Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

  Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Н.Оюунчимэгийг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Тайшир сумын 1-р баг, Хуримт номгон гудамж, 2 байр, 1 тоотод оршин суух, Б овогт Ш-ын Д-д холбогдох

байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 7.091.953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Д нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллахдаа 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар сургалтын албаны менежер ажилтай Д.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, С.А-ийг мөн өдөр Б/20 дугаартай тушаалаар сургалтын менежерийн ажилд томилсон байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар Д.Ц-г сургалтын албаны менежер албан тушаалд эгүүлэн томилж, С.А-ийг Б/07 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын албаны менежерийн ажилд Д.Ц-г эгүүлэн тогтоож, хариуцагчийн төлөөлөгч давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын 5 дугаар шүүхийн шүүгч 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 166 дугаартай захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт улсаас цалин 6.382.758  төгрөг, хүн амын орлогын албан татварт 709.195 төгрөг нийт 7.091.953 төгрөгийг гаргаж Д.Ц-д олгосон байна. Ш.Д-ийн хуулийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас улсад 7.091.953 төгрөгийн хохирол учирсан болох нь бүрэн нотлогдсон байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. Ш.Д-гийн шийдвэрийн улмаас Д.Ц ажлаасаа чөлөөлөгдсөн, түүний оронд тухайн орон тоон дээр А гэдэг хүнийг ажиллуулаад сургалтын менежерийн ажлаа хийх явцдаа төсөвт батлагдсан сургалтын менежерийн цалинг тухайн жилдээ аваад харин энэ ажилгүй байсан хугацаанд Д.Ц энэ хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэрээр авсан. Ш.Д-гийн гаргасан үндэслэлгүй шийдвэрийн улмаас улсаас 7.091.953 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээд  улсаас гарсан. Улсад Ш.Д-гийн шийдвэрээс болж хохирол учирсан. Тийм учраас улсад учирсан гэм хорын хохирлыг Ш.Д-гээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэж оролцож байна. Ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой тайлбарлая. 2014 онд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Ш-ын Д нь ажиллаж байх хугацаандаа сургалтын менежер Д.Ц-г ажлаас чөлөөлсөн. Уг асуудал гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж Ш.Д  захирлыг эрх зүйн хувьд алдаатай үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж шүүх дүгнэсний үндсэн дээр Д.Ц-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгож шүүхийн шийдвэр гарсан. Ш.Д нь уг тушаал шийдвэрийг гаргахдаа Бага дунд боловсролын хуулийн 20 дугаар зүйлд заасан өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан. Өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан учраас энэ хохирлыг төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Ш.Д нь өөрийн гэм буруутай санаатай болон болгоомжгүй байдлаар төсөвт ямар нэгэн хохирол учруулаагүй. Тухайн Ш.Дгийн гаргасан шийдвэр нь эрх зүйн хувьд үндэслэлгүй байсныг шүүх тогтоосон. Түүнээс түүний буруутай үйл ажиллагааны улмаас, үүргээ зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм. Ш.Д сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцох байсан Д.Ц-г ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил олгогчийн эрх, үүрэг гэж тодорхой заасан. Ажил олгогч захирал нь ямар эрх, үүрэгтэйг хуулиар тодорхой заасан. Хөдөлмөрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй гээд үүргийг нь хуульд тодорхой заасан. Гэтэл Прокурорын байгууллагаас төсөвт учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай салшгүй холбоотой. Өнөөдөр хэргийн материал эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ авагдсан уу гэвэл байхгүй, энэ талаарх нотлох баримт байхгүй. Энэ нотлох баримт байхгүй учраас хязгаарлагдмал хариуцлагын талаар яригдана. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 1-д хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан гэж байгаа. Ажил олгогчийн хөдөлмөрлөх үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тодорхой заасан. Өнөөдөр энэ үүргээ биелүүлээгүйн улмаас төрд ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй. Өөрт олгогдсон тушаал шийдвэр гаргах эрхийн хэмжээнд Д.Ц-г ажлаас чөлөөлсөн. 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж шийдвэрлэсэн. Тийм учраас Ш.Д өөрөө ямар нэгэн байдлаар хууль буюу дотоод журам, гэрээ хэлэлцээрт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Ш-ын Д-гээс байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 7.091.953 /долоон сая ерөн нэгэн мянга есөн зуун тавин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хүсэлтээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ш.Д-гийн хуулийн үндэслэлгүй шийдвэрийн улмаас улсад 7.091.953 төгрөгийн хохирол учирсан болох нь бүрэн нотлогдсон байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Ш.Д нь уг тушаал шийдвэрийг гаргахдаа Бага дунд боловсролын хуулийн 20 дугаар зүйлд заасан өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн шийдвэрийг гаргасан. Өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан учраас энэ хохирлыг төлөх боломжгүй гэж үзэж байна. Ш.Д нь өөрийн гэм буруутай санаатай болон болгоомжгүй байдлаар төсөвт ямар нэгэн хохирол учруулаагүй. Тухайн Ш.Д-гийн гаргасан шийдвэр нь эрх зүйн хувьд үндэслэлгүй байсныг шүүх тогтоосон. Түүнээс түүний буруутай үйл ажиллагааны улмаас, үүргээ зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан гэж үзэх боломжгүй юм. Ш.Д сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцох байсан Д.Ц-г ажлаас чөлөөлсөн. Тийм учраас Ш.Д өөрөө ямар нэгэн байдлаар хууль буюу дотоод журам, гэрээ хэлэлцээрт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлаж маргажээ.

Хариуцагч Ш.Д нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын сургуулийн захирлаар ажилладаг болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/57 дугаартай захирамжийн Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар, Ш.Д-гийн 0010132 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ш.Д нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний Б/17 дугаартай тушаалаар сургалтын менежер Д.Ц-г ажлаас чөлөөлсөн байх бөгөөд уг тушаалыг Д.Ц хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Уг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарснаар хариуцагч 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсоноор Д.Ц нь ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш ажил албан тушаалдаа томилогдсон өдөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Сум дундын 5 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 166 дугаартай шүүгчийн захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь дээрх шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбаруудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийхгүй юм.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Ш.Д-гийн гаргасан үндэслэлгүй шийдвэрийн улмаас улсаас 7.091.953 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээд  Д.Ц-д олгосон. Тийм учраас улсад учирсан гэм хорын хохирлыг Ш.Д-гээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна...гэж” тайлбарлажээ.

Гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заахдаа гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх нөхцлийг заажээ.

Хариуцагч Ш.Д нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж ажил олгогчийг төлөөлж ажилтныг ажилд авах, чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй этгээд байх ба бүрэн эрхийнхээ хэмжээнд ажилтнуудыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргажээ. Ийнхүү гаргасан тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн нь Ш.Д-гийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр буюу хийх ёсгүй үйлдлийг хийсэн, хийх ёстой үйлдлээ эрхээ хэтрүүлэн хийснээс байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан нь хууль бус үйлдэл гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл ажилд эгүүлэн тогтоогдсон Д.Ц болон түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан хариуцагч Ш.Д ч Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ерөнхий боловсролын сургуультай хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг авч үзэх ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь үндэслэлтэй эсэх, хэрхэн нотлогдон тогтоогдож байгаа байдалд дүгнэлт хийх замаар шийдвэрлэдэг болно. Энэ хэргийн хувьд гэм хор учруулсны хохирлыг төлүүлэх үндэслэлээр нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Б овогт Ш-ын Д-гээс Тайшир сумын сургуулийн 12 жилийн дунд сургуулийн сургалтын менежер Д.Ц-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгосноос байгууллагад учирсан хохиролд 7.091.953 /долоон сая ерөн нэгэн мянга есөн зуун тавин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                             

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ҮЙТҮМЭН

                                      ШҮҮГЧИД                                     Н.ОЮУНБИЛЭГ

                                                                                           Э.ОЮУН-ЭРДЭНЭ