Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 14

 

Г аймгийн П газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Ш.Б, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2020/00182 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г аймгийн П газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын 1дүгээр баг, Хуримт номгон гудамж, 2 дугаар байр, 1 тоотод оршин суух, Б овогт Ш.Д холбогдох

байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 7.091.953 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч: Г аймгийн П газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Д нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллахдаа 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар сургалтын албаны менежер ажилтай Д.Ц үүрэгт ажлаас нь чөлөөлж, С.А мөн өдөр Б/20 дугаартай тушаалаар сургалтын менежерийн ажилд томилсон байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар Д.Ц сургалтын албаны менежер албан тушаалд эгүүлэн томилж, С.А Б/07 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд Д.Ц эгүүлэн тогтоож, хариуцагчийн төлөөлөгч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын 5 дугаар шүүхийн шүүгч 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 166 дугаартай захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт улсаас цалин 6.382.758 төгрөг, хүн амын орлогын албан татварт 709.195 төгрөг нийт 7.091.953 төгрөгийг гаргаж Д.Ц олгосон байна. Ш.Д хуулийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас улсад 7.091.953 төгрөгийн хохирол учирсан болох нь бүрэн нотлогдсон байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ш.Д шийдвэрийн улмаас Д.Ц ажлаасаа чөлөөлөгдсөн, түүний оронд тухайн орон тоон дээр С.А гэдэг хүнийг ажиллуулаад сургалтын менежерийн ажлаа хийх явцдаа төсөвт батлагдсан сургалтын менежерийн цалинг тухайн жилдээ аваад харин энэ ажилгүй байсан хугацаанд Д.Ц энэ хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэрээр авсан. Ш.Д гаргасан үндэслэлгүй шийдвэрийн улмаас улсаас 7.091.953 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээд улсаас гарсан. Улсад Ш.Д шийдвэрээс болж хохирол учирсан. Тийм учраас улсад учирсан гэм хорын хохирлыг Ш.Д гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэж оролцож байна. Ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой тайлбарлая. 2014 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Ш.Д нь ажиллаж байх хугацаандаа сургалтын менежер Д.Ц ажлаас чөлөөлсөн. Уг асуудал гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж Ш.Д захирлыг эрх зүйн хувьд алдаатай үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж шүүх дүгнэсний үндсэн дээр Д.Ц ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож шүүхийн шийдвэр гарсан. Ш.Д нь уг тушаал шийдвэрийг гаргахдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан. Өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан учраас энэ хохирлыг төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Ш.Д нь өөрийн гэм буруутай санаатай болон болгоомжгүй байдлаар төсөвт ямар нэгэн хохирол учруулаагүй. Тухайн Ш.Д гаргасан шийдвэр нь эрх зүйн хувьд үндэслэлгүй байсныг шүүх тогтоосон. Түүнээс түүний буруутай үйл ажиллагааны улмаас, үүргээ зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм. Ш.Д сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцох байсан Д.Ц ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил олгогчийн эрх, үүрэг гэж тодорхой заасан. Ажил олгогч захирал нь ямар эрх, үүрэгтэйг хуулиар тодорхой заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гээд үүргийг нь хуульд тодорхой заасан. Гэтэл П байгууллагаас төсөвт учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай салшгүй холбоотой. Өнөөдөр хэргийн материал эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ авагдсан уу гэвэл байхгүй, энэ талаарх нотлох баримт байхгүй. Энэ нотлох баримт байхгүй учраас хязгаарлагдмал хариуцлагын талаар яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан гэж байгаа. Ажил олгогчийн хөдөлмөрлөх үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхой заасан. Өнөөдөр энэ үүргээ биелүүлээгүйн улмаас төрд ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй. Өөрт олгогдсон тушаал шийдвэр гаргах эрхийн хэмжээнд Д.Ц ажлаас чөлөөлсөн. 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж шийдвэрлэсэн. Тийм учраас Ш.Д өөрөө ямар нэгэн байдлаар хууль буюу дотоод журам, гэрээ хэлэлцээрт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Б овогт Ш. Д Тайшир сумын сургуулийн 12 жилийн дунд сургуулийн сургалтын менежер Д.Ц ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгосноос байгууллагад учирсан хохиролд 7.091.953 /долоон сая ерөн нэгэн мянга есөн зуун тавин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн П газрын хяналтын прокурор Б.О би, тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

 

Шүүх шийдвэртээ ...Ш.Д нь ...бүрэн эрхийн хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргажээ. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Ш.Д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан хууль бус үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй юм.

 

...ажилд эгүүлэн тогтоогдсон Д.Ц болон түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан Ш.Д ч Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ерөнхий боловсролын сургуультай хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай болох зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэжээ.

 

Гэм хор учруулсан гэж үзэхгүй гэх боловч хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэдэг нь тогтоогдож байгаа талаар дүгнэсэн атлаа шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг үндэслэл болгон шийдвэрлэх бүрэн боломжтой байхад энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

 

Тайшир сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн нэг орон тоо дээр төсөв батлагдсан байхад 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны цалинг С.А сургалтын менежерээр ажиллаж байснаараа авсан. Харин Ш.Д хуулийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас дээрх хугацаанд Д.Ц сургалтын менежерээр ажиллаагүй боловч шүүхийн шийдвэрээр 7.091.953 төгрөгийг улсаас гаргуулан авсан байна.

 

Улсад 7.091.953 төгрөгийн хохирол бодитой учирсан байхад ямар ч дүгнэлт хийлгүй маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй гараагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг удирдлага болгон Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 182 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, өөрчлүүлэхээр гомдол гаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Д.Ц ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг төлснөөс Тайшир сумын Ерөнхий боловсролын сургуульд учирсан хохирол 7.091.953 төгрөгийг хариуцагч Ш.Д гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Ш.Д түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ш.Д Говь-Алтай аймгийн Тайшир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн сургалтын албаны менежер ажилтай Д.Ц ажлаас чөлөөлөх Б/17 дугаар тушаалыг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ба Говь-Алтай аймаг дахь сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр Д.Ц урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7.091.953 төгрөг ажил олгогч байгууллагаас гаргуулж, Д.Ц олгохоор шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ш.Д Тайшир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах эрхийнхээ хүрээнд ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн нь Ш.Д хууль бус санаатай үйлдэл буюу хийх ёсгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ш.Д нь Тайшир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба энэ бүрэн эрхийнхээ хэмжэээнд ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж байсан байна.

 

Түүний гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор байгууллагаас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн нь Ш.Д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй байна.

 

Гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзвэл гэм хор учруулсан үйлдэл нь хууль бус байх шаардлагатай байдаг байна.

 

Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа байгууллагад хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ёстой байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар энэ тухай ямар нэгэн баримт хэрэгт байхгүй бөгөөд байгууллагад учруулсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Түүнчлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь иргэний харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой илүү нарийвчилсан зохицуулалт бүхий хууль юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох боломжтой.

 

Харин прокурор нь төрийн байгууллагыг төлөөлж бие даан зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгогдоогүй байна. Тодруулбал иргэний хэргийн зохигчийн нэг болох нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх зэрэг эрхтэй.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурорт эдгээр эрхүүд олгогдоогүй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос, эсхүл нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан явдал нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй этгээдийн эрхийг хөндөх учиргүй тул уг татгалзал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болдоггүй онцлогтой.

 

Тиймээс прокурор нь Ш.Д 7.093.953 төгрөгийн хохирол гаргуулахаар бие даан нэхэмжэл гаргасан нь үндэслэлгүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Зүй нь нэхэмжлэгч хуульд заасан, үндэслэл журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж, шаардлагатай гэж үзвэл прокурорт хүсэлт гаргаж, прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хүсэлтийг хүлээн авч тухайн төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хувиар оролцох боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133/ШШ2020/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э

 

ШҮҮГЧИД Ш.Б

 

Т.Ж