Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 23

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.Н, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2020/00472 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Хүрээмарал сум 3 дугаар баг, Норовлинд оршин суух, Х овогтой Б. С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Ган-Өргөө 22-11 тоотод оршин суух, Б овогтой Ч. Г-д холбогдох,

авто машины эд хөрөнгийн эвдрэлийн үнэ 8.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Ж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Г нь 2015 оны 10 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутаг Дов хэмээх газраас миний эзэмшлийн Маяти маркийн цагаан өнгийн 37-48 БНХ улсын дугаартай авто машиныг худалдаж авна гэж авчихаад 2018 оны 01-р сар хүртэл эдэлж ашиглаж улмаар цаашид ашиглах боломжгүй болгосон тул Есөнбулаг сумын Харзат 4-7-д чирч авчирсан. Иймд Ч.Г-оос 06 ширхэг дугуйны үнэ 1 ширхэг 110.000 төгрөг, нийт 660.000 төгрөг, 2 ширхэг аккумляторын үнэ 1 бүр нь 210.000 төгрөг, нийт 420.000 төгрөг, мотор 5.000.000 төгрөг, кузов 2.000.000 төгрөг, нийт 8.080.000 төгрөг гаргуулж өгнө үү. Ч.Г нь уг авто машины үнийг өгнө гэсээр өдийг хүрлээ. Иймд дээрх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Дов гэдэг газраас Г.Б гэдэг хүнтэй очиж Маяти маркийн машин 18.000.000 төгрөгөөр тохирлцоод авсан. Дэлгэр сумаас нааш 7 тонн нүүрс ачаад ирж байхад нь би нөгөө машинд нь хамт ирж байсан. 2 жил гарам хугацаа өнгөрөөд нэг жижиг машин ав гэхээр нь түүнийг нь аваагүй юм. Дараа жил нь машинаа авъя гээд ирэхэд эвдэрсэн байсан. Тэгээд чирээд Есөнбулаг сумын Харзат багийн 4-7 тоот хашаанд авчирсан. Одоо тэр хэвээрээ байгаа. Чирж авчирсан жолооч нь аймаг дээр байгаа. Түүнээс хойш удаа дараа засаж өгөхийг шаардсан. Тэгээд болохгүй болохоор нь Баянхонгор аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Баянхонгор аймгийн шүүх хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн. Мотор нь эвдэрсэн байсан. Түүний үнэ, 6 дугуй, кузов нь зэврээд сорогдсон ирсэн тэр бүхний үнэ 8.080.000 төгрөг эсхүл яг ямар машин авсан тийм болгож өг гэсэн. Эвлэрүүлэн зуучлалд уулзахдаа яг ямар машин авсан тийм машин буцааж өгнө эсхүл хэлсэн үнээ өгнө гэж хэлсэн боловч одоо болтол өгөхгүй байгаа юм. Машины мотор, кузов, 6 дугуй, 2 аккумлятор засуулж авна. Мөнгө авахгүй машинаа засуулаад авна гэжээ.

 

Хариуцагч Ч.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Г 2014 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэн Б.С-аас 37-48 БНХ дугаартай Маяти машин очиж авсан. Намайг очиж авахад уг машин мотор нь эвдэрсэн учир мотор задалсан байсан. Би моторыг нь боогоод нааш нь авч ирсэн боловч дахин мотор эвдрээд болохгүй байсан. 2016 оны 05 дугаар сарын орчим Б.С эхнэртэйгээ ирээд машинаа авч явсан. Тэр үед би машин чинь асахгүй байгаа наймаа хийснээрээ хийе миний 4900 ГАА дугаартай Ланд 80 машин аваад яв гэж хэлсэн. Тэгэхэд би өөрийн машиныг авна гээд машинаа чирээд явсан. Ингэж явахдаа машины эвдрэл гэмтлийн мөнгө энэ тэр юм огт яриагүй. Дараа нь ч юу ч яриагүй чимээгүй болсон. Гэтэл энэ жил 2020 онд машины эвдрэл гэмтлийн мөнгө төлүүлнэ гэж эвлэрүүлэн зуучлах газар дуудуулсан байсан. Би тэнд нь очиж болсон явдлыг хэлээд өгвөл хоёр аккумляторын үнэ өгч болно бусдыг чадахгүй надаас авч явснаас хойш энэ олон жил юу юу нь яаж өөрчлөгдсөнийг би мэдэхгүй гэсэн. Эвлэрүүлэн зуучлахаас гарч яваад Б.С-тай ярилцаад хавар ямаа малын ноолуур гарсаны дараа би машиныг чинь янзалж өгье гэж тохиролцоод салсан. Гэтэл одоо дахин шүүхэд өргөдөл өгсөн байна. Тиймээс би энэ хүнийг юу хийгээд явааг ойлгохгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Хүрээ марал сумаас Б.С гэдэг хүнээс хариуцагч Ч.Г нь тухайн ачааны машиныг худалдан авахаар харилцан тохирсон. Очих үед тухайн тээврийн хэрэгсэл маань мотор нь цохисон эвдэрсэн байдалтай байсан. Түүнийг Ч.Г нь өөрөө засаж сэлбээд авсан. Аваад явж байхад машин нь дахин эвдэрсэн. Эвдэрсэн гэдгийг Д.А гуай мэдэж байгаа. Эвдэрсэн машинаа аймгийн төв дээр авчраад ямар нэгэн байдлаар засаж сэлбээгүй орхисон. 2 жилийн дараа нэхэмжлэгч Б.С нь өөрийн эхнэртэйгээ хамт тухайн тээврийн хэрэгслийг буцаан авсан. Ч.Г нь нэгэнт наймаа хийсэн юм чинь миний машиныг ав гэсэн байдлаар санал тавьхад хүлээж аваагүй. Өөрийн автомашинаа 2016 оны 05 дугаар сард аваад явсан. Анх авснаасаа 2 жилийн дараа машинаа буцаагаад авсан. Авснаасаа хойш ямар нэгэн байдлаар машины эвдрэл, мөнгө, төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. 8.080.000 төгрөг яагаад гарч байгаа нь нотлох баримт байхгүй байна. Яагаад мотор нь эвдэрсэн юм хаана 6.000.000 гэж байгаа юм, 6 дугуй хаана нэг нь 110.000 төгрөг гэж байгаа талаар баримт байхгүй. Мөн энэ хэрэг 2016 онд шаардах эрх үүссэн. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Гэрээнээс үүсэх маргааны шаардах эрх 3 жил байдаг. Энэ машиныг 2016 онд чирээд аваад явсан. 4 жилийн хугацаа өнгөрөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Ямар нотлох баримтыг үндэслээд 8.080.000 төгрөгийн эвдэрлийн мөнгийг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Хуульд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байгаа. Гэвч эдгээр хүмүүсийн хоорондох маргаан бол гэрээнээс үүдэлтэй маргаан гэж хариуцагч талаас үзэж байна. Гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа бол 3 жил тул 2016 онд машинаа авч явснаас хойш ямар нэгэн байгууллагад хандаагүй байна. Энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байна. Засаж өгөхөө хүлээн зөвшөөрсөн гэж байна. Үнэхээр эвлэрч байсан бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд эвлэрч хэлэлцээд хугацаа тохироод явах боломжтой байсан. Эвлэрээгүй мөнгө өгвөл 2 аккумляторны үнэ өгвөл өгье, өгөхгүй бол бусдыг нь чадахгүй гэдэг байдлаар хариу тайлбар гаргасан байгаа. Мөн 8.080.000 төгрөгийн засвар үйлчилгээний зардал мөн ямар шаардлагын үндсэн дээр тухайн эвдрэл нь Ч.Г-оос шалтгаалсан эсэх талаар баримт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн хариуцагч Ч.Г-оор машины эвдрэлийг засварлуулах тухай нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2020/00472 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.С-ийн холбогдох автомашины эд хөрөнгийн эвдрэлийн үнэ 8.080.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 2014 оны 10 сард Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутаг Дов гэдэг газраас хариуцагч Ч.Г нь цагаан өнгийн 37 48 БНХ улсын дугаартай Маяти машин 18.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж тохиролцож авч яваад дахин ашиглах боломжгүй эвдэлж хэмхэлж 8.080.000 төгрөгийн хохирол учируулсан тул Ч.Г-оос 6 ширхэг дугуй нэг бүрийн үнэ 110.000 төгрөг нийт үнэ 660.000 төгрөг, 2 ширхэг аккумляторын үнэ 1 бүрийн үнэ 210.000 төгрөг бүгд 420.000 төгрөг, мотор 5.000.000 төгрөг, кузов 2.000.000 төгрөг нийт 8.080.000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж уг хэргийг дахин шударгаар магадлаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь авто машины эд хөрөнгийн эвдрэлийн үнэ 8.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч Ч.Г эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа машинд гарсан эвдрэлийг засварлуулах гэж өөрчилжээ.

 

Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Ч.Г нарын хооронд 2015 оны 10 дугаар сард автомашин худалдах, худалдан авах тухай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байна.

 

Уг гэрээний үүргийг хариуцагч Ч.Г-ийг машины үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.С нь машинаа буцаан авсан болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.С нь Маяти маркийн автомашины 6 ширхэг дугуйны үнэ 660.000 төгрөг, 2 ширхэг аккумляторын үнэ 420.000 төгрөг, мотор 5.000.000 төгрөг, кузов 2.000.000 төгрөг, нийт 8.080.000 төгрөг нэхэмжилж байгаа талаар нотлох баримт байхгүй, уг машинд гарсан эвдрэл гэмтэл хариуцагчийн буруугаас болсныг болон ямар байдлаар гэмтсэн зэргийг баримтаар нотолж чадаагүй байна.

 

Ийнхүү нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар шаардсан бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-д заасан үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн... бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх, эсхүл тухайн автомашиныг засварласны дараа гарсан зардлыг мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй бөгөөд харин автомашиныг засварлуулах шаардлага гаргах эрхгүй байна. гэж дүгнэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн хариуцагч Ч.Г-оор машины эвдрэлийг засварлуулах тухай нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2020/00472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э

 

ШҮҮГЧИД Б.Н

 

Т.Ж