Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 462

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:      Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:         Х.Батсүрэн

                        Д.Мөнхтуяа

                        Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: ““Х д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “М ц ш” ХХК-д шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0471 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Г.А, өмгөөлөгч Ц.А,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б,

Гуравдагч этгээд: өмгөөлөгч Г.Д нар,

Нэхэмжлэгч Г.А, түүний өмгөөлөгч Ц.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.3, 11.5.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, “Х к т” ХХК-ийн охин компани “Х д” ХХК-ийн хувьцааг 100 хувь “М ц ш” ХХК-д шилжүүлсэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0471 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 93 дугаар зүйлийн 93.7, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д заасныг баримтлан Г.А-ийн гаргасан “Х д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “М ц ш” ХХК-д шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “М ц ш” ХХК-ийн захирал Л.Ө-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

3. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх бичиг баримт дутуу бүрдүүлсэн, өр төлбөрт компанийн хувьцааг шилжүүлэх, компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд нь хувьцаа эзэмшигчдийн хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарна, “Х к т” ХХК нь “М ц ш” ХХК-д төлөх өр төлбөртөө охин компани болох “Х д” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх талаар гаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байхгүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийн баримт бичигт хувьцааг шилжүүлэн өгч байгаа компанийн хүсэлт, шийдвэрийг ирүүлээгүй байхад улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн нь буруу гэж үзэж уг бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгосон.

4. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль бусаар явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн, энэ хууль бус ажиллагааг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0471 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ “Х д” ХХК-ийг “М ц ш” ХХК-д шилжүүлсэн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д заасан шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу хийгдсэн бүртгэл байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй гэж үзлээ гээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/Ш32016/23549 дүгээр захирамжаар “Х к т” ХХК нь “М ц ш” ХХК-д 702.487.728 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталсан, энэхүү захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Б.Ц-аас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” 1/1635 дугаар албан бичгээр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж дээрх төлбөрт “Х к т” ХХК-ийн охин компани болох “Х д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг төлбөр авагч “М ц ш” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан тул шилжүүлж хариуг ирүүлэхийг мэдэгдсэний дагуу хийгджээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах нэг үндэслэлд “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж” байхаар, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ... хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зохицуулсан тул хариуцагчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй байх эрхгүй. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5-д заасан “эрх бүхий бусад байгууллага” гэдэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, “гаргасан шийдвэр” гэдэгт дээрх мэдэгдэл тус тус хамаарна гэжээ.

6. Нэхэмжлэгч Г.А нь “Х к т” ХХК-ий 33.33 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд уг компаний дүрэмд “Компаний эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж заасан нь одоо ч хүчин төгөлдөр байгаа. “Х к т” ХХК болон “Х д” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт энэ тухай тодорхой заасан байдаг ба Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд өр төлбөрт компанийн хувьцааг шилжүүлэх, компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудлууд нь хувьцаа эзэмшигчдийн хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарахаар заагдсан байдаг. Иймд “Х к т” ХХК нь “М ц ш” ХХК-д өр төлж, өөрийн охин компани болох “Х д” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхээр болсон бол хувьцаа эзэмшигчдийн хурал хийж шийдвэр гарган, энэ талаараа хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах асуудлаар Улсын бүртгэлийн газарт хандах ёстой юм.

7. Гэтэл компанийн дээд удирдлага болох хувьцаа эзэмшигчдийн хурал огт болоогүй бөгөөд ямар нэг шийдвэр гараагүй, энэ талаар улсын бүрттэлийн газарт ямар ч материал очоогүй. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь “Х к т” ХХК-ийн 100 хувь охин компани болох “Х д” ХХК-ийн хувьцааг “М ц ш” ХХК-д шилжүүлэх тухай хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгэхдээ “М ц ш” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Ө-ийн гаргасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, “М ц ш” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09/18 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1635 дугаар “Эрх шилжүүлэх тухай” албан бичиг, “М ц ш” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Компанийн хувьцаа шилжүүлэн авах, гүйцэтгэх захирал томилох тухай” Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 323 дугаар “Х к т” ХХК, “М ц ш” ХХК-ийн хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2016/23549 дүгээр “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2016/26467 дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж зэрэг зөвхөн нэг талын ашиг сонирхлыг илэрхийлсэн бичиг баримтыг үндэслэснээс гадна хувьцаа эзэмшигч Г.А-ээс дээрх бүртгэлийг хийхгүй байх талаар гаргасан хүсэлтийг хүлээн авсан атлаа санаатайгаар дарагдуулсан байдаг.

8. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 101/Ш32016/26467 дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар “Х к т” ХХК нь “М ц ш” ХХК-д 702.478.728 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталсан байдаг бөгөөд харин “Х к т” ХХК-ийн охин компани “Х д” ХХК-ийн хувьцааг 100 хувь “М ц ш” ХХК-д шилжүүлэх талаар шийдвэрлээгүй. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/1635 дугаар “Эрх шилжүүлэх тухай” албан бичигт “...төлбөр төлөгч “Х к т” ХХК-ийн охин компани болох “Х д” ХХК-ийг “М ц ш” ХХК-ийн төлбөрт тооцон шилжүүлэхээр хүсэлт гаргасан тул...” гэсэн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсоор хийгдээгүй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс ч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5 дахь хэсэгт зааснаар бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасны дагуу бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлээгүй, өөрөөр хэлбэл “Х к т” ХХК-ийн охин компани болох “Х д” ХХК-ийн хувьцааг 100 хувь “М ц ш” ХХК-д төлөх төлбөрт шилжүүлэх тухай болон компанийн дүрэмд өөрчлөлт оруулах талаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, бусад холбогдох материалуудыг огт шаардаж авалгүйгээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хууль бус гэж үзэж байна.

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжаар баталсан Эвлэрлийн гэрээнд төлбөрт өөрийн охин компанийн хувьцааг шилжүүлэх талаар тусгаагүй боловч шийдвэр гүйцэтгэлийн шатанд энэ талаар тохиролцох бүрэн боломжтой болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдсан гээд, харин “Х к т” ХХК-иас өөрийн охин компанийг төлбөрт шилжүүлэх хүсэлтээ хэрхэн гаргасан болох нь тодорхойгүй,  өөрөөр хэлбэл “Шүүхээс бүртгэлтэй холбоотой бүхий л нотлох баримтыг хариуцагчаас шаардан гаргуулсан боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичигт дурдсанчлан “...тооцон шилжүүлэхээр хүсэлт гаргасан...” талаарх баримт хэрэгт төдийгүй маргаан бүхий улсын бүртгэлд ч авагдаагүй байна гэдгийг магадлалдаа заасан атлаа хариуцагч талыг буруутгах үндэслэлгүй хэмээн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, дээрх дүгнэлтээс үзэхэд Улсын бүртгэлийн газар хуульд заасан үүргээ биелүүлээгүй, бүрдүүлбэл зохих баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй болох нь давхар нотлогдож байгаа юм.

10. Мөн уг магадлалд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар “Компанийн өрийн хувьцаагаар солих” асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх”-ээр, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.7-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээд энэ хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар... хувь эзэмшигч, үүсгэн байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй...” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд “Х к т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, нэхэмжлэгч Г.А-ийн тайлбарласанчлан өр төлбөрийг охин компанийн хувьцаагаар хаах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлээгүй гэж үзвэл бүртгэлийн өөрчлөлттэй холбогдуулж Орхон аймгийн улсын бүртгэлтэй бус харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулж маргах нь зүйтэй гэж заасан.

11. Тэгвэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 23 дугаар зүйлийн 23.1, Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/39 дугаар “Журам батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар
батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4-т заасан
бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй
бөгөөд тодруулбал, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай
шийдвэр /“Х к т” ХХК болон “Х д” ХХК-ийн эрх барих дээд байгууллагаас “Х д” ХХК-ийн хувьцааг 100 хувь “М ц ш” ХХК-д төлөх төлбөрт шилжүүлэх, компанийн дүрэмд өөрчлөлт оруулах талаар гаргасан шийдвэр/-ийг гаргаж ирүүлээгүй байхад улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь буруу байна. Нэхэмжлэгч Г.А нь “Х к т” ХХК-ийн 33.3 хувийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд тус компанийн дүрэмд “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж заасан тул хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлээгүй байхад компанийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн нь хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлтэй гэж заасан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар Г.А-д огт мэдэгдээгүй, түүний зөвшөөрлийг аваагүй, хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, энэ асуудлыг огт хэлэлцээгүй юм.

12. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байхад бүртгэлийг хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д заасан улсын бүртгэл үнэн зөв байх, нотлох баримтад үндэслэсэн байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

14. Маргаан бүхий бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.5 дахь хэсэгт заасан шүүх, цагдаа, проукурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу хийсэн өөрчлөлт гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Учир нь, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШЗ2016/23549 дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж нь “Х к т” ХХК нь “М ц ш” ХХК-д 702,478,728 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталснаас бус “Х к т” ХХК-ийн охин компани болох “Х д” ХХК-ийн хувьцааг 100 хувь “М ц ш” ХХК-д шилжүүлэх талаар шийдвэрлээгүй тул хуулийн дээрх заалтын дагуу “шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн бүртгэл” гэж үзэхгүй.

15. Харин давж заалдах шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5 дахь хэсэгт заасан “эрх бүхий бусад байгууллага” гэдэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр хамаарах тул хариуцагчийн хувьд шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй байх эрхгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ. Учир нь, хуулийн уг заалт дахь “эрх бүхий бусад байгууллага” гэдэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр хамаарч болох ч энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй /түүний агуулгатай/ салшгүй холбоотой буюу түүнийг биелүүлэх зорилгоор гарсан байх учиртай. Гэтэл энэхүү маргааны хувьд дээр дурдсанчлан, шүүхийн шийдвэр буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШЗ2016/23549 дугаар шүүгчийн захирамж /2016 оны 2979 дугаар гүйцэтгэх хуудас/-аар шийдвэрлэсэн асуудал нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/1635 дугаар мэдэгдлийн агуулгаас өөр байна.

16. Ийнхүү өөр байгаа тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага буюу бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “бүртгэл үнэн зөв, бодитой... байх”; 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн зарчмыг хангах үүднээс мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох” үүргээ хэрэгжүүлэх учиртай. Тодруулбал, уг маргааны хувьд хариуцагч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2015 оны/ 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг, үүнд 23.3.1-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”; 23.3.2-т “эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр” зэргийг “Х д” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч буюу үүсгэн байгуулагч “Х к т” ХХК-иас тодруулж, холбогдох баримтыг гаргуулан авах байжээ.

17. Нөгөөтэйгүүр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ямар нэгэн шийдвэр /мэдэгдэл/ байх нь хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас тухайн харилцаанд хэрэглэгдэх тусгай хуулийг /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-ыг/ хэрэглэхгүй гэх үндэслэл болохгүй юм.

18. Иймд, хариуцагч маргаан бүхий бүртгэлийг хийхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан бичиг баримтын бүрдэл дутуу байхад бүртгэлд өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 19.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;” гэснийг зөрчсөн тул хууль бус гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

19. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай холбогдуулж маргах эрхтэй, гэхдээ ийнхүү маргах эрхтэй гэдгээр хариуцагчийг зөвтгөж, маргаан бүхий бүртгэлийг хууль ёсны гэж үзэхгүй юм.

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0471 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ