Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 300

 

 

 

 Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг 19 байр, 4-29 тоотод оршин суух, Б овогт Б-гийн Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, 19 байр, 4-32 тоотод оршин суух, Ө овогт Д-ын Э-т холбогдох,

телевизорын үнэ 800.000 төгрөг, абажурын үнэ 150.000 төгрөг, таазны засвар хийсэн 90.000 төгрөг, нийт 1.040.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, иргэдийн төлөөлөгч Ц.Б, гэрч Д.Т, Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
 

   Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э гэдэг хүн манай дээд давхарт амьдардаг. 2019 онд энэ айл манайх 2 зэрэг энэ байшинд нүүж орсон. Тэр өвөл 02 дугаар сарын 02-нд халаалтын шугам нь хөлдсөн. Бид нар “Мандал-Голомт” ХХК-д хандахад та нар хувиараа янзлуул, манайд ач холбогдолгүй гэсэн. Тэгээд би хувиараа хүнтэй уулзаад Э гэдэг хүнийг хөлслөөд янзлуулахаар болсон. Эрдэнэ-Очир бид 2 турбагаа тайлаад байж байхад ард талд тас хийх чимээ гарсан. Бид 2 эргээд харсан чинь тайлсан турбагаар зурагтны нүүр цохиод хагалсан байсан. Би Б.Э гэдэг хүнийг тэр дор нь утсаар дуудаад оруулж ирээд манай зурагтыг хагалсан талаар хэлэхэд “За тийм байна ах, би уучлалт гуйж байна. Би өөрөө радио, зурагтны газар ажилладаг. Зурагтны нүүр солиход асуудал байхгүй. Нүүрийг нь солиход танай зурагт ямар ч асуудалгүй гарна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл тэгж тохирох уу? гэсэн чинь тэгье гээд тохирсон. Тэгээд 5-6 хоног чимээгүй явсан. Би утас руу нь яриад яасан бэ? гэсэн чинь ажлын газрын нэг хүнээ дагуулж орж ирсэн. Тэр хүн нь инжинер нь байсан байх. Б.Э би энийг хагалсан юм аа. Та үүнийг үзээд өгөөч гээд тэр хамт явж байсан хүндээ үзүүлсэн. Тэр хүн нь зурагтаа авч явах юм уу? гэхэд эндээ байж байг гэж хэлсэн. Би янзлуулж өгөх юм байна гээд хүлээгээд байсан. Б.Э янзлуулж өгөхгүй яваад байсан. Тэгээд би нэг өдөр холбогдоод юу болсон талаар асуухад би Улаанбаатар хот явах гэж байна. Шинэ зурагт авчирж өгнө, 10 дугаар сард хот явна гэсэн. 10 сар өнгөрсний дараа зурагтаа авах гэсэн чинь би хот яваад ирсэн. Би зурагт авчраагүй. Надад одоо төлөх боломж алга. Би танд өөрийн хуучин зурагтаа өгье гээд нэг хуучин зурагт барьж орж ирсэн. Тэр нь хагарсан зурагт байхаар нь би үүнийг чинь авахгүй, миний зурагтыг төлөөд өгчих гэсэн. Тэгсэн чинь би наад зурагтыг чинь төлж өгч чадахгүй. Явдаг газраараа яваад надаас юм олж аваарай гэсэн. Намайг удаа дараа хохироож байгаа. Тэрний дараа ус алдаад 09 дүгээр сарын 17-ны үед том өрөө рүү ус ороод абжур шатаасан. Яг тэр үед би дарга руу нь утсаар яриад дугаарыг нь аваад Б.Э руу яриад үзүүлэхэд “Манайх ус алдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Би Б.Э-ыг дагаад гэрт нь ороход өөрийн паарнаас нь ус алдаад хивс нь нороод модон шалны завсраар ус алдсан дүр зурагтай байсан. Тэгээд би түрүүний хохирлоо миний дүү төлөөгүй байгаа шүү гэж хэлэхэд “ Би ямар ч байсан хохирлыг нь барагдуулж өгнө” гэсэн. Тэгээд би хохирлоо төлүүлэх гэсэн чинь би төлж чадахгүй гээд намайг хэл амаараа доромжилсон. Танай халаалтыг салгана. Энэ подвол миний мэдэлд байдаг гээд над руу янз бүрийн байдлаар дайрч давшлаад байдаг. Тийм болохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 10 дугаар сарын эхээр мөн ус алдаж угаалгын өрөө рүү ус алдаад дүүжин тааз руу ус орсон. Өөрийг нь дуудаж оруулж ирээд үзүүлэхэд угаалгын машинаас ус алдсан. Би наадхыг чинь төлөхгүй гэсэн. Би хохирлоо төлүүлэх шаардлагатай байна. 1.040.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ хохирлоо нөхөн төлүүлмээр байна гэв.

Хариуцагч Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Э-гийн нэхэмжилсэн 1.040.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие телевизорийг хагалаагүй, халаалтын шугам янзалж байсан хүн хагалсан гэж байсан. Манай гэрээс ус алдаагүй, дээд айл халаалтын шугамаа янзалж байгаад дутуу хийсэн байхад ус шахаад ус алдсан гэж байсан. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хариуцагч талаас бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 800.000 төгрөгийн үнэтэй зурагт гэж ярьдаг. Тухайн үед зурагтны нүүр нь хагарсан байдаг. Энэ 2 айл зэрэг паараа тайлаад явах ёстой байхад ойлголцоогүйн улмаас зурагт хагалсан гэж байгаа боловч энэ зурагт өмнө нь бүтэн байсан юм уу? хагархай байсан юм уу? гэдгийг Б.Э мэдэхгүй. Тухайн үед хэрүүл хийхгүй гээд зурагтны нүүрийг солиод өгье гэсэн. Хот яваад зурагтны нүүр асуухад байхгүй байсан. Тэгээд энэ хүн зурагт янзалж өг гээд нэхээд байхаар нь өөрийнхөө зурагтыг өгөх гэхэд аваагүй. Заавал шинэ зурагтны мөнгө авна гэсэн учраас мөнгө өгөх боломжгүй тэгээд ч би хагалсан биш. Танай гэрч юм хийж байсан хүн болон манай гэрт юм хийж байсан хүмүүс үүнийг мэдэж байгаа гэдэг үүднээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 150.000 төгрөгийн үнэтэй абажур шатсан гэж байгаа. Энэ бол эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл дээр маш тодорхой байгаа. Тэгэхэд дээд айл ус алдаад абжур шатсан гэсэн байсан. Б.Э-ыг дуудаж ирээд гэрт нь хамт ороход Б.Эын гэрээс ус алдаагүй байсан. Манай дээд айлаас ус алдаад тэр нь доошоо ороод нэг давхрын айл руу орсон байсан. Манай хивс бас норсон байсан. Тухайн үед манайд халаалт байгаагүй. Бид нар дээд хашаанд гэрт амьдарч байсан. Тухайн үед манайхаас ус алдаагүй гэдгийг Б.Э үзээд гарсан гэсэн тэмдэглэл хэргийн материалд байгаа. Нэхэмжлэгч талаас эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэлийг хэргийн материалд аваад хийсэн байгаа. Б.Э-ын гэрээс ус алдсан зүйл байхгүй. Мөн засвар хийсний 90.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хэзээ хаанаа засвар хийсэн юм. Абажур нь хаана байсан юм. Угаагын өрөөний абжур шатсан юм уу? Хаана байсан абжур юм гэдгийг нотлох баримт хэргийн материалд байхгүй. Үнэхээр Б.Э гэдэг айлаас ус алдсан гэдгийг нотлох баримт өнөөдрийн байдлаар хэргийн материалд бичгийн нотлох баримт байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаан болохоос өмнө 2 ширхэг зураг гаргаж ирсэн. Энэ нь цонхны хөшигний хажуугийн труба дагаж ус орж ирсэн байдалтай зураг байгаа. Тэгэхээр энэ шатсан абжур нь үнэхээр 150.000 төгрөгийн үнэтэй абжур мөн юм уу? Энэ абжур нь хаана байсан юм гэдгийг нотолсон нотлох баримт хэргийн материалд байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад Б.Э-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Э-т холбогдуулан телевизорын үнэ 800.000 төгрөг, абажурын үнэ 150.000 төгрөг, таазны засвар хийсэн 90.000 төгрөг, нийт 1.040.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Уг маргаж буй асуудал нь эрх зүйн хувьд зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас учирсан хохирол гаргуулах тухай шаардлага байх ба шүүх гэм хорын хохирол гаргуулах маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх зэрэгт үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа телевизорын үнэ 800.000 төгрөг, абажурын үнэ 150.000 төгрөг, таазанд засвар хийсэн 90.000 төгрөг, нийт 1.040.000 төгрөг гаргуулахаар тодорхойлж байгаа бөгөөд шүүх уг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, зохигчдын тайлбар, үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “....Д.Э-т холбогдуулан манайх халаалтын шугамаа тайлж байхад Д.Э нь гэрийн халаалтаа янзлуулна гэж хэлэлгүй гэрийнхээ халаалтын шугамаа тайлж байгаад манай тайлсан шугамын турбогаар хананд байсан шинэ телевизорыг цохиж хагалсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны үеэр Д.Э-ын гэрээс ус алдаж манай том өрөө рүү ус нь орж авжур шатаасан, таазны шавар ховхорч унасан. Авжур хотоос 150.000 төгрөгөөр захиулж авсан. Таазаа материалыг нь 50.000 төгрөгөөр авч хүнд 40.000 төгрөг өгч янзлуулсан. Иймд 1.040.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлан нэхэмжилж, хариуцагч нь татгалзалаа тайлбарлахдаа “...Миний бие телевизорийг хагалаагүй, халаалтын шугам янзалж байсан хүн нь хагалсан гэж байсан. Манай гэрээс ус алдаагүй, дээд айл халаалтын шугамаа янзалж байгаад дутуу хийсэн байхад ус шахаад ус алдсан гэж байсан. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ...” гэж маргажээ.

 Дээрх тайлбаруудаас үзэхэд зохигчид зурагт хагарсан, ус алдсан гэх үйл баримтын талаар маргаагүй, харин хэний үйлдлийн улмаас хохирол учирсан болох талаар маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...эд хөрөнгө...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д.Э нь өөрийн байранд сантехникийн засвар үйлчилгээ хийлгэх үедээ Б.Эгийн эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох гэрч Б.З-ийн мэдүүлэг, Д.Т-ын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг судалж үнэлэхэд гэрч нар болон нэхэмжлэгч тайлбарлахдаа Б.Э-гийн телевизор нь халаалтын босоо шугамны хажууд байдаг, тэдний сантехникийн холболтын өгөх шугам нь хоёрдугаар давхарт буюу Д.Э-ын гэрийн паарны доод хэсгээр холбогддог гэж байх бөгөөд паарны холболт зурагтны байрлал, телевизорын дэлгэцэд халаалтын шугам, паар талын дээд хэсэгт нь гэмтэл гарсан байгааг харуулсан гэрэл зураг, гэрч Б.З-ын ...Э-ын паарны бүх холболтыг салгаад бүгдийг нь янзалсан, босоо штокыг бүгдийг нь салгаж байж трубаг нь гэсгээгээд буцааж холбосон гэх мэдүүлэг, гэрч Д.Т-ын “Тухайн үед би байсан. Паар нь хөлдсөн, намайг түүнийг нь засаад өгөөч гээд гуйгаад байсан. Би ажлын цагаар амжихгүй, ажил тарахаар очоод хийгээд өгье гэсэн. Ажил тараад орой энэ айлд засвар хийх гээд очсон чинь дээд айлын хүн нь нэг хөгшин хүнтэй орж ирсэн. Би энэ айлыг халаалттай болгох гэж байна. Өдрийн цагаар амжихгүй учир шөнө ч хамаагүй зүтгээд халаалттай болгоно гээд хэлсэн. Тэр 2 хүн чимээгүй зогсож байгаад гараад явсан. Би паарыг бол тайлсан. Тэр паарыг авч тавиад дараагийн паартай ноцолдож байхад тас хийх чимээ гарсан. Тэгэхэд дээрээс тайлах ёсгүй байсан трубаг тайлаад тахир үзүүрийг эргүүлээд зурагтыг нь цохиод хагалсан. Тэр дор нь дээд айлын хүмүүсийг дуудаж оруулж ирээд, ингээд хагалчлаа гээд үзүүлсэн чинь “За яахав, дулаахан болж байвал мөнгө төгрөгийн асуудлыг дараа нь шийдэж өгье” гэж хэлээд гарсан, Би паарыг нь салгасан труба нь сул байхад дээрээс нь эргүүлсэн зурагт нь паарнаас дээш 5-10 сантиметрийн зайтай байсан, эргэлдэж очоод цохисон гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

           

Мөн Д.Э нь тухайн байрны өмчлөгч болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй тул тухайн сангийн ажлыг өөрөө гардаж хийгээгүй боловч өөрийнх нь зөвшөөрлийн үндсэн дээр сонгож авсан хүнээрээ уг засвар үйлчилгээг хийлгэсэн бөгөөд засвар үйлчилгээ хийсэн хүний үйлдлээс хохирол учирсан нөхцөлд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал Д.Э нь засварын ажлыг биечлэн гүйцэтгээгүй боловч өөрийн орон сууцанд сантехникийн засварын ажил хийлгэхээр бусадтай Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна. Хөлсөөр ажиллагч нь уг ажлыг гүйцэтгэхдээ өөрийн болгоомжгүй үйлдлээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан ажиллагсад ...хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байсан ажил олгогч хүлээнэ гэсэн зохицуулалтыг Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд заасныг баримтлан төсөөтэй хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэсэг буюу телевизорын үнийн хувьд хариуцагч талаас зурагтыг засварлах боломжтой эсэх тал дээр маргаагүй, шүүх үүнийг шүүх хуралдаанаар тогтоох боломжгүй тул Rotenzo загварын телевизор 1 ширхэгийг 800.000 төгрөгөөр Энх-Амгалан худалдаж авсан нэхэмжлэх, Rotenzo загварын 43А400 сериал дугаартай телевизорыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 24 сарын баталгаат хугацаатай худалдаж авсан баталгаат засварын хуудас болон зохигчдын тайлбар зэргийг харьцуулан тулгах байдлаар тогтоож телевизорийн үнэ 800.000 төгрөгийг гаргуулан олгох үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэлээс авжурны үнэ 150.000 төгрөг, засварын нийт өртөг 90.000 төгрөг, нийт 240.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд хариуцагч Ө овогт Д-ын Э-аас телевизорын үнэ 800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Б-гийн Э-д олгож, нэхэмжлэлээс 240.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Шүүх нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзэж, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх бөгөөд гэрч Зоригтын мэдүүлгийн зарим хэсэг нь бусад нотлох баримтуудаар дэмжигдээгүй, үгүйсгэгдсэн шинжтэй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 29.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас нэхэмжлэлийн хангагдсан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 23.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зйүлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус үндэслэн хариуцагч Ө овогт Д-ын Э-аас телевизорын үнэ 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт Б-гийн Э-д олгож, нэхэмжлэлээс 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 29.510 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Эаас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 800.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ҮЙТҮМЭН

                                         ШҮҮГЧИД                                  Н.ОЮУНБИЛЭГ

                                                                                            Б.УРТНАСАН