Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/53

 

    Б.Ууганжаргалд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Батсүх

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 304 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Ууганжаргалд холбогдох 2118000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Урианхан овгийн Баяртогтохын Ууганжаргал, 1984 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор 2 дугаар баг, Зулзагын гол гэх газар хөдөө оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:МП84071962/,

Шүүгдэгч Б.Ууганжаргал нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 16-54 тоотод Д.Даваацэрэнтэй маргалдан улмаар түүний давсаг хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Б.Ууганжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Урианхан овогт Баяртогтохын Ууганжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганжаргалд холбогдох эрүүгийн 2218000000089 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Д.Даваацэрэнгийн 300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 хос ягаан өнгийн углаашийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч Б.Ууганжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг давж заалдах гомдолдоо:

... Д.Даваацэрэнгийн мэдүүлэг, Л.Түвшингийн мэдүүлэг, Д.Туяагийн мэдүүлэг зэргийн алинд нь ч Б.Ууганжаргалыг Д.Даваацэрэнд гэмтэл учруулсныг эргэлзээгүй тогтоосон хөдөлшгүй баримт байхгүй.

Л.Түвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2 мэдүүлэг зөрүүтэй тул түүний мэдүүлгийн зөрүүг шүүх хуралдаанд оролцуулан асуулгаж гаргуулсан. Түвшин шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Б.Ууганжаргалыг Д.Даваацэрэнг давсаг руу нь өшиглөж байхыг хараагүй, Д.Даваацэрэн манайд гаднаас орж ирэхдээ нүүр нь шалбарсан байсан. Хэд хоногийн өмнө унасан, сая орж ирэхдээ бас шатан дээр унасан” гэж хэлсэн гэдгийг мэдүүлдэг.

Шинжээч Д.Туяа нь шүүх хуралдаанд “суларсан давсаг хагарах бараг боломжгүй” гэж хариулсан.

Ариун цэврийн өрөөнд Б.Ууганжаргал, Д.Даваацэрэн нар маргалдсан байдаг бөгөөд Д.Даваацэрэн шээж дууссан байсан босоод өмдөө татах гэж байсан гэдгээ мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ууганжаргал нь баруун хөлийн шилбэ рүү нь өшиглөсөн гэдгээ тогтвортой мэдүүлдэг. /Баруун шилбэн дээрх няцралыг үүсгэсэн байх боломжтой/

Дан ганц хохирогчийн мэдүүлгээр Б.Ууганжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хохирогч Д.Даваацэрэнгийн биед учирсан хүнд гэмтлийг шүүгдэгч Б.Ууганжаргал учруулсан гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал хангалттай байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь гэм буруугүйд тооцох зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.21-ний өдрийн 2022/ШЦТ/304 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ууганжаргалд ашигтай байдлаар шийдэж, цагаатгаж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч нь н.Түвшингийн гэр лүү орохдоо замдаа шатан дээр унаж нүүрэндээ гэмтсэнээ тогтвортой мэдүүлдэг. Хохирогч цохиулсан талаараа өөрөө мэдүүлдэг. Орох замдаа гэмтэл авсан бол гэрт ороод шээх боломжгүй. Хэрвээ гэмтэл авсан бол шээх боломжгүй гэдгийг анагаах ухааны эмч мэдүүлсэн байдаг. Хохирогч үнэн зөвөөр мэдүүлгээ өгч байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Б.Ууганжаргал нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 16-р байрны 54 тоотод иргэн Д.Даваацэрэнтэй маргалдан улмаар түүний давсаг орчим өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Д.Даваацэрэнгийн өгсөн“ ...  2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1 шил архи уучхаад 00-д орсон. Гараад ирэхэд Б.Ууганжаргал жорлонгийн гадуур шээлээ гээд аашилж загнасан. Тэгээд миний давсаг руу өшиглөсөн. Өшиглүүлсний дараа маргааш нь бие засах гэхээр хэвлий орчмоор их өвдөж байсан” гэх мэдүүлэг /хх-50 тал/,

Гэрч Л.Түвшингийн өгсөн“... Ууганжаргал ариун цэврийн өрөө рүү орчихсон чанга дуугаар уурлаад Даваацэрэнг загнаж байгаа бололтой байсан. Даваацэрэн 00 өрөөнөөс гарахгүй байхаар нь очоод харахад ариун цэврийн өрөөний үүдний хаалганы хажууд гэдсээ бариад эвхрээд хэвтэж байсан. Д.Даваацэрэн цохиулчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-61 тал/,

Шинжээч эмч Д.Туяагийн өгсөн“... Д.Даваацэрэнгийн биед илэрсэн гэмтэл нь нэг удаа давсаг орчим өшиглөхөд үүсэх боломжтой. Давсгийн хана 5 см орчим урагдаж задарсан байсан. Давсаг урагдсаны дараа бие засах, шээхэд маш хүндрэлтэй, цустай шээнэ, маш их өвдөнө. Бие засах боломж бараг байхгүй” гэх мэдүүлэг  /хх-73 тал/,

- 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Д.Даваацэрэн, Л.Түшингийн гэрээс маш эмзэглэлтэйгээр бусдаар түшүүлэн гарч яваа камерын бичлэг болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... хохирогч, гэрт орж ирэхдээ халтирч унасан талаар ярьж байсан ба ингэж унах үедээ дээрх гэмтлийг авсан байж болзошгүй... ” гэжээ.

Шинжээч эмч Д.Туяагийн өгсөн “... Давсаг урагдсаны дараа бие засах шээхэд маш хүндрэлтэй, цустай шээнэ, маш их өвдөнө. Бие засах боломж бараг байхгүй” гэх мэдүүлэг  /хх-73 тал/,

Шүүгдэгч Б.Ууганжаргалын өгсөн“... Түвшин ахтай хамт архи ууж байсан эрэгтэй 00 бие засахдаа гадуур нь хүндээр бие засаж, шээчихсэн байсан. Тэгээд та нарын завааруулсан юмыг би цэвэрлэх ёстой юм уу гээд уурласан” гэх мэдүүлэг /хх-96 тал/,

Гэрч Ц.Ганзоригийн өгсөн “... Даваацэрэн гудас дэвсээд хэвтэж байсан. Нөмөрсөн даавууг нь авах гэхэд битгий миний биед хүрээрэй гэж байсан. Яасан талаар нь асуухад хэвлий хэсгээр их өвдөж байна. Хүнд зодуулсан гэж ярьж байсан...” /хх-63 тал/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Хохирогч Д.Даваацэрэн иргэн Л.Түвшингийн гэрт орохоос өмнө уг гэмтлийг аваагүй ба тэднийд ороод хэвийн бие засаж байсан нь шүүгдэгч, гэрч болон шинжээч эмч Д.Туяагийн эмнэлэг зүйн дүгнэлт зэргээр нотлогдож байсан.

Түүнчлэн хохирогчид үүссэн өвдөлт, зовиур шүүгдэгч Б.Ууганжаргалд өшиглүүлснээс хойш бий болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч иргэн Л.Түвшингийн гэрт орохоос өмнө давсгандаа гэмтэл авсан байх боломжтой гэсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг давж заалдах журмаар хянах явцад тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 304 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

                                              ШҮҮГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР