Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01777

 

“Өнөр-20” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02148 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Өнөр-20” СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч П.Лхагвадорж, С.Туул нарт холбогдуулан гаргасан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2 295 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан

Хариуцагч нарын өмгөөлөгч О.Аззаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөр-20” СӨХ нь С.Туултай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 26 тоот гэрээ байгуулж, 1 дүгээр орцны 0 тоот, 18 м.кв талбайг 1 сарын 130 000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэхээр, хэрэв тогтоосон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд 0,2 хувийн алданги төлөхөөр тохирсон. С.Туул нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 33 сарын түрээсийн гэрээний дагуу 0 тоотыг ашигласны төлбөр 4 290 000 төгрөгийн төлбөр төлөх ёстой. Мөн П.Лхагвадорж нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Өнөр-20” СӨХ-той гэрээ байгуулж 20 дугаар байрны 1 дүгээр орцны подвалыг 1 сарын 200 000 төгрөгөөр түрээслэсэн. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж улмаар талууд гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах нөхцөлгүйгээр гэрээгээ үргэлжлүүлэн сунгаад 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1 жил 6 сарын хугацаанд талууд дахин сунгасан. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээг цуцлах хүсэлт гаргаснаар энэхүү гэрээг цуцалсан. П.Лхагвадорж нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 32 сарын төлбөрт 200 000 төгрөгөөр тооцож 6 400 000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй. С.Туул, П.Лхагвасүрэн нар 10 690 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх байснаас Төрийн банкны дансны хуулгаар тооцоход 7 190 000 төгрөгийг дансаар төлсөн. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 130 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 75 000 төгрөг, мөн Төрийн банкны дансанд 1 000 000 төгрөг, нийт 1 205 000 төгрөгийг төлсөн тул хасаж тооцон 2 295 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч буюу П.Лхагвадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Туул миний бие 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 10 сар хүртэл нийт 33 сарын хугацаанд 0 тоотыг түрээсэлсэн. П.Лхагвадорж нь подвалийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 09 сар хүртэл нийт 32 сар биш 31,5 сар түрээслэсэн. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж түрээслэсэн учир хагас сарын түрээс 75 000 төгрөгийг анх гэрээ байгуулахдаа өгч дараа сарын 01-ний өдрөөс эхлэн 0 тоотын түрээстэй хамт төлөхөөр тохиролцсон. 0 тоотын түрээсийн төлбөр сарын 130 000 төгрөг, подвалыг сарын 150 000 төгрөгөөр түрээлэсэн. Бид сард 280 000 төгрөг төлсөн. Подвалын түрээсийн гэрээнд 200 000 төгрөгөөр тохирсон ч 150 000 төгрөгөөр төлдөг байсныг тухайн үеийн захирал М.Баярсүрэн гэрчилнэ. 0 тоотын түрээсийн төлбөрийг 130 000 төгрөгөөр тооцож 33 сарын турш төлсөн. 2017 оны 02 дугаар сарын 130 000 төгрөг, 2017 оны 06, 07 сарын төлбөр 260 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 130 000 төгрөгийг тус тус бэлнээр өгсөн. Харин подвалын түрээсийн гэрээг 200 000 төгрөгөөр байгуулсан боловч үүдний хэсгийг ашиглаагүй тул 150 000 төгрөгөөр тооцож төлөхөөр болсон. 31,5 сарын 1 сарын 50 000 төгрөгийн зөрүү 1 575 000 төгрөг болж байна. Мөн 2017 оны 3 дугаар сарын түрээс 150 000 төгрөгийн төлбөрт подвалын төмөр хаалгыг нь сольж бүргэд хаалга хийж, төмөр хашлага зэргийг тооцсон. Энэ талаар СӨХ-ны дарга М.Баярсүрэнтэй тохиролцсон. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр подвалыг хүлээлгэн өгсөн. 10 дугаар сарын түрээсийг бүхэлд нь нэхэмжилж зөрүү 50 000 төгрөг гарч байна. Мөн 0 тоот болон подвалыг түрээслэхэд угаалтуур, суултуур байгаагүй тул 727 000 төгрөгөөр тохижилт, засвар, засан сайжруулалт хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Лхагвадорж, С.Туул нарт холбогдох 2 295 000 төгрөг гаргуулах тухай “Өнөр-20” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Санхүүгийн баримтыг үндэслэн шийдвэр гаргах байсан. Гэрч М.Баярсүрэн ажил хүлээлгэн өгөхдөө санхүүгийн баримтуудыг хүлээлгэн өгөөгүй, 2013-2019 оны 9 дүгээр сар хүртэлх санхүүгийн баримтыг “Өнөр-20”СӨХ нь өмнөх захирал М.Баярсүрэн, нягтлан бодогч Ш.Рагчаа нараас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгч мэдэж байсан. “Өнөр-20” СӨХ нь өмнөх гүйцэтгэх захирал болон нягтлан бодогч Ш.Рагчаа нараас санхүүгийн ноцтой зөрчлөөс учирсан хохирол 22 596 000 төгрөг нэхэгдэж байгаа тул СӨХ-г хохироох зорилгоор мэдүүлэг өгсөн байхад санхүүгийн баримт байгаа мэтээр дүгнэсэн. 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээнд 1 сарын төлбөрийг 200 000 төгрөг гэж тохиролцсон. Гэрээг 2 удаа сунгасан байхад шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Хариуцагч мөнгө төлсөн талаар нотлох үүрэгтэй байтал шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч 2017 оноос хойшх Төрийн банкны дахь “Өнөр-20” СӨХ-ны эзэмшлийн 103500002891 тоот дансанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хариуцагч талаас “Манай түрээсийн төлбөр төлсөн үнийн дүнтэй таарч байна” гэсэн учраас хүсэлтээсээ татгалзсан нь хурлын тэмдэглэлд тодорхой байгаа болно. Шүүх “... 2017оны 3 дугаар сарын түрээсийг 150 000 төгрөгөөр хаалга хийлгэсэн. С.Туулын 2017 оны 6, 7 дугаар сарын түрээс 260 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөр 280 000 төгрөгийг бэлнээр нийт 690 000 төгрөг төлсөн үйл баримтыг үгүйсгээгүй" гэж дүгнэсэн нь буруу. П.Лхагвадорж, С.Туул нар нь М.Баярсүрэнд түрээсийн төлбөрөө бэлнээр төлсөн бол санхүүгийн баримт тэдэнд байх учиртай.

П.Лхагвадорж, С.Туул нарын түрээсийн төлбөр төлсөн санхүүгийн баримт “Өнөр-20” СӨХ нь өмнөх гүйцэтгэх захирал М.Баярсүрэн болон нягтлан бодогч Ш.Рагчаа нарт байгаа гэж шүүх дүгнэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Өнөр-20” СӨХ нь хариуцагч П.Лхагвасүрэн, С.Туул нарт холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2 295 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Өнөр-20” СӨХ хариуцагч П.Лхагвадоржтой 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны зориулалтын бус байр түрээслэх гэрээ байгуулж 1 дүгээр орцны подвалын 2 жижиг өрөөг нэг сарын хөлс 200 000 төгрөгөөр, мөн хариуцагч С.Туултай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулж мөн орцны 0 тоот 18 м.кв талбайг нэг сарын 130 000 төгрөгөөр тус тус 1 жилийн хугацаатай хөлслөхөөр тохиролцон, улмаар талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь С.Туултай байгуулсан гэрээний хөлсний хэмжээний талаар маргаагүй, харин хариуцагч П.Лхагвадоржтой подвалын 2 жижиг өрөөг нэг сарын 200 000 төгрөгөөр хөлслөхөөр гэрээ байгуулсан байхад тэрээр 150 000 төгрөгөөр тооцож хөлс төлсөн, мөн хөлслөгч нар нийт 10 190 000 төгрөг төлөхөөс 8 395 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 2 295 000 төгрөгийг гаргуулна гэсэн агуулга бүхий шаардлага гаргасан. Харин хариуцагч П.Лхагвадорж нь подвалын түрээсийн гэрээг 200 000 төгрөгөөр байгуулсан боловч үүдний хэсгийг ашиглаагүй тул подвалын 2 жижиг өрөөг нэг сарын 150 000 төгрөгөөр хөлслөж, хөлсийг бэлнээр өгсөн, мөн подвалын хаалга, гадна хашлаганы үнийг төлбөрт тооцсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч “Өнөр-20” СӨХ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу хөлслөгч С.Туул, П.Лхагвадорж нарын эзэмшил, ашиглалтад подвалын 2 жижиг өрөө болон 0 тоот 18 м.кв талбайг шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас эд хөрөнгө хөлс гэрээний хөлсийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар шаардах эрхтэй.

Хэргийн 20, 30-32 дахь талд авагдсан бэлэн мөнгөний орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбараар хариуцагч С.Туул нь өөрийн түрээсэлсэн 0 тоотын 18 м.кв талбайг нэг сарын 130 000 төгрөгөөр тооцож 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 33 сарын хөлс 4 290 000 төгрөг төлөх, хариуцагч П.Лхагвадорж түрээсийн талбайг сарын 150 000 төгрөгөөр тооцож 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 32 сарын хөлс 4 800 000 төгрөг, нийт 9 090 000 төгрөг төлөхөөс хариуцагч нар нийт 8 395 000 төгрөг төлсөн нь тогтоогджээ. /хх-20, 30-32/

Мөн нэхэмжлэгч “Өнөр-20” СӨХ, хариуцагч П.Лхагвадорж нар подвалын 2 жижиг өрөөг нэг сарын 200 000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцсон боловч 150 000 төгрөгөөр тооцож хөлс төлж байсан болох нь хэрэгт авагдсан С.Туул, П.Лхагвдорж нараас түрээсийн төлбөрт сард нийт 280 000 төгрөгийг хамт төлж байсан төлбөрийн баримт болон гэрч М.Баярсүрэнгийн мэдүүлэгээр тогтоогдсон байна. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасан тул зохигч хөлсний хэмжээг өөрчилсөн тухай гэрээнд заавал тусгахыг шаардахгүй юм. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод илтгэлээр үнэлнэ гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх “... П.Лхагвадоржийн 150 000 төгрөгөөр хийлгэсэн подвалын төмөр хаалгыг 2017 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрт тооцож авсан, 2017 оны 6, 7 дугаар саруудын хөлс 260 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын хөлс 280 000 төгрөгийг би бэлнээр авсан” гэх гэрч М.Баярсүрэнгийн мэдүүлгийг үндэслэн, хариуцагч нарын төлбөрөөс тухайлбал 690 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь: гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжыг заах учиртай. Түрээсийн төлбөрийг СӨХ-д төлсөн гэдгийг зөвхөн гэрчийн мэдүүлгээр бус өөр баримтаар тухайлбал, санхүүгийн баримтаар давхар нотлох ёстой байсан. Иймээс түрээсийн төлбөрт бэлнээр төлсөн гэх 540 000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцсон нь буруу байна. Мөн хэзээ, хэнд хүлээлгэж өгсөн баримтгүй тул подвалын хаалга хийсэн төлбөрийг хассан нь буруу юм. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул нийт 690 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй .

Дээрх үндэслэлээр хариуцагч С.Туул, П.Лхагвадорж нараас 2017 оны 3 дугаар сарын хөлс буюу хаалганы үнэ 150 000 төгрөг, 2017 оны 6, 7 дугаар саруудын хөлс 260 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын хөлс 280 000 төгрөг нийт 690 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Өнөр-20” СӨХ-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Лхагвадорж, С.Туул нараас 690 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Өнөр-20” СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 605 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Лхагвадорж, С.Туул нараас 21 110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Өнөр-20” СӨХ-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөөлөгчийн төлсөн 51 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                               

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                                 ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                   Д.БАЙГАЛМАА