Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 17

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 133/ШШ2020/00300 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 19 байр, 4-29 тоотод оршин суух, Б овогт Б. Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 19 байр, 4-32 тоотод оршин суух, Ө овогт Д. Э холбогдох

телевизорын үнэ 800.000 төгрөг, абажурын үнэ 150.000 төгрөг, таазны засвар хийсэн 90.000 төгрөг, нийт 1.040.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э гэдэг хүн манай дээд давхарт амьдардаг. 2019 онд энэ айл манайх 2 зэрэг энэ байшинд нүүж орсон. Тэр өвөл 02 дугаар сарын 02-нд халаалтын шугам нь хөлдсөн. Бид нар Мандал-Голомт ХХК-д хандахад та нар хувиараа янзлуул, манайд ач холбогдолгүй гэсэн. Тэгээд би хувиараа хүнтэй уулзаад Э гэдэг хүнийг хөлслөөд янзлуулахаар болсон. Э бид 2 турбагаа тайлаад байж байхад ард талд тас хийх чимээ гарсан. Бид 2 эргээд харсан чинь тайлсан турбагаар зурагтны нүүр цохиод хагалсан байсан. Би Б.Э гэдэг хүнийг тэр дор нь утсаар дуудаад оруулж ирээд манай зурагтыг хагалсан талаар хэлэхэд За тийм байна ах, би уучлалт гуйж байна. Би өөрөө радио, зурагтны газар ажилладаг. Зурагтны нүүр солиход асуудал байхгүй. Нүүрийг нь солиход танай зурагт ямар ч асуудалгүй гарна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл тэгж тохирох уу? гэсэн чинь тэгье гээд тохирсон. Тэгээд 5-6 хоног чимээгүй явсан. Би утас руу нь яриад яасан бэ? гэсэн чинь ажлын газрын нэг хүнээ дагуулж орж ирсэн. Тэр хүн нь инженер нь байсан байх. Б.Э би энийг хагалсан юм аа. Та үүнийг үзээд өгөөч гээд тэр хамт явж байсан хүндээ үзүүлсэн. Тэр хүн нь зурагтаа авч явах юм уу? гэхэд эндээ байж байг гэж хэлсэн. Би янзлуулж өгөх юм байна гээд хүлээгээд байсан. Б.Э янзлуулж өгөхгүй яваад байсан. Тэгээд би нэг өдөр холбогдоод юу болсон талаар асуухад би Улаанбаатар хот явах гэж байна. Шинэ зурагт авчирж өгнө, 10 дугаар сард хот явна гэсэн. 10 сар өнгөрсний дараа зурагтаа авах гэсэн чинь би хот яваад ирсэн. Би зурагт авчраагүй. Надад одоо төлөх боломж алга. Би танд өөрийн хуучин зурагтаа өгье гээд нэг хуучин зурагт барьж орж ирсэн. Тэр нь хагарсан зурагт байхаар нь би үүнийг чинь авахгүй, миний зурагтыг төлөөд өгчих гэсэн. Тэгсэн чинь би наад зурагтыг чинь төлж өгч чадахгүй. Явдаг газраараа яваад надаас юм олж аваарай гэсэн. Намайг удаа дараа хохироож байгаа. Түүний дараа ус алдаад 9 дүгээр сарын 17-ны үед том өрөө рүү ус ороод абжур шатаасан. Яг тэр үед би дарга руу нь утсаар яриад дугаарыг нь аваад Б.Э руу яриад үзүүлэхэд Манайх ус алдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн. Би Б.Э дагаад гэрт нь ороход өөрийн паарнаас нь ус алдаад хивс нь нороод модон шалны завсраар ус алдсан дүр зурагтай байсан. Тэгээд би түрүүний хохирлоо миний дүү төлөөгүй байгаа шүү гэж хэлэхэд Би ямар ч байсан хохирлыг нь барагдуулж өгнө гэсэн. Тэгээд би хохирлоо төлүүлэх гэсэн чинь би төлж чадахгүй гээд намайг хэл амаараа доромжилсон. Танай халаалтыг салгана. Энэ подвол миний мэдэлд байдаг гээд над руу янз бүрийн байдлаар дайрч давшлаад байдаг. Тийм болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 10 дугаар сарын эхээр мөн ус алдаж угаалгын өрөө рүү ус алдаад дүүжин тааз руу ус орсон. Өөрийг нь дуудаж оруулж ирээд үзүүлэхэд угаалгын машинаас ус алдсан. Би наадхыг чинь төлөхгүй гэсэн. Би хохирлоо төлүүлэх шаардлагатай байна. 1.040.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ хохирлоо нөхөн төлүүлмээр байна гэжээ.

 

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Э-гийн нэхэмжилсэн 1.040.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие телевизорийг хагалаагүй, халаалтын шугам янзалж байсан хүн хагалсан гэж байсан. Манай гэрээс ус алдаагүй, дээд айл халаалтын шугамаа янзалж байгаад дутуу хийсэн байхад ус шахаад ус алдсан гэж байсан. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хариуцагч талаас бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 800.000 төгрөгийн үнэтэй зурагт гэж ярьдаг. Тухайн үед зурагтны нүүр нь хагарсан байдаг. Энэ 2 айл зэрэг паараа тайлаад явах ёстой байхад ойлголцоогүйн улмаас зурагт хагалсан гэж байгаа боловч энэ зурагт өмнө нь бүтэн байсан юм уу? хагархай байсан юм уу? гэдгийг Б.Э мэдэхгүй. Тухайн үед хэрүүл хийхгүй гээд зурагтны нүүрийг солиод өгье гэсэн. Хот яваад зурагтны нүүр асуухад байхгүй байсан. Тэгээд энэ хүн зурагт янзалж өг гээд нэхээд байхаар нь өөрийнхөө зурагтыг өгөх гэхэд аваагүй. Заавал шинэ зурагтны мөнгө авна гэсэн учраас мөнгө өгөх боломжгүй тэгээд ч би хагалсан биш. Танай гэрт юм хийж байсан хүн болон манай гэрт юм хийж байсан хүмүүс үүнийг мэдэж байгаа гэдэг үүднээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 150.000 төгрөгийн үнэтэй абажур шатсан гэж байгаа. Энэ бол эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл дээр маш тодорхой байгаа. Тэгэхэд дээд айл ус алдаад абжур шатсан гэсэн байсан. Б.Э дуудаж ирээд гэрт нь хамт ороход Б.Э гэрээс ус алдаагүй байсан. Манай дээд айлаас ус алдаад тэр нь доошоо ороод нэг давхрын айл руу орсон байсан. Манай хивс бас норсон байсан. Тухайн үед манайд халаалт байгаагүй. Бид нар дээд хашаанд гэрт амьдарч байсан. Тухайн үед манайхаас ус алдаагүй гэдгийг Б.Э үзээд гарсан гэсэн тэмдэглэл хэргийн материалд байгаа. Нэхэмжлэгч талаас эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэлийг хэргийн материалд аваад хийсэн байгаа. Б.Э гэрээс ус алдсан зүйл байхгүй. Мөн засвар хийсний 90.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хэзээ хаанаа засвар хийсэн юм. Абажур нь хаана байсан юм. Угаалгын өрөөний абжур шатсан юм уу? Хаана байсан абжур юм гэдгийг нотлох баримт хэргийн материалд байхгүй. Үнэхээр Б.Э гэдэг айлаас ус алдсан гэдгийг нотлох баримт өнөөдрийн байдлаар хэргийн материалд бичгийн нотлох баримт байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаан болохоос өмнө 2 ширхэг зураг гаргаж ирсэн. Энэ нь цонхны хөшигний хажуугийн труба дагаж ус орж ирсэн байдалтай зураг байгаа. Тэгэхээр энэ шатсан абжур нь үнэхээр 150.000 төгрөгийн үнэтэй абжур мөн юм уу? Энэ абжур нь хаана байсан юм гэдгийг нотолсон нотлох баримт хэргийн материалд байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналтай байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус үндэслэн хариуцагч Ө овогт Д. Э телевизорын үнэ 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Б. Э-д олгож, нэхэмжлэлээс 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 29.510 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Э-аас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 800.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 00300 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Д.Э би Б.Э-д хохирол учруулаагүй, шүүхээс Д.Э-д шинэ телевизорийн үнэ гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний болгоомжгүй үйлдлээс Д.Э-ийн телевизорын дэлгэц хагараагүй юм. Үүнийг шүүх хуралдаанд оролцсон гэрч нар мэдүүлсэн байгаа. Тухайн хоёр айл хоёулаа өөр өөрийн орон сууцандаа сантехникийн ажил хийлгэж байсан. Энэ нь шууд дээд талын айлын буруу гэж үзэх үндэслэлгүй юм. Д.Э-ийн тухайд өөрийн эд хөрөнгөө өөрөө хамгаалах үүрэгтэй байсан. Сантехникийн ажил хийлгэж байж эд хөрөнгөө хамгаалаагүй байсан буруу байгаа. Телевизорын дэлгэц хагарсан байхад бүтэн шинэ телевизорын үнэ гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 00300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Э-т холбогдуулан телевизорын үнэ 800.000 төгрөг, абажурын үнэ 150.000 төгрөг, байшин/гэр/-ийн таазны засвар хийсний 90.000 төгрөг, нийт 1.040.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2019 оны 02 дугаар сард халаалтын шугам хөлдсөнийг засварлуулахаар сантехникийн шугамаа тайлж байх үед Д.Э нь мөн халаалтын шугамаа засварлана гэж хэлэлгүйгээр тайлж байгаад шугамын труба нь хананд байсан телевизорыг цохиж хагалсан. Мөн оны 9 дүгээр сарын 17-ны үеэр Д.Э-ын гэрээс ус алдаж гэрлийн абажур шатаасан, үүний улмаас таазны засвар хийхэд гарсан зардал зэргээр хохирсон гэсэн агуулгатай байна.

 

Хэрэгт авагдсан үйл баримтаас үзэхэд зохигчид телевизорын дэлгэц хагарсан, ус алдсан талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгө...-д санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хорын хохирол учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Э-ын орон сууцанд сантехникийн засварын ажил хийж байсан хүний болгоомжгүй үйлдлээс гэрийн хананд байсан телевизорын дэлгэц нь хагарч эд зүйлээрээ хохирсон болох нь зохигч, гэрч нарын тайлбар, мэдүүлэгээр тогтоогдсон байгаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хохирол буюу гэм хорыг арилгахыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийн үнийн талаар телевизорыг засварлах боломжтой эсэх талаар маргаагүй, хэрэг учрал болохоос өмнөхөн авсан байсан Rotenzo загварын телевизорын баталгаат засварын хуудас, худалдан авсан үнийн тухай нэхэмжлэх зэрэг баримтыг үндэслэн түүний үнэ 800.000 төгрөгийг гаргуулж, абажурны үнэ, засварын өртгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд .../адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө... гэснээр засварлах боломжтой эсэх талаар зохигчид дахин нягтлан үзэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлт буюу ...хариуцагч Д.Э-аас гэсний дараа нэхэмжлэгчийн телевизорын дэлгэцийг сольж, гэмтсэн телевизорыг засварлаж өгөх буюу засварлаж өгөөгүй тохиолдолд телевизорын үнийг гаргуулахаар нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 133/ШШ2020/00300 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын ...хариуцагч Д.Э-аас гэсний дараа телевизорын дэлгэцийг сольж, гэмтлийг засварлаж өгөх буюу засварлаж өгөөгүй тохиолдолд... гэж нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.Б

 

ШҮҮГЧИД Ч.Э

 

Т.Ж