Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 171

 

                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Б.Батсайхан

Шүүгдэгч: Ш.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Р овогт Ш.Э-д холбогдох эрүүгийн,,,тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Ш.Э  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ш.Э нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, дүгээр баг, ,,, тоотод өөрийн эхнэр А.М-ийг гэр бүлийн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

* Шүүгдэгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

 

* Эрүүгийн 1712002350084 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 * Хохирогч  А.М-ийн өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн төрсөн дүү хагалгаанд ороод эмнэлэг дээр байж байтал манай нөхөр Ш.Э нь нилээн согтуу хүрч ирсэн. Бид хоёр эмнэлэгээс гараад хүүхдүүдээ цэцэрлэгээс аваад шууд гэртээ харьсан. Манай нөхөр гэртээ ирээд шууд унтаад өгсөн. Манай нөхөр Ш.Э 40 орчим минут унтаад босч ирэхээр нь “ дүү минь өвчин, зовлонтой байхад яагаад архи ууж байгаа юм бэ” гэж хэлтэл чи намайг яагаад ингэж хэлж байгаа юм бэ гээд над руу утас аваад шидтэл миний зүүн талын мөрийг цохьсон. Тэгэхээр нь би нөхрийнхөө 2 гарыг бариад битгий 2 хүүхдээ айлгаад бай гэж гуйсан. Гэтэл чи миний гарыг барьдаг хэн бэ янхан минь гэж хэлээд намайг хойш нь нилээн хүчтэй түлхэд миний зүүн талын нүд рүү цохьчихсон. Манай нөхөр миний нүд рүү гараараа 2 удаа цохьсон. Утсаар зүүн мөрөн дээр нэг удаа цохьсон. Манай нөхөр намайг өмнө нь нэг удаа хардалтаас болоод нэг удаа зодож байсан. 2017 оны 8 сард намайг түлхэж унагаж байсан. Би тухайн үед эхлээд нүүрэн тус газар нь алгадсан. Манай нөхөр намайг зодож байх үед манай охин Э.Э хүү Э.Ө нар унтаж байсан. Өөр харсан мэдсэн хүн байхгүй. Би учирсан гэмтэлдээ гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би нөхөртэйгээ хамт амьдраад 8 жил болж байхад ганц ч удаа зодож байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд  /хх-ийн  5-6, 7-8 дугаар тал/,

 

*Гэрч Ө.Э өгсөн:

 “....Эрдэнэдалай нь 1987 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд миний төрсөн дүү Ш том хүү болж төрсөн. Ш.Э-гийн эцэг, эх нь Булган суманд сургуулийн мал малладаг. Ээж нь бие муутай хүн байдаг. Эцэг, эхээс 5-уулаа, эрэгтэй 2, эмэгтэй дүүтэй. Бага насаа эцэг эх дээрээ өссөн. Эрдэнэбулган сумын 2 дугаар 10 жилийн сургуульд сурч төгссөн. Ш.Э нь төлөв даруу, ажилч хичээнгүй зантай хүүхэд байгаа юм. Ер хүнтэй эвтэй байдаг. Одоо барилгын ажил эрхэлдэг, ажилд их сайн, архи дарс уугаад байдаггүй хүүхэд байгаа юм. Ш.Э нь  ажил хийж эцэг, эхээ дэмжиж, туслаж явдаг юм билээ…” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/

 

*Гэрч Ж.Г өгсөн: 

 “ ... Би Архангай аймгийн Булган сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангиас эхлээд Ш.Этай нөхөрлөж байгаа юм. Хүүхэд байхдаа гэр бүлээрээ Архангай аймгийн Булган суманд амьдардаг байсан. Ш.Эгийн эцэг, эх  мал малладаг. Ш.Э нь 2010 оноос хойш эхнэртэйгээ Улаанбаатар хотод амьдарч байгаад жилийн өмнө буцаад аймагтаа ирсэн юм. Одоо Ш.Э нь эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд амьдардаг. Ш.Э нь төлөв даруу зантай, найз нөхөдтэйгээ эвтэй залуу байгаа юм. Ер нь архи дарс нэг их хэрэглээд байдаггүй.  Бид хамт бригад болоод Улаанбаатар хот болон аймагт барилгын ажил хийдэг юм. Барилгын ажил хийсэн мөнгөөрөө амьдралаа залгуулж авч явдаг. Эхнэртэйгээ ер нь эвтэй байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

 

*Гэрч Д.Б  өгсөн:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 18-21 цагийн хооронд  Монгол банкны харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Цогтбаатарын хамт томилгоот эргүүлтэй байсан юм. Бид хоёрыг эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал жижүүрээс Бор толгойн 31-25 тоотод нөхөртөө зодууллаа гэсэн дуудлага ирлээ гэх мэдээлэл ирсний дагуу жижүүрийн машинтай яваад очиход иргэн Д.М-ийн зүүн талын нүд хавдсан байсан. Юу болсон талаар асуухад нөхөр уурлаад миний нүд рүү цохьчихлоо гэж байсан. Тухайн үед нөхөр Ш.Э нь нилээн согтуу байсан учраас бид 2 түүнийг цагдаагийн газарт авч ирээд ерөнхий жижүүрт танилцуулаад эрүүлжүүлсэн юм. Биднийг дуудлагаар очоод гэрт нь яваад ороход эхнэр Д.Мг, Ш.Э, мөн бага насны 2 хүүхэд л байсан. Өөр хүн байгаагүй.Тухайн үед Ш.Э нь хэлэхдээ эхнэр найзуудтайгаа нийлээд архи уулаа гээд уурлаад байхаар нь цохиод авсан юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/ 

 

*Архангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 497 тоот дүгнэлтэнд:“...А.М-ийн биед зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн бяцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 15 дугаар тал/

 

*Шүүгдэгч Ш.Э-гийн гэрч, яллагчаар өгсөн:

 “... 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагийн үед самарт хамт явна гэж ярьж тохиролцсон байсан хоёр ахтай таараад Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байх Тамир нэртэй бааранд орж суугаад 1 шил архи гурвуулаа хувааж уусан юм. Тэгээд сууж байтал эхнэр над руу залгаад дүү олгой ургаад эмнэлэгт хагалгаанд орж байна. Гэхээр нь би тэндээс гараад эмнэлэг дээр ирсэн. Би нилээн согтчихсон байсан болохоор эмнэлэг дээр ирснээ муухан санаад байгаа юм. Тэндээсээ гараад 2 хүүхдээ цэцэрлэгээс авчихаад гэртээ иртэл эхнэр миний дүү хагалгаанд ороод өвчтэй байхад чи архи эргүүлж явлаа гээд уурлаад загнаад байхаар нь урдаас нь хэдэн үг хэлээд маргалдсан. Тэгээд манай эхнэр А.М хувцсаа тайлаад унт гэхээр нь унтахгүй гээд уурласан. Тэгээд миний хоёр гараас бариад авахаар нь гарыг нь хойш нь саваад түлхтэл миний зүүн гарын ар тал нүдэн дээр нь таараад нилээд хүчтэй цохчих шиг болсон. Хоёр хүүхэдээ айгаад уйлахаар нь буруу зүйл хийснээ ухаарсан юм. Би эхнэртээ гар хүрч, үр хүүхдүүдээ айлгасандаа гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Би өмнө нь эхнэртээ гар хүрч, зодож байгаагүй. Би эхнэрийнхээ зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Тэр үед манай гэрт 2-5 насны миний 2 хүүхэд л байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

 

* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр тал/

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32  дугаар тал/ 

 

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 31-25 тоотод иргэн А.Мийг толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ш.Э нь үйлдсэн болох нь  хохирогч А.Мийн “...Манай нөхөр над руу утас аваад шидтэл миний зүүн талын мөрийг цохьсон. Тэгэхээр нь би нөхрийнхөө 2 гарыг бариад битгий 2 хүүхдээ айлгаад бай гэж гуйсан. Гэтэл чи миний гарыг барьдаг хэн бэ янхан минь гэж хэлээд намайг хойш нь нилээн хүчтэй түлхэд миний зүүн талын нүд рүү цохьчихсон. Манай нөхөр миний нүд рүү гараараа 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг,  гэрч  Д.Б“...иргэн Д.М зүүн талын нүд хавдсан байсан. Юу болсон талаар асуухад нөхөр уурлаад миний нүд рүү цохьчихлоо гэж байсан. Тухайн үед нөхөр Ш.Э нь нилээн согтуу байсан учраас бид 2 түүнийг цагдаагийн газарт авч ирээд ерөнхий жижүүрт танилцуулаад эрүүлжүүлсэн юм...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ш.Эгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 497 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.   

 

           Иймд шүүгдэгч Ш.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

           Шүүгдэгч Ш.Э нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.М нь хохирол төлбөргүй, гомдол санал байхгүй талаар  хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл  /хх-ийн  34 дүгээр тал/-д тусгадсан   болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Р овогт Ш.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эд шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР