Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 436

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгч Б.Цэвэгмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан “Гравел стоун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрийн “Гравел стоун” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 13401А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Гравел стоун” ХХК.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Моннис бьюлдинг 503 тоот

Хариуцагч: Ашигт малтмалын газрын дарга

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “"Гравел стоун" ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан.

Тус компани нь 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анх олголт хийгдсэн 12920А тусгай зөвшөөрлийг 2008 оны 364 дүгээр шийдвэрээр хуваан Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Татам-3 нэртэй газарт 25 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 13401А дугаартай тусгай зөвшөөрлийг 2037 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл эзэмших болсон байдаг.

Уг тусгай зөвшөөрөл бүхий "Гравел стоун" ХХК-ийг 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн шинээр 3 гишүүн нэмэгдэж, хуучин.байсан 2 гишүүн хасагдан 3 гишүүнтэй болон өөрчлөгдсөн байдаг.

Мөн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч 1 гишүүн хасагдан нийт 2 гишүүнтэй болон өөрчлөгдсөн.

Компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнөөс хойшхи хугацаанд манай компани үйл ажиллагаагаа жигд сайн явуулж чадаагүй бөгөөд уул уурхайн мэдлэг дутмаг байсан.

Үүнээс гадна 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хувьцаа эзэмшигчээс гарсан гишүүн нь тамга тэмдэг болон компанийн гэрчилгээг хадгалж байгаад хүлээлгэн өгөлгүйгээр хөдөө орон нутагт 2013 оны 12 дугаар сарыг хүртэл амьдарч байсны улмаас компанийн албан ёсны үйл ажиллагаа тасалдахад хүрсэн.

Ийнхүү өвлийн улирал болсон байсан тул ямар нэгэн үйл ажиллагаа явуулалгүй 2014 оны хавар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм.

Мөн ашигт малтмалын ашиглалтын 13401А дугаартай тусгай зөвшөөрөл ямар шалтгааны улмаас цуцлагдсан, хүчингүй болсон, дуусгавар болсны аль болох нь бидэнд одоо ч тодорхой биш байдаг ба Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямар үндэслэл шалтгааны улмаас хүчингүй болгосон тухай мэдээллийг бидэнд гаргаж өгөхийг хүссэн боловч гаргаж өгсөнгүй.

 Манай компанийн ашигт малтмалын ашиглалтын 13401А дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-д орсон учраас ашигт малтмалын газраас хүчингүй болгосон гэж бид ойлгож байсан.

Хэрэв 13401А дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-д орсон бол  манай компанид “Ашигт малтмалын тухай” хуулийн 56.1.3-д заасны дагуу нөхөн олговор олгох ёстой. Гэтэл манай компанид огт нөхөн олговор олгоогүй байдаг бөгөөд манай тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцалсан, хүчингүй болгосон нь тодорхой байсан бол бидний зүгээс нэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргах байсан

Манай компани хуулийн дагуу Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрлөө сэргээлгэх, ямар үндэслэлээр цуцалсныг тодруулах тухай хүсэлт албан бичгээр гарган хандахад тус газраас 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/3739 дугаарын албан бичгээр "...Танай компанийн эзэмшилд байсан 13401А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасны дагуу ээлжит жилийн төлбөр төлөөгүй улмаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна, ... хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд дээрх хариугаар манай компани өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын 13401А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй, дуусгавар болгоогүй, "урт нэртэй" хуульд орсон үндэслэлээр цуцлаагүйг мөн ямар шийдвэрээр цуцалсныг сая олж мэдэж дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

Нэг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой байна" гэж, мөн зүйлийн 56.3-т "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ" гэж, мөн зүйлийн 56.4-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж тус тус заасан.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг баримтлах тухай 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 6-д "... мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг агуулсан, албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно." гэсэн байдаг.

Гэвч Кадастрын хэлтсийн дарга нь тус компанийн эзэмших 13401А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаасаа өмнө "Гравел стоун" ХХК-д хандаж "хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит" жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй учир тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн" болох талаар мэдэгдлийг гардуулах буюу хүргүүлээгүй.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь "Гравел стоун" ХХК-ийн эзэмших ашигт малтмалын ашиглалтын 13401А дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзсэн бол тус компанид энэ талаарх мэдэгдлийг хүргүүлэх ёстой байхад хүргүүлээгүй, түүнчлэн тус компани тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл байгаа эсэх  талаар  холбогдох нотлох  баримтаа төрийн захиргааны байгууллагад ирүүлэх боломжоор хангаагүй атлаа ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 5б дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т заасныг зөрчсөн зөрчил мөн юм.

Хоёр 13401А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасны дагуу ээлжит жилийн төлбөр төлөөгүйн улмаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 2-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан гэж 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/3739 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д "...тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;" бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д "...Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд  энэ  хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар  зүйлд  заасны  дагуу  тусгай: зөвшөөрлийг цуцална." гэж заажээ. Үүнээс үзвэл “Гравел стоун" ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлсөн тохиолдолд цуцлах эрх, үндэслэл үүсэхээргүй  байна.

“Гравел стоун" ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн  бөгөөд  холбогдох  баримтыг ашигт  малтмалын газарт гаргаж өгсөн  атал үндэслэлгүйгээр Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан байгаа нь хууль бус шийдвэр болжээ.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээс "Гравел стоун" ХХК-ийн 13401А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулж, 13401А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлдээ 13401А дугаар тусгай зөвшөөрөл нь 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамаарах тухай дурдсан байдаг. Хэрвээ энэ хуулийн үйлчлэлд хамаарах юм бол ашигт малтмалын тусгай зөвшөөрөл түдгэлзэхэд хүрч байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор нөхөн олговор олгох журам батлагдсан. Улмаар нөхөн олговор олгосны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах юм байна гэсэн хүлээлттэй байсан. 2011 оны 299 дүгээр тогтоолын 3 дугаарт зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарч байгаа алтны шороон ордны байгаль орчныг нөхөн сэргээхээс бусад үйл ажиллагааг бүхэлд нь хориглосон. Гэхдээ энэ нь зөвхөн алтны шороон ордод үйлчлээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль бүхэлдээ хамаарч байгаа уурхайн уулын ажлын төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын төлөвлөгөө тайланг баталж өгөхгүй байх, мөн Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх саад учруулсан гэх үндэслэлтэй байдаг.

Мэдэгдсэн байх, хүргүүлсэн байх, түүнийгээ нотолсон байхыг Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой заасан. Хэрэгт авагдсан баримтын дагуу эхний мэдэгдэл нь хүргүүлсэн гэдэг боловч шийдвэр нь хүрээгүй буцсан. Гэтэл шийдвэр, мэдэгдлийг хүргүүлэх талаар хариуцагч ямар арга хэмжээ авсан талаар тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэх талаар хариуцагч тал хангаж ажиллаагүй. Нэхэмжлэлдээ дурдсанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд орсон гэж хүлээлтийн байдалд оруулсан байж төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын дагуу нөхөн олговор авах талаар Ашигт малтмалын газарт хандсан байдаг. Хэрвээ 90 хоногийн дотор хандаагүй бол ямар эрх зүйн үр дагавар үүссэн бэ гэдэг талаар тодорхой байгаа. Нөхөн олговор авах талаар хүсэлтээ өгөөгүй, хандаагүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг 2012 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр цуцалсан байдаг. Энэ цуцалсан тоонд маргаан бүхий тусгай зөвшөөрөл ороогүй. Харин 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр төлбөр төлөгдөөгүй гэдэг үндэслэлээр цуцалсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу нөхөн олговор авах, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх хүсэлттэй байсан. Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлөө өгөөд нөхөн олговор авах компаниудад төлбөр төлөх үүргээс чөлөөлж байсан. Мөн Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвхөн шуудангийн хаяг байдаггүй. Үүнээс гадна хуулийн этгээдийн холбоо барих утас, захирлын гар утасны талаарх мэдээлэл хангалттай байдаг. Нэхэмжлэгч нь нөхөн олговор авна гэсэн хүлээлтийн байдлыг бий болгоод өнөөдрийг хүрсэн. Урт нэртэй хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт ороод тусгай зөвшөөрлийн эрх нь сэргэлээ гэж хандахад "Танай зөвшөөрөл цуцлагдсан байна" гэж амаар хэлсэн. Энэ нь хангалтгүй байсан тул Ашигт малтмалын газарт гомдол гаргасны үндсэн дээр сая төлбөр төлөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаар мэдэж байгаа. Хэрвээ 1 удаа хаяг дээрээ байгаагүй буцсан бол шаардлагатай арга хэмжээг Ашигт малтмалын газар авдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй байна гэж гомдол гаргаад байгаа юм.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээс "Гравел стоун" ХХК-ийн 13401А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 13401А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

"Гравел стоун" ХХК нь "Буман-Олз" ХХК-ийн Төв аймгийн Алтанбулаг сумын Татам нэртэй 100 гектар талбай бүхий 12920А ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас Геологи, Уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн дагуу Татам-3 нэртэй 25 гектар талбайг шинээр 13401А тоот тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн шилжүүлж авсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасан байдаг ба "Гравел стоун" ХХК нь 13401А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө ирүүлэхээр хуульчилсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоотоор хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Иймээс "Гравел стоун" ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...", 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан "хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй" гэсэн үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Цуцалсан тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6/6577 дүгээр тоотоор хүргүүлж мэдэгдсэн байна.

Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд "Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан ба "Гравел стоун" ХХК -д Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоот, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6-6577 дүгээр тоотоор мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай" 174 дүгээр тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн "Хилийн заагийг тогтоох тухай" 194 дүгээр тогтоолууд гарахаас өмнө буюу 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дээрх шалтгаанаар цуцлагдсан тул "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" гэж зааснаар 13401А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарч энэ талаар төрийн захиргааны байгууллагад гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож "Гравел стоун" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Гравел стоун” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнням Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрийн “Гравел стоун” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 13401А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчиж, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэж үзэж мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Гравел стоун” ХХК-ийн эзэмшиж байсан 13401А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус гэж маргажээ. 

  Маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа 2037 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр дуусгавар болох байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь заалтад “тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг” хэлнэ, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж тус тус зохицуулсны дагуу ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөх хугацаа нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байсан бөгөөд нэхэмжлэгч “Гравел стоун” ХХК 7 дахь жилийн төлбөрөө 2013 оны 12 сарын 03-ны өдөр төлсөн болох нь Ашигт малтмалын газрын 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн санхүүгийн баримтаар нотлогдсон байна.

Харин нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлөх байсан ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар боломж олгосон 30 хүртэл хоногийн хугацаанд буюу 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн гэж маргаж байгаа хэдий ч мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно.” гэсэн заалтад нийцүүлэн энэ тухайгаа Ашигт малтмалын газарт мэдэгдээгүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болжээ.

Хариуцагч “Гравел стоун” ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-6279, тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6-6577 дугаар мэдэгдлүүдийг “Кекүшю цамхаг 605” гэсэн  хаягаар хүргүүлсэн хэдий ч энэ хаяг нь тус компанийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр баталсан шинэчилсэн дүрэм болон, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дахин олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн хаягаас өөр байгаа нь хариуцагч тусгай зөвшөөрөл цуцалсан тухай нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрийн хаягаа өөрчлөгдсөн талаар Ашигт малтмалын газарт мэдэгдээгүй хуулийн дээрх зохицуулалтыг биелүүлээгүй байхад  тусгай зөвшөөрөл цуцалсан тухай мэдэгдээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай Гол мөрний урсац бүрэлдэх эх,усан сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хязгаарласан талбайтай давхцалтай гэж бүртгэгдсэн хэдий ч Монгол улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байгаа компаниуд ашиглалтын талбайн  давхцаагүй хэсэгтээ үйл ажиллагаа явуулах боломжтой болсон харин  тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй үндэслэлээр цуцлагдсан “Гравел стоун” ХХК-ийн тухайд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Түүнчлэн урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан талбайд эхлээд шороон ордуудын нөхөн олговор авах хүсэлтийг хүлээн авсан, энэ талаар сонинд гарсан зарыг харсан, “...2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын тогтоолд заасны дагуу Ашигт малтмалын газраас ирсэн зургаар “Гол мөрний урсац бүрэлдэх эх,усан сан бүхий газрын хамгаалалтын бүс,ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-д хамаарахгүй болж байна...” гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар дээрх үндэслэлийг давхар нотлож байна гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч “ээлжит жилийн төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй”, хаягын өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй зэргээр хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрийн “Гравел стоун” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 13401А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх шаардлага бүхий “Гравел стоун” ХХК –ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.НАСАНДЭЛГЭР

 ШҮҮГЧИД                                            М.БАТЗОРИГ

                                                               Ц.МӨНХЗУЛ