| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2017/0532/З |
| Дугаар | 221/МА2017/0835 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2017/0835
2017 оны 11 сарын 29 өдөр Дугаар 221/МА2017/0835 Улаанбаатар хот
Л.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0752 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарын давж заалдах гомдлоор, Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Зэвсэгт хүчний Жанжин штабт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0752 дугаар шийдвэрээр: “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 3-д /2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ заасныг баримтлан “18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан Зэвсэгт хүчний Жанжин штабын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, одоо ажиллаж байгаа дивизион захирагчийн цалингийн дүнгээр тооцож, одоогийн хуулийн дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Л.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч Л.Б шүүхэд “18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан Зэвсэгт хүчний Жанжин штабын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, одоо ажиллаж буй дивизион захирагчийн цалингийн дүнгээр тооцож, мөрдөгдөж буй хууль, журмын дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд байгаа 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Зэвсэгт хүчний Жанжин штабт гаргасан манай хүсэлтэд захиргааны захирамжилсан үйл ажиллагаа болох татгалзсан хариундаа “... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул таны өргөдлийг шийдвэрлэх боломжгүйг уламжилъя ...” гэсэн байх тул үүнийг бид хууль бус болохыг тогтоолгох, энэ татгалзсан байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж зааснаар уг татгалзсан үйлдэлд нь гомдол гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заажээ. Иймд Зэвсэгт хүчний Жанжин штаб хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь бид захиргааны ямар нэг актад гомдол гаргаагүй. Харин 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдаад одоог хүртэл мөрдөгдөж байгаа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу зэвсэгт хүчинд 17 жил алба хааж, хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гарсан Монгол улсын иргэн хуулийн дагуу авах ёстой 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохыг хүссэн хүсэлт гаргасан. Үүнийг захиргааны актын талаарх гомдол мэт Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж татгалзаж буй нь буруу байна.
Иргэн Л.Б 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Зэвсэгт хүчний 120 дугаар ангиас өвчний учир Цэргийн төв эмнэлгийн эмч нарын дүгнэлтээр халагдсан. Хүнд өвчний учир эмнэлэгт тасралтгүй 2 жил 6 сар эмчлүүлж, эмчилгээгээ үргэлжлүүлэн Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлэн улмаар тэндээ гэр бүлийн хамт ажиллаж, 2005 онд Монгол Улсад ирсэн бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Засгийн газрын 1995 оны 01 дүгээр тогтоолын 02 дугаар хавсралтын дагуу ажиллаж байсан байгууллагадаа ажлын үр дүнгээ тайлагнаж, 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ямар ч цаг хугацаа байгаагүй. Үхэл, өвчин хоёртой тэмцэх байсан тэр үед ийм боломж гараагүй юм.
Мөн анхан шатны шүүх “ … Өөрөөр хэлбэл, нэг удаагийн тэтгэмж олгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг судлан үзэхэд нэг удаагийн тэтгэмж аваагүй албан хаагчид уг нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгохдоо тэтгэмж авах хүсэлт гаргаж байгаа этгээдэд ашигтай нөхцөл байдлыг бий болгосон буюу эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх талаарх хуулийн зохицуулалт байхгүй байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 1994 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх журам 3 дахь удаагаа шинэчлэгдэж, одоогийн мөрдөгдөж буй журмаар бол 18 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авах этгээд заавал ажлын тайлангаа тавих шаардлагагүй байхаар хуульчилсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч шүүхэд “...биеийн эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан тул Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоогүй Зэвсэгт хүчний Жанжин штабын хариу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...нэг удаагийн тэтгэмжийг олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, одоо ажиллаж байгаа дивизион захирагчийн цалингийн дүнгээр тооцож, одоогийн хуулийн дагуу 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байх бөгөөд нэхэмжлэгчээс 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Н-д олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т заасан “Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах” эрхийг олгожээ.
1994 оны 06 дугаар сарын 13-ны өдөр батлагдаж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай[1] хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах насны хязгаарт хүрч халагдсан, ...тохиолдолд түүний ажиллаж байсан нөхцөл, ажлын үр дүн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан алба хаасан 2 жил тутамд 1-2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно. Энэхүү тэтгэмжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 18 сарын цалин хөлсний нийлбэрээс илүүгүй байна” гэж заасныг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулж, тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн албан хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж зохицуулан өөрчилжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.Б нь Батлан хамгаалахын сайдын 1996 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 472 дугаар тушаалаар цэргийн их эмч нарын магадлагааг үндэслэн 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан байх ба талууд энэ талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийн дагуу буюу Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэсэн зохицуулалтыг үндэслэн дээрх хэмжээгээр тэтгэмж авахаар маргаж байх тул Зэвсэгт хүчний жанжин штабаас түүнд тэтгэмж олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байх төдийгүй нэхэмжлэгчийг цэргийн жинхэнэ албанаас халагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагүй хуулийг хэрэглэн тэтгэмж олгоогүй гэж хариуцагчийг буруутгах, буюу одоогийн дивизион захирагчийн албан тушаалын цалинтай дүйцэхүйц цалингаар тооцож, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, цэргийн албанаас халагдах үедээ нэг удаагийн тэтгэмж аваагүй албан хаагчид тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй боловч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу одоогийн дивизион захирагчийн албан тушаалын цалинтай дүйцэхүйц цалингаар тооцож, нэг удаагийн тэтгэмж тооцож олгох үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0752 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН