Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2017/0741

 

2017 оны 10 сарын 24 өдөр                   Дугаар 221/МА2017/0741                          Улаанбаатар хот

Н.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2017/0627 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Н.Э-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2017/0627 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э-ын гаргасан “Улсын бүртгэлийн Y-0000000, Y-0000000 дугаар бүртгэлтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0000000, 0000000 дугаар гэрчилгээтэй “М” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн  дүүргийн дүгээр хороо,  гудамж,  хотхонд байрлах байрны тоот автомашины зогсоолуудыг Н.Э-ын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... 1. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг бодитой үнэлсэнгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “М” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, гэрээгээр тохирсны дагуу авто зогсоолуудын төлбөрийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ болох нь тус гэрээний агуулгаас тодорхой харагдана. Дээрх гэрээний 4.5-д “төлбөрийг бүрэн хийсэн захиалагчид эзэмших эрхийн бичгийг олгох бөгөөд 100 хувь хийгээгүй бол албан ёсны өмчлөгч “М” ХХК байна” гэж талууд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч авто зогсоолуудын төлбөрийг бүрэн төлснөөр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасанчлан түүний өмчлөх эрх 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүссэн юм.

Ажил гүйцэтгэгч буюу “М” ХХК нь тус авто зогсоолуудын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж хүлээлгэн өгөх ёстой атал өөрийн өмч мэтээр 2010 оны 05, 07 дугаар сард бүртгүүлж, улмаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ээр барьцаалсан нь зүйд нийцэхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх “М” ХХК-ийн нэр дээр 2010 онд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хууль зөрчөөгүй хэмээн дүгнэж, дээрх гэрчилгээг үндэслэн байгуулсан барьцааны гэрээний барьцаалагч болох банкнаас зөвшөөрөл авах нь зүйтэй гэж дүгнэж буй нь шударга ёсны зарчмыг зөрчиж байгаа төдийгүй нэхэмжлэгчид Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг иргэн, хуулийн этгээд өв болон гэрээний эрх зүйн харилцаанд оролцож олж авах боломжтой байдаг. Гагцхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн хувьд энэхүү эрхээ улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах тусгай зохицуулалт үйлчилдэг. Харин улсын бүртгэлд өмчлөх эрхтэй этгээд эсхүл эрхгүй этгээд эсэхээс үл хамааран цаг хугацааны хувьд түрүүлж бүртгүүлсэн этгээдийн хувьд өмчлөх эрхийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байгаа мэтээр дүгнэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Н.Э-ын үнийг бүрэн төлж, захиалан бариулсан өмч хөрөнгө болох авто зогсоолуудыг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрхгүй этгээд “М” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон хариуцагч байгууллагын хууль бус үйлдэлд огт дүгнэлт хийсэнгүй. Гэтэл хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үед өөрийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байсан 2004 оны “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг дараах байдлаар зөрчиж, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг “М” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн байдаг. Үүнд:

Нэгдүгээрт: Тухайн үед уг хөдлөх хөрөнгүүдийг “М” ХХК өөрийн хөрөнгөөр барьсан эсэх, бүхэлд нь өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийж, гэрчилгээ олгосон нь тус журмын 1.2-т “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн талаарх нотлох баримтууд нь хоорондоо бие биенээ үгүйсгэсэн буюу эргэлзээ төрүүлэхүйц ямар нэгэн зөрчилгүй, хууль тогтоомж, эрх зүйн актуудтай зөрчилдөөгүй байх зарчмыг баримтална”, 1.3-д “Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлж буй эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь аль болох хөдөлшгүй нотлох баримтаар нотлогдсон байвал зохионо”, 2.1.в-д “...тухайн эд хөрөнгөтэй холбоотой шинээр бүртгүүлэхээр мэдүүлж буй эрх болон өмнө нь бүртгэгдсэн эрхүүд нь эрх зүйн ямар нэгэн зөрчилтэй эсэх, эрхийн улсын бүртгэлд авахаас татгалзах бусад үндэслэл, нөхцөл байгаа эсэхийг шалган тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Хоёрдугаарт: “М” ХХК нь “Блью скай” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг захиалагчдын хөрөнгө оруулалтаар барьж, тэдэнд худалдан борлуулах нь ойлгомжтой, тодорхой атал хариуцагч журмын 4.5.2-т “Уг барилга нь нэг өмчлөгчтэй эсвэл хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж баригдсан эсэхийг нягтлан үзэх” гэж заасныг зөрчиж, 4.5.3-д “Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ, хэлцэл зэргийг тодорхой тусгасан захиалгаар барьсан орон сууцны жагсаалтыг улсын мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянана” гэж заасан нотлох баримтыг “М” ХХК-аас огт шаардан гаргуулж авалгүй, “Блью скай” хотхоны 4 блок орон сууц, 205 ширхэг авто зогсоолыг бүхэлд нь “М” ХХК -ийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгосон.

Улсын бүртгэлийн байгууллага “М” ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ анх удаа олгосны дараа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон нь тус журмын 4.10-д “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасныг шууд зөрчсөн байна.

Хариуцагч байгууллага дээрх журам болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д тус тус заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” зарчмыг зөрчиж бүртгэл хийсэн болох нь тодорхой байхад Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс иргэн Н.Э-ын нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д заасан “Улсын бүртгэл хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж заасныг зөрчиж, анхнаасаа өмчлөгч бус этгээдийн нэр дээр буруу бүртгэсэн бүртгэлийг зөвтгөхөөс татгалзаж байгаа нь хууль бус үйлдэл юм.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээ үндэслэн “К Б” ХХК-аас зөвшөөрөл авч, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх боломжтой” гэж дүгнэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: иргэн Н.Э-ыг авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх хүчин чадалтай юм. Гэтэл хариуцагч байгууллага уг шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, мөн хуулийн 24.8-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасныг баримтлан хариуцагч улсын бүртгэлийн байгууллага иргэн Н.Э-ын нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгох үндэслэл хангалттай тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь “М” ХХК болон “К Б” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний оролцогч бус, банкны өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй бөгөөд “М” ХХК нь иргэн Н.Э-д огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүй өөрийн өр төлбөрийг хангуулах барьцаанд барьцаалсан үйл баримт тогтоогдсон атал нэхэмжлэгчийн хууль ёсны өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгийг “К Б” ХХК-аас зөвшөөрөл авсны үндсэн дээр бүртгүүлж, баталгаажуулахыг шаардаж буйд гомдолтой байна.

Иймд иргэн Н.Э-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2017/0627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд “М” ХХК нь анх хотхоны барилгын ажлын санхүүжилтэд зориулж “К Б” ХХК-иас 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай зээлийн гэрээгээр мөнгө зээлж, зээл төлөх баталгаа болгож 7000 м.кв талбайтай 205 ширхэг авто зогсоолыг “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” нөхцөлтэйгээр 2007 оны 08 дугаар сарын сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу тус банкинд барьцаалжээ.

Улмаар  “М” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй “Блю скай” хотхоны 44А, 44Б, 44В, 44Г дугаар дуусаагүй барилгыг, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй дээрх 205 авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулж, 2007 оны 12 дугаар сарын 25, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “К Б” ХХК-тай “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулахдаа барьцаа хөрөнгөд 44А, 44Б, 44В, 44Г байрны авто зогсоолуудыг барьцаалсан байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийн маргаж буй 44В байрны зоорийн давхарт байрлах 110, 123 тоот авто зогсоолууд орсон байна.

Харин нэхэмжлэгч Н.Э нь 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “М” ХХК-тай “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулсан нь цаг хугацааны хувьд “М” ХХК-ийн өмчлөх эрх, түүнчлэн “К Б” ХХК-ийн барьцааны эрх үүссэнээс хойш байгуулагджээ. Өөрөөр хэлбэл, “М” ХХК нь дүүрэг, дүгээр хороо, барилгын өмчлөгч байх үедээ буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө уг барилгыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд К Б-нд барьцаалсан байна.

Хэдийгээр дээрх авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Н.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг “М” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01831 дүгээр захирамж гарсан ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Э-ыг бүртгэж, гэрчилгээ олгох үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тус тус зохицуулснаас үзэхэд дээрх орон сууцуудын өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас барьцааны эрх нь хөндөгдөх “К Б” ХХК-ийн зөвшөөрлийг заавал авах шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой барьцааны бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд хариуцагчаас иргэн Н.Э-ын гаргасан мэдүүлгийн дагуу эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй, шүүх ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... хариуцагч улсын бүртгэлийн байгууллага Н.Э-ын үнийг бүрэн төлж, захиалан бариулсан өмч хөрөнгө болох авто зогсоолуудыг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрхгүй этгээд “М” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй ...” гэжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг заасан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас “М” ХХК-ийн гаргасан мэдүүлгийг үндэслэн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үед мөн хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй байх тул тус компанийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000, Ү-0000000 дугаарт бүртгэснийг буруутгах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр Н.Э-ын өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн /хуучин нэрээр/ үйл ажиллагаа хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2017/0627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.     

 

                        ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН