Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 0893

 

2017 оны 12 сарын 21 өдөр                   Дугаар 221/МА2017/0893                          Улаанбаатар хот

 

“Э Ф”ХХК, “Х С И” ХХК,“И Б Т” ХХК

“Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,

“Ө” ХХК-иудын нэхэмжлэлтэй, захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч “Э Ф”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наранбаяр, Г.Тэгшжаргал, нэхэмжлэгч “Х С И” ХХК,“И Б Т” ХХК, “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,  “Ө” ХХК -иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “М А Х Н Х” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, М.Б, хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө, хариуцагч Хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0755 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “Х С И” ХХК,“И Б Т” ХХК, “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,  “Ө” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “М А Х Н Х” ТББ, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарын давж заалдах гомдлоор, “Э Ф”ХХК, “Х С И” ХХК,“И Б Т” ХХК, “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК, “Ө” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Монголбанк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иудад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0755 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 6, 30 дугаар зүйлийн 8, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн /2001 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Сангийн яаманд даалгаж, Монголбанк, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Үйлдвэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х С И” ХХК,“И Б Т” ХХК “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,  “Ө” ХХК -иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “М А Х Н Х” ТББ давж заалдах гомдолдоо: “Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлж, Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А-24 дүгээр хамтарсан тушаалаар “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталсан. Гэтэл дэд хөтөлбөрийн 2.6.1-д хөтөлбөрийг дуусгавар болгох эсвэл үргэлжлүүлэх асуудлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран шийдвэрлэх нь Монголбанкны үйл ажиллагаанд хамаарна гэж заасан. Үүнийг Монголбанкны төлөөлөгчөөс тодруулж асуухад “...Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийдвэрлэж болно гэсэн утгатай заалт. Дэд хөтөлбөрийг үргэлжлүүл гэсэн эрх бүхий байгууллын шийдвэр гарсан тохиолдолд Засгийн газрын эрх бүхий байгууллагатай хамтраад шийдвэрлэж болох байсан гэсэн агуулгатай”, “Манай банкны эрх хэмжээний асуудал байсан ч заавал сунгах ёстой гэсэн заалт байхгүй” гэж тус тус хариулжээ. Мөн Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзанданд хариу хүргүүлэх тухай Сангийн сайдын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7-2/4154 тоот албан бичгээр “...Монголбанк Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолыг баримтлан зээлийн хугацааг сунгахгүй...” гэж мэдэгдсэн болохыг дурдсан нь Монголбанк хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэх болох нь нотлогдож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гурилын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр үнэ тогтворжуулах нөхцөлтэйгөөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа сунгахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага” гэжээ.

Нэхэмжлэгч “Х С И” ХХК,“И Б Т” ХХК “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,  “Ө” ХХК-иудын хувьд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд дээр дурдсан хөтөлбөрөөс хугацаа, хэрэгжүүлэх чиглэл нь ялгаатай хөтөлбөр юм. Гэтэл нэр бүхий 6 компанийн нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй 1 хөтөлбөр мэтээр орхигдуулсан байна.

Монголбанк “Үнэт цаасаар зээлийн авлага шилжүүлэх арилжааны гэрээ”, “Гэрээний эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”, “Засгийн газрын үнэт цаас худалдах, худалдан авах гэрээ”, “Засгийн газрын санхүүгийн зуучлалын гэрээ”-ний төслүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд эдгээр төслийг гаргасан нь төрийн байгууллагын шийдвэрийг биелүүлсэн үйлдэл гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд эс үйлдэхүй болохыг өөрөө нотолж байна.

Монголбанк нь дэд хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан 14 аж ахуйн нэгжийн 2 болох “М” ХХК, “А А” ХХК-д олгосон зээлийн хугацаа дууссан байхад оролцогч банктай байгуулсан гэрээний дагуу данснаас татан авах байтал тус 2 компанийн данснаас татан аваагүй, анх авсан зээлийн үлдэгдэл хэвээр байгаа нь зээлийн гэрээний хугацаа дууссан байхад боломжгүй юм. Энэ нь бусад аж ахуйн нэгжийн зээлийг татан авсан нотлох баримтаар нотлогдохын зэрэгцээ гэрээний хугацааг сунгасан болох үйлдлийг харуулж байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Тухайн хэргийн оролцогчид өөр байхад уг зүйлээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “…Анхан шатны шүүх шийдвэртээ Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэхийг Сангийн яаманд даалгаж шийдвэрлэжээ. Тус шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 2.1-д “Хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэхээр Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон зээлийн үлдэгдлийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Монголбанкны тэнцлээс шилжүүлэх авах зорилго бүхий “Зээлийн авлага шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 280 дугаар тогтоол батлагдсан. 280 дугаар тогтоолын дагуу “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд олгогдсон зээлээс мах, гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс бусад хөтөлбөрийн зээлийн үлдэгдлийг Хөгжлийн банкинд шилжүүлэхээр тогтоосон ч зээлийн үлдэгдэл хөрөнгө Монголбанкнаас Хөгжлийн банкинд шилжээгүй ба Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2016/0710 дугаартай магадлалаар Хөгжлийн банк нь тухайн гэрээг шилжүүлэн авах үүрэг хүлээгээгүй буюу Хөгжлийн банкинд энэхүү үүргийг хүлээлгэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл зээлийн үлдэгдлийг Хөгжлийн банкинд шилжүүлэхээр заасан нь хууль бус болохыг тогтоосон байна.

...Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолоор Арилжааны банк болон зээлдэгч аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа, банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх үр дагавартай, Засгийн газрын анх баталсан 280 дугаар тогтоолын үндсэн агуулгатай нийцэхгүй зохицуулалт болсон байгаа юм. Мөн Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хөтөлбөр”-ийг батлахдаа Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийг хүчингүй  болгосон тул “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 2.1-д заасан “Хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт шилжүүлэх”-ийг хэрэгжүүлэх хүрээнд батлагдсан “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2015 оны 280, “Гэрээ сунгах тухай” Засгийн газрын 2015 оны 320 дугаар тогтоолыг тус тус Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48.1, Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон билээ.

...Иймд Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн болон гэрээний үндэслэл байхгүй болсон шаардлагын үүднээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхин 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0755 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э Ф” ХХК шүүхэд Монголбанк, Сангийн яаманд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Сангийн яаманд даалгах,

Монголбанк, Сангийн яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолуудыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Сангийн яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, зээлийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгахыг Сангийн яаманд даалгах,

Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын А-166/А-24 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн 2.6.1, 2.6.3, 2.6.4, 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох заалтыг хэрэгжүүлэхийг даалгах,

Монголбанк, Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдуулан Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0314/244 дүгээр “Хүнсний гол нэрийн бараа үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус заалтуудыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Худалдаа хөгжлийн банк ХХК-д даалгах” шаардлагыг,

Нэхэмжлэгч “Х С И” ХХК,“И Б Т” ХХК “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,  “Ө” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголын агуулах худалдааны нэгдсэн холбоо” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Монголбанк, Сангийн яаманд холбогдуулан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ”-ний хугацаа сунгах ажлыг зохион байгуулах, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, гэрээний хугацаа сунгахыг даалгах” шаардлагыг тус тус гаргасан байна.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоолын хавсралтын 2.1-д хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газарт 2015 оны эхний хагас жилд багтаан шилжүүлэхийг Монголбанк, Сангийн яаманд үүрэг болгосны дагуу Засгийн газраас Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолын хавсралтын 2.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280 дугаар тогтоолыг баталж, “Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас гарган Монголбанкинд эзэмшүүлэх замаар шилжүүлэн авч, улсын төсвийн авлагад бүртгэж, Монголбанктай санхүүгийн зуучлагчийн гэрээ байгуулж, зээлийн үйлчилгээг гүйцэтгүүлэх, “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн зээлийн үлдэгдлийг уг зээлийн гэрээний хүү болон хугацаатай уялдсан, ижил нөхцөл бүхий Хөгжлийн банкны үнэт цаас гаргаж, Монгол банкинд эзэмшүүлэх замаар Хөгжлийн банкинд шилжүүлж авахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус үүрэг болгожээ.

Мөн Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоол гарч, “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх” дэд хөтөлбөр, “Гурилын үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор компаниудад олгосон зээлийн гэрээ дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгаж, гэрээ дуусгавар болсон тухайн санхүүгийн жилд багтаан эргэн төлөхөөр гэрээ байгуулахыг Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн сайд нарт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна.

Улмаар Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 280, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 320 дугаар тогтоолуудыг Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 189 дүгээр тогтоолоор тус тус хүчингүй болсонд тооцжээ.

Гэтэл анхан шатны шүүх хүчингүй болсон Засгийн газрын тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг Сангийн яаманд даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Тодруулбал, дээрх актууд хүчингүй болсноор огт үйлчлэлгүй, эрх зүйн үр дагаваргүй болсон байх тул тэдгээрийг хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй юм.

Тэрчлэн Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоолыг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлах тухай 71 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байхад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд тус 41 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр үйлчилж байхад шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2017/0716 дугаар магадлалыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэдийгээр Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоол нь хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор гарсан төдийгүй уг акт нь нэхэмжлэгч нарт ямар нэгэн давуу байдал бий болгоогүй байх боловч дээрх тогтоол нэгэнт хүчингүйд тооцогдсон тул уг тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгах боломжгүй нөхцөл байдал үүссэн болохыг анхаараагүй байна.

Нөгөөтэйгүүр Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т зааснаар Монголбанк нь Засгийн газраас хараат бусаар үйл ажиллагаа явуулах төдийгүй Засгийн газрын дээрх тогтоолуудаар Монгол банкинд үүрэг хүлээлгэсэн болон зөвшөөрөл өгсөн ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн Хөгжлийн банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хөгжлийн банк нь энэ хуулийн 8.1-д заасан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий энэ хуульд заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна”, 8.1-д “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж тус тус зааснаас үзвэл, Засгийн газар нь Хөгжлийн банкинд төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхийг даалгах эсхүл санхүүжүүлэх зөвшөөрөл өгөх эрх хэмжээгүй байхад Засгийн газар нь үнэт цаас гаргаж, зээлийн үлдэгдлийг шилжүүлэн авахыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан нь хууль бус байх тул Засгийн газрын хууль зөрчсөн тогтоолыг биелүүлээгүй Хөгжлийн банкны эс үйлдэхүйг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч “Э Ф”ХХК-ийн “Улсын Их хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа Монгол банк, Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгах”, “Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Монголбанк, Сангийн яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгаж, зээлийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгахыг Сангийн яаманд даалгах,

Нэхэмжлэгч “Х С И” ХХК,“И Б Т” ХХК “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,  “Ө” ХХК-иудын “Засгийн газрын 2015 оны 280, 320 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхгүй байгаа Монголбанк, Сангийн яамны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ”-ний хугацаа сунгах ажлыг зохион байгуулах, гэрээний хугацаа сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Тэрчлэн нэхэмжлэгч “Э Ф” ХХК-иас гаргасан “Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0314/244 дүгээр “Хүнсний гол нэрийн бараа үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус заалтуудыг хэрэгжүүлэхийг Монголбанк, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д даалгах” шаардлагын тухайд тус “Хүнсний гол нэрийн бараа үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээ нь “Гурилын үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийг Монголбанкнаас оролцогч банкинд зориулалт, нөхцлийн дагуу олгох, оролцогч банк уг эх үүсвэрийг гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дотоодын улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зориулалтаар зээлдүүлэх, эх үүсвэрийг тогтоосон хуваарийн дагуу Монголбанкинд эргүүлэн төлөх, оролцогч банкны зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавихад үүсэх харилцааг зохицуулах зорилготойгоор байгуулагдсан бөгөөд уг гэрээ нь нэхэмжлэгч “Э Ф” ХХК-д давуу байдал бий болгоогүй байх тул энэхүү гэрээний холбогдох заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Тодруулбал, дээрх гэрээний оролцогч нь нэхэмжлэгч “Э Ф” ХХК биш төдийгүй уг гэрээний үйлчлэл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, Монголбанк, “Худалдаа хөгжлийн банк” ХХК нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зохицуулсан гэрээ байна.

Мөн “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд биш байхад энэ талаарх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасантай нийцэхгүй төдийгүй Худалдаа хөгжлийн банк ХХК-д холбогдуулан гаргасан шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй юм.

Түүнчлэн Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь  “Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын А-166/А-24 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 2.6.1, 2.6.3, 2.6.4, 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх дэд хөтөлбөрийн 2.3-т хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа 3 жил байхаар тогтоосон байх ба 2.6.3-т зээлийн эрхийн хугацаа 3 жил хүртэл байхаар зохицуулсан, тэрчлэн 2.6.1 дэх заалт нь Монгол банк болон Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд хөтөлбөрийг заавал үргэлжлүүлэхээр үүрэг болгосон зохицуулалт биш төдийгүй 2.6.4-т заасанчлан Монгол банк оролцогч банктай байгуулсан гэрээнд хяналт тавиагүй гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

Дэд хөтөлбөрийн 2.3 болон 2.6.3 дахь заалтуудаас үзэхэд дэд хөтөлбөр нь өөрөө 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд зээлийн эрхийн хугацаа нь 3 жил хүртэл байхаар зохицуулсан тул нэхэмжлэгч “Э Ф” ХХК-д зээлийн эрхийг 12 сарын хугацаагаар олгосныг болон хугацааг сунгаагүйг буруутгах үндэслэлгүй, дэд хөтөлбөрийн заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй.

Иймд энэ талаар гаргасан “Э Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч ““Х С И” ХХК,“И Б Т” ХХК “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,  “Ө” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “М А Х Н Х” ТББ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн давж заалдах гомдлыг хангаж, Монголбанк, Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох, нэхэмжлэгч “Э Ф” ХХК, “Х С И” ХХК,“И Б Т” ХХК “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,  “Ө” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д холбогдох “Э Ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0755 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 2, Хөгжлийн банкны тухай /2011 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Ф”ХХК-ийн Монголбанк, Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Их Хурлын 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Монгол Улсын Сангийн яаманд даалгах”,

Монголбанк, Сангийн яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг тогтоолуудыг хэрэгжүүлэхийг Монголбанк, Сангийн яам, Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, зээлийн гэрээг 1 жилийн хугацаагаар сунгахыг Сангийн яаманд даалгах”,

Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан “Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын А-166/А-24 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн 2.6.1, 2.6.3, 2.6.4, 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, холбогдох заалтыг хэрэгжүүлэхийг даалгах”,

Монголбанкинд холбогдуулан гаргасан “Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0314/244 дүгээр “Хүнсний гол нэрийн бараа үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа Монголбанкны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус заалтуудыг хэрэгжүүлэхийг Монголбанкинд даалгах” шаардлагыг,

Нэхэмжлэгч “Х С И” ХХК,“И Б Т” ХХК “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,  “Ө” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголын агуулах худалдааны нэгдсэн холбоо” ТББ-ын Монголбанк, Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн авлагыг шилжүүлэн авахтай холбогдох зарим арга хэмжээний тухай” 280 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Гэрээ сунгах тухай” 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зээлийн авлагыг шилжүүлэх, “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудын хооронд байгуулсан “Бодлогын гэрээ”-ний хугацаа сунгах ажлыг зохион байгуулах, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх, гэрээний хугацаа сунгахыг даалгах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан “Монголбанкны ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын А-166/А-24 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн 2.6.1, 2.6.3, 2.6.4, 2.3 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус заалтуудыг хэрэгжүүлэхийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д даалгах,

Монголбанк, Худалдаа хөгжлийн банкны хооронд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 0314/244 дүгээр “Хүнсний гол нэрийн бараа үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний 3.3, 4.10 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус заалтуудыг хэрэгжүүлэхийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д даалгах” тухай “Э Ф”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн “Э Ф”ХХК-ийн 70 200 төгрөг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Монголын агуулах худалдааны нэгдсэн холбоо” ТББ-ийн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х С И” ХХК,“И Б Т” ХХК “Ф” ХХК, “К Б” ХХК, “Э И” ХХК,  “Ө” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “М А Х Н Х” ТББ-ын давж заалдах гомдлын хангахгүй орхиж, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сангийн яам нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “М А Х Н Х” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН