Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 039

 

К.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00261 дүгээр шийдвэртэй,  Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух К.Нийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг тус аймгийн Татварын хэлтэст холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.             

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч К.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ш.Е, Г.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө болох 15.529.530.00 төгрөг гаргуулах тухай.   

Нэхэмжлэлд: “Миний бие 1981 оны 8 дугаар сараас эхлэн төрийн үйлчилгээний албанд 30 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан.1981 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ой, агнуурын аж ахуйн газарт мод үржүүлгийн ажилчнаар,1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Барилга трестийн материал үйлдвэрийн уурын зуухны гачгериар ажилласан. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1991 оны үед нэгдэл хувьчлагдаж хувьцаат компани болсон ба “Улаан туг” ХК-нд 1991-1992 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. Үүнээс хойш бүх нийтээрээ ажилгүйдэлд өртөж 5 жил ажилгүй байсан бөгөөд уг хугацааг төрөөс ажилласнаар нь тооцох тухай хууль гарган шийдвэрлэж байсан. Улмаар 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Байгаль орчны албанд байгаль хамгаалагчаар ажилласан. 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-өлгий аймгийн Татварын хэлтсийн манаачаар ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг төрд 30 жил ажиллуулж байгаад өндөр насны тэтгэвэрт гаргасан бөгөөд тэтгэвэрт гарахдаа нэг ч төгрөгийн тэтгэмж олгоогүйд гомдолтой. Миний бие төрийн албанд 30 жил ажилласан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 60.1-т зааснаар 30 сарын тэтгэмжийн мөнгө болох 15.529.530 төгрөгийг авах ёстой гэж үзэж байна. Иймд Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө болох 15.529.530 төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь татварын хэлтсээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор заасан боловч Татварын ерөнхий газраас баталсан бүтэц, орон тоо, ирүүлсэн чиглэлийн дагуу татварын албанд ажиллаж байгаа бүх жижүүрийн орон тоог цомхтгож, гэрээт харуулд шилжүүлсэнтэй холбогдуулан тус хэлтэст жижүүрийн орон тоонд ажиллаж байсан байгууллагын үндсэн ажилтан болох К.Н, Х.М, С.Б, А.Х нарыг хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж тус бүрд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байна. Урьд ажиллаж байсан жижүүрүүдийн хүсэлт, ар гэрийн байдлыг харгалзан үзэж, байгууллагын харуулын ажлыг гэрээт харуулын албанд шилжүүлэлгүй урьд ажиллаж байсан жижүүр болох К.Н, Х.М, С.Б, А.Х нарыг хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээт харуулаар томилон ажиллуулж байгаа бөгөөд гэрээт харуулаар ажиллаж байсан К.Н нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учир хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар гэрээт харуулын ажлаас чөлөөлсөн. К.Н нь үндсэн ажлын байрнаас 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор чөлөөлөгдөж холбогдох нэг удаагийн буцалтгүй тусламж нь олгогдсон тул дахиж нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд К.Нын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00261 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж 8035362 (найман сая гучин таван мянга гурван зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.Н-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7494168 (долоон сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран найман) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор заасан боловч Татварын ерөнхий газраас баталсан бүтэц орон тоо, ирүүлсэн чиглэлийн дагуу татварын албанд ажиллаж байгаа бүх жижүүрүүдийн орон тоог цомхтгож, гэрээт харуулд шилжүүлсэнтэй холбогдуулан тус хэлтэст жижүүрийн орон тоонд ажиллаж байсан байгууллагын үндсэн ажилтан болох К.Н, Х.М, С.Б, А.Х нарыг хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж тус бүрд нь 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгож урьд ажиллаж байсан жижүүрүүдийн хүсэлт, ар гэрийн байдлыг харгалзан үзэж байгууллагын харуулын ажлыг гэрээт харуулын албанд шилжүүлэлгүй урьд ажиллаж байсан жижүүр болох К.Н, Х.М, С.Б, А.Х нарыг хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээт харуулаар томилон ажиллуулж байгаа бөгөөд гэрээт харуулаар ажиллаж байсан К.Н нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учир хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар гэрээт харуулын ажлаас чөлөөлсөн. Гэвч анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хэд хэдэн заалтыг баримтлан байгууллагын үндсэн ажилтан буюу төрийн үйлчилгээний албан тушаалаас хэлтсийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар К.Нийг үндсэн ажилтнаас чөлөөлсөн тушаалыг үл тоомсорлон 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласнаар тооцож, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулахаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна Учир нь: Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор Төсвийн байгууллагын зарим ажил үйлчилгээг гэрээний үндсэн дээр гэрээгээр гүйцэтгүүлэх талаар зохицуулалтыг тусгасан болохоос төрийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар тогтоолд тусгаагүй. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд” гэсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хавсралтын 6.1-д “гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ, албан тушаалын жагсаалтад гэрээгээр гүйцэтгэх албан тушаалд жижүүр, манаач, сахиул” гэж багтааж өгсөн бөгөөд тогтоолын хавсралтын 3.2-т “гэрээгээр ажиллах ажилчдыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор төрийн үйлчилгээний албан хаагчдыг эхний ээлжид баг болгон зохион байгуулж, төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үйлчилгээ гүйцэтгэж болно” гэж заасан учир жижүүрүүдийг үндсэн ажлаас чөлөөлж, хөлсөөр ажиллуулах тушаал гаргасан ба ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

           

Нэхэмжлэгч К.Н нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст холбогдуулан төрийн албан хаагчид  өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө 15.529.530.00 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “1981 оны 8 дугаар сараас эхлэн төрийн үйлчилгээний албанд 30 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан, тэтгэвэрт гарахдаа нэг ч төгрөгийн тэтгэмж олгоогүйд гомдолтой...Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  нэг удаагийн буцалтгүй тусламж 30 сарын тэтгэмжийн мөнгө авах ёстой” гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч  “К.Нийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж нэг удаагийн буцалтгүй тусламж олгогдсон тул дахин олгох хууль эрх зүйн үндэслэлгүй” гэж шүүхэд маргасан байна.

 

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. К.Н нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манаачаар ажиллаж тус хэлтсийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар гэрээт харуулаар ажиллуулж байгаад  Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар К.Нийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэх үндэслэлээр гэрээт харуулын ажлаас чөлөөлжээ.

 

             Анхан шатны шүүх К.Нийг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст жижүүр, гэрээт харуулаар ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн  нь нотлогдсон, Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл”-ийн 3.8-д “...гэрээгээр ажиллах ажилчдын төрөөс эдэлж байсан хөнгөлөлт (байр, хоол, унааны зардал гэх мэт)-ийг хэвээр үлдээнэ...” гэж заасан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэж, К.Нийг Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд  заасан төрийн үйлчилгээний албан тушаалд 18 жил 3 сар 2 хоног ажилласан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж үзэж сүүлийн 3 жилийн цалингийн  дунджаар үндсэн цалинг тооцож, 8.035.362.00 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан 18 жил 3 сар 2 хоногт маргаагүй байна.

 

            Хариуцагчийн “...анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолын хэд хэдэн заалтыг баримтлан байгууллагын үндсэн ажилтан буюу төрийн үйлчилгээний албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг үл тоомсорлон 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл төрийн үйлчилгээний албан тушаалд ажилласнаар тооцож, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулахаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй...” гэх давж заалдах гомдолд дурдсанаас үзвэл анхан шатны К.Нийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр энэ үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тогтоогдсон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул давж заалдах гомдол нь нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

 

            Төрийн албаны тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 57.2.2-т заасан нэмэгдэл хөлс, мөн хуулийн 57.2.4-т заасан төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, мөн хуулийн 60.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...” гэж, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.6-д “Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус хуульчилжээ. Нэхэмжлэгч К.Н нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

Д.КӨБЕШ