Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       С.А, Ч.Н нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                                                                    М.Батзаяа

            Шүүгдэгч                                                                   С.А, Ч.Н

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А, Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдолыг үндэслэн, С.А, Ч.Н нарт холбогдох 1712000910027 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1 Архангай аймийн Ихтамир суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Архангай аймгийн ,,тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Б овогт С-ын А

 

Монгол Улсын иргэн,  Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн ,,оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Ч-ын Н

 

С.А, Ч.Н нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн ,, тоотод байх иргэн Ч.С-гийн гэрт нэвтэрч МНБС телевизорын кабелын станцыг нууц аргаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас С.А, Ч.Н нарт холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч  Б овогт С.А, Б овогт Ч-ын Н нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.А, Ч.Н нарыг тус бүр  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Аийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Шүүгдэгч С.А, Ч.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.А, Ч.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгч С.А, Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдолд: “Миний бие Чулуунбат овогтой Нэргүй нь 2017 оны 08 сарын 12-ны өдөр хохирогч Ч.Сарантуяагаас хэдэн төгрөгний авлагатай байсан юм. Гэрт нь ороод асуутал мөнгө байхгүй гэсэн. Тэгээд 2 аравын сав аваад гараад явсан. Орж ирэхгүй болохоор нь зурагтны станцыг нь аваад гараад явж байтал цагдаатай хамт араас ирээд станцаа аваад явсан. Тухайн үед би 1 жилийн ял авна гэж бодоогүй тэнсэн харгалзах ял юм уу албадан ажил гэдэг ялаар шийтгэгдэх байх гэж бодсон. Иймд миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

  Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.А, Ч.Н нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед иргэн Ч.Сарантуяагийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч бусдад 50000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор С.А, Ч.Н нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.А, Ч.Н нарыг тус бүр  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Шүүгдэгч С.А, Ч.Н нар нь иргэн Ч.Сарантуяагийн гэрт хууль бусаар нэвтэрч ороогүй, тухайн үед авлагатай байсан авлагаа авах гэж ороод мөнгө байхгүй гэхээр нь станцыг нь аваад гарсан гэсэн давж заалдах гомдол гаргажээ. Шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй байгаа тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч С.А, Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх 2017 оны 11 сарын 03-ны өдөр С.А, Ч.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

 

Тухайлбал: Монгол Улсын Шүүхийн тухайн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулах гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх 2017 оны 11 сарын 03-ны өдөр С.А, Ч.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч шүүгч П.Гандолгор ерөнхий шүүгчийн 306 дугаартай захирамжаар шүүх хуралдаан даргалагч томилж, улмаар түүний томилсон шүүгч хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүгч П.Гандолгорт ерөнхий шүүгчийн эрх олгогдсон талаар ямар нэгэн баримт хэрэгт хавсаргагдаагүй болно.

 

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 669 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагт хэлэлцүүлэхээр товлон зарласан ба шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан захирамж мөн өдрөөр гарчээ. Гэтэл С.А, Ч.Н нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд урьдчилсан хэлэлцүүлгийн хурал 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт эхлээд 10 цаг 30 минутанд дууссан мэтээр бичсэн нь шүүгчийн захирамж, дуу дүрсний бичлэгээс зөрүүтэй болжээ.

 

Анхан шатны шүүх С.А, Ч.Н нарт холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлгийн хурал явуулж, 671 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд С.А, Ч.Н нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.Н, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн гэж бичсэн нь шүүгчийн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай захирамж, дуу дүрсний бичлэг зэргээс зөрүүтэй байна.

 

Дээрх зөрчлүүдийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

 

Шүүгчийн захирамж нь удиртгал, тодорхойлох, захирамжлах хэсгээс бүрддэг атал анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 704 дугаартай шүүх хуралдаан хойшлуулах тухай, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 736 дугаартай шүүх хуралдаан хойшлуулах тухай, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 753 дугаартай шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжууд нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч С.А, Ч.Н нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол С.А, Ч.Н нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр 1.5-т зааснаар хэрэг шүүхэд очтол С.А, Ч.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ДАВААСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                          Н.ЭНХМАА

 

                                                            В.ЦЭЦЭНБИЛЭГ