Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

       С.Б, Г.Н, Д.Ө, О.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                    М.Батзаяа

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                     Н.Энхжаргал, Б.Алтанчимэг

            Шүүгдэгч                                                                   С.Б, Г.Н

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мээпамын бичсэн эсэргүүцлийг үндэслэн, С.Б, Г.Н, Д.Ө, О.Б нарт холбогдох 201603000455 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ,, аймгийн ,, суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт Архангай аймгийн ,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 7 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 159 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 02 сарын хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Г-ийн Н   

 

Монгол Улсын иргэн,  Төв аймгийн,, суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Архангай аймгийн ,,суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Ө овогт Д-ийн Ө

 

Монгол Улсын иргэн,  Архангай аймгийн ,,суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн,,гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт О-ын Б

 

Монгол Улсын иргэн, Архангай аймгийн,,суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Архангай аймгийн ,, гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 201 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/125 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Монгол Улсын 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 2 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, мөн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, мөн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, мөн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 204 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 1 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт С-ийн Б /

 

Г.Н нь ялтай байх хугацаандаа яллагдагч Д.Өтэй бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 01 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Адгийн зэгстэй гэх газраас хохирогч М.Аийн 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Ө нь Г.Нтай бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 01 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Адгийн зэгстэй гэх газраас хохирогч М.Аийн 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Г.Н нь давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Халуун усны арын гудамжинд оршин суух хохирогч Ө.Нийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн аяга дунд гарын 3 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй пойлсон бүс 1 ширхэг, даваа толгойтой цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, сувдан дараас 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, шүрэн шигтгээтэй бугуйвч 1 ширхэг буюу нийт 5.445.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Н нь давтан үйлдлээр О.Бтэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Авдрант гэх газраас хохирогч Б.Бын 2 тооны соёолон үрээг суран цулбууртай хазаар, мяндсан ногт, суран чөдрийн хамт хулгайлж, Б.Бт 1.275.000 төгрөг, Д.Дийн 2 тооны нас нийлсэн морийг мяндсан 2 ногтны хамт хулгайлж, Д.Дид 1.310.000 төгрөг, нийт 2.585.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

О.Б нь Г.Нтай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Авдрант гэх газраас хохирогч Б.Бын 2 тооны соёолон үрээг суран цулбууртай хазаар, мяндсан ногт, суран чөдрийн хамт хулгайлж, Б.Бт 1.275.000 төгрөг, Д.Дийн 2 тооны нас нийлсэн морийг мяндсан 2 ногтны хамт хулгайлж Д.Дид 1.310.000 төгрөг, нийт 2.585.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

Г.Н нь давтан үйлдлээр С.Бтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10-11 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт байх “Баянсан” нэртэй хүнсний дэлгүүрийн гаднаас хохирогч Ц.Бийн эзэмшлийн 44-12 ӨВР улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж, Ц.Бт 500.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан,

С.Б нь Г.Нтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10-11 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт байх “Баянсан” нэртэй хүнсний дэлгүүрийн гаднаас хохирогч Ц.Бийн эзэмшлийн 44-12 ӨВР улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж Ц.Бт 500.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас С.Б, Г.Н, Д.Ө, О.Б нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай шүүгчийн захирамжаар:      Тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 745 тоот яллагдагчийг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлтийг засуулах тухай захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтоосон болно. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад шүүгдэгч Д.Өг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 тоот шийтгэх тогтоолоор 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнө бусдын 2 тооны хонийг машин механизм хэрэглэн хулгайлсан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. Архангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15/а тоот яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.Өгийн 57 тоот шийтгэх тогтоол гарахаас өмнөх үеийн буюу 2016 оны 01 сард хохирогч М.Аийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нөхцөл байдал тогтоогдлоо.

            Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, Д.Өд холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэж, нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гээд

            Шүүгдэгч С.Б, Д.Ө, Г.Н, О.Б нарт холбогдох 201603000455 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцааж,

            Хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Б, Г.Н нарт цагдан хорих, шүүгдэгч Д.Ө, О.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэрэглэж,

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 2 ширхэг, цагаан өнгийн никель аяга 1 ширхэг, нарийн сур, ногт зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,

            Захирамжийг эс зөвшөөрвөл прокурор ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мээпамын бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мээпам би Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай захирамжийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянавал:

Яллагдагч Г.Н нь ялтай байх хугацаандаа яллагдагч Д.Өтэй бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 01 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Адгийн зэгстэй гэх газраас хохирогч М.Аийн 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Д.Ө Г.Н нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар 2016 оны 01 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Адгийн зэгстэй гэх газраас хохирогч М.Аийн 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Г.Н нь давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг Халуун усны арын гудамжинд оршин суух хохирогч Ө.Нийн гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга том 1 ширхэг, мөнгөн аяга дунд гарын 3 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй пойлсон бүс 1 ширхэг, даваа толгойтой цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, алтан бөгж 2 ширхэг, сувдан дараас 1 ширхэг, эрэгтэй мөнгөн гинж 1 ширхэг, шүрэн шигтгээтэй мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, шүрэн шигтгээтэй бугуйвч 1 ширхэгийг хулгайлж, нийт 5.445.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Н О.Б нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Авдрант гэх газраас хохирогч Б.Бын 2 тооны соёолон үрээг суран цулбууртай хазаар, мяндсан ногт, суран чөдрийн хамт хулгайлж, Б.Бт 1.275.000 төгрөг, Д.Дийн 2 тооны нас нийлсэн морийг мяндсан 2 ногтны хамт хулгайлж, Д.Дид 1.310.000 төгрөг, нийт 2.585.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Г.Н, С.Б нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10-11 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт байх “Баянсан” нэртэй хүнсний дэлгүүрийн гаднаас хохирогч Ц.Бийн эзэмшлийн 44-12 ӨВР улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоциклыг хулгайлж Ц.Бт 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тус прокурорын газраас Г.Н, С.Б, Д.Ө, О.Б нарт Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15/Б дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Шүүгч 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар Г.Н нарт холбогдох эрүүгийн 201603000455 дугаартай хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ. Үүнд:

Шүүгдэгч Д.Өг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 тоот шийтгэх тогтоолоор 2016 оны 03 дугаар сарын 04-ний шөнө бусдын 2 тооны хонийг машин механизм хэрэглэн хулгайлсан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байна. Архангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15/А тоот яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.Өгийн 57 тоот шийтгэх тогтоол гарахаас өмнөх үеийн буюу 2016 оны 01 сард хохирогч М.Аийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцааж, Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 57 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, Д.Өд холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэж, нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв гэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Учир нь:

1.Уг хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан бөгөөд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан болно. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны үед шүүгдэгч нь гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол, шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэх бөгөөд тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаах үндэслэл байхгүй юм.

Гэтэл Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Г.Н нарт холбогдох 201603000455 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээс хэргийг прокурорт буцаах заалтыг удирдлага болгон шүүгчийн 184 дугаартай захирамж гаргаж, шүүгдэгч Г.Н, С.Б, Д.Ө, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцаасан нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Батзаяа би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн Г.Н, С.Б, Д.Ө, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Г.Н, С.Б, Д.Ө, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцаасан Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй. Шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой тайлбар хэлье. Шүүгдэгч Г.Н нь бага насны 2 хүүхэдтэй, эхнэр нь ажил эрхэлдэггүй, түүний гэр бүлээс ганцхан Г.Н ажил хийдэг. Одоогоор ар гэрийн байдал маш хүнд байгаа. Г.Н нь өмнө таслан сэргийлэх арга хэмжээ зөрчиж байгаагүй. Иймд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналтай байна. Харин С.Бын хувьд хохирогчид учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү.” гэв

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Санал байхгүй.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар С.Б, Г.Н, Д.Ө, О.Б нарт холбогдох хэрэгт бичсэн прокурор Б.Мээпамын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх С.Б, Г.Н, Д.Ө, О.Б нарт холбогдох хэргийг 2017 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 18-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулжээ.

 

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлтийг засуулах тухай шүүгчийн 745 дугаартай захирамж гарсан байна.  

 

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад гарсан Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 745 дугаартай захирамж нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй болжээ. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан асуудлуудыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх талаар урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хэлэлцээгүй, уг асуудлыг гэм буруугийн хурлаар шийдвэрлэхээр тогтоогүй байхад урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад гаргасан шүүгчийн захирамжинд зааж, улмаар шийдвэрлэхээр тогтоогүй асуудлаар шүүх хэргийг мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь үндэслэлгүй байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   

 Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцэлд  хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

  Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Б, Г.Н нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Д.Ө, О.Б нарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авахаар шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана гэж хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болохыг заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд  шүүгдэгч гэм буруутай эсэх, түүнд Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэн ял оногдуулах болон эдгээртэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд хяналтын шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлгүй байна.  

 

Өөрөөр хэлбэл, хэргийг хуульд заасан ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхээс прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж байгаа, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй тохиолдолд хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцэх эрхгүй тул С.Б, Г.Н, Д.Ө, О.Б нарт холбогдох хэрэгт хяналтын журмаар гомдол гаргаж болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.              

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 -т заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д тус тус зааснаар хэрэг шүүхэд очтол С.Б, Г.Н нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Д.Ө, О.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                  М.МӨНХДАВАА