Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0009

 

Н.Дд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 179/2017/0135/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч: Н.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр, Б.Отгонцэцэг,

Хохирогч: Ч.Төмөрбаатар,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Дд холбогдох 201522000717 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, … оны …. дүгээр сарын ….-ны өдөр төрсөн, … настай, эмэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн Д/регистрийн дугаар: .........................../.

Шүүгдэгч Н.Д нь иргэн Ч.Тын эзэмшлийн “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар хороонд 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн Пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 7 170 750 төгрөгийн хохирол учруулсан, мөн тус төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30 743 810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 08-ны  өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Наранцэцэгийн Даваасүрэнг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж, шүүгдэгч Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Дгээс 7 170 075 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Тт олгож, 30 743 810 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хавтастай нүүрэн талдаа Diary sijia new style гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн 201522000717 дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 13 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Т болон хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж нар давж заалдах гомдолдоо: ... Шүүхээс шүүх хурал дээр Цагаатгах тогтоол гэж танилцуулсан атлаа цаасан хэлбэрээр надад ирүүлэхдээ: Шийтгэх тогтоол болгожээ. Хоёр өөрөөр шийдвэрлэж байгааг ойлгосонгүй.

Хохирогч миний эд хөрөнгийг завшсан, ашигласан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байхад шүүхээс хэрэгт байгаа үйл баримтыг үнэлж дүгнэхдээ илэрхий алдаа гаргасан байна.

Тухайлбал, Манай дэлгүүрийн борлуулах барааг нэр төрөл, тоо ширхэгээр нь нэг бүрийн үнийн дүнгээр нь он, сар, өдөртэй, харилцан тооцдог тэмдэглэлийн дэвтэрт маш тодорхой бичигдсэн нь хэн ч үзвэл ойлгогдохоор байхад шүүхийн шийтгэх тогтоолд ... Даваасүрэнд хэдэн төгрөгийн үнэтэй, хэдэн нэр төрлийн барааг хүлээлгэн өгсөн, авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд хариуцагч, хүлээн авагч нь тодорхойгүй, орлого, зарлагын баримт, эд мөрийн баримтаар хураагдсан тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.Дг хохирогч Ч.Тын 30 743 810 төгрөгийн эд хөрөнгийг завшсан болох нь хангалттай тогтоогдохгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход эргэлзээтэй байна. ...гэсэн нь илэрхий ойлгомжгүй байна.

... Эргэлзээ төрөхүйц тийм баримт байхгүй. Энэ хэргийг шүүгч сайтар уншиж судлаагүйгээс ийм буруу шийдвэр гаргаж хууль хэрэглээний алдааг санаатай эсхүл санамсаргүй ямар нэгэн хэлбэрээр гаргаж байгаад гомдолтой байна.

Бараа борлуулан түгээгч Н.Д нь эзэмшиж байсан тээврийн хэрэгслээ зарим барааны хамт шатааж устгасныг үгүйсгэх ямар ч баримт байхгүй, шинжилгээний лабораториор нэгэнт тогтоодсон байхад түүнийг гэрч Ч.Зоригтбаатар, Т.Оюунцэцэг нарын мэдүүлгээр илүү нотолсон мэтээр дүгнэлтээ хийж байгаа нь алдаатай болсон байна.

Дээрх хоёр гэрч нь шүүгдэгч Н.Дд хэдийд ямар барааг хэдэн тоогоор өгч авалцсаныг хангалттай нотолсон байхад үүнийг өөр хооронд нь сайтар ялгаагүйгээс гэрчүүдийн мэдүүлэгт үнэлэлт дүгнэлтийг хийсэнгүй. Үүнд маш их учир дутагдал байгааг энд дурдах шаардлагатай.

Шүүгдэгч Н.Д нь мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Машин шатахын өмнө дэлгүүрүүдээр явж борлогдохгүй барааг эргүүлэн татсан мэт мэдүүлэхдээ “... 3 сая 400 гаруй мянган төгрөгийн барааг авч ачиж явсан,” гэж хэлсэн атлаа бодит байдал дээр машин шатаасны дараа 662 000 төгрөгийн бараа байсан бөгөөд тэр нь ямар ч ашиглах боломжгүй болгосон тул устгагдсан. Энэ мэт мэдүүлэг хэрэгт авагдсан байхад түүнийг эргэлзээтэй мэтээр хардаг шүүгч үнэн зөв шийдвэрлэсэн гэдэгт итгэхгүй байна.

Хохирогч миний бие шүүгдэгч Н.Дг цагдан хоригдож байхад нь түүний хүсэлтээр мөрдөн байцаагч Шижирийн албан өрөөнд өмгөөлөгчийн хамт очиж уулзахад тэрээр уйлж суусан. Даваасүрэн надад хэлэхдээ: “Танай дэлгүүрээс авсан барааныхаа тооцоог бүрэн хийдэггүй, мөнгийг өөртөө авчихаад үлдэгдэл зориуд гаргаж байсан нь үнэн. Би буруу юм хийснээ хүлээж байна. Авсан мөнгөө өөрөө хэрэглэчихсэн юм, хохиролгүй болгож өгье, төлж чадна, Төмөрбулаг суманд байдаг ах эгчээрээ цалингийн зээл авахуулаад төлнө, тэд нартаа хэлсэн, таныг ямар ч байсан хохиролгүй болгоно.” гэж зөндөө гуйсан. Ингээд өдий хүрэхэд надад нэг ч мөнгө төлөөгүй. Ийм байдалтай байсан Н.Д нь мөрдөнгөөс гарсны дараа хохирол төлбөрөө төлөх нь байтугай. ... Би аваагүй, та намайг дарамталсан гээд тас гүрийгээд тэр чигээрээ зүтгэж байхад нь шүүгч М.Эрдэнэ-Очир нь дэмжсэн шийдвэр гаргаж байгаад хохирогч би маш их гомдолтой байна.

Шүүгдэгч Н.Д нь борлуулалт хийх нэрийдлээр үлдэгдэл гэгчийг зохиомлоор бий болгож миний хөрөнгө мөнгийг их хэмжээгээр ашигласан үйлдэл нь тогтоогдож байгаа шүү дээ. Би өөрөө мөнгөн орлогоо өдөр өдөрт нь хураан авч дэвсгэртээр нь тэмдэглэл хөтөлдөг. Өгсөн авсан барааг Ч.Зоригтбаатар, Т.Оюунцэцэг нар баримтаар /тэмдэглэлээр/ бас нотолдог. Дээр нь Н.Д бид хоёр бэлэн орлого хүлээлцсэн тэмдэглэл хөтөлдөг байхад шүүгдэгчид ашигтай байх ямар ч боломжгүй, иргэн намайг хохироосон шүүгдэгчид ял завшуулсан шийдвэр гаргасанд гомдолтой. Шүүх хуралд би өөрийн биеэр оролцоно. Иймд хуулийг зөв хэрэглэж чадаагүй шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөж хохирлыг бүрэн гаргаж өгнө үү гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: ...Хэдийгээр шүүгдэгч Н.Д нь Ч.Тын эзэмшлийн “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшсаны улмаас 30 743 810 /гучин сая долоон зуун дөчин гурван мянга найман зуун арав/ төгрөгийн хохирол учруулсанг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч хохирогч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 49-54, 2 дугаар хавтасны 67-71, 159-161-р тал/,

Гэрч Т.Оюунцэцэгийн мэдүүлэгт: “...Даваасүрэнгийн нэрээр кассанд зээлдэгч гэсэн нэр үүсгээд өдөрт авсан барааг нь шивж гаргаж байсан. ...яг тэр машин шатсан өдрийн өглөө нь Даваасүрэн аав руу утасдаад нэлээн олон дэлгүүрээс бараагаа аваад машины хойд хаалга хаагдахааргүй болчихлоо гэхээр нь манай аав за тэгвэл бараагаа ирээд буулгаарай гэсэн. Тэгээд аав надад Даваасүрэн нэлээн шуурхай яваад бараагаа аваад явчихсан юм шиг байна. Барааг нь хүлээж аваад контенертээ буулгаад тоолоод авчихаарай гэхээр нь би бараагаа хүлээж авахад бэлдээд байж байтал машин шатсан байна гэж хэл ирсэн. ... очиход машины тэвшин дотор хэдхэн нэр төрлийн бараанаас өөр юу ч байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтасны 71-72-р тал, 2-р хавтасны 162-163-р тал/,

Гэрч Б.Сумьяагийн мэдүүлэгт: “2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Идэр-2 худалдааны бөөний төвийн борлуулагч Даваасүрэн зээлдүүлсэн барааныхаа мөнгийг авъя гэж ирэхээр нь манай дэлгүүрт орлого байхгүй, одоо эгчид нь бэлэн мөнгө байхгүй байна гэсэн чинь тэгвэл бараагаа буцаагаад авъя гэхээр нь тэг тэг гээд тамхинууд буцааж өгсөн. ...дөрвөн зуу гаруй мянган төгрөгийн бараа байсан. Тэр мөнгөнд нь тохируулаад тамхийг нь буцааж өгсөн. ...” гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтасны 61-р тал/,

Гэрч Б.Должинжавын мэдүүлэгт: “Хамгийн сүүлд дөрвөн зуу гаруй мянган төгрөгийн үлдэгдэл зээлтэй байж байгаад түүнийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Идэр-2” худалдааны төвийн борлуулагч Даваасүрэн ирж зээлээ төл гэхээр нь буцаагаад бараа өгч явуулсан. Миний хувьд дан тамхи өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтасны 64-р тал/,

Яллагдагч Даваасүрэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгт: “...Би “Дээж” хүнсний дэлгүүрээс 1 500 000 төгрөгийн бараа авсан, Тунгалагмөрөн хүнсний дэлгүүрээс 500 000 төгрөгийн бараа, Хан-Уул хүнсний дэлгүүрээс 100 000 төгрөгийн бараа авсан. Харин “Идэр-2” дэлгүүрээс авсан барааны үлдэгдэл байсан. ...ингээд орой Мөрөн сумын 7-19-01 тоотод байх гэртээ машинаа тавьсан. Маргааш нь бараагаа өгөхөөр Мөрөн сумын 9,12 дугаар хорооны засмал дээр гарахын өмнө явж байтал машин дотроос хаймар үнэртээд байхаар нь машинаа үзтэл зүгээр байсан, буцаад машиндаа суух гэтэл үрүүлийн доороос утаа манарч байсан. Ингээд машин шатсан. ...тэгээд онцгой байдлынхан ирж галыг унтраагаад хойд талыг онгойлого гэхэд онгойлгоход бараа байхгүй байсан. ...Төмөрбаатар ах бид хоёрын дунд 30 гаруй сая төгрөг барааны тооцоо байгаа байх миний тэмдэглэл хөтөлдөг дэвтэр машин дотор шатчихсан байна лээ. Миний машины түлхүүр надаас өөр хүнд байхгүй. ...” гэх мэдүүлэг /хэргийн 1-р хавтасны -р тал/, яллагдагч Н.Дгээс хураан авсан бор өнгийн хавтастай нүүрэн талдаа Diary sijia new style гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтэр болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар яллагдагч Н.Д нь иргэн Ч.Тын эзэмшлийн “Идэр-2” худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байх хугацаандаа барааг хувьдаа завшсаны улмаас 30 743 810 /гучин сая долоон зуун дөчин гурван мянга найман зуун арав/ төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдож байхад шүүх дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал ....шүүгдэгч яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан ....шүүгдэгч Н.Дг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй гэх үндэслэлээр цагаатгах нь зүйтэй байна гэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэсэн заалтыг зөрчжээ.

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын 7 дахь заалтад: Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, 8 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна” гэсэн заалтыг тус тус зөрчжээ.

Иймд Н.Дд холбогдох хэргийн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, хохирогч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 15 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Н.Дг “Ч.Тын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн бараа түгээгчээр ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар багт 65-97 ХӨВ улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг, ачааны агуулахад байсан барааны хамт шатааж 7 170 750 төгрөгийн хохирол учруулсан, мөн Ч.Тын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвийн барааг хувьдаа завшиж үрэгдүүлсний улмаас 30 743 810 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Сэндэнсүрэн нь шүүгдэгч Н.Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Дд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан “хохирогч Ч.Тын эзэмшлийн Идэр-2 худалдаа үйлчилгээний төвд борлуулагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 30 743 810 төгрөгийн хохирол учруулсан гэх” хэргийг шүүгдэгч нь гэм буруутай эсэхэд эргэлзээтэй, шүүгдэгч Н.Дд хэдэн төгрөгийн үнэтэй, хэдэн нэр төрлийн барааг хүлээлгэн өгсөн, авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд хариуцагч, хүлээн авагч нь тодорхойгүй, орлого зарлагын баримт, эд мөрийн баримтаар хураагдсан тэмдэглэлийн дэвтэр зэрэг баримтуудаар шүүгдэгч Н.Дг хохирогч Ч.Тын 30 743 810 төгрөгийн эд хөрөнгийг завшсан болох нь хангалттай тогтоогдохгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоход эргэлзээтэй байна гэж үзэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Тт 30 743 810 төгрөгийн хохирол учирсан гэдгийг эрх бүхий байгууллагын дүгнэлтээр нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт Ихэрмөрөн-Аудит ХХК, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн албан бичгүүд авагдсан хэдий ч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн албан бичиг нь Г.Уянгад холбогдох хэрэгт шинжилгээ хийхээс татгалзсан бичиг буюу хэрэгт хамааралгүй нотлох баримт байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллага болон шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэж болохоор хуульчилсан ба энэхүү хэргийн тухайд шүүгдэгч нь хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учруулсныг эрх бүхий байгууллагын дүгнэлтээр нотлох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан нотолбол зохих байдал буюу “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотлох гэсэн заалттай бүрэн нийцэх юм. Нөгөөтэйгүүр шүүгдэгч Н.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид тодорхой хэмжээний хохирол учруулснаа хүлээн мэдүүлжээ. Гэтэл үүнийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд заагаагүй тул шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж давж заалдах шүүх дүгнэсэн болно.

Түүнчлэн хохирогч Ч.Тын эзэмшлийн шатсан гэх бараа бүтээгдэхүүнийг 670 750 төгрөгөөр, автомашиныг 6 500 000 төгрөгөөр тус тус үнэлсэн тайлан нотлох баримтаар хэрэгт авагджээ /2-р хавтас 90-91-р тал/. Мөн Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын улсын байцаагчийн акт /1-р хавтас 89-р тал/-д “...Ч.Тын амины өмчид 3 500 000 төгрөгийн хохирол учирч, гал түймэр унтраах, аврах ангийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд 2 000 000 төгрөгийн эд зүйлийг авран хамгаалсан байна” гэж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан “Хохирол тогтоох ажлын хэсэг”-ийн үнэлгээ /1-р хавтас 91-р тал/-ээр хохирогч Ч.Тт 3 500 000 төгрөгийн автомашины кабин шатсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байна.

Автомашин бүрэн шатаж цаашид ашиглах боломжгүй болсон тохиолдолд автомашины нийт үнэлгээгээр хохирлыг тооцож болох ба автомашины зарим хэсэг шатсан тохиолдолд шатсан хэсэг нь хэдэн төгрөгийн эд хөрөнгө болох талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан нотолбол зохих байдал болох “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох” гэсэн заалттай нийцэх тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй байдлаар дахин гаргуулах шаардлагатай.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч Г.Сэндэнсүрэн нь шүүгдэгч Н.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилжээ. Энэ нь 2018.01.08-ний өдрийн улсын яллагчийн дүгнэлт болон анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилсөн мэтээр бичигдсэн байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийн “шийтгэх тогтоолд” гэсэн хэсэг /3-р хавтас 16-р хуудас ар тал/-т дарааллын хувьд бичигдсэн зүйлс нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс зөрүүтэй бичигджээ. Эдгээр зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9-д заасан заалттай нийцэхгүй байна.

2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн 05 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол гаргаж шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар ял сонсгох шаардлагатай гэж үзэн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад Э.Шижир 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсгээр яллагдагчаар татсугай” гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллагдагчаар татсугай” гэж өөрчлөлт оруулан, энэ тогтоолыг яллагдагч Н.Дд танилцуулсугай гэжээ. Гэтэл прокурор нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгах хуулийн заалтыг биелүүлээгүй зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.

Мөн хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн хавтастай нүүрэн талдаа “Diary sijia new style” гэсэн бичиглэлтэй 84 хуудастай тэмдэглэлийн дэвтрийг анхан шатны шүүхээс хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг зөржээ.

 Дээрх зөрчлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,

Н.Дд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.7, 1.9, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Дд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

        ШҮҮГЧИД                                                                          С.ЦЭЦЭГМАА

                                                                                                   Н.БАЯРХҮҮ