Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2015/0498/З |
Дугаар | 466 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 466
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдхүүнтэй, иргэдийн төлөөлөгч А.Халиунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батцэцэг, нэхэмжлэгч Т.Жигмэддагва, нэхэмжлэгч Т.Жигмэддагвын өмгөөлөгч Н.Чадраабал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангарав, нарыг оролцуулан С.Хуягсүрэн, Т.Жигмэддагва нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хуралд холбогдох “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Банзар овогтой Тогоогийн Жигмэддагва, РД:УК62082510,
Хаяг: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 2 хэсэг 202 байрны 304 тоот.
Нэхэмжлэгч: Амгалан тайж овогтой Сосорбарамын Хуягсүрэн. РД:ЧБ68011915.
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, АОС 10е байр, 4 тоот.
Хариуцагч: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал. Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай.
Хаяг: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Жигмэддагва миний бие "Ксения" ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд 80-89 УБА улсын дугаартай RAV-4 маркийн автомашин манай компанийн эзэмшилд байдаг. Т.Жигмэддагва миний бие 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус машинаар компанийн ажил хөөцөлдөн явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр болох Голомт банкны үүдэнд машинаа тавьсан байхад "Биг Айрон" ХХК-аас ... Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурын тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолыг үндэслэн дугуйг түгжиж, улмаар 20 000 төгрөгөөр торгосон. Мөн нэхэмжлэгч С.Хуягсүрэн миний бие 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 89-19 УНГ улсын дугаартай автомашинаа 1 дүгээр эгнээний замд тавьсан байхад "Канансити" ХХК-аас миний машины дугуйг түгжсэн байсан. Ингээд миний бие машин дээр нааж үлдээсэн утасны дугаар луу утасдаж хэлэхэд 20000 төгрөгөөр торгож, дугуй түгжигчийг тайлсан.
Нэхэмжлэгч бид 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдээллийг сонсоход 2014 оны 98 дугаар тогтоолоор "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг батлахдаа хэд хэдэн хууль зөрчсөн болохыг мэдээлсэн. Үүний дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан гомдол гаргахад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас уг журам хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар шалгалт хийж, дүгнэлт гаргасан байх бөгөөд уг дүгнэлтээр:
Уг журмын 1.2-т замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжинэ. 3.5-д дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж, 20,000 /хорин мянган төгрөг/ байх ба зөөж шилжүүлсэн үйлчилгээний хураамжийг тухайн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн акгаар зохицуулна гэж тус тус заасан байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 98 дугаар тогтоолыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: нийслэлд хэв журам сахиулах, хотын аж ахуй, оршин суугчдын нийгэм, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих гэж заасныг тус тус үндэслэл болгожээ.
Гэтэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дахь заалт болон Хууль зүйн сайдын 2014 оны А/218 дугаар тушаалаар батлагдсан Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам"-ын дагуу "замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам" батлан гаргаж, "түр буюу удаан зогсохыг хориглосон замын хэсэгт зогссон тээврийн хэрэгслийн дугуйг түгжихээр зохицуулалт хийсэн нь хуулиар зохицуулсан харилцааг өөрөөр зохицуулж, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож, төлбөр хураамж хууль бусаар хураалгасан гэж үзэх үндэслэл болсон.
Мөн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, дугуй түгжих үйлчилгээг гүйцэтгүүлдэг бөгөөд уг гэрээний 2.1-т Б тал нь сар бүрийн 25-ны өдрийн дотор үйл ажиллагааны орлогын 10 хувийг Нийслэлийн төрийн сан 200051068 тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу 2014 онд 8448, 2015 оны 02 дугаар сарын 28-ны байдлаар 3298, нийт 11746 тээврийн хэрэгслийн дугуйг тус тус түгжиж, нийт 234,9 сая төгрөгийн хууль бус орлого олж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан.
Дээрх байдлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид нь хууль тогтоомж зөрчиж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуйг түгжих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, төлбөр хураалгасан зэрэг үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авахыг хориглоно.”, 13.2-д Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн гэж заасныг тус тус зөрчсөн болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 5/14 дүгээр дүгнэлтээр тогтоож, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Б.Баттулгад хүргүүлсэн байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас тус газрын улсын байцаагчийн дүгнэлтийг эс зөвшөөрч мэдэгдэл хийсэн бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хүчингүй болгоогүйн улмаас аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгогдож, хууль бусаар бусдын эд херөнгөд халдах, төлбөр хураамж авсан зөрчил үйлдэгдсээр байна.
Иймд илтэд хууль зөрчиж гарсан захиргааны актыг үндэслэн бидний машины дугуйг түгжиж, 20 000 төгрөгөөр торгосон байх тул Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3-т зааснаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж шийдвэрлүүлэхээр өөрчилж байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан "Дугуй түгжигч ашиглах" журмыг хэлэлцэж батлах үед төслийг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж санал, дүгнэлтийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7/557 дугаар албан бичгээр хүлээн авч байсан бөгөөд тус газраас эдгээр журам нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн зүйл заалтууд зөрчигдөөгүй тухай албан ёсны хариуг ирүүлсэн байна.
Мөн иргэн Т.Жигмэддавга, С.Хуягсүрэн нар нь нэхэмжлэлдээ 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр замын 1 дүгээр эгнээнд тавьсан байхад дугуйг түгжсэн гэж бичсэнээс үзвэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан нэхэмжлэл гаргаж буй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалттай зөрчилдөж байгаа нь нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Жигмэддагва, нэхэмжлэгч С.Хуягсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхзаяа нар 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр уг журмыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд улмаар 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Т.Жигмэддагва нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдлаар тодруулж гаргажээ.
Энэ хэргийн нэхэмжлэгч С.Хуягсүрэн шүүх хуралдаанд удаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхзаяагийн итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч С.Хуягсүрэнг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэл хотын замын хөдөлгөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор баталсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц.......баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана.”, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.” гэснийг зөрчсөн илт хүчин төгөлдөр бус гэж маргажээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;”, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн .2-т “нийслэлд хэв журам сахиулах,.....нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих;” гэж хуулчилсан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий журмыг гаргахдаа Үндсэн хууль, Иргэний хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиудын холбогдох заалтыг илтэд зөрчсөн хууль бус шийдвэр байсан гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэв.
Нийслэлийн засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01/1389 дүгээр албан бичгээр Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Дугуй түгжигч ашиглах журам”-ын төслийг боловсруулж ирүүлснийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 65 хувийн ирцтэй хийсэн хуралдаанаараа хэлэлцэн хуралдаанд оролцсон 7 тэргүүлэгчийн 4 нь дэмжсэнээр уг журмыг баталсан байна.
Маргаан бүхий журмыг батлан гаргах явцад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ийн 1.6.3-т заасан эрх бүхий этгээдэд хамаарахгүй хэдий ч тухайн нутаг дэвсгэртээ нийтээр дагаж мөрдөх албадлагын шинжтэй журам батлан мөрдүүлж байгаа утгаараа судалгаа хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах, гаргаж байгаа журмын талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөх чиглэлээр ажил зохиогоогүй, хүний эрх, эрх чөлөөг ямар нэг хэмжээгээр хөндөх шийдвэр гаргаж байгаа тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалийн холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлээгүй нь маргаан бүхий акт үндэслэлгүй гарах нөхцлийг бүрдүүлсэн байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг Нийслэлийн хэмжээнд үүссэн автозамын зохиомол түгжрэлийг бууруулах зорилготой гэж тодорхойлсон хэдий ч “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль” (1996 оны)-ийн 16 дугаар зүйлийн 16.4.6-д “замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа талбайд шилжүүлэх.” гэсэн тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан энэ хуулийн заалттай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон автомашиныг зориулалтын дугуй түгжигчээр түгжсэнээрээ замын зохиомол түгжрэлийг бууруулах үндсэн зорилгоо хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа нь тухайн харилцааг зохицуулсан маргаан бүхий журмыг зорилгодоо нийцээгүй захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн журмын 2 дахь хэсгийн 1-д “...түгжих үйл ажиллагааг замын цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр чиглэлийн дагуу гүйцэтгэнэ.”, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга, журмыг хэрэгжүүлэх аж ахуй нэгжийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 4 дэх хэсгийн 1 –д “Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтны мэдэгдсэн хугацаанд, тогтоосон байршилд тээврийн хэрэгсэлд зориулалтын дугуй түгжигч ашиглах” заалтууд журам болон гэрээнд зааснаар хэрэгжээгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах эрх бүхий албан тушаалтны шийдвэр чиглэлгүйгээр иргэдийн өмчинд хууль бусаар халдаж, нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Тодруулбал журмыг баталж хэрэгжүүлэх үед үйлчилж байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын албаны бүрэн эрх”-ийн 1-д “Монгол улсын нутагт.....иргэдээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих.”, харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч мөн хуулийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар “...журам зөрчсөн иргэдэд хууль тогтоомжид заасан журмын дагуу захиргааны шийтгэл ногдуулах.”-аар зохицуулсан байхад компаний нэр бичсэн бичвэр бүхий торгуулийн тасалбараар хариуцлага ногдуулсан нь холбогдох хууль, дүрэмийн заалттай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулдаг хөдөлгөөний хориглосон заалтыг зөрчсөн этгээдэд хуулиар эрх олгосон улсын байцаагч захиргааны хариуцлага хүлээлгэх хуульчилсан заалтыг журмын хүрээнд гэрээгээр, түүнчлэн хуулиар эрх олгогдоогүй этгээд хэрэгжүүлж байгаа нь хууль бус бөгөөд ингэснээрээ маргаан бүхий журмыг илт хууль бус гэж тооцох үндэслэлтэй байна.
Хариуцагч “Дугуй түгжигч ашиглах журам”-ын төслийг боловсруулж бэлтгэх явцдаа Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас санал авахад хэлтсийн дарга Ч.Батбаатар “...журам гаргахыг дэмжиж байгаа...” тухай санал хүргүүлсэн нь тухайн байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй албан тушаалтан биш гэж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч тайлбарладаг боловч санал авах ажиллагаа нь уг журам Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцэх эсэх талаар хариуцагчаас хэрэгжүүлсэн бодитой ажил бөгөөд харин энэ нь эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй хэрэглэгчдэд хандсан мэдээлэл хүргэх, санал авах, нөлөөллиййн шинжилгээний аргачилалтай холбоотой ажил хийгдсэн гэж үзэхээргүй байна..
Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”(1996 оны)-ийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Н.ДУЛАМСҮРЭН
Ц.МӨНХЗУЛ