Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 00011

 

 

 

 

 

 

     2018          01              08                                            11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Ч.Төмөрбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наранцэцэгийн Д-д холбогдох эрүүгийн 201522000717 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Д, 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, дүү, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ... дугаартай,

Шүүгдэгч Н.Д- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.Төмөрбаатарын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 7.170.750 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Ч.Төмөрбаатарын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30.743.810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Төмөрбаатарын Идэр-2 нэртэй хүнсний бөөний төвд борлуулагч хийдэг. Би Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд ажиллаад 6 жил болж байна. ...10 дугаар сарын эхээр Төмөрбаатар ах надтай уулзаад зээлсэн барааныхаа төлбөрийг хийж чадахгүй байгаа дэлгүүрүүдээс барааныхаа үлдэгдлийг эргүүлэн татахаар болсон. Ингээд миний хувьд 2015 оны 10-р сарын 26-ны өдөр дэлгүүрүүдээр явж бараа хураах болоод хамгийн түрүүнд Мөрөн сумын 2-р хороонд байрлах Дээж нэртэй хүнсний дэлгүүр орж уг дэлгүүрийн эзнийх нь эхнэр болох Энхбаяраас 1.500.000 орчим төгрөгийн архи, тамхи хурааж авсан. Үүнд: улаан шонхор, парламент, esse нэртэй тамхинууд, архи пивоноос юу авсан талаар санахгүй байна. Дээр хэлэхээ мартсан байна, би Дээж нэртэй дэлгүүрээс 1.500.000 төгрөгийн бараа авахдаа 2 хэсэг салгаж авсан. Би 2015 оны 10-р сарын 25-ны өдөр Дээж дэлгүүрээс бараа авснаа хэлээгүй орхисон байна. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 10-р сарын 26-ны өдөр үлдэгдэл бараа авсан юм. 9, 10 хороонд байрлах Сондор, Номин, Хужирт, Рашаан булаг дэлгүүрүүд орж бараа авах уу гэж асуусан юм. Төмөрбаатар гуай надад өөрөө хэлэхдээ өртэй дэлгүүрүүдээс бараа буцааж аваад өргүй дэлгүүрүүддээ бараагаа борлуулаарай гэж байсан. Сондор дэлгүүрийн хувьд Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд өртэй боловч эзэн нь Төмөрбаатар ахтай утсаар Улаанбаатар хотод байна, 2-3 хоноод очно тэгэхээр өрөө өгнө гэж хэлсэн. Түүний дараа Мөрөн сумын 7-р хороонд байрлах Тунгалагмөрөн нэртэй дэлгүүр орсон, тэр дэлгүүрийн эзэн нь Дарьсүрэн гэж хүн байгаа. Тунгалагмөрөн дэлгүүрээс би 500.000 орчим төгрөгийн бараа авсан, одоо миний санаж байгаагаар шонхор, алтан навч, ерөөл, улаанбаатар нэртэй архи тамхинууд хурааж авсан. Түүний дараа Баян нэртэй хүнсний дэлгүүр орж нэг сая нэг зуун мянган төгрөгийн архи тамхи авсан бас өөрийн байгууллагын зарж борлуулдаг архи, тамхи, пиво, ус ундаа зэргийг хураан авсан. Энэ дэлгүүрийн эзнийх нь нэрийг мэдэхгүй байна. Түүний дараа Мөрөн сумын 7-р хороонд байрлах Хан-Уул дэлгүүр орж 400.000 төгрөгийн дан тамхи хурааж авсан. Үүнээс өөр бараа хурааж аваагүй. Харин Идэр-2 дэлгүүрээс авсан барааны үлдэгдэл байсан ба түүний нь хэдэн төгрөгийн бараа байсныг нь би мэдэхгүй байна. Үүнийг мэдэх боломжгүй. Яагаад гэвэл би Идэр-2 дэлгүүрээс бараа өдөр болгон шахуу авдаг. Тэр авсан бараанаас нь өдөр болгон л үлддэг байсан юм. Ингээд би бараа түгээж болон хурааж авсаар байгаад оройн 22 цагийн үед Мөрөн сумын 7-19-01 тоотод байрлах гэрийнхээ хашаанд Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээлтийн 65-27 ХӨА дугаартай пронтер маркийн машиныг бараатай нь аваачиж тавьсан. Би уг нь Төмөрбаатар ах руу залгаж би дэлгүүрүүдээс бараагаа хураачихлаа одоо очиж буулгах уу маргааш өглөө очиж буулгах уу гэтэл маргааш өглөө хүрээд ир гэж Төмөрбаатар ах хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу 2015 оны 10-р сарын 27-ны өдөр дэлгүүрүүдээс хураасан бараагаа Төмөрбаатар ахын барааны агуулахад буулгах гэж өөрийн хашаанаас гарч яваад гэр хорооллоор явсаар байгаад Мөрөн сумын 9, 12 хорооны засмал зам дээр гарахын арай өмнө талд явж байтал миний унаж явсан машины дотроос нэг хаймар үнэртээд шатаад байгаа юм шиг болохоор нь машинаасаа буугаад аккумуляторын утсаа хайлаад урсаад байгаа юм болов уу гэж бодоод үзэхэд зүгээр байсан. Тэгээд буцаад машиндаа суух гэтэл үрүүлний доороос утаа манарч байсан. Яг бол гал гарч эхлээгүй байсан. Тухайн үед би өөрөө айгаад машин руу дөхөж чадаагүй. Ингээд миний шатсан машины хажуугаар явж байсан үл таних ах, эгч хоёроор Төмөрбаатар ах руу залгуулаад өгөөч, мөн галын машин дуудаад өгөөч гэж хэлсэн. Ингээд тэр үл таних эгч галын машин дуудаж, мөн Төмөрбаатар ах руу залгасан. Тэгээд тэр үл таних эгч Төмөрбаатар ах руу залгаж яриад дуудсан байх. Тэгээд нэг их удалгүй онцгой байдлын алба ирсэн. Онцгой байдлын алба хаагч нар ирэхийн өмнө миний шатаж байсан машины хажууд 4-5 машин ирчихсэн хүмүүс нь ус цацах уу, шороо цацах уу гээд гүйлдээд байсан. Тэгээд байж байтал нэг эксель маркийн машинаас нэг үл таних эгч энд ус байна гэж хэлээд намайг машины хажууд зогсож байсан чинь чи энэ усыг цацах юм уу гээд надад хар савтай зүйл өгсөн. Тухайн үед би айгаад сандраад шоконд орчихсон байсан болохоор уг савны тагийг нь онгойлгож чадахгүй буцаагаад тэр хүнд нь өгсөн. Тухайн үл таних эмэгтэй надаас буцааж аваад машины ар тал болон хажуу талаас нь цацаад байсан. Тэгээд байж байтал нэг ах ус цацаад нэмэргүй гэж хэлж байсан. Ингээд онцгой байдлын алба хаагч нар галыг түргэн шуурхай унтраасан. Тэгээд байж байсан чинь асаагүй хэсэг буюу чингэлгээс утаа гараад байсан учир онцгой байдлын алба хаагч нар хойд талаа онгойлго гээд би машиныхаа чингэлгийн цоожийг нь түлхүүрээр нь онгойлгосон. ...Тэр шатсан байгаа бараанууд нь 2015 оны 10 сарын 26-ны өдөр дэлгүүрүүдээс буцаан авсан нийт бараа маань байсан юм. Байгаа бараа нь тэр, байгаа цуглуулсан бараа нь л тэр, түүнээс биш алга болсон зүйл байхгүй, Төмөрбаатар гуай машин шатсан байхад ирээд чи бусад бараагаа яасан юм, хулгайд алдсан юм уу гээд байхаар нь би айгаад тэгсэн хулгайд алдсан гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 156-160, 2-р хавтасны 93 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр над руу нэг үл таних эмэгтэй хүн залгаад танай машин хот руу явдаг гүүрний энд шатаж байна гэж хэлэхээр нь гал команд дуудсан уу гэхэд дуудсан гэж байсан. Намайг машин шатаж байгаа газар очиход машины кабин шатаж байсан бөгөөд машины чингэлэг хэсэг рүү гал ороогүй байсан. Ойр орчим хэдэн жижиг суудлын машинууд болон 3-4 хүн зогсож байсан. ...ингээд байж байтал Онцгой байдлын албан хаагч нар ирээд галыг түргэн унтраасан. Харин хойд чингэлгийн хэсэг рүү бага зэргийн гал орсон байсан бөгөөд Онцгой байдлын албан хаагч нар тухайн галыг унтраах гээд машины хойд талыг онгойлгуулсан. Тухайн үед бараа байхгүй байсан. Д-гээс бараа чинь хаачсан юм бэ гэхэд мэдэхгүй цоож зүгээр байна ш дээ гэж хэлж байсан. Тэгээд цагдаад мэдэгдэх болсон. Д- манайд ажилд ороод 5 жил болж байна. ...3 жилийн өмнөөс борлуулагч түгээгч хийж эхэлсэн. Одоо Идэр-2 худалдааны төвийн борлуулагч, түгээгч хийдэг. Д-гийн хувьд нэр дээрээ манай худалдааны төвөөс бараа бичүүлж аваад түүнийгээ дэлгүүрүүдээр бэлэн болон бэлэн бусаар түгээдэг. Миний хувьд Д-гээс өдөр болгон орлогынхоо мөнгийг авдаг байсан. Харин дэлгүүрүүдэд зээлсэн барааг бичиж тэмдэглээд явдаг байсан. Би 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Д-д өгсөн бараа материалыг 2016 оны 01 дүгээр сард Д-тэй нийлж тулгалт хийсэн. Ингэж тулгахад 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ямар ч маргаан гарахгүй бүгд тулж байсан, ингэхэд Д-д 40.898.630 төгрөгийн үлдэгдэл байсан, 9 сарын 25-ны өдөр манай худалдагч Зоригтбаатар ээлжийн амралтаа авахаар нь би өөрийн охин Оюунцэцэгт бараа материалыг хүлээлгэн өгсөн.

Үүнээс хойш Д-д дараах өдрүүдэд барааг хүлээлгэн өгсөн байдаг:

1. 2015 оны 09 сарын 26-ны өдөр Д-д 1.683.940 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

2. 2015 оны 09 сарын 27-ны өдөр Д-д 1.592.900 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

3. 2015 оны 09 сарын 28-ны өдөр Д-д 1.583.400 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

4. 2015 оны 09 сарын 29-ны өдөр Д-д 1.353.000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

5. 2015 оны 10 сарын 01-ны өдөр Д-д 456.160 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

6. 2015 оны 10 сарын 10-ны өдөр Д-д 1.448.500 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

7. 2015 оны 10 сарын 11-ны өдөр Д-д 2.667.100 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

8. 2015 оны 10 сарын 13-ны өдөр Д-д 1.358.860 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

9. 2015 оны 10 сарын 15-ны өдөр Д-д 1.207.140 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

10. 2015 оны 10 сарын 16-ны өдөр Д-д 1.293.560 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

11. 2015 оны 10 сарын 17-ны өдөр Д-д 1.465.400 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

12. 2015 оны 10 сарын 18-ны өдөр Д-д 1.638.640 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

13. 2015 оны 10 сарын 19-ны өдөр Д-д 1.472.240 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

14. 2015 оны 10 сарын 20-ны өдөр Д-д 1.088.340 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

15. 2015 оны 10 сарын 22-ны өдөр Д-д 1.328.340 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

16. 2015 оны 10 сарын 23-ны өдөр Д-д 590.600 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн гээд нийтдээ 22.178.120 төгрөгийн барааг Д-д хүлээлгэн өгч үлдэгдэл мөнгөтэйгөө нийлэхээр 63.076.750 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна.

Үүнээс Д-гийн надад өгсөн борлуулалтын мөнгийг цуваагаар гаргахад:

1. 2015 оны 09 сарын 26-ны өдөр 1.971.400 төгрөг

2. 2015 оны 09 сарын 27-ны өдөр 1.538.200 төгрөг

3. 2015 оны 09 сарын 28-ны өдөр 1.616.850 төгрөг

4. 2015 оны 09 сарын 29-ны өдөр 1.280.350 төгрөг

5. 2015 оны 10 сарын 01-ны өдөр 976.600 төгрөг

6. 2015 оны 10 сарын 02-ны өдөр 520.000 төгрөг

7. 2015 оны 10 сарын 03-ны өдөр 538.000 төгрөг

8. 2015 оны 10 сарын 04-ны өдөр 446.650 төгрөг

9. 2015 оны 10 сарын 05-ны өдөр 500.600 төгрөг

10. 2015 оны 10 сарын 06-ны өдөр 505.000 төгрөг

11. 2015 оны 10 сарын 08-ны өдөр 432.700 төгрөг, 250.000 төгрөг

12. 2015 оны 10 сарын 09-ны өдөр 684.450 төгрөг

13. 2015 оны 10 сарын 10-ны өдөр 1.357.350 төгрөг

14. 2015 оны 10 сарын 11-ны өдөр 1.292.750 төгрөг

15. 2015 оны 10 сарын 12-ны өдөр 1.117.900 төгрөг

16. 2015 оны 10 сарын 13-ны өдөр 1.011.650 төгрөг

17. 2015 оны 10 сарын 15-ны өдөр 1.505.950 төгрөг

18. 2015 оны 10 сарын 16-ны өдөр 1.325.500 төгрөг

19. 2015 оны 10 сарын 17-ны өдөр 1.169.550 төгрөг

20. 2015 оны 10 сарын 18-ны өдөр 1.354.600 төгрөг

21. 2015 оны 10 сарын 19-ны өдөр 1.131.800 төгрөг

22. 2015 оны 10 сарын 20-ны өдөр 1.171.900 төгрөг

23. 2015 оны 10 сарын 22-ны өдөр 1.179.350 төгрөг

24. 2015 оны 10 сарын 23-ны өдөр 562.000 төгрөг

25. 2015 оны 10 сарын 24-ны өдөр 857.200 төгрөг

26. 2015 оны 10 сарын 25-ны өдөр 503.300 төгрөг

27. 2015 оны 10 сарын 27-ны өдөр 164.500 төгрөг өгсөн байна.

Эдгээрээс гадна би Д-гийн зээл өгсөн гэх дэлгүүрүүдээс өөрөө явж дараах мөнгийг цуглуулсан:

1. Түвшинбуянт дэлгүүрээс 2015 оны 10 сарын 30-ны өдөр 1.782.100 төгрөг

2. Сайхан дэлгүүрээс 40.000 төгрөг

3. Буян-Ундрах дэлгүүрээс 109.000 төгрөг

4. Сондор дэлгүүрээс 1.704.280 төгрөг

5. Тунгалаг мөрөн дэлгүүрээс 26.000 төгрөг

6. Тосон дэлгүүрээс 35.000 төгрөг

7. Идэр дэлгүүрээс 374.600 төгрөг

8. Цэнгэл дэлгүүрээс 190.000 төгрөг

9. Ундрага дэлгүүрээс 605.860 төгрөг

10. Бааяаа гэдэг хүнээс 500.000 төгрөг авч, нийтдээ Д- надад 32.332.940 төгрөгийг өгсөн байна.

Д-гийн нийт тооцооноос надад өгсөн мөнгийг хасахад 30.743.810 төгрөгийн барааны үлдэгдэл гарч, энэ мөнгийг Д- надаас дутаасан гэдгээ өөрөө зөвшөөрч байснаа 2016 оны 01 сард дахин тооцоо нийлж тулгахад Д- дараах мөнгөний бараа бүтээгдэхүүнийг зөвшөөрөхгүй гэсэн. Энэ нь

1. 2015 оны 09 сарын 26-ны өдөр 1.683.940 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

2. 2015 оны 09 сарын 27-ны өдөр 1.592.900 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

3. 2015 оны 09 сарын 28-ны өдөр 1.583.400 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

4. 2015 оны 09 сарын 29-ны өдөр 1.353.000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

5. 2015 оны 10 сарын 10-ны өдөр 1.448.500 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

6. 2015 оны 10 сарын 19-ны өдөр 1.472.240 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

7. 2015 оны 10 сарын 20-ны өдөр 1.088.340 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн,

8. 2015 оны 10 сарын 22-ны өдөр 1.328.340 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн гээд нийт 11.550.660 төгрөгийн барааг Д-д хүлээлгэн өгсөн ч Д- хүлээн аваагүй гэдэг.

Д-д дээрх барааг хүлээлгэн өгсөн тухай манай дэлгүүрийн кассын баримт нь байгаа ба энэ бараануудыг манай охин Оюунцэцэг хүлээлгэн өгсөн байдаг.... Машин бүхээг дотор дараах бараанууд байсныг би үнэ үнээр нь хэлье:

1. 0.5 литрийн улаан касс пиво 13 ширхэг, нэг нь 1.500 төгрөг, нийт 19.500 төгрөг,

2. 2.5 литрийн Нийслэл пиво 6 ширхэг, нэг нь 4.600 төгрөг, нийт 27.600 төгрөг,

3. 2.5 литрийн Сэрүүн пиво 6 ширхэг, нэг нь 5.000 төгрөг, нийт 30.000 төгрөг,

4. 2.5 литрийн Baghier нэртэй пиво 5 ширхэг, нэг нь 3.500 төгрөг, нийт 17.500 төгрөг,

5. 2.5 литрийн Жигуловский нэртэй пиво 2 ширхэг, нэг нь 3.500 төгрөг, нийт 7.000 төгрөг,

6. 2.5 литрийн Толстой нэртэй пиво 5 ширхэг, нэг нь 3.500 төгрөг, нийт 17.500 төгрөг,

7. 100 гр-ийн Ерөөл архи 2 ширхэг, нэг нь 1.500 төгрөг, нийт 3.000 төгрөг,

8. 0.5 литрийн Улаанбаатар нэртэй архи 21 ширхэг, нэг нь 10.000 төгрөг, нийт 210.000 төгрөг,

9. 0.5 литрийн Монгол нэртэй архи 16 ширхэг, нэг нь 8.000 төгрөг, нийт 128.000 төгрөг,

10. 0.75 литрийн Буудай нэртэй архи нэг ширхэг 6.300 төгрөг,

11. 0.5 литрийн Ерөөл архи нэг ширхэг 6.750 төгрөг,

12. 0.5 литрийн Био нэртэй цэвэр ус 44 ширхэг, нэг 300 төгрөг, нийт 13.200 төгрөг,

13. 0.5 литрийн Вита нэртэй жүүс 5 ширхэг, нэг нь 700 төгрөг, нийт 3.500 төгрөг,

14. 0.5 литрийн PUSH нэртэй ундаа нэг ширхэг 800 төгрөг,

15. 0.5 литрийн Анар нэртэй ундаа 9 ширхэг, нэг нь 800 төгрөг, нийт 7.200 төгрөг,

16. 250 гр-ийн Редбул нэртэй ундаа 6 ширхэг, нэг нь 800 төгрөг, нийт 4.800 төгрөг,

17. 1 литрийн Гоё нэртэй ундаа 1 ширхэг 1.800 төгрөг,

18. Алтаншонхор нэртэй тамхи 37 хайрцаг, нэг хайрцаг нь 1.600 төгрөг, нийт 59.200 төгрөг,

19. Алтаннавч нэртэй тамхи 10 хайрцаг, нэг хайрцаг нь 1.300 төгрөг, нийт 13.000 төгрөг,

20. Даблис нэртэй тамхи 13 хайрцаг, нэг хайрцаг нь 1.750 төгрөг, нийт 22.750 төгрөг,

21. Парламент тамхи 12 хайрцаг, нэг нь 3.200 төгрөг, нийт 38.400 төгрөг,

22. Эссэ нэртэй тамхи 4 хайрцаг, нэг нь 2.300 төгрөг, нийт 9.200 төгрөг,

23. Саарал LD нэртэй тамхи 5 хайрцаг, нэг нь 1.750 төгрөг, нийт 8.750 төгрөг,

24. Хар кент 5 хайрцаг, нэг нь 2.600 төгрөг, нийт 13.000 төгрөг гээд машин дотор нийт 662.000 төгрөгийн бараа шатаж дахин ашиглах боломжгүй болсноор бүгдийг нь хаясан.... Анх энэ машиныг 2011 онд Батсүх гэдэг хүнээс худалдан авсан. Тэгтэл Батсүх нь Улаанбаатар хотоос машинаа авч ирэхдээ төрсөн хүү Энхбаярынхаа нэр дээр авсан байсан. Батсүх надад машин зарахдаа Энхбаярынхаа хуучин иргэний үнэмлэхийг хуулбарлан өгснөөс болоод шилжүүлэг хийлгэж чадахгүй байж байтал Батсүх маань нас барчихсан юм. Ингээд шилжүүлж чадахгүй явсаар байгаад ийм зүйл болсон. Авсан цагаасаа хойш би машины татварыг өөрөө төлж оношилгоонд нь өөрөө оруулдаг юм. Би татвараа өөрийнхөө нэр дээр төлдөг юм. Одоо энэ машин нь шатсан ашиглах боломжгүй учраас би энэ машиныг 10.000.000 төгрөгөөр үнэлнэ. Гэхдээ 3.500.000 төгрөгөөр урагшаа будаг бүхээг авч ирээд тавихад машин маань ашиглалтад орчих боломжтой байна...гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 49-54, 2-р хавтасны 67-71, 159-161-р хуудас/,

Гэрч Т.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Д- нь дэлгүүрүүдээр явж үлдэгдэл зээл болоод барааг нь тулгахаар болсон юм. Тухайн үед Д- өдөрт нэг сая гаруй төгрөгийн бараа авч яваад яг авч явсан барааныхаа хэмжээнд орлогоо тааруулаад хийгээд өмнө нь авсан барааны зээл нь багасахгүй байгаад байсан. Тэгэхээр нь тооллого хийгээд дэлгүүрүүдээр зээлээр бараа өгсөн гээд байхаар нь зээлээр бараа өгсөн дэлгүүрүүдээр явж тулгалт хийсэн. Манай дэлгүүр 2015 оны 09 сарын 20-ны үеэр кассын машинтай болсноос хойш Д-д 4-5 хоног бараа өгч явуулж байтал зээл нь багасахгүй байгаад байсан болохоор барааг өгч явуулахаа больж яваад зээлээ олоод ир гэж явуулдаг болсон. Ингэж хэсэг явуулж байтал Д- “дэлгүүрүүд бараагаа нийлүүлээч гээд байна бага ч гэсэн бараатай явъя тэгэх үү гээд байхаар нь Д-д дахин бараа өгч явуулах болсон. Тэгээд Д-гийн нэрээр кассанд зээлдэгч гэсэн нэр үүсгээд өдөрт авсан барааг нь шивж гаргаж байсан. Орлогыг нь бол кассанд оруулдаггүй байсан...яг тэр машин шатсан өдрийн өглөө нь Д- аав руу утасдаад нилээн олон дэлгүүрээс бараагаа аваад машины хойд хаалга хаагдахааргүй болчихлоо гэхээр нь манай аав за тэгвэл бараагаа ирээд буулгаарай гэсэн. Тэгээд аав надад Д- нэлээн шуурхай яваад бараагаа аваад явсан юм шиг байна, барааг нь хүлээж аваад контенертээ буулгаад тоолоод авчихаарай гэхээр нь би бараагаа хүлээж авахад бэлдээд байж байтал машин шатсан байна гэж хэл ирсэн.Тэгэхээр нь би машин шатсан газар нь очиход галынхан ирээд галыг унтраасан. Машины тэвшин дотор хэдхэн нэр төрлийн бараанаас өөр юу ч байгаагүй. Тэнд байсан жаахан бараа нь шатаагүй байсан...гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 71-72-р, 2-р хавтасны 162-163-р хуудас/

Гэрч Б.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2015 оны 10-р сарын 26-ны өдөр Идэр-2 худалдааны бөөний төвийн борлуулагч Д- зээлүүлсэн барааныхаа мөнгийг авъя гэж ирэхээр нь манай дэлгүүрт орлого байхгүй, одоо эгчид нь бэлэн мөнгө байхгүй байна гэсэн чинь тэгвэл бараагаа буцаагаад авъя гэхээр нь тэг тэг гээд тамхинууд буцаад өгсөн. Манай дэлгүүрийн хувьд Идэр-2 худалдааны бөөний төвөөс авсан сүүлийн хоёр удаагийн зээлийн үлдэгдэл нь дөрвөн зуу гаруй мянган төгрөгийн бараа байсан. Тэр мөнгөнд нь тохируулаад тамхийг нь буцааж өгсөн. Одоо ямар нэгэн үлдэгдэл байхгүй...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 61 дүгээр хуудас/,

Гэрч Б.Должинжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хамгийн сүүлд дөрвөн зуу гаруй мянган төгрөгийн үлдэгдэл зээлтэй байж байгаад түүнийг 2015 оны 10-р сарын 26-ны өдөр Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн борлуулагч Д- ирж зээлээ төл гэхээр нь буцаагаад бараа өгч явуулсан. Миний хувьд дан тамхи өгч явуулсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 64 дүгээр хуудас/,

Гэрч М.Хишигнямын мөрдөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2012 онд Рашаанбулаг дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн. Ингэж дэлгүүр ажиллуулж эхэлсэн цагаасаа хойш би энэ Идэр-2 бөөний төвөөс бараа авдаг болсон. Намайг дэлгүүр дээрээ байж байхад энэ бөөний төвийн борлуулагч Д- гэдэг хүүхэн машинтай ирээд бараагаа өгөөд явдаг байсан. Би энэ дэлгүүрээс нэг удаа бараа авахдаа 200.000 төгрөгөөс илүү гарган бараа авдаггүй, бараагаа би мөнгийг нь өгөөд л авчихдаг. Зээлээр авч байсан удаа энэ жилүүдэд нэгээс хоёр л байгаа байх...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 69 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Д-д бараагаа өгөөд Д- бараагаа дэлгүүрүүдээр зардаг байсан. Тэгээд орой нь мөнгөний тооцоогоо Төмөрбаатар гуайтай очиж хийдэг байсан. Өгсөн бараагаа би өөрийнхөө дэвтэр дээр бичээд Д- надаас авсан бараагаа өөрийнхөө дэвтэр дээр бичдэг байсан. Би 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бүтэн ажиллаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн амралтаа авсан байсан учраас энэ өдрөөс эхлэн Д-д бараа өгөөгүй...тухайн үед би амарсан байсан ч машин шатсан байна гэж сонсоод очсон. Намайг очиход машины бүхээг тэр аяараа шатсан, тэвшин дотор жаахан бараа байсан нь хагас хугас шатсан, тэвшин дотор байсан хайрцаг сав ойр орчмынх нь юмнаас дан бензин үнэртэж байсан, машины ойр хавьд дотроо дундаасаа доош шингэнтэй хар өнгийн сав байсныг цагдаа авч явсан, тэр саван доторхын үнэрлэхэд бензин үнэртэж байсан. Бас дан бензин болсон тамхины хайрцагыг цагдаа нар авч явсан. Шатсан машины буруу талын хаалганы ард талд газарт зураад хаясан, бас асаагаагүй 5 билүү 6 ширхэг шүдэнз байсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 74 дүгээр хуудас/,

Гэрч Г.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгтэл Төмөрбаатар гэдэг хүн утасдаад Д-гийн бараа шатсан, дутсан. Танай дэлгүүрт хэдэн төгрөгийн бараа тавьсан. ...Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 29-ний үед санагдаж байна. Төмөрбаатар өөрийнхөө дүү, өмгөөлөгч нартайгаа ирсэн. Манай дэлгүүрийн барааг хураагаад явсан байсан. ...ингэхдээ хэрэгтэй гэсэн бүхнийг аваад хэрэггүй бараануудыг үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 77 дугаар хуудас/,

Гэрч Б.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ингээд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай охин Д-г Төмөрбаатар гэдэг хүний машин болон бараа шатаасан хэргээр цагдаагийн газар хоригддог өдрийн орой Төмөрбаатар, өмгөөлөгч, дүү нараа дагуулан ирж манай гэрт ирж тооллого хийж бараагаа авна гэж ирсэн.  ...ингээд бүх барааг эхнээс нь тоолж, коридороор цувуулж тавьж байгаад тоолсон. Яг үнэн зөв тоолсон гэдэгт би эргэлзэж байна. Надаар ч гарын үсэг зуруулаагүй юм.  Бүх барааг тоолж байна гээд 3 машинтай ирээд ачаад явсан юм. Шөнө 4 цаг болтол энэ ажиллагаа үргэлжилсэн юм...” гэх мэдүүлэг /Хэргийн 1-р хавтасны 87 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 38-43-р тал/,

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /Хэргийн 1-р хавтасны 44-45 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хавтас 46-47-р тал/,

Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн улсын байцаагчийн акт /Хэргийн 1-р хавтас 103-р хуудас/,

Шинжээч Ж.Нацагдоржийг байцаасан тэмдэглэл /Хэргийн 1-р хавтасны 79 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслээс хураан авсан цахилгааны утсанд Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9/01 тоот дүгнэлт /Хэргийн 1-р хавтасны 116-117-р тал/,

Шинжээч Д.Баян-Эрдэнийг байцаасан тэмдэглэл /Хэргийн 1-р хавтасны 131-р хуудас/,

Тээврийн хэрэгслээс хураан авсан цахилгааны утсанд Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвөөс дахин шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2/193 тоот дүгнэлт /Хэргийн 2-р хавтасны 58-59-р тал/,

Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот комиссын дүгнэлт /Хэргийн 2-р хавтас 79-82-р тал/,

Шинжээч Л.Бямбасүрэнг байцаасан тэмдэглэл /Хэргийн 2-р хавтасны 86 дугаар хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-0258/16 дугаартай актын хуулбар /Хэргийн 1-р хавтасны 247-248 дугаар хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 25-06-040/17 дугаартай акт, нийгмийн даатгалын шимтгэл төлөх жагсаалтын хуулбарууд /Хэргийн 1-р хавтасны 249-250 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /Хэргийн 1-р хавтасны 46-47-р тал/,

Орлого, зарлагын баримт /Хэргийн 1-р хавтасны 192-246, 2-р хавтасны 18-23 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /Хэргийн 2-р хавтасны 90-91 дүгээр хуудас/,

Бизкон аудит ХХК-ний хараат бус аудиторын дүгнэлт, орлого зарлагын тайлан, /Хэргийн 2-р хавтасны 120-136 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган  үзэхэд: Шүүгдэгч Н.Д-д аймгийн прокурорын газраас бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан,  хөрөнгө завшсан гэх үйлдэлд нь 2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Д- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч.Төмөрбаатарын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг ачааны агуулахад байсан барааны хамт шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 7.170.750 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь: Гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч Ч.Төмөрбаатар, гэрч Ч.Зоригтбаатар, Т.Оюунцэцэг нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслээс хураан авсан цахилгааны утсанд Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлтүүд, хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг баримтат мэдээллээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Д-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин Ч.Төмөрбаатарын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30.743.810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Н.Д-г хохирогч Ч.Төмөрбаатарын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд борлуулагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 30.743.810 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна.

Учир нь хохирогч Ч.Төмөрбаатар нь бараа, бүтээгдэхүүн борлуулах зорилгоор шүүгдэгч Н.Д-г борлуулагч, түгээгчээр ажиллуулж байсан нь тогтоогдож байх хэдий ч гэрч Ч.Зоригтбаатар, Т.Оюунцэцэг нараар дамжуулж 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл шүүгдэгч Н.Д-д хэдэн төгрөгийн үнэтэй, хэдэн нэр төрлийн барааг хүлээлгэн өгсөн, авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд хариуцагч, хүлээн авагч нь тодорхойгүй орлого, зарлагын баримт, эд мөрийн баримтаар хураагдсан тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.Д-г хохирогч Ч.Төмөрбаатарын 30.743.810 төгрөгийн эд хөрөнгийг  завшсан болох нь хангалттай тогтоогдохгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа гэмт хэрэгт шүүгдэгч Н.Д-г гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгч Н.Д-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч түүний 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 1 жил, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн, яллагдагчаар татаж болохгүй гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх ба аймгийн прокурорын газраас түүнд 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-д заасныг баримтлан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” шүүгдэгч Н.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Харин Бизкон аудит ХХК-ний хараат бус аудиторын дүгнэлт, орлого зарлагын тайланг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Учир нь тухайн тайланг хохирогч Ч.Төмөрбаатарт зориулж хийсэн байх ба уг аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хэргийн 1 дүгээр хавтасны 176-р хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 201522000717 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 13 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн хавтастай нүүрэн талдаа Diary sijia new style гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Д-гээс 7.170.075 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр 30.743.810 төгрөгийг хохирлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлийн 1.2, 36.10, 36.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Д-гбусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 2. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгасугай.

 3. Шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Д-гээс 7.170.075 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Төмөрбаатарт олгож, 30.743.810 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хавтастай нүүрэн талдаа Diary sijia new style гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Эрүүгийн 201522000717 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 13 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                М.ЭРДЭНЭ-ОЧИР