Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/304

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0126/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Д.Д,

Гэрч Л.Т,

Шинжээч Д.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар У овогт Б-н У-д холбогдох эрүүгийн 2118000000089 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У овогт Б-н У /РД: ......./, .....оны ..... дугаар сарын .....-нд ..... аймагт төрсөн, ..... настай, ....., ..... боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., -ийн хамт ..... аймаг, ..... сум, ..... дугаар баг, ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Д.Д-н өгсөн: 20... оны .... дүгээр сарын ....-ний өдөр 1 шил архи уучихаад 00 орсон. Араас талийгаач орж ирсэн. Өмдөө сайн татаагүй байхад өшиглөсөн. Нөгөөдөр нь түргэн дуудаад хэвлийн ЭХО-д харуулахад давсаг хагарсан байсан гээд 1 цаг гаруй хагалгаа хийсэн гэх мэдүүлэг,

Гэрч Л.Т-н өгсөн: У манай нэг өрөөг түрээслэн амьдардаг байсан. Тухайн өдөр У өөрийнхөө өрөөнд байсан. Д манайд 20... оны .... дүгээр сарын ....-ий өдрийн .....цагийн орчим бага зэрэг архи хэрэглэсэн байдалтай ирсэн. Бид хоёр 1 шил архи уусан.  Д ойрхон ойрхон 00 ороод байсан. Би бие засах гээд 00 ороход Д суултуурын хажууд унасан байсан. Яагаад унасан талаараа надад хэлээгүй. Би хөл гар муутай болохоороо уначихсан байх л гэж бодсон. У-тай маргалдаж, муудалцсан эсэхийг хараагүй гэх мэдүүлэг,

Шинжээч Д.Т-н өгсөн: Давсаг нь бага аарцгийн умдаг ясны цаад талд байрладаг. Бөөрөөс ялгарч ирсэн шээсийг хуримтлуулах үүрэгтэй булчинлаг эрхтэн. Шээсгүй үед гэмтэх боломжгүй. Шээсээр дүүрсэн, чинэрсэн үед мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр буюу цохих, унах үед гэмтэл үүсэх боломжтой. Давсаг хагарсан тохиолдолд шээс хуримтлагдахгүй. Хагалгааны явцад цустай ягаан өнгийн шингэн хэвлийд хуримтлагдсан гэсэн байгаа нь шээс давсагт биш аарцгийн хөндийд хуримтлагдсан гэсэн үг. Давсагт урд хэсгээрээ урагдсан тохиолдолд шээс хүрэхгүй байж болно. Давсагт их хэмжээгээр шээс хуримтлагдаж байж мэдээллээ тархи руу дамжуулж шээе гэсэн бодол толгойд төрдөг. Шээс байхгүй болохоор шээе гэсэн бодол байхгүй болно. Давсаг хагарсан үед өвдөлт асар их байна. Архи согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн тохиолдолд өвдөлт бага мэдрээд явж байх боломжтой гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

20.... оны .... дугаар сарын .....-ны өдрийн үзлэгээр уг байрны дотор ороход гал тогооны өрөө рүү явах коридор харагдаж байлаа. Уг коридорын баруун талын хана хэсэгт цагаан цайвар өнгийн модон хаалга байлаа. Уг хаалганы урд ариун цэврийн өрөө байх ба уг өрөөний зүүн талд хана дагуу байрлуулж тавьсан цагаа өнгийн ванн түүний хажууд хананд тогтоосон цагаан өнгийн угаалтуур, түүний хажууд бие засах цагаан өнгийн суултуур байлаа. Өрөөний шаланд ямар нэгэн зүйл дэвсэж тавиагүй бор хүрэн өнгийн плита байв. Өрөөнөөс гарах хаалга шар өнгийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-10/

20... оны ..... дугаар сарын ....-ны өдрийн хохирогч Д.Д-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-12/

20... оны .... дугаар сарын ....-ны өдрийн Б.У-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-15/

20... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн .... аймгийн ..... сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .... спорт заалны гадна талын хяналтын камерт үзлэг хийсэн: 20... оны .... дүгээр сарын ...-ны өдрийн 26 секундийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд саарал өнгийн хувцастай, голд нь хар өнгийн хувцастай, цаад талд нь мөн хар хувцастай 3 хүн явж байх ба голд нь явж байгаа хүн хөл муутай мэт алхаатай байх ба 2 талд нь байгаа хүн түшиж байгаа дүрс бичлэгт үлдсэн ба хамт явж байсан 3 хүний дунд нь явж байгаа хүн нь хохирогч Д.Д байж болзошгүй байна гэх тэмдэглэл /хх-ийн 16/

20... оны .... дүгээр сарын ....-ний өдрийн ..... аймгийн ..... сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ..... худалдааны төвийн хяналтын камерт үзлэг хийсэн: 20... оны ..... дүгээр сарын .....-ний өдрийн 1 минут 12 секундийн дүрс бичлэгт үзлэг хийхэд саарал өнгийн малгайтай, цайвар өнгийн амны хаалттай, хар куртиктэй, хар өнгийн өмдтэй, баруун гартаа таяг тулсан 40-45 орчим насны эрэгтэй хүн тооцоо хийж байх ба улаан цамцтай тооцооны ажилтан худалдан авсан эд зүйлийг нь куртикний халаасанд нь хийж өгч байгаа дүрс бичлэг байх ба дээрх худалдаа хийж байгаа иргэн нь Д.Д байж болзошгүй байна гэх тэмдэглэл /хх-ийн 17/

20..... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн ..... худалдааны төвийн камерын бичлэг, ..... сумын ..... дугаар багт байрлах .... спорт заалны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ин 20/

20.... оны .....дугаар сарын .....-ны өдрийн ягаан өнгийн дээгүүрээ цагаан судалтай 1 хос тавчикийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 23/

Гэрч Л.Т-ийн 20.... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр өгсөн: Манай найз Д гаднаас архи халаасандаа хийчихсэн таягаа тулаад цэнхэр малгайтай орж ирсэн гэдгийг сайн санаж байна. Би өдөр нь архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Д гаднаас орж ирэхдээ архи уусан байдалтай үнэртүүлсэн, 0,5 граммтай Хараа нэртэй архитай ирсэн. Дух, хацар хэсэг нь шалбарсан байдалтай байхаар нь нүүрээ яасан юм бэ? гэхэд уначихсан юмаа гэж хэлсэн. Анзаарч харахад хуучин шарх сорви байсан ба тав тогтчихсон байсан. Д бид хоёрыг архи уугаад сууж байхад хажуу өрөөнд амьдардаг У гэдэг эмэгтэй орж ирсэн. Д бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээгүй. Харин Д-г 00-н өрөө орж бие засчхаад гарч ирэхэд нь У зөрөөд бие засах гэж байгаад Д рүү явсан бохир заваан юм бэ? цэвэрхэн бие засаж болдоггүй юм уу гээд уурлаж байсныг нь бүдэг санаж байгаа. Олон хоног архи уусан болохоор үйл явдлыг сайн санахгүй байна. Д, У нар нэгнийхээ эрх чөлөөнд халдсан эсэхийг хараагүй, бас санахгүй байна. Д өмнө нь харваж байсан, бие муутай, дээр нь архи уусан байсан болохоор 00-н өрөөнд гадуур нь бие зассан юм шиг байсан. Маргааш өглөө нь У надад хэлэхдээ өчигдөр ирсэн найз чинь цэвэрхэн бие засаж чадахгүй гээд би уурлаж загнаад гээд надад хэлж ярьж байсан гэдгийг сайн санаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 59/

Гэрч Л.Т-н 20... оны .... дүгээр сарын .....-ны өдөр өгсөн: Д архиа ууж байгаад ариун цэврийн өрөө орсон. Хөл муутай таяг тулдаг хүн учир их удаан бие зассан. Тэгээд нэг харахад араас нь манай том өрөөг түрээсэлдэг Ууганжаргал ариун цэврийн өрөө рүү орчихсон чанга дуугаар уурлаад Д-г загнаж байгаа бололтой байсан. Би гал тогооны өрөөнд тавьсан гудсан дээрээ сууж байсан. Тэгээд хэсэг байж байгаад Д-г ирэхгүй болохоор нь очоод харахад Д ариун цэврийн өрөөний хаалганы үүдэн талд гэдсээ бариад эвхрээд хэвтэж байсан. Тухайн үед өмд нь өвдгөө хүртэл шувтарсан байсан. Би Д-г босгоод гал тогооны өрөөнд оруулсан. Д-д тухайн үед эмэгтэй хүний өөдөөс бэлэг эрхтэнээ гаргаад байхдаа яадаг юм бэ гэж хэлээд л босгосон. Тэгэхэд Да цохиулчихлаа гэж байсан. Мөн уг үйл явдал болсноос хоёр хоногийн дараа цагдаа нар манай гэрт ирээд Д эмнэлэгт хүргэгдсэн байна, юу болсон бэ? гэсэн. Цагдаа нар явсны дараа У надад би гуя руу нь өшиглөчихсөн юм. Нөгөө хүн гайгүй байгаа гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 61/

Гэрч П.Г-н өгсөн: Манай нөхөр Д 20... оны ..... дүгээр сарын .....-нд ..... цагийн үед гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа баруун нүдний хөмсөгний дээд талд зулгарсан шархтай байсан. Тэр өдөр гэртээ ирж хоноогүй. 20..... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр би 15 цагийн орчимд гэрээсээ гараад 17 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Д гэртээ ирчихсэн гудас дэвсээд хэвтэж байсан. Би нөмөрч байсан даавууг нь авах гэхэд битгий миний биед гар хүрээрэй гэж байсан. Тэгээд яасан талаар асуухад гэдэс хэвлий хэсгээр нилээд өвдөж байна гээд ёолоод хэвтсэн. Уусан цай усаараа бөөлжөөд байсан. Шөнө 02 цагийн үед улаан хүрэн зүйлээр бөөлжихөөр нь би шартаж байгаа байх гэж бодсон. Тэгээд бөөлжөөд байхаар нь маргааш өдөр буюу 20.... оны ..... дүгээр сарын .....-нд 11 цагийн орчим аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж яаралтай хагалгаанд орсон. Хагалгааны дараа эмч Даваацэрэнгийн давсаг нь хагарсан байна гэж хэлсэн. Д гэртээ ирснээс хойш бие засаагүй би шээж чадахгүй байна гэж хэлж байсан.  гэх мэдүүлэг /хх-ийн 63/

Гэрч Д.Б-н өгсөн: Би тухайн үед Д ахаас юу болсон талаар асуухад “Т-н гэр лүү орж яваад шатанд таяг тээглэж унаад баруун талын шанаа хэсгээ шалбалсан. Т-н гэрийн хажуу өрөөг түрээсэлдэг эмэгтэй миний давсаг руу өшиглөсөн. Тухайн үед архи уусан байсан болохоор тоолгүй хоноод маргааш нь Т-д шээх гэтэл шээс гарахгүй хэвлий хэсгээр их өвдөж байсан” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 62/

Гэрч Л.А-н өгсөн: Би тус өдөр ..... аймаг дахь Цагдаагийн газрын баривчлах түр саатуулах байранд байсан. Би У-тай 20... оны .... дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа. Бид хоёр өөрийн гэсэн гэр оронгүй түрээсийн байраар амьдардаг. У нь архи дарс байнга уугаад байдаггүй, хаяа нэг баяр ёслолын үеэр пиво дарс ууж байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ ямар нэгэн ааш зан гаргаад байдаггүй. Намайг баривчлах хугацаа дуусаад гэртээ ирэхэд У “Т ах дээр ирээд байдаг бие муутай хүн ариун цэврийн өрөөнд 00-н гадуур хүндээр бие засчихсан, өмдөө шувталчихсан зогсож байсан. Намайг ороход “нааш ир” гээд дуудсан. Тэгэхээр нь би холд гээд уг хүнийг гаргачихаад ариун цэврийн өрөөг цэвэрлээд бие засчхаад өрөөндөө орсон” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/

Шинжээч Д.Т-н өгсөн: Д.Д-н биед илэрсэн гэмтэл нь нэг удаа хэвлийн битүү гэмтэл, давсагны урд хананд урагдал, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, умдаг хуухнаг, өвчүү цээж орчмын зөөлөн эдийн няцралын гэмтэл нь шатнаас унах үед давсаг орчмоор ямар нэгэн хатуу мохоо зүйл дээр таарахад үүсч болно. Давсагны гэмтэл нь давсаг шээстэй, дүүрэн шээстэй үед үүсэх боломж илүү байдаг. Д-н биед давсагны урд хана 5 см орчим урагдаж задарсан байсан. Харьцангуй том хэмжээний урагдалтай, хэвлийн хөндийд сул шингэн хуралдсанаас хэвлийн гялтангийн үрэвсэл үүсч, амархан хордлогод орох тул энэ гэмтэл нь 20... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр үүссэн байх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 73/

Гэрч Б.Б-н өгсөн: Д тухайн үедээ гэдэс хэвлийгээр өвдөөд шээс гарахгүй байна гэх зовиуртай ирсэн. Уг эрэгтэйн хувцсыг нь тайлахад цээж хэсгээр нь хөхөрсөн, мөн нүүрний баруун шанаа зулгарсан шархтай байсан ингээд ЭХО-д хэвлийг нь харахад хэвлий дотор дүүрэн шингэнтэй байсан тул яаралтай хагалгаанд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 75/

Гэрч Ц.Б-ын өгсөн: Д-н биед учирсан гэмтэл нь хүн нэг удаа өшиглөхөд хагарах боломжтой. Мөн давсаг хагарсан гэмтэл аваад хүн шээх боломжгүй. хэвлий орчмоор их өвдөнө. Мөн уг гэмтлийг авах үедээ нээх өвчин зовиур мэдэгдээд байхгүй. 1-2 хоногийн дараа хэвлийд шингэн хураагдаж эхлэхэд зовиур нь илэрдэг гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/  

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20... оны ..... дүгээр сарын .....-ны өдрийн .... дугаартай: Д.Д-н биед хэвлийн битүү гэмтэл, давсагны урд хананд урагдал, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, умдаг хуухнаг өвчүү цээж орчмын зөөлөн эдийн няцрал, баруун шанаа дух, баруун шилбэнд тав тогтсон зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Д.Д-н биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Хохирогчийн биед илэрсэн өвчүү, цээж орчмын цус хуралт баруун шанаа дух баруун шилбэнд тав тогтсон зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Д.Д-н биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-84/,

Шүүгдэгч Б.У-ын 20.... оны .... дугаар сарын ....-ний өдөр, 20.... оны ....дугаар сарын ....-ны өдөр тус тус яллагдагчаар өгсөн: Би гэртэй буюу өрөөндөө орж хувцасаа соличихоод гэрт байсан 2,5 литрийн сэрүүн пивоноос 2-3 стиканыг уучихаад бие засах гээд ариун цэврийн өрөө ороход Т ахтай хамт архи ууж байсан эрэгтэй хүн 00-д гадуур нь хүндээр бие засаж, шээчихсэн өмд болон дотоожоо хоёр хөлнийхөө өвдөг хүртэл нь шувталчихсан хана гараараа түшээд зогсож байсан. Тэгээд намайг нааш ир гэхээр нь би алив би орж бие засмаар байна гар гээд уурлаж та нарын заваартуулсан юмыг би цэвэрлэдэг гэж хэлээд зүүн хөлөөрөө уг эрэгтэй хүний баруун хөлний шилбэ рүү хөлөөрөө сул өшиглөсөн, надад өшиглүүлсний улмаас унаагүй. Уг эрэгтэй гарах гэж байгаад газар унасан. Би 00-ийн өрөөг цэвэрлэж бие засчихаад л өрөөндөө ороод хаалгыг нь цоожлоод зурагт үзэж байгаад л орой болоод унтаад өгсөн би ахиж өрөөнөөсөө гараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 96, 98/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.У нь 20... оны .... дүгээр сарын ....-ний өдөр .... аймгийн ..... сумын .... баг, .... тоотод Д.Д-тэй маргалдаж улмаар түүний давсаг хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч Д нь .....-ы төвөөс архи аваад Т-н гэр лүү орохдоо унаж нүүрэн тус газраа шалбалсан, Т, Д нар нь архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад Д 00 орсон байдаг. Хохирогч өөрөө олон удаа ойр ойрхон шээдэг, тухайн өдөр 2-3 удаа 00 орж шээсэн гэдгээ мэдүүлдэг. Ингээд У хохирогчийн давсаг руу нь өшиглөж хүнд зэргийн хохирол учруулсан байна. Сая шинжээч эмч хэлж байна. Шээс бие физиологийн онцлогоос шалтгаалаад янз янз байна, давсаг хагарсан тохиолдолд шээх ямар ч боломж байхгүй гэсэн. Т-н гэрт орохоос өмнө Д унасан бол тухайн гэмтэл авснаас хойш буюу Т-н гэрт орсноос хойш бие засах боломж байхгүй. Тэгэхээр шатан дээр унаад давсгандаа гэмтэл авсан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Хохирогчийн хувьд маш хурдан хугацаанд ойр ойрхон шээдэг. Дутуу шээхээр өөрөө давсагт шээс үлдэнэ. Тэгэхээр тухайн өшиглөх үед давсаг урагдах магадлал байна. Хохирогч тухайн үед давсагтаа бага хэмжээний шээстэй байсныг үгүйсгэх аргагүй гэж үзэж байна. Мөн хохирогч тухайн цаг үед У-д өшиглүүлээд гэмтэл авсан гэдгээ мэдүүлдэг. Маршрут, цаг хугацааг шалгасан, өөр хүчин зүйлийн нөлөөллөөр давсагтаа гэмтэл авсан гэдэг зүйл тогтоогддоггүй. Камерын бичлэгт үзлэг хийхэд харих замдаа  2 хүнээр сугадуулаад маш удаан явдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд өглөө 10 цагт гарчхаад яагаад өдөр 4 цагт харьсан бэ гэдэг. Ингэж явах боломжтой. Давсагтаа өшиглүүлсэн хүн хөдлөхөд маш хүндрэлтэй, зовуурьтай  байна. Давсагт ямар үед гэмтэл учирдаг, хохирогчийн биед ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ гэдгийг мэргэжлийн шинжээчээс өнөөдөр асуулаа. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж байна, давсаг хагарсан бол шээх боломжгүй гэж байна, шээстэй үед хагарах боломжтой гэж хэлж байна. Шүүгдэгч Ууганжаргал энэ хохирлыг Д-д учруулаагүй, Д өөрөө унаад гэмтээсэн гэсэн баримт тогтоогдохгүй байна. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл байна. Шүүгдэгч нь хохирогчоос өндөр, жингийн хувьд дутахааргүй жинтэй, өшиглөхөд боломжтой харагдаж байна. Иймд шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Өнөөдөр улсын яллагч магадлалтай гэж ярьж байгаад харамсалтай байна. Өндөр болохоор учруулсан байх боломжтой гэж ярьж байна Хохирогчид хүнд хохирол учирсанд харамсалтай байна. Энэ гэмтлийг шүүгдэгч Б.У учруулсан уу?, эсхүл Д унаад гэмтсэн үү? гэдэг эргэлзээтэй. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Ганц хохирогчийн мэдүүлгээр хүний биед хүнд хохирол учруулсан гэж яллах боломжгүй. Эд мөрийн баримт болох бичлэг дээр хохирогч Д архи авахдаа маш согтуу, хөдөлж чадахгүй байдаг. Тийм согтуу байдалтай Т гэр лүү орсон, нэмээд архи уусан. Хүнд өшиглүүлээд гэмтсэн эсэхээ хэлэх, тодорхойлох чадваргүй согтолт ихтэй байсан гэж үзэж байна. Согтуу хүний үгээр, магадлалтай гэж яллаж болохгүй. Шинжээч давсаг суларчихсан үед гэмтэл авах боломжгүй гэж хэлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “бие засаад босоод эргэж байхад У орж ирсэн” гэж хэлдэг. Хүн бие засаж дуусаагүй байхдаа босоод зогсоно гэж байхгүй. Бие засаад дуусаагүй байхад өшиглөлөө гэхэд суултуур дээр байгаа хүний давсаг руу өшиглөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч “би баруун хөлийн шилбэ рүү нь өшиглөсөн” гэж тогтвортой мэдүүлдэг. Хэрүүл маргаан гарах үндэслэл нь 00-ын гадуур шээчихсэн байснаас болсон гэдэг. Давсаг шээсгүй байхад энэ гэмтэл учрах боломжгүй, шээсгүй үед шилбэ рүү өшиглөхөд давсаг урагдана гэж байхгүй.  Иймд хохирогч, гэрчийн зөрүүтэй мэдүүлгүүдийг үндэслэн яллаж байгааг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Тухайн хэрэг учрал болох үед Л.Т-н гэрт шүүгдэгч Б.У, хохирогч Д.Д, гэрч Л.Т нар байсан бөгөөд тэдний мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдогдолтой байна.

Хохирогч Д.Д-н ... У намайг өшиглөсөн... гэх шууд заасан мэдүүлэг, гэрч Л.Т-н ... Д архиа ууж байгаад ариун цэврийн өрөө орсон. Араас нь манай том өрөөг түрээсэлдэг У ариун цэврийн өрөө рүү орчихсон чанга дуугаар уурлаад Д-г загнаж байгаа бололтой байсан...  Би Д-г ирэхгүй болохоор нь очоод харахад Д ариун цэврийн өрөөний хаалганы үүдэн талд гэдсээ бариад эвхрээд хэвтэж байсан... гэх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч Д.Т-н ...Давсаг хагарсан тохиолдолд шээс хуримтлагдахгүй, шээе гэсэн бодол төрөхгүй. Архи согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн тохиолдолд өвдөлт бага мэдрээд явж байх боломжтой... гэх мэдүүлэг зэргээр 20.... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр ..... аймгийн ..... сумын ..... баг .. дугаар байрны .... тоотод шүүгдэгч Б.У нь хохирогч Д.Д-тэй 00-ийн гадуур бие заслаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэг рүү өшиглөж эрүүл мэндэд нь давсагны урд хананд урагдал бүхий хүнд хохирол учруулсан гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байна.

 Дээрх тогтоогдсон үйл баримт нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.У нь 20.... оны ..... дугаар сарын ....-нд нас барсан болох нь хэрэгт авагдсан ...... дугаартай нас барсны гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Б.У-д холбогдох эрүүгийн 2118000000089 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Д-н 300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 хос ягаан өнгийн углаашийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Б-н У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д холбогдох эрүүгийн 2218000000089 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хохирогч Д.Д-н 300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 хос ягаан өнгийн углаашийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч Б.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР