Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 261

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суудаг, Б овогт К-гийн Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б аймгийн Т хэлтэс холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, хариуцагч Б аймгийн Т хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е, Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө болох 15529530 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 оны 8 дугаар сараас эхлэн төрийн үйлчилгээний албанд 30 жил ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Тодруулбал, 1981 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Ой, агнуурын аж ахуйн газарт мод үржүүлгийн ажилчнаар анхны ажлын гараагаа эхэлж байсан ба 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өөр газарт ажиллахаар болж чөлөөлөгдөж байсан. 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Барилга трестийн материал үйлдвэрийн уурын зуухны качгераар томилогдон ажиллаж байгаад 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хөдөө шилжин ажиллахаар болж чөлөөлөгдөж байв. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1991 оны үед нэгдэл хувьчлагдаж хувьцаат компани болсон ба Улаан туг ХК-нд 1991-1992 оны 12 дугаар сар хүртэл ажилласан юм. Үүнээс хойш бүх нийтээрээ ажилгүйдэлд өртөж 5 жил ажилгүй байсан бөгөөд уг хугацааг төрөөс ажилласнаар нь тооцох тухай хууль гаргасан шийдвэрлэж байсан. Улмаар 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Байгаль орчны албанд байгаль хамгаалагчаар ажилласан. 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-өлгий аймгийн Татварын хэлтсийн манаачаар ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Намайг төрд 30 жил ажиллуулж байгаад өндөр насны тэтгэвэрт гаргасан бөгөөд тэтгэвэрт гарахдаа нэг ч төгрөгний тэтгэмж олгоогүйд гомдолтой байна. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Миний бие төрийн албанд 30 жил ажилласан бөгөөд 30 сарын тэтгэмжийн мөнгө болох 15529530 төгрөгийг авах ёстой гэж үзэж байна. Цалингийн дунджийг 517651 төгрөг гэж тооцож 30 сараар үржүүлж дээрх тооцоог гаргасан. Иймд Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгө болох 15529530 төгрөгийг Б аймаг дахь Т хэлтсээс гаргуулж өгнө үү. Энэхүү нэхэмжлэл маань Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно гэжээ.

Хариуцагч Б аймгийн Т хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ф шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний бие төрийн албанд 30 жил түүний дотор аймгийн татварын хэлтэст 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл жижүүрээр ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарах болж ажлаас чөлөөлөгдсөн гэжээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн үйлчилгээний албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор заасан боловч Татварын ерөнхий газраас баталсан бүтэц, орон тоо, ирүүлсэн чиглэлийн дагуу татварын албанд ажиллаж байгаа бүх жижүүрийн орон тоог цомтгож, гэрээт харуулд шилжүүлсэнтэй холбогдуулан тус хэлтэст жижүүрийн орон тоонд ажиллаж байсан байгууллагын үндсэн ажилтан болох Н, М, Б, Х нарыг хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж тус бүрд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байна. Урьд ажиллаж байсан жижүүрүүдийн хүсэлт, ар гэрийн байдлыг харгалзан үзэж байгууллагын харуулын ажлыг гэрээт харуулын албанд шилжүүлэлгүй урьд ажиллаж байсан жижүүр болох Н, М, Б, Х нарыг хэлтсийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар гэрээгээр ажил гүйцэтгэх гэрээт харуулаар томилон ажиллуулж байгаа бөгөөд гэрээт харуулаар ажиллаж байсан Н нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учир хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар гэрээт харуулын ажлаас чөлөөлсөн байна. Н нь үндсэн ажлын байрнаас 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр албан ёсоор чөлөөлөгдөж холбогдох нэг удаагийн буцалтгүй тусламж нь олгогдсон тул дахиж нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Миний бие улсад 36 жил 2 сар ажилласан. Хууль журмын дагуу тэтгэмж авах байх гэж бодож байсан ч аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өгөхгүй байна. Надад чи гэрээт ажилтан тул тэтгэмж өгөхгүй гэж хэлсэн тул шүүхэд хандсан. Төрийн албаны тухай хуулийн дагуу 60 насанд хүрсэн хүн 1 удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж заасан тул шүүхэд хандсан. Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг 3.1-т төрийн албанд ажилласанд тооцох хугацааг заасан. Тус журмын 3.1.1-т ..Төрийн албаны тухай хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацааг оруулж тооцно гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т ...төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал... гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэж байгаа ч туслах ажилтнаар авч ажиллуулж, харуул хамгаалалтын чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байсан гэдэг үндэслэлээр багтаж байгаа гэж үзэж байна. Мөн энэ журмын 2.1-т тухайн албан тушаалтны сүүлийн 3 жилийн цалингийн дунджаар тооцоо гаргаж ажилласан жилээр үржүүлж тэтгэврийг олгоно гэж заасан. Үүний дагуу тооцоо гаргаж сүүлийн 3 жилийн цалингийн дундаж 517651 төгрөгийг төрийн албанд ажилласан 30 жилээр үржүүлэн нийтдээ 15529530 төгрөгийг аймгийн Т хэлтсээс олгож өгнө үү гэв.

Хариуцагч Б аймгийн Т хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ би төрийн албанд 30 гаруй жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахдаа Төрийн албаны тухай хуулийн дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийг авч чадаагүй гэж бичсэн байна. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын тушаалаар 2009 оны 10 дугаар сарын эхлэн жижүүр албан тушаалд томилогдон ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлттэй холбоотой Татварын Ерөнхий газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу түүнийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хэлтсийн даргын Б/15 дугаар тушаалаар жижүүрийн ажлаас чөлөөлсөн. Нийт 4 жижүүр ажиллаж байсан ба тэднийг бүгдийг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл хүргүүлж, Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан. Н-ийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/195 дугаар тушаалаар зохион байгуулалт, бүтэц орон тоог баталсан ба Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн орон тоог 38 орон тоог баталж Захиргаа, хууль эрх зүйн тасагт харьяалагдаж байсан жижүүрийн орон тоо гэх хэсэгт орон тоог хасч 0 гэж баталсан. Өөрөөр хэлбэл, жижүүрийн орон тоог цомхотгож, үндсэн ажилтнаас хассан. Жижүүрийн үүргийг гүйцэтгүүлэхдээ гэрээний үндсэн дээр харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаар гүйцэтгүүлэх тухай чиглэлийг Татварын Ерөнхий газраас ирүүлсэн ба харуул хамгаалалтын зардалд сард 1800000 төгрөг төсөвлөсөн байсан. Гэвч бид тус байгууллагад жижүүрээр ажиллаж байсан 4 хүний гаргасан хүсэлт болон тэдний ажиллаж байсан ажлын үр дүн, олон жил ажилласан байдлыг харгалзан үзэж цаашдаа тэднийг гэрээгээр буюу хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллуулъя гэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл тус байгууллагад жижүүрээр ажиллаж байсан 4 хүнтэй Иргэний хуульд заасны дагуу хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж ажиллуулсан. Өөрөөр хэлбэл, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай гэрээ байгуулахгүйгээр, эдгээр хүмүүсээр уг үйл ажиллагааг эрхлүүлж байсан. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрч тэтгэвэрт гарахад түүнд үндсэн ажилтан биш тул тэтгэмж өгөх боломжгүй гэх дүгнэлт гарсан. 2009 оноос 2019 оны 04 дүгээр сар хүртэл нэхэмжлэгч үндсэн ажилтнаар ажиллаж байсан. Нэхэмжлэгч 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сараас 03-ны өдөр хүртэл хөлсөөр ажиллаж байсан. Иймд тэтгэмж олгох боломжгүй байсан. 2019 онд ажлаас чөлөөлөгдөхдөө тэтгэвэрт гарах насанд хүрээгүй байсан. Мөн уг журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс эхэлж дагаж мөрдөж байгаа тул тэтгэмж олгох боломжгүй гэв.

Хариуцагч Б аймгийн Т хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н-ийг гэрээт ажилтнаар шилжүүлэх үед Татварын Ерөнхий газраас өгсөн чиглэл, шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид үндсэн цалингийн 3 сарын тэтгэмж олгосон. Н-ийг гэрээт ажилтнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан төрийн алба хаагч биш тул манай байгууллагаас буцалтгүй тэтгэмж олгогдохгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н нь Б аймгийн Т хэлтэст 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манаачаар томилогдсон нь тус хэлтсийн даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 25 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар[1], мөн тус аймгийн Татварын хэлтсийн жижүүр Н ... нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тасалбар болгон цуцалж ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон болох нь Б аймгийн Т хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн Б/15 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар[2] тус тус нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан Гааль, Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/195 дугаартай Зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаалын 20 дугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн орон тоо-г баталж өгөхөд жижүүр, манаачийн орон тоо хасагдаж байхгүй болсон гэх боловч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс нь нэхэмжлэгч Н-ийг жижүүр, манаачаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулсан гэдэгт маргаагүй болно.

Мөн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Төрийн үйлчилгээний албан хаагч болох жижүүр ажиллуулж байгаа Татварын хэлтэс, албаны дарга нарт жижүүрийг чөлөөлөхийг үүрэг болгосон гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан EMAIL.GOV.MN хаягаар ирүүлсэн албан бичгээр нотлогдож байна.

Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2019 оны төсвийн хуваарилалтад харуул хамгаалалтын зардал гэж мөнгө тусгаж өгсөн байна.

Улмаар нэхэмжлэгч Н...нарыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээт жижүүр, харуулаар томилон ажиллуулан, сарын цалинг 400000 төгрөгөөр тогтоосон нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаартай Гэрээт ажилтнаар томилох тухай тушаалаар[3] томилсон нь Засгийн газрын 2003 оны Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай[4] 233 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл-ийн 6.1-д нийцэж байна.

Мөн Засгийн газрын 233 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл-ийн хавсралтын 4.3-д төсвийн байгууллагад ажиллаж байгаа ...жижүүр, харуул, манаач, сахиул...зэрэг ... ажилтныг мөн адил гэрээгээр ажиллуулах ажлыг зохион байгуулна гэж заасан боловч нэхэмжлэгч Н...нарыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн гэрээт жижүүр, харуулаар ажиллуулахад ямар нэгэн гэрээ байгуулаагүй зөвхөн Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/16 дугаартай Гэрээт ажилтнаар томилох тухай тушаалаар гэрээт ажилтны ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.

Нэхэмжлэгч Н Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст гэрээт жижүүр, харуулаар ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу жаран насанд хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэнээр 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нотлогдож байна.

Засгийн газрын 2003 оны Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай 233 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл-ийн 3.8-д тухайн төсвийн байгууллагад ажиллаж байгаад үргэлжлүүлэн гэрээгээр ажиллах ажилчдын төрөөс эдэлж байсан хөнгөлөлт (байр, хоол, унааны зардал гэх мэт)-ийг хэвээр үлдээнэ...гэж заасан байна.

Иймд нэхэмжлэгч Н нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст манаач, жижүүрээр 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, мөн тус хэлтэст гэрээт жижүүр, харуулаар 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Н нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчны албаны Толбо сумын байгаль хамгаалагчаар ажилласан 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл 03 жил, мөн Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст манаач, жижүүр, харуулаар 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дугаар сарын 03-ний өдөр хүртэл 15 жил 03 сар 02 хоног буюу Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3.1.1-д зааснаар Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан төрийн үйлчилгээний албан тушаалд нийт 18 жил 03 сар 02 хоног ажилласан болох нь тус тус доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1) Нэхэмжлэгч Н нь Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст манаач, жижүүр, харуулаар 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь дээрх тушаалууд болон түүний 1998 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн №458759 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 14-15 дугаар хуудсанд бичигдсэн 2004 оны 10 дугаар сараас 12 дугаар сард төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, мөн 2005 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн НДД№705014 (458759 үргэлжлэл) дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2005 оны 01 дүгээр сараас 2010 оны 12 дугаар саруудад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, мөн НДД№А000240738 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2011 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар саруудад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н-ийн НДД№А000240738 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 28-29 дугаар хуудсанд аймгийн Татварын хэлтэст жижүүрээр 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 25 дугаартай тушаалаар томилогдон, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/02 тушаалаар чөлөөлөгдсөн тухай тэмдэглэн бичиж тус хэлтсийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

Мөн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгосон Н-ийн Цалингийн жагсаалт-аар тус тус нотлогдож байна.

2) Нэхэмжлэгч Н нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчны албаны Толбо сумын байгаль хамгаалагчаар 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 02 дугаар сарын 01-ний хүртэл ажиллаж байсан нь 1998 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн №458759 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 1998 оны 01 дүгээр сараас 2001 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болон энэхүү №458759 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 22-23 дугаар хуудсанд Байгаль орчны алба Толбо сумын байгаль хамгаалагчаар 1998 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд орж, 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн гэж тэмдэглэн бичиж тус газрын тамгыг дарж баталгаажуулсан бичилтээр нотлогдож байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №219 бүртгэлийн дугаартай Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа-аар Толбо сумын Засаг даргын Тамгын газраас Н-ийн1998 оны 02 дугаар сараас эхлэн 2000 оны 12 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болон Н-ийн Цалингийн жагсаалт-аар тус тус нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ...төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно... гэж заасан.

Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.1-д ...нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын сүүлийн 3 жилийн дунджаар тооцно... гэж заасан байх тул хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н-ийн НДД№А000240738 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн 8-10 дугаар хуудсанд бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэлээр 2017 оны 01-12 дугаар саруудад нийт 4860922 төгрөг, 2018 оны 01-12 дугаар саруудад нийт 5152954 төгрөг, 2019 оны 01-12 дугаар саруудад нийт 6056857 төгрөг бүгд 16070733 төгрөг ба сүүлийн 3 жилийн дундаж цалин буюу үндсэн цалин нь 446409 төгрөг байна.

Мөн Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.2-д ...энэ журмын 1.1-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон төрийн албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй туламж олгоно... гэж заасан байх тул нэхэмжлэгч Н-ийн төрийн албанд ажилласан нийт 18 жилийг үндсэн цалин 446409 төгрөгөөр үржүүлэхэд 8035362 төгрөгний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тооцоо гарч байна.

Хавтаст хэргийн 54 дүгээр хуудаст авагдсан нэхэмжлэгч Н-ийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нээлгэсэн №А0306790 дугаартай Өндөр насны тэтгэвэр-ийн дэвтрийн эхний хуудаст түүний улсад ажилласан жил 36 жил 02 сар гэж бичигдсэн боловч үүнээс доорх ажилласан байдлыг төрийн үйлчилгээний албанд ажилласнаар тооцох боломжгүй байна. Үүнд;

Нэхэмжлэгчийн 1983 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нээлгэсэн №037459 тоот хөдөлмөрийн дэвтрийн 4-7 дугаар хуудас Ажлын тухай мэдээ-нд 1981 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ой, агнуурын аж ахуйн газарт мод үржүүлгийн ажилчнаар авч ажиллуулан 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тухайн ажлаас чөлөөлсөн талаар тэмдэглэн бичиж, Ой агнуурын аж ахуйн газрын тамгыг дарж баталгаажуулсан боловч ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтрийн 6-11 дүгээр хуудас Ажлын тухай мэдээ-нд Баян-Өлгий аймгийн Барилга трестийн материал үйлдвэрийн уурын зуухны качгераар 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүртэл, мөн 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл талаар тэмдэглэн бичиж, Ой агнуурын аж ахуйн газрын тамгыг дарж баталгаажуулсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал хэрэгт авагдаагүй, мөн 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөдөө шилжин ажиллах болсон тул өөрийн хүсэлтээр үндсэн ажлаас чөлөөлөв гэж тэмдэглэсэн мөртлөө Саулет ХК-ийн тамгыг дарж баталгаажуулсан нь хуульд нийцээгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд малчнаар ажилласан гэж 1896 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн №770 дугаартай Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр болон Толбо сумын Улаан туг ХАА-н нэгдлийн 70 дугаар дансыг түүврийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгчийг тус нэгдэлд томилж, чөлөөлсөн талаарх тушаал, шийдвэр байхгүй байна.

Иймд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж 8035362 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7494168 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь тэтгэмжтэй холбоотой тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 143516 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-ийг баримтлан хариуцагч Б аймгийн Т хэлтсээс төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж 8035362 (найман сая гучин таван мянга гурван зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 7494168 (долоон сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун жаран найман) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Т хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 143516 (нэг зуун дөчин гурван мянга таван зуун арван зургаан) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.МАНГИЛИК