Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгч: С.А, Ч.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэсэгт зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.А, Б овогт Ч. Н нарт холбогдох эрүүгийн ,, тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: С.А ,Ч.Н

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.А, Ч.Н нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг, ,, тоотод байх иргэн Ч.Сгийн гэрт нэвтэрч МНБС телевизорын кабелын станцыг нууц аргаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 * Эрүүгийн ,,тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

* Хохирогч Ч.С-гийн өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн орчимд гэрээ цоожлоод ус авахаар худаг руу яваад ус авч ирж явсан чинь манай хашаанаас хоёр хүн гарч явсан. Тэр хоёр хүнтэй зөрөөд гэртээ орсон чинь гэрийн хаалганы цоожны цүүг нь мулт татаж хаалга онгойлгоод, гэрт орж зурагтын станц алга болсон байсан. Тэгэхээр нь би нөгөө хоёр залуугийн хойноос нь  гүйж очсон чинь манай зурагтны станцыг нэг залуу барьчихсан явж байсан. Тэгээ би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед тэр хоёр залуу согтуу байсан ба нэг нь тортой юм барьж явсан. Намайг очиход нөгөө тортой юмаа нуугаад байсан. Тэр нь манай станц байна лээ.  Тэгтэл нөгөө хоёр залуу зугтаагаад явсан. Цагдаа ч удалгүй ирж, нөгөө хоёр залууг хөөж байгаад барьж авсан. Тэр хоёр залуу эгчээ уучлаарай, танайхаас бид хоёр хулгай хийсэн нь үнэн, хохирлыг чинь төлж өгнө гэж хэлж байсан. Дараа нь нөгөө хоёр залуу С.А, Ч.Н,  Архангай аймгийн Ихтамир сумын харьяат хүмүүс байгаа юм гэж өөрсдийгөө танилцуулж байсан. Би 2016 онд 130.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо энэ үнээр л үнэлж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/ 

 

*Яллагдагч С.- өгсөн: 

 

“... Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.Н гэх залуутай Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 2 дугаар сургууль дээр барилгын ажил хамт хийж байсан. Тухайн үед 2 дугаар сургуулийн засвар барилгын материал байхгүй болсон гээд түр завсарлахаар болсон. Тэр өдөр би Ч.Н ахтай Архангай аймгийн Тамир хороололд байх дэлгүүрээс 1 шил Ерөөл архи 0,75 л-ээс нь авч, хувааж уугаад байж байсан. Тэгээд Ч.Н ах би нэг айлаас ороод ганц юмны мөнгө аваад ирнэ гээд Тамир хорооллын 13-01 тоот хашаа байсан. Уг хашаа руу бид 2 хамт орсон. Тэгтэл гэрийн хаалга нь цагаан өнгийн хятад цоожтой байсан. Ч.Н ах тэр цоожийг нааш нь таттал онгойсон. Онгойхдоо хаалганыхаа цүүтэй хамт ховхорч гарч ирсэн. Намайг чи хүн харж бай гээд өөрөө тэр гэр рүү орсон. Би тэгээд хашааны гадаа гараад хартал хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би Ч.Н ахын орсон гэр рүү буцаж орсон. Намайг ороход Ч.Н ах МНБС гээд кабелийн станцыг салгаад уг гэрийн хойморт зогсож байсан. Тэр гэрт зурагт байсан. Өөр хулгайлах юм байсан эсэхийг би хараагүй. Ч.Н дээрх станцыг салгаж надад өгөхөөр нь би авч гараад Наранбулагийн тийшээ явж байтал араас гэрийн эзэн эгч болон 2 цагдаа ирээд бид 2-ыг барьж, Цагдаагийн газар авч ирсэн. Би Ч.Н ахтай хамт хулгай хийсэн, өөр ямар нэгэн хүн байгаагүй. Уг гэрийн хаалга цагаан өнгийн хятад цоожтой байсан. Ч.Н ах гараараа цоожийг нь атгаж байгаад хойш татахад цүүтэйгээ хамт гарч ирсэн. Ямар нэгэн лоом болон өөр хөших зүйлээр хөшөөгүй юм. Би Ч.Н ахтай цуг хулгай хийе гээд  хулгай хийсэн, захиалга өгсөн хүн байхгүй. Би хохирогчид хохирол, мөнгийг төлж  барагдуулсан. Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн юм. Архи олж уух гээд санаатай хулгай хийсэн. Би урьд нь гэмт хэрэгт шалгагдаж байгаагүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/

 

*Яллагдагч Ч.Н-гийн өгсөн:

 

“...Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир хорооллын  13-01 тоот байх Шүүхийн аж ахуйн хашаа гэж хүмүүс ярьдаг. Би тэр хашаанд ороод Ч.С гэх эгчийн монгол гэрт орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгээд би цоожийг нь атгаж байгаад хойш таттал цүү нь сугараад унасан. Би тэгээд дотогш ортол хүн байхгүй байсан. Тиймээс би тэр гэрт нэвтэрч ороод архины мөнгө болчихоор өөр юу байна гээд хартал телевизорын станц байсан. Тэгэхээр нь би тэр станцыг салгаад тайлсан. Намайг станц салгаж байхад Алтантөр миний хажууд байсан. Тэгээд би тэр хар өнгийн ММБС-ын станцыг Алтантөрд өгтөл өвөртөө хийгээд / цамцныхаа энгэрт/ байсан. Тэгээд бид 2 авсан станцаа зарах гээд явж байтал цагдаагийн машин ирээд  бид хоёрыг баривчилсан. ...Би С.Атэй хамт явж байсан ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй. Гараараа цоожийг таттал цүүтэйгээ хамт гараад ирсэн. Уг гэрийн хаалга Хятад цагаан өнгийн дөрвөлжин цоожтой байсан. Би тэр цоожийг татаж цүүтэй нь хамт сулласан. Хохирогчид хохирол, мөнгийг өгч барагдуулсан. Би архины мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Амьдралын эх үүсвэртэй, ажил хөдөлмөр эрхлэлж байгаа. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байгаа. Энэ миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

 

*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр тал/

*Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 дүгээр тал/

*Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 11 дүгээр тал/

*Шүүгдэгч С.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-29 дүгээр тал/

*Шүүгдэгч Ч.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-35 дугаар тал/ зэрэг болно. 

 

2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар баг, ,,, тоотод байх иргэн Ч.Сгийн гэрт  шүүгдэгч С.А, Ч.Н нар нь хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх нөхцөл байдал гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч С.А, Ч.Н нар нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хүн байнга амьдрах зориулалт бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 13-01 тоотод байх иргэн Ч.Сгийн гэрт нэвтэрч МНБС телевизорын кабелын станцыг хулгайлан авч бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Сгийн  “...Тэгэхээр нь би нөгөө хоёр залуугийн хойноос нь  гүйж очсон чинь манай зурагтны станцыг нэг залуу барьчихсан явж байсан. Тухайн үед тэр хоёр залуу согтуу байсан ба нэг нь тортой юм барьж явсан. ...Тэр хоёр залуу эгчээ уучлаарай, танайхаас бид хоёр хулгай хийсэн нь үнэн, хохирлыг чинь төлж өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Аийн “...Ч.Н дээрх станцыг салгаж надад өгөхөөр нь би авч гараад Наранбулагийн тийшээ явж байтал араас гэрийн эзэн эгч болон 2 цагдаа ирээд бид 2-ыг барьж...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Нгийн “...Тиймээс би тэр гэрт нэвтэрч ороод архины мөнгө болчихоор өөр юу байна гээд хартал телевизорын станц байсан. Тэгэхээр нь би тэр станцыг салгаад тайлсан. Намайг станц салгаж байхад С.А миний хажууд байсан. Тэгээд би тэр хар өнгийн ММБС-ын станцыг С.А өгтөл өвөртөө хийгээд / цамцныхаа энгэрт/ байсан...” гэх мэдүүлэг, болон хохирлын үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.А, Ч.Н нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Н, С.А нарт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийг журамлаагүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хуульчилж өгөөгүй, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй юм. 

 

Шүүхээс шүүгдэгч С.А, Ч.Н нарыг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Хохирогч Ч.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогчоор өгсөн мэдүүлэгт /хх-07х/ тусгагдсан байх тул шүүгдэгч С.А, Ч.Н нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч С.А, Ч.Н нар нь бага насны хүүхэдтэйгээ амьдардаг, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч С.А, Ч.Н нарт холбогдох хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах талаар Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд заасан боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ганц бие эцэгт оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулна гэж заасан байх тул  хэрэглэх боломжгүй байна, харин шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж, уг  ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг мөн шүүгдэгч Ч.Н  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан бөгөөд шүүгдэгч С.А-ийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Боржигон овогт СА, Б овогт Ч.Н нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.А, Ч.Н нарыг тус бүр  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Н-д оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай. 

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Аийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

 

5. Шүүгдэгч С.А, Ч.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.А, Ч.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           П.ГАНДОЛГОР