Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 026

 

   С.Нургайыпын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00097 дугаар шийдвэртэй, тус аймгийн Цэнгэл сумын 01 дүгээр багт оршин суух, М.А, М.Ас нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайпын нэхэмжлэлтэй, тус аймгийн Цэнгэл сумын 01 дүгээр багт оршин суух, С.Ө, С.Б нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.   

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хашаа хороог засварлахад гарсан хохирол 990.000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч М.Ас нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багт эхнэрийнхээ хамт оршин суудаг. 2017 оны 6 дугаар сард С.Ө, С.Б нар нь М.Ас, М.А нарын малын хороог эвдсэн тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Улмаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын дагуу С.Ө, С.Б нарыг торгон шийтгэсэн. С.Б, С.Ө нар нь тухайн үед М.А, М.Ас нараас уучлалт хүсэж, нийт учирсан хохирлын 1,100,000 төгрөгийг бэлнээр өгч, эвдсэн хашаа хороог хамтдаа барьж өгөхөөр болж амлалт өгч байжээ. Гэтэл С.Б, С.Ө нар нь өгсөн амлалтаа биелүүлээгүй тул А, Ас нар нь 3 хүнийг хөлслөн авч хашаа хороог засварласан байна. Хашаа хороо засварлан барихын тулд 390,000 төгрөгийг бензинд, 3 хүнийг хөлслөн ажиллуулахад 600,000 төгрөг зарцуулсан байна. Иймд хашаа хороог засварласантай холбоотой гарсан зардал болох 990,000 төгрөгийг С.Б, С.Ө нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад: “2017 оны 6 дугаар сард С.Ө, С.Б нар нь М.Ас, М.А нарын малын хороог эвдсэн тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж улмаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын дагуу С.Ө, С.Б нарыг торгон шийтгэсэн. С.Б, С.Ө нар нь тухайн үед М.А, М.Ас нараас уучлалт хүсэж, нийт учирсан хохирлын 1,100,000 төгрөгийг бэлнээр өгч, тухайн үед ялаа хөнгөрүүлэх, хохиролгүй гэсэн баримт авахын тулд "эвдсэн хашаа хороог барихад туслах болно" гэж гараар баримт бичиж өгч байжээ. Авга ах нар нь болох Ө, Б нарын өгсөн амлалт, бичгээр өгсөн баримтад итгэсэн учраас тэдний хүссэний дагуу хохиролгүй болсон гэж эрүүгийн хэрэгт баримт өгч байжээ. Гэтэл С.Б, Ө нар нь өгсөн амлалтаа биелүүлээгүй тул А, Ас нар нь 3 хүнийг хөлслөн авч хашаа хороог засварласан. Тэдгээрийн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гарсан зардлаа шүүхэд нэхэмжилж байна. Хашаа хороо засварлан барихын тулд 390000 төгрөгийг бензинд, 3 хүнийг хөлслөн ажиллуулахад 600000 төгрөг зарцуулсан байна. Иймд хашаа хороог засварласантай холбоотой гарсан зардал болох 990.000.00 төгрөгийг Б, Ө нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч нарын тайлбарт: “1. С.Ө, С.Б бид хоёр өвөлжөөний газрын маргаан болон хувийн таарамжгүй харьцаанаас болж 2017 оны 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд хохирогч М.А-ын эзэмшлийн 3 хашаа, 2 амбаарыг хууль бусаар эвдэж гэмтээн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Тухайн үед С.Ө, С.Б бид 2 гэмт хэрэг үйлдэж эвдэн сүйтгэсэн хохирогч М.Аы 3 хашаа, 2 амбаарыг байгаа байдалд нь сэргээн босгож тухайн газарт барьж босгож хэвийн байдалд оруулсан. Түүнээс гадна мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.А нь янз бүрийн нотлох баримт гаргаж хохиролд нэхэмжилсэн бусад зардал болох 1.100.000 төгрөгийг С.Ө, С.Б бид хоёр сайн дураар төлж, хохирогчийг хохиролгүй болгосон.

2. С.Ө, С.Б бид хоёрын гэмт хэрэг үйлдэх замаар эвдэж гэмтээсэн 3 хашаа, 2 амбаарын хууль ёсны хохирогч, иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд Муратын Аыг тогтоосон. Харин М.Ас-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоол, захирамж гаргаж тогтоогоогүй тул хохирол хор уршиг нэхэмжлэх эрхгүй. М.Ас нь тухайн эрүүгийн хэргийн оролцогч биш тул иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхгүй.

3. С.Ө, С.Б бид хоёрыг гэм буруутайд тооцсон Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 тоот шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, гаргуулах зардалгүй гэж тодорхой заасан ба хохирогч М.А хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Уг шийтгэх тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа.

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдээд байна.

5. М.Ас-ийн 3 хүнийг хөлслөн авч, хашаа хороо засварласан гэх асуудал С.Ө, С.Б бид хоёрт огт хамааралгүй бөгөөд тэд Цэнгэл сумын төвөөс хүний хашаа хорооны шинэ материалыг худалдан авч урд байсан хашаа хороог өргөтгөж, цоо шинээр хашаа хороо барьсан. М.Ас-ийн шинээр барьж, газар эзэмших үүднээс томсгож барьсан эд хөрөнгө бидний гэм бурууд огт хамааралгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар М.Ас-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыпын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхашын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад өгсөн тайлбарт: “Хариуцагч С.Ө, С.Б нар нь 2017 оны  6 дугаар сарын 13-14-ний өдөр М.А, М.Ас нарын хамтын эзэмшилд байсан 3 тасалгаа бүхий модон хашаа, 2 тооны модон амбаар (пүнз) -ыг эвдэж гэмтээсэн хэргийн учир Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, торгох ялаар шийтгүүлсэн. Уг хэргийн хохирогчоор мөрдөгчийн тогтоолоор тогтоогдсон хохирогч М.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцоонд нийт 1.100.000 төгрөгийн хохирлын тооцоог нотлох баримтын хүрээнд гаргаж өгснийг мөрдөн байцаалтын шатанд одоогийн хариуцагч С.Ө, С. Б нараас төлүүлж авсан болох нь 2018 оны 4 дүгээр 26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 55 дугаартай яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтийн хохирогч М.А-ын мэдүүлэгт: “... тугал оруулдаг 4x4 метрийн модон амбаар, ишиг хурга оруулдаг 4x4 метрийн модон амбаар, өвс буулгадаг, морь оруулдаг зэрэг дотроо 3 тасалгаатай хашаа зэргийг бүхэлд буулгаж, бүх моднуудыг 9 хэсэг болгон хурааж тавьсан байна. Би С.Ө, С.Б нарыг уучилж 1.100.000 төгрөг авсан. ... Хохирол барагдуулж, уучлалт гуйсан, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй" гэжээ. Энэ нь хохирогч нарын модон хашаа, модон амбаар (малын пүнз) зэрэг “модон хийцтэй” эд хөрөнгийг С.Ө, С.Б нар эвдэж, бүх эд материалыг бүрэн хэмжээгээр хэргийн газарт хурааж тавьсан болохыг баталж байна.Өөрөөр хэлбэл уг эд хөрөнгийг эвдсэн боловч эд анги, бүрдэл хэсэг бүрэн байсныг нотолж байна.

Хариуцагч С.Ө, С.Б нар нь нэхэмжлэгч талын модон хашаа, хоёр модон амбаарыг (пүнз) эвдэж, материалыг хурааж тавиад, дараа нь өмнөх байдалд сэргээн босгосон байна. Элдэв хохиролд 1.100.000 төгрөг нэхэмжилснийг төлж өгч барагдуулсан байхад М.А, М.Ас нарын ээж Т.З нь 3 хүн хөлслөн авч 2 тооны модон байшин бариулж, чулуугаар 10 метр хашааны нэг талыг татуулсныг далимдуулж, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Хөлсний ажилчид гэх 3 хүний тодорхойлолт бол “эвдсэн хашаа хороо, модон амбаар (пүнз) бариагүй болохыг нотолж байна. Энэ нь нэхэмжлэгч тал “хуурамч нотлох баримт” бүрдүүлж байгааг илчилж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэж заасан тул “хөлсний 3 хүний тодорхойлолт”-ыг үнэн зөв, бодит байдлаар, үгийн утга агуулгаар нь эргэлзээгүй үнэлэхийг хүснэ.

С.Ө, С.Б нарт холбогдох Эрүүгийн хэргийн хохирогчоор мөрдөгчийн тогтоолоор М.Аыг тогтоосон. Харин М.Ас нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Эрүүгийн хэрэгт хохирогч, Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй тул нэхэмжлэгч биш гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийг шүүх уг эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан учраас С.Ө, С.Б нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн, уг шийдвэр одоогоор хүчин төгөлдөр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэж хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00097 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Ас, М.А нарын хариуцагч С.Б, С.Ө нараас “Хашаа хороог засварласантай холбоотой гарсан хохирол 990.000.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

           

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолд баригдаж маргааныг буруу шийдвэрлэсэн. Хариуцагч С.Б, С.Ө нар нэхэмжлэгч М.Аы малын хашаа, амбааруудыг эвдсэний дараа түүний хохирлыг арилгах талаар дараах байдлаар харилцан тохиролцсон болно. Үүнд "бараа материалын үнэ болох 1,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр малын хашаа, амбаарыг хамтдаа засварлаж өгөхөөр болж" харилцан тохиролцсон билээ. Гэтэл С.Б, С.Ө нар амбаарыг хамтдаа засварлах үүргээ биелүүлээгүй. Үүнээс болж М.А, М.Ас нар өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн боловч шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгосон юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд Иргэний хуулийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг зохицуулсан заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

            М.Ас, М.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч С.Нургайып нь хариуцагч С.Б, С.Ө нарт холбогдуулж “гэм хорын хохирол 990.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл” гаргаж, үндэслэлээ “хариуцагч С.Б, С.Ө нар нь М.Ас, М.А нарын хашаа хороог эвдсэн тул тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч нарыг торгож шийтгэсэн ба хариуцагч нар нь эвдсэн хашаа хороог хамтдаа барьж өгөхөөр болсон боловч амлалтаа биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хүн хөлслөн хашаа хороогоо засварлахад гарсан зардлыг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж, харин хариуцагч нар “бид эвдэж сүйтгэсэн хашаагаа барьж босгож өгсөн, биднийг анхан шатны шүүхийн тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоосон, нэхэмжлэгчийн ээж Т.З нь 3 хүн хөлслөн авч, 2 тооны модон байшин бариулж, чулуугаар 10 метр хашааны нэг талыг татуулсныг далимдуулж, үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор С.Ө, С.Б нар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр баг, Хаг нуур, Мухар гэх газар байрлах нэхэмжлэгч М.Аы эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хариуцагч нар хохирогч М.Ад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан нь анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, түүнд тусгасан хохирогч М.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “би С.Б, С.Ө нарыг уучилж, 1,100,000 төгрөг авсан. Бусад учирсан хохирлуудыг уучилсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, С.Бийн үйлдсэн баримт /хэргийн 6, 104 дүгээр тал/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул М.Аы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол барагдуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна. Түүнчлэн М.Ас-ийг дээрх гэмт хэрэгт холбогдуулан хохирогчоор тогтоогоогүй, түүний эд хөрөнгө устсан, гэмтсэн талаар болон хариуцагч нар гэм хор учруулсан нь тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч талын хавтаст хэрэгт өгсөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 4 дүгээр хуудас/, Т.Х, Б.Б, Ц.Б нарын тодорхойлолт /хэргийн 8 дугаар хуудас/, “НИК” ХХК-аас 390000.00 төгрөгийн А-80 шатахууныг авсан гэх баримт /хэргийн 5 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар 2 хүн хөлсөлж,  2 модон байшин барьж, 10 метрийн чулуу тавьж, 600000.00 төгрөгийн хөлс авсан, 390000.00 төгрөгийн үнэ бүхий А-80 шатахууныг авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч тухайн засварласан гэх байшин, уг ажил нь хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас М.Ас, М.А нарт  учирсан хохирол, хор уршигтай холбоотой эсэх нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч С.Нургайыпын “С.Б, С.Ө нар нь амбаарыг хамтдаа засварлаж өгөхөөр гарын үсэгтэй баримт бичиж өгсөн бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй учраас өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх С.Б, С.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолд баригдаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг судлан, хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан С.Бийн гарын үсэгтэй баримт, 104 дүгээр хуудаст авагдсан уг баримтын орчуулгаас  харахад 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч С.Бийн бичиж өгсөн баримт байна. Энэхүү баримт нь дээр дурдсанчлан бусад баримтуудтай хамт нэхэмжлэлийг үгүйсгэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 130/ШЗ2020/00119 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Аыг хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй боловч шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн эхний заалтаар түүнийг “хамтран хариуцагчаар татан оролцуулсугай.” гэж бичиж, техникийн шинжтэй зөрчил гаргасныг тэмдэглэж байна.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.310.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.310.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА                                                         

С.ӨМИРБЕК