Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2020/00472

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Хүрээ марал 3-р баг, Норовлинд оршин суух, Х овогтой Б-ын С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Ган-Өргөө 22-11 тоотод оршин суух, Б х овогтой Ч-ийн Г-д холбогдох,

авто машины эд хөрөнгийн эвдрэлийн үнэ 8.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч -Д.А, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Г нь 2015 оны 10 дугаар сарын дундуур Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын нутаг Дав хэмээх газраас миний эзэмшлийн Мяти маркийн цагаан өнгийн 37-48 БНХ улсын дугаартай авто машиныг худалдаж авна гэж авчихаад 2018 оны 01-р сар хүртэл эдэлж ашиглаж улмаар цаашид ашиглах боломжгүй болгосон тул Есөнбулаг сумын Харзат 4-7-д чирч авчирсан. Иймд Ч.Г-оос 06 ширхэг дугуйны үнэ 1 ширхэг 110.000 төгрөг, нийт 660.000 төгрөг, 2 ширхэг аккумляторын үнэ 1 бүр нь 210.000 төгрөг, нийт 420.000 төгрөг, мотор 5.000.000 төгрөг, кузов 2.000.000 төгрөг, нийт 8.080.000 төгрөг гаргуулж өгнө үү. Ч.Г нь уг авто машины үнийг өгнө гэсээр өдийг хүрлээ. Иймд дээрх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын Дов гэдэг газраас баз Г.Б гэдэг хүнтэй очиж маяти маркийн машин 18.000.000 төгрөгөөр тохирлцоод авсан. Дэлгэр сумаас нааш 7 тонн нүүрс ачаад ирж байхад нь би нөгөө машинд нь хамт ирж байсан. 2 жил гарам хугацаа өнгөрөөд нэг жижиг машин ав гэхээр нь түүнийг нь аваагүй юм. Дараа жил нь машинаа авъя гээд ирэхэд эвдэрсэн байсан. Тэгээд чирээд Есөнбулаг сумын Харзат багийн 4-7 тоот хашаанд авчирсан. Одоо тэр хэвээрээ байгаа. Чирж авчирсан жолооч нь аймаг дээр байгаа. Түүнээс хойш удаа дараа засаж өгөхийг шаардсан. Тэгээд болохгүй болохоор нь Баянхонгор аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Баянхонгор аймгийн шүүх хамгийн сүүлд Говь-Алтай аймгийн шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн. Мотор нь эвдэрсэн байсан. Түүний үнэ, 6 дугуй, гүүзүү нь зэврээд сорогдсон ирсэн тэр бүхний үнэ 8.080.000 төгрөг эсхүл яг ямар машин авсан тийм болгож өг гэсэн. Эвлэрүүлэн зуучлалд уулзахдаа яг ямар машин авсан тийм машин буцааж өгнө эсхүл хэлсэн үнээ өгнө гэж хэлсэн боловч одоо болтол өгөхгүй байгаа юм. Машины мотор, гүүзүү, 6 дугуй, 2 аккумлятор засуулж авна. Мөнгө авахгүй машинаа засуулаад авна гэв. 

Хариуцагч Ч.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Г 2014 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын иргэн Б.С-аас 37-48 БНХ дугаартай маяти машин очиж авсан. Намайг очиж авахад уг машин мотор нь эвдэрсэн учир мотор задалсан байсан. Би моторыг нь боогоод нааш нь авч ирсэн боловч дахин мотор эвдрээд болохгүй байсан. 2016 оны 05 дугаар сарын орчим Б.С эхнэртэйгээ ирээд машинаа авч явсан. Тэр үед би машин чинь асахгүй байгаа наймаа хийснээрээ хийе миний 4900 ГАА дугаартай Ланд 80 машин аваад яв гэж хэлсэн. Тэгэхэд би өөрийн машиныг авна гээд машинаа чирээд явсан. Ингэж явахдаа машины эвдрэл гэмтлийн мөнгө энэ тэр юм огт яриагүй. Дараа нь ч юу ч яриагүй таг болсон. Гэтэл энэ жил 2020 онд машины эвдрэл гэмтлийн мөнгө төлүүлнэ гэж эвлэрүүлэн зуучлах газар дуудуулсан байсан. Би тэнд нь очиж болсон явдлыг хэлээд өгвөл хоёр аккумляторын үнэ өгч болно бусдыг чадахгүй надаас авч явснаас хойш энэ олон жил юу юу нь яаж өөрчлөгдсөнийг би мэдэхгүй гэсэн. Эвлэрүүлэн зуучлахаас гарч яваад С-та-й ярилцаад хавар ямаа малын ноолуур гарсаны дараа би машиныг чинь янзалж өгье гэж тохиролцоод салсан. Гэтэл одоо дахин шүүхэд өргөдөл өгсөн байна. Тиймээс би энэ хүнийг юу хийгээд явааг ойлгохгүй байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Хүрээ марал сумаас Б.С гэдэг хүнээс хариуцагч Ч.Г нь тухайн ачааны машиныг худалдан авахаар харилцан тохирсон. Очих үед тухайн тээврийн хэрэгсэл маань мотор нь цохисон эвдэрсэн байдалтай байсан. Түүнийг Ч.Г нь өөрөө засаж сэлбээд авсан. Аваад явж байхад машин нь дахин эвдэрсэн. Эвдэрсэн гэдийг Д.А гуай мэдэж байгаа. Эвдэрсэн машинаа аймгийн төв дээр авчраад ямар нэгэн байдлаар засаж сэлбээгүй орхисон. 2 жилийн дараа нэхэмжлэгч Б.С нь өөрийн эхнэртэйгээ хамт тухайн тээврийн хэрэгслийг буцаан авсан. Ч.Г нь нэгэнт наймаа хийсэн юм чинь миний машиныг ав гэсэн байдлаар санал тавьхад хүлээж аваагүй. Өөрийн автомашинаа 2016 оны 05 дугаар сард аваад явсан. Анх авснаасаа 2 жилийн дараа машинаа буцаагаад авсан. Авснаасаа хойш ямар нэгэн байдлаар машины эвдрэл, мөнгө, төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй, нэхэмжилсэн зүйл байхгүй. 8.080.000 төгрөг яагаад гарч байгаа нь нотлох баримт байхгүй байна. Яагаад мотор нь эвдэрсэн юм хаана 6.000.000 гэж байгаа юм, 6 дугуй хаана нэг нь 110.000 төгрөг гэж байгаа талаар баримт байхгүй. Мөн энэ хэрэг 2016 онд шаардах эрх үүссэн. Шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Гэрээнээс үүсэх маргааны шаардах эрх 3 жил байдаг. Энэ машиныг 2016 онд чирээд аваад явсан. 4 жилийн хугацаа өнгөрөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Ямар нотлох баримтыг үндэслээд 8.080.000 төгрөгийн эвдэрлийн мөнгийг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Хуульд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байгаа. Гэвч эдгээр хүмүүсийн хоорондох маргаан бол гэрээнээс үүдэлтэй маргаан гэж хариуцагч талаас үзэж байна. Гэрээнээс үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацаа бол 3 жил тул 2016 онд машинаа авч явснаас хойш ямар нэгэн байгууллагад хандаагүй байна. Энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байна. Засаж өгөхөө хүлээн зөвшөөрсөн гэж байна. Үнэхээр эвлэрч байсан бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд эвлэрч хэлэлцээд хугацаа тохироод явах боломжтой байсан. Эвлэрээгүй мөнгө өгвөл 2 аккумляторны үнэ өгвөл өгье, өгөхгүй бол бусдыг нь чадахгүй гэдэг байдлаар хариу тайлбар гаргасан байгаа. Мөн 8.080.000 төгрөгийн засвар үйлчилгээний зардал мөн ямар шаардлагын үндсэн дээр тухайн эвдрэл нь Ч.Гоос шалтгаалсан эсэх талаар баримт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Б.Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.С нь Ч.Г-ид холбогдуулан авто машины эд хөрөнгийн эвдрэлийн үнэ 8.080.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг машины эвдрэлийг засварлуулах гэж өөрчилсөн байх ба нэхэмжлэгчээс олгогдсон итгэмжлэлээр ийм эрх олгогдсон байна.

Талуудын хооронд бий болсон үйл баримт, тохиролцоонд эрх зүйн дүгнэлт хийхэд авто машин худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа анх үүссэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь худалдах, худалдан авах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн хэдий ч худалдан авагч Ч.Г машины үнийг төлөөгүй үндэслэлээр худалдагч Б.С нь гэрээний зүйл болох авто машинаа буцааж авснаар Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д “гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл байдал бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно” гэж заасны дагуу гэрээнээс таталзсан байна гэж үзэхээр байна.

Худалдах худалдан авах эрээний тусгай зохицуулалтад буюу Иргэний хуулийн 253 дугаар зүйлд уг гэрээ хэвээр үйлчилж байх үеийн худалдагчийн эрхийг тодорхойлсон байна. Харин тухайн гэрээнээс татгалзсан үеийн үр дагаврыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгай зохицуулалтад тусгаагүй байх тул хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн ерөнхий зохицуулалтыг баримтлан шийдвэрлэхээр байна.

Нэхэмжлэгч Б.С нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн буюу гэрээнээс татгалзах талаар маргаангүй байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримталсан эсэхийг авч үзэх шаардлагагүй юм.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар шаардах эрх үүссэн байх ба нэхэмжлэгч гэрээний үүрэг бус гэрээнээс татгалзсаны үр дагавар шаардаж байх тул гурван жил буюу гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.

 Нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар шаардсан тохиолдолд 205.2.3-д заасны дагуу “үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн... бол” үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх, эсхүл тухайн авто машины эвдрэл гэмтлийг засварлуулсны дараа гарсан зардлыг мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй бөгөөд харин авто машиныг засварлуулах шаардлага гаргах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч машинд учирсан гэмтэл, элэгдэл хоргодлыг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэнийг түүний төлөөлөгч өөрчилсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд олгогдсон итгэмжлэлээр өөрчлөх эрхтэй боловч өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд авч үзэхэд эрх зүйн үндэслэлгүй байна.

Мөн нөгөө талаар тухайн эвдрэл гэмтэл, үүрэг зохих ёсоор гүйцэтгэгдээгүй нь хариуцагчийн буруугаас болсныг, уг эвдрэл нь анх байснаас ямар байдлаар гэмтсэн гэдгийг тус тус баримтаар нотолж чадахгүй байна гэж үзсэн болно.

Иймд хариуцагч Ч.Г-оор машины эвдрэлийг засварлуулах тухай нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн хариуцагч Ч.Гоор машины эвдрэлийг засварлуулах тухай нэхэмжлэгч Б.Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.                       

                        

 

ДАРГАЛАГЧ                             Ц.ҮЙТҮМЭН