Тэгээд би хүлээж байгаад өдөр 15.00 цагийн үед очиход В.Пүрэвсүрэн ажил дээрээ байхгүй байсан. Тэгэхээр нь Монгол банкин дээр очиж Хэлтсийн дарга гэх залуутай уулзаж болсон асуудлыг хэлэхэд “Наад сангийн зээлийн мэдээллийг засаж залруулахад Монгол банк ямар ч хамаагүй, та тэр Сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэнтэй уулзаарай” гэсэн. Тэгээд зээлийн мэдээллийг бүртгэж оруулдаг Цолмон гэх хүнтэй ярихад “Сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогч В.Пүрэвсүрэнгээс мэдээллээ явуулуул” гэсэн. Тэгээд В.Пүрэвсүрэнтэй уулзахаар мөнгө нэхээд байсан учир Дархан сумын Засаг даргын орлогч Ихбаяр гэх залуутай уулзаж болсон явдлын талаар хэлэхэд АТГ-т ханд гэсэн. Би В.Пүрэвсүрэнг надаас мөнгө нэхэж байгааг баримтжуулж гар утсаараа бичлэг хийсэн. Би В.Пүрэвсүрэнгийн утас руу өөрийнхөө утсаар залгаж “надад бэлэн 200.000 төгрөг байна, эсхүл 2 хонь байна, та алийг нь авах вэ, үзэж байгаад ав” гэхэд В.Пүрэвсүрэн “Би наад хонийг чинь нөгөө хүнтэйгээ хаа, гуяар нь салгаж авалтай нь биш дээ” гээд инээгээд “мөнгөө бэлнээр нь аваад ир” гэсэн. Би тэр өдөр В.Пүрэвсүрэнтэй уулзаагүй, түүнд мөнгө өгөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх 17-19-р тал/,

-шүүгдэгч В.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн: ” ...Би Хүнс хөдөө аж ахуйн яамны программд зээлдэгчийн эргэн төлөлт, мэдээллийг шивж оруулаад Хүнс хөдөө аж ахуйн газраас хянаад Монгол банк руу явуулдаг. Мэдээллийн санд зээлдэгч нарын мэдээллийг шивж оруулахад ямар ч албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүй, миний бие дааж шийдвэрлэх асуудал. Миний цаана ямар ч хүн байхгүй, над руу Ж.Мягмарсүрэн олон удаа залгаад байхаар нь тэгж хэлсэн юм. Уг бичлэгт ярьж байгаа хүн би мөн, “тэр хүмүүс” гэж хэлээд байгаа хүн байхгүй, би Ж.Мягмарсүрэнг будилуулах гэж зохиогоод ярьчихсан юм. Иргэн Д.Үүрийнтуяагийн 2021.05.21-ний өдөр зээлдээ төлсөн 5.0 сая төгрөгийг би бэлнээр аваад ашигласан юм байхгүй, баримт дундаа хийгээд мартчихсан байсан. Тэгээд 2021 оны 10 сард төлсөн” гэх мэдүүлэг /1-р хх 38, 39-р тал/,

-шүүгдэгч В.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Ж.Мягмарсүрэн анх 2020 онд Дархан сумын Сум хөгжүүлэх сангаас 10.0 сая төгрөгийн зээл авч, зээлээ графикийн дагуу төлөхгүй, 3 удаагийн төлөлт хийснээс хойш шаардуулаад, утсаа ч авахгүй байсан. Би түүнд “зээлийн мэдээллийн санд хэвийн бус, хугацаа хэтэрсэн төлөвт ордог, хүү нь бага ч алданги өндөр гардаг” гэж зээл олгохдоо хэлж байсан. Зээл төлөөгүй сарын хугацаа хэтрэлттэй гэдэг мэдээг сар бүрийн 05-ны өдөр Монгол банк руу явуулдаг. Ж.Мягмарсүрэн нь над дээр “өмнөх үеийн зээлийг хаасан, зээл авах гэж байна, мэдээллийн санд хэвийн бус мэдээллийг засуулъя” гэж ирсэн. Би тэгэхээр нь “энэ сарын мэдээ явчихсан, дараа сарын 05-ны өдрийн дотор явна” гэдгийг хэлээд явуулсан. Тэгээд маргаашаас нь тэр өдөр бүр над руу залгаж “миний мэдээллийг засаад өгөөч, 100., 150-ыг өгье” гэж янз бүрийн байдлаар залхаасан. Сүүлдээ “хонь өгье” ч гэж ярьсан. Намайг 2021.10.15-ны өдөр шагнал авдаг өдөр Ж.Мягмарсүрэн утсаар “та ажил дээрээ ирэх үү” гэхээр нь би “очиж чадахгүй” гэдгээ хэлсэн. Тэгэхэд “та засаад өгөөч дээ” гээд хэлэхээр нь би “250.000-ыг өгчих, 2-3 хүн хувааж авдаг” гэж өөрийн амны алдаанаас болж тэгж хэлсэн. Тэрнээс хойш надтай дахиж яриагүй, уулзаагүй. Ж.Мягмарсүрэнгээс би мөнгө нэхэж шаардаагүй, өдөр бүр залгаад мөнгө амлаад байсан болохоор залхаад, салахын түүс болоод тэгээд хэлчихсэн юм.

Д.Үүрийнтуяагийн хувьд 2021.05.21-ний өдөр зээлийн төлөлтөө хийж дуусгахаар над руу утсаар ярьсан. Тухайн үед байгууллагад 5.0 сая төгрөг үнэхээр хэрэгтэй, шаардлагатай байсан. Би хүний амаар ажил хийсэн нь миний буруу байжээ. Нэгэнт хариуцлагаа өөр дээрээ үүрье. Тэр мөнгийг би хэрэглээгүй байхгүй юу. Дэвтэр номынхоо завсраар хийчхээд эргүү юм шиг мартсан байсан. Тэгээд 2021 оны 10 сард уг мөнгийг Тамгын газрын дансанд андуураад тушаасан...” гэх мэдүүлэг /1-р хх 174-177-т тал/,

-шүүгдэгч В.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оноос эхлэн Дархан сумын Сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогчоор өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Тэгээд зээл олгох тухай бүх материал хянагдаж, Засаг даргын шийдвэр гарсны дараа иргэдтэй зээлийн эргэн төлөлтийн графикийг тохиролцон зээлийг нь би олгодог. Би зээл авсан хүмүүсийн эргэн төлөлтийг нь зохих журмаар нь шаарддаг. Ж.Мягмарсүрэн 2020 онд энэ сангаас зээл авсан. Тухайн үед би харилцахад их төвөгтэй байсан ч сар тус бүр эргэн төлөлтийнх нь талаар тайлбарлаж явуулсан. Тэгээд эхний 3 сар эргэн төлөлтөө хийгээд, дараагийн төлөлтөө огт хийхгүй байсан. Улмаар түүнтэй байнга холбогдож шаардлага тавьдаг байсан тул сүүлдээ миний хоолойг сонсоод “Ж.Мягмарсүрэн биш, өөр хүн байна” гэх мэт сонин, хачин хариулт өгдөг болсон. Тэгээд тайлангийн мэдээг дараа сарын 05-ны өдрийн дотор явуулах ёстой тул би 08 дугаар сарын 31-ний өдөр явуулсан. Тэгтэл дараа сарын 07-ны өдөр Ж.Мягмарсүрэн “би 3.000.000 төгрөг тушаасан тул зээлийн хэвийн бус төлөвийг засаж өгнө үү” гэж хэлсэн. “Надад тэгэх ямар ч боломж байхгүй шүү дээ” гэхэд тэр бухимдаад гараад явсан. Тэгээд төрийн албаны ойн арга хэмжээний үеэр над руу залгахаар нь би төвөг болно гэж бодоод “250.000 төгрөг өгчих, 2-3 хүн хуваагаад авна” гэж хэлсэн. Үүний дараа холбоо байхгүй болсон бөгөөд удалгүй Авлигатай тэмцэх газраас “та хүнээс мөнгө нэхсэн байна” гэж хэлсэн. Би тэр хүнд дансны дугаараа өгөөгүй, нэрээ хэлээгүй байхад ийм асуудалд холбогдсондоо маш их цочирдсон. Дараа нь Авлигатай тэмцэх газарт очиж уулзах үед надад ялын тухай ярихад нь би бусад хүмүүсээс санаа зовж, амьдрах хүсэлгүй болсон.

Надад маш их тус хүргэсэн эгч маань “5.000.000 төгрөг зээлэх боломж байна уу?” гэж асуухад нь Д.Үүрийнтуяаг мөнгө тушаах гэж байсныг нь санаад тэрнээс “зээлээ төлөх боломж байна уу” гэж асуухад зөвшөөрсөн. Тэгээд би бэлэн мөнгө авсан тухай бичиг баримт үйлдэж авсан. Хэрвээ луйвар хийх байсан бол ямар ч баримт үйлдэхгүй шүү дээ. Улмаар би 10 дугаар сард Д.Үүрийнтуяа руу холбогдоод “эгч нь чамаас авсан 5.000.000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд нь хийсэн шүү, баярласан” гэдгээ илэрхийлсэн. Тэгэхэд Д.Үүрийнтуяа “эгчээ танай байгууллагаас ярихаар нь би таны бичиж өгсөн баримтыг өгсөн шүү” гэж хариулах үед нь би “чиний буруу байхгүй, баримт үйлдсэн юм чинь битгий санаа зовоорой” гэж хэлсэн. Дараа нь Д.Үүрийнтуяа өгсөн мэдүүлэгтээ өөр зүйл ярьсныг нь би үнэхээр ойлгоогүй.

Манай сумын Засаг даргын тамгын газрын их хөрөнгө эргэлддэг хэсэг нь Сум хөгжүүлэх сан байдаг тул Засаг даргын орлогч П.Ихбаяр зориуд намайг энэ албан тушаалаас хасах гээд Ж.Мягмарсүрэнтэй хуйвалдаж, ярианы бичлэг хийсэн гэж хардаж байна. Намайг 30-аад жил төрийн албанд чин шударгаар ажилласан гэж миний гэр бүл, хамт олон, бусад хүмүүс бахархалтай бодож явдаг. Гэтэл би өнөөдөр өөрийн гэнэн зан, сул үгнээсээ болоод гэмт хэрэгт холбогдсондоо үнэхээр их ичиж, сэтгэл зүйн хувьд хямралд орсон. Би удахгүй тэтгэврээ тогтоолгоод төрийн албанд зүтгэсэн тэтгэмж болох 20 гаруй сая төгрөгөө авна гээд маш их төлөвлөсөн ч энэ бүгд талаар болох гэж байгаад үнэхээр харамсаж байна” гэх мэдүүлэг,

-гэрч Д.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ хаахын тулд мэргэжилтэн Болорчимэгээс зөвлөгөө авахад “үлдэгдэл зээлээ нягтлан бодогчоос асуугаарай, зээлээ хааж болно” гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нягтлан бодогч В.Пүрэвсүрэнтэй утсаар яриад “зээлээ хаах гэсэн юм, үлдэгдлээ мэдэх гэсэн юм” гэхэд “тэд гэж санахгүй байнагэсэн, тэгээд удалгүй В.Пүрэвсүрэн нягтлан бодогч өөрөө миний утас руу залгаад “чиний зээлээ хаах мөнгө чинь бэлэн байгаа юм уу, хаана байгаа юм” гэж асуухаар нь “би бэлэн 5.0 сая төгрөг байна, Хаан банкны үүдэнд зогсож байна” гэхэд В.Пүрэвсүрэн “би үдээс хойш гадуур ажилтай тул одоо ирээд байгаа бэлэн 5.0 сая төгрөгөө тушаагаач, манай санхүүд бэлэн мөнгө хэрэг болоод би банк руу гарч чадахгүй байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би 5.0 сая төгрөгийг бэлнээр В.Пүрэвсүрэнд өгсөн. 5.0 сая төгрөг өгөхдөө “баримт өг” гэж нэхэхэд В.Пүрэвсүрэн нь их бүдэг тамга тэмдэгтэй баримт дээр гарын үсэг зурж өгсөн. Тэгээд би үлдэгдэл 2.234.685 төгрөгийг В.Пүрэвсүрэнгээр заалгаж байгаад интернэт банкаар зээлийн төлөлтөө хийж зээлээ хаагаад зээлийн барьцаа болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсан. ...Би В.Пүрэвсүрэн нягтлан бодогчийн надад бичиж өгсөн бүдэг тамгатай бэлэн мөнгө хүлээн авсан баримт сэжигтэй, эргэлзээтэй санагдаад мэргэжилтэн Болорчимэгт утсаар энэ асуудлын талаар хэлсэн. ...2021 оны 09 сард Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр гэх хүн над руу утсаар залгаж “зээл авсан уу, хэзээ зээлээ хаасан бэ?, 5.0 сая төгрөг бэлнээр өгсөн гэх баримт байна уу?” гэж асуусан. Тэгээд би зээлийн гэрээ болон 5.0 сая төгрөг хүлээлгэн өгсөн баримтаа П.Ихбаяр гэж хүний туслахад үлдээгээд явсан. Өнөөдрөөс 20 орчим хоногийн өмнө 2021 оны 10 сарын сүүлээр В.Пүрэвсүрэн над руу утсаар залгаж “Эгчид нь мөнгөний шаардлага гараад чиний өгсөн 5.0 төгрөгийг ашиглах шаардлага гарсан юм. Тэр мөнгийг эгч нь эргээд хийчихсэн. Намайг энэ газарт олон ажил ажилласан болохоор зайлуулах шалтгаан хайж байна. “Би өөр данс руу андуурч хийсэн байсан мөнгөө буцааж аваад Сум хөгжүүлэх сангийн данс руу шилжүүлсэн юм” гэж хэлээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “завгүй байна” гээд утсаа тасалсан” гэх мэдүүлэг /1-р хх 27-28/,

эрч Б.Батзулын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарны 17-ны өдөр Засаг дарга Т.Тулгаа намайг өрөөндөө дуудаад Ж.Мягмарсүрэн гэх иргэнээс гомдол гаргасан гэсэн. Гомдолдоо “В.Пүрэвсүрэнгээс зээлийн төлөлт хэвийн гэх бичиг хийлгэж авах гэтэл мөнгө нэхсэн” гэх утгатай гомдол гаргасан байсан. Мөн В.Пүрэвсүрэнтэй утсаар ярьж байгаа, В.Пүрэвсүрэнгийн мөнгө нэхэж байгаа ярианы бичлэг байсан. Тэгээд Засаг дарга Т.Тулгаа, Засаг даргын орлогч П.Ихбаяр бид гурав ярилцаад Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газарт мэдэгдэхээр шийдсэн. Мөн Д.Үүрийнтуяа гэх иргэнээс бэлэн мөнгөний баримт үйлдэн 5.000.000 төгрөг бэлнээр авсан байсан. Уг бэлэн мөнгөний баримт дээр манай байгууллагын бус өөр байгууллагын тамга дарсан байсан. Энэ бүх асуудлаар В.Пүрэвсүрэнтэй уулзаж тодруулж асуухад ямар нэгэн тайлбар өгөөгүй. Уг хүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж дуусаагүй байгаа болохоор манай байгууллагаас арга хэмжээ аваагүй байна” гэх мэдүүлэг /1-р хх 13-14/,

эрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... Ж.Мягмарсүрэн гэх зээлдэгч 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш миний гар утас руу 3 удаа залгаж надтай ярихдаа “Би зээлээ төлсөн, миний зээлийн ангилал хэвийн байх ёстой, хэвийн бус байгаад байна, энэ ангилалд оруулаад өгөөч ээ, та нар чинь яасан чирэгдэл учруулдаг юм бэ, иргэдэд” гэж их бухимдалтай ярьж “Энэ журам чинь ямар дэс дараалалтай, хэн уг мэдээллийг сольж оруулахыг хэлээд өг” гэж хэлсэн. Би хариу тайлбар утсаар өгсөн. Би тэр өдөртөө нягтлан бодогч В.Пүрэвсүрэн лүү утсаар залгаж Ж.Мягмарсүрэнгийн хэлснийг хэлээд “над руу мэдээллийг нь явуулаарай, би шалгаж үзье” гэхэд “ за” гэсэн. Үүнээс хойш 5 өдрийн дараа дахин В.Пүрэвсүрэн лүү залгаад “Ж.Мягмарсүрэнгийн мэдээллийг шивж оруулаач ээ, яагаад шивж оруулахгүй байгаа юм бэ” гэхэд “би амжихгүй байна, 11 сарны 05-аас өмнө хугацаандаа явуулна” гээд мэдээллийг 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 18.00 цаг өнгөрч байхад явуулсан байсан. Би Ж.Мягмарсүрэнгийн мэдээллийг хүлээн авч, Улаанбаатар хот Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газрын дундын файлд мэдээллийг нь оруулсан” гэх мэдүүлэг /1-р хх 30-32/,

-гэрч Б.Болдхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ж.Мягмарсүрэн гэж хүнийг танина. Манай Төрийн банкны “Хуучин Дархан тооцооны төв” -ийн зээлдэгч Дайкагийн Одонцэцэг гэж эмэгтэйн нөхөр Жуковын Мягмарсүрэн гэж хүн байдгийг мэднэ. 2021 оны 10 сарын эхээр Д.Одонцэцэг нь бизнесийн бичил зээл буюу 20.0 сая төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргаж хамтран зээлдэгч Ж.Мягмарсүрэнгийн хамт ирж уулзсан. Зээл гарах боломжтой эсэхийг судлахын тулд зээлийн материалыг нь бүрдүүлж авсан.  Зээлийн материалыг хүлээн авч танилцахад бүх материалыг бүрэн бэлдэж ирүүлсэн, зээлийн шаардлага хангасан байсан. Гэтэл уг материалыг зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх явцад хамтран зээлдэгч Ж.Мягмарсүрэнгийн нэр дээр Монгол банкны мэдээллийн сангийн лавлагаагаар “жижиг дунд”-аас авсан зээл нь эргэлзээтэй ангилалд шилжсэн байсан. Тэгээд уг зээлийг олгохоос татгалзсан. Тэгээд би Ж.Мягмарсүрэнд “Монгол банкны мэдээллийн сангийн лавлагаагаар “жижиг дунд”-аас авсан зээлийн үлдэгдэл 10.0 сая төгрөг эргэлзээтэй ангилалд бүртгэгдсэн шалтгаанаас болж зээл олгохоос татгалзсан” гэдгийг тайлбарлаж хэлсэн. Ж.Мягмарсүрэн 4-5 хоногийн дараа 10.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн төлөлтөө хийгээд 6.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй болгоод ирсэн. Тэгтэл Монгол банкны мэдээллийн санд “эргэлзээтэй” ангилал нь хэвээрээ байсан. Гол нь уг “эргэлзээтэй” гэх мэдээллийг засуулах хэрэгтэй гэдгийг тайлбарлан хэлж өгөхөд Ж.Мягмарсүрэн “хаана, хэнтэй очиж уулзах бэ” гэж асуухад нь би” Жижиг дундын зээл авсан зээлийн мэргэжилтэнтэй очиж уулз” гэж хэлээд явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх 21-22/,

-гэрч Б.Болорчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг  хийдэг байсан. Манай зөвлөл нь 23 гишүүнтэй, жилд 1 удаа төсөл сонгон шалгаруулдаг. Зөвлөлийн шалгаруулсан төсөл хэрэгжүүлэгчдийн зээлийн гэрээ нь Засаг дарга, иргэн хоёрын хооронд байгуулагддаг. Шалгарсан төслийн материал, зээлийн гэрээ нь Сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогч В.Пүрэвсүрэн лүү шилждэг. ...Дархан суманд талхны цех ажиллуулдаг 2020 онд тус сангаас зээл авч байсан Д.Үүрийнтуяа гэх эмэгтэй “танай нягтлан В.Пүрэвсүрэнд зээлээ хаая” гэхэд “бэлнээр авч ирээд өгчих” гээд бэлнээр 5.0 сая төгрөг авсан, сэжигтэй санагдаад чамд хэллээ шүү” гэж хэлсэн. Тэгээд би Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн дарга П.Ихбаярт энэ асуудлын талаар хэлсэн. Тэгээд П.Ихбаяр дарга уг зээлийн мэдээллийг харах эрхтэй нягтлангаар шалгуулахад “Д.Үүрийнтуяа гэж зээлдэгчийн 5 сард зээл хаахаар бэлнээр өгсөн мөнгө нь зээлдээ төлөгдөөгүй байсан” гэж П.Ихбаяр дарга хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх 24-25/,

-гэрч П.Ихбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ж.Мягмарсүрэн гэх хүнээс 2021 оны 10 дугаар сарын сүүлээр В.Пүрэвсүрэнд холбогдуулан “зээлийн эргэн төлөлт хойшлуулах хүсэлт, зээлийн мэдээллийн санд ангилал өөрчлүүлэх хүсэлт гаргахад В.Пүрэвсүрэн нь 300.000 төгрөг нэхээд байна” гэсэн утгатай гомдол гаргасан. Ж.Мягмарсүрэнд “ямар нэгэн баримт байна уу” гэхэд “байхгүй, гэхдээ надаас сая мөнгө нэхлээ шүү дээ" гэж хэлэхээр нь “Авлигатай тэмцэх газарт хандаж болно” гэдгийг зөвлөөд явуулсан. ...4-5 хоногийн дараа Ж.Мягмарсүрэн нь В.Пүрэвсүрэнтэй утсаар ярьж байгаа бичлэгээ хийгээд хүрээд ирсэн. Тэр бичлэгийг үзэхэд В.Пүрэвсүрэн нь “...надаас гадна 2 хүн байдаг, хонь авахгүй, мөнгийг нь авна...” гэж ярьсан байсан. Уг асуудал гарснаас болж иргэдээс Сум хөгжүүлэх сантай холбоотой ирүүлсэн гомдол хүсэлтийг шалгахад Д.Үүрийнтуяа гэх эмэгтэйгээс “зээлийн төлбөр бэлнээр авч болдог юм уу” гэх гомдол ирүүлсэн байсан. Тэгээд уг хүнээс болсон явдлын талаар утсаар ярьж тодруулж “...Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ хаасан, төлсөн баримтуудаа аваад хүрээд ирээч...” гэж хэлэхэд намайг ажил дээр байхгүй байхад нарийн бичигт үлдээгээд явсан байсан. Тэгээд Д.Үүрийнтуяагаас ирүүлсэн баримттай танилцахад манай байгууллагынх биш, хаанахын тамга гэдэг нь мэдэгдэхгүй тамга, тэмдгээр баталгаажуулсан бэлэн мөнгөний орлогын баримт дээр “5.0 сая төгрөг” гэж бичээд В.Пүрэвсүрэн гарын үсгээ зурсан байсан. Энэ нь 2021 оны 05 дугаар сард Д.Үүрийнтуяагаас зээлийн төлөлтийн 5.0 сая төгрөгийг бэлнээр авсан атлаа зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй, хувьдаа авсан байсан. Уг зээл төлөгдсөн эсэхийг 2021 оны 10 сард шалгахад В.Пүрэвсүрэнд бэлнээр өгсөн 5.0 сая төгрөг нь төлөгдөөгүй байсан. Энэ талаар В.Пүрэвсүрэнтэй Засаг даргын өрөөнд дуудаж уулзан дээрх Ж.Мягмарсүрэн гэж хүний гар утсан дээрх бичлэг болон Д.Үүрийнтуяа гэж хүнд  хаанах нь мэдэгдэхгүй тамгатай баримт бичиж өгөөд бэлэн 5.0 сая төгрөг авсан талаар нь асуухад ямар нэгэн тайлбар хэлээгүй” гэх мэдүүлэг /1-р хх 161-162/, Д.Үүрийнтуяагаас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бэлэн 5.0 сая төгрөг авсан “Бэлэн мөнгөний орлогын баримт” /1-р хх 119/, Д.Үүрийнтуяагийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №2020/03 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, зээлийн төлөлтийн график /1-р хх 120-130/, Ж.Мягмарсүрэнгийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №2020/31 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, зээлийн төлөлтийн график /1-р хх 143-149/, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай В.Пүрэвсүрэнг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, албан тушаалын тодорхойлолт /1-р хх 132-136/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 Шүүгдэгч В.Пүрэвсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт, мөн давж заалдах шатны шүүхэд дээрх ...гэмт хэргийг зориуд, санаатайгаар урьдчилан төлөвлөж, зохион байгуулалттайгаар намайг гэмт хэрэгтэн болголоо... гэж мэдүүлж, гомдол гаргасан байх боловч дээрх гэмт хэргийг хэн нэгэн зохион байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй байх ба хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч В.Пүрэвсүрэн нь бусдын хийх ёстой ажил биш, зөвхөн өөрт нь оноогдсон албаны чиг үүргийн хувьд хийх ёстой ажил, үүргээ хийж хэрэгжүүлэхийн тулд бусдыг хахууль өгөхийг шаардаж, мөн өөрөөс нь биш Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлсөн иргэний зээлийн мөнгийг зохих дансанд нь тушааж хаалт хийхгүйгээр “манай санхүүд бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж ойлгуулан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан   уг мөнгийг 5 сар гаруй хугацаанд хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлээр түүний дээрх мэдүүлгүүд үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч В.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч В.Пүрэвсүрэнгийн үйлдэлд өөрийн хийх ёстой үйлдлийг хийхгүйгээр  албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль өгөхийг шаардсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн шинжийг, мөн албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан иргэний бэлэн мөнгөөр төлсөн зээлийн төлбөр болох 5.0 сая төгрөгийн зээлийг тэр даруйд нь зээлийн эргэн төлөлтийн холбогдох дансанд нь тушааж хаалт хийх байтал хаалгүйгээр 5 сар гаруй хугацаанд хувьдаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Пүрэвсүрэнг дээрх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, түүний дээрх хоёр үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч В.Пүрэвсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон хэдий ч шүүх түүнд ял шийтгэхдээ   эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, оногдуулах шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, үйлдэлд тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлж түүнийг  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн хувьд зүрхний хүнд өвчний улмаас удаан хугацаагаар эмчлүүлж байгаа зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь тохирсон байна.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулдгаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг өөр бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч нь өөртөө эдийн болон эдийн бус, бусад эрх, ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн ашиг сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлэх, эсхүл шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн үйлдэл байдаг ба албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж бодит хор уршиг бий болгосон эсэхээс үл хамааран хахууль өгөхийг шаардсанаар энэ гэмт хэргийн бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

            Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.т “Хувийн ашиг сонирхол” гэдэг нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг., 3.1.3.т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг...” хэлэхээр тодорхойлж томьёолсныг нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогч В.Пүрэвсүрэн зөрчсөн гэж үзнэ.

Иймд шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 299 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

 

ШҮҮГЧИД                                                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                                                                                Ц.АМАРЖАРГАЛ