Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 042

 

Р.У-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00371 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух Р.У-ын нэхэмжлэлтэй, Алтай сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгч Р.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.У-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албыг хашдаг. Алтай сумын засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай захирамж гарган мөн өдрөөс эхлэн миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байна. Миний бие Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасан 65 нас хүрээгүй бөгөөд цаашид ажиллах хүсэлтэй байгаагаа Засаг даргад хэлж байсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд “Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заасан байгаа учир би цаашид ажиллах боломжтой. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 2 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтоож өгсөн ба үүнд 1959 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр настны тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас 6 сараар тогтоосон байна. Үүнээс үзвэл миний нас одоо 60 нас 1 сар хүрч байгаа нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангахгүй байна. Ажил олгогч буюу Алтай сумын Засаг дарга Асет нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаатай нэг жилээр хийж, 2019 онд 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 жилээр дахин сунгасан нь  хууль бус. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтад “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.” гэж заасан тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгааг хууль бус гэж үзэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасан ба Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүлийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1051 албан тоотоор Алтай сумын засаг дарга Асетэд намайг ажлаас чөлөөлөх тухай зөвшилцөлд хуулийн хүрээнд зөвшилцөх боломжгүй гэж хариу ирүүлснийг үл тоож бие даан шийдвэр гаргаж, Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заасныг мөн давхар зөрчиж байна. Хүний нөөц боловсон хүчний томилгоотой холбоотой захирамж нь Б индекстэй байх атал Засаг дарга А/187 дугаар захирамж гаргаж буй нь үйл ажиллагаатай холбоотой захирамж гэж ойлгогдохоор байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 болон 29.5 дугаар заалтын дагуу тэтгэвэрт гарах үед нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг мөн 2021 онд авах эмнэлгийн мэргэжилтний 3 жилд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно гэж заасан байдаг тул тус Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвд хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалан тасралтгүй 37 жил ажилласан нөр их хөдөлмөрийн үр шимийг хуулийн дагуу эдэлж тэтгэврийн захиалга өгч тэтгэмж авсны дараа гарч чадахгүйд хүрч байна. Иймд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.У-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагчийн тайлбарт: “Алтай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, дотрын их эмчээр ажиллаж байсан Р.У нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн Р.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, үүрэгт ажлаас чөлөөлсөн эрхийн акт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэж байна. Р.У нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А-д сумын Засаг даргаас 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 327 дугаартай зөвшилцөх албан бичиг явуулсан. Түүнчлэн С.А даргатай хэд хэдэн удаа утсаар Р.У-ын асуудлыг ярьж байсан. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1051 дугаартай албан бичигт "Р.У-ы асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь 60 нас 6 сартайд үүсэх ба Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийн дагуу 2020 онд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах захиалгад Р.У-ын нэр ороогүй учир таны саналтай зөвшилцөх боломжгүй байна" гэсэн хариу ирүүлсэн. Р.У нь 60 нас хүрсэн, Алтай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр буюу зөвхөн нэг байгууллагад 36 жил 6 сар тасралтгүй ажилласан учир 60 насанд өндөр насны тэтгэвэрт гарах эрх нээлттэй гэж үзсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь 60 нас 6 сартайд үүсэх гэсэн ойлголт даатгуулагч 60 нас хүрсэн боловч, нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацаа нь 20 жил хүрээгүй байхад нэмж 6 сар нийгмийн даатгал шимтгэл төлж өндөр насны тэтгэвэрт гарах ойлголт юм. Нэхэмжлэгч Р.У 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 60 нас хүрнэ гэдгийг мэдэж байсан, төрөөс авах нэг удаагийн тэтгэмж авах тухай Алтай сумын Засаг даргад 2019 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан учир уг асуудлыг би хариуцах үндэслэлгүй. Ер нь өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаагийн тэтгэмж авах асуудал ажилтанд хуулиар олгогдсон эрх, ажилтан уг эрхээ эдлэх эсэх нь түүний хувийн асуудал юм. Харин энэ асуудлыг ажил олгогчийн үүрэг байхаар хуульчлаагүй. Р.У-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай захирамжийг Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 92 дугаартай албан тоотоор хүргүүлж 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөрт багтаан ажлаа хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн. Уг албан тоотыг Р.У нь хүлээж авсан. Албан ажлын шаардлагыг харгалзан түүний оронд түр хавсран гүйцэтгэгчээр томилогдсон хүний их эмчийн ажилтай, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тус байгууллагад он удаан жил ажилласан Д.О-нд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалын ажлыг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн ба Р.У нь байгууллагын тэмдгийг удаа дараа шаардуулж байгаад өгсөн ба бусад бичиг баримтууд болон албаны өрөөг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй байгаа. Одоо Д.О нь үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж байна. Нэхэмжлэгч Р.У нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг 2019 оны 12 дүгээр сарын 31-ны өдөр мэдсэн буюу хүлээн авсан, түүний ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Д.О-нд хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн тул тэрээр шүүхэд гомдол гаргах хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Өөрөөр хэлбэл Р.У нь ажлаас чөлөөлөгдсөн асуудлыг мэдсэн боловч тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр буюу 43 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Р.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ " ...Би аймгийн Засаг даргад гомдол, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учир иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай..." гэжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэдэг ойлголтод өөр этгээдэд гомдол гаргасан, өөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг асуудал хамааралгүй. Иргэн хүн хуулиа мэдээгүй явдал нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00371 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.У-ын Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай Р.У-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар

1.1 Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна.” гэж заасан нь Төрийн үйлчилгээний албан хаагч Р.У надад нэгэн адил хамаарах бөгөөд анхан шатны шүүхээс “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж гомдол гаргаж байна.

1.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-д “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ерөнхий үндэслэлийг заасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж тус тус заасан байна. Хуулийн энэхүү зохицуулалт нь төрийн албан хаагч, эрэгтэй хүн өөрөө хүсвэл 60 нас хүрмэгц өндөр насны тэтгэвэр авах, эс тэгвэл 65 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болохыг хуулиар баталгаажуулсан.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нь голдуу хувийн хэвшилд ажиллагсдыг ажил олгогчийн зүгээс чөлөөлөхөд хамааралтай байгаа ба төрийн албан хаагчийн хувьд мэргэжил, мэргэшил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажлын байрны шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон нөхцөлд хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлөх эрхийг ажил олгогчид олгосон зохицуулалт гэж ойлгож байна.

1.3 Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай” хуулийн 2 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтооно” гэж заагаад “1959 онд төрсөн, эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 60 нас 6 сартайд үүснэ” гэж хуулиар хатуу тогтоосон нь Р.У миний хувьд 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн учраас 2020 оны 5 дугаар сарын 27-нд өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээр заасан байна. Гэтэл намайг дээрх хуулиар “өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй” байхад ажил олгогч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлснийг шүүх зөвтгөөгүй явдал нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

1.4 Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 “Сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, Аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж, томилж, чөлөөлнө” гэж заасан. Баян-Өлгий аймгийн ЭМГ-ын дарга С.А-ийн 2019.12.31-ний өдрийн 1051 дугаартай албан бичгээр Засаг дарга А.А-д “Р.У нь 60 нас хүрсэн боловч, НДСангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрэгтэй даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насанд хүрээгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан 2020 онд тэтгэвэрт гаргахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн захиалгад ороогүй учраас таны ажлаас чөлөөлөх саналд зөвшилцөх боломжгүй” гэжээ. Ингэж ЭМГ-ын дарга С.А нь Р.У намайг ажлаас чөлөөлөхийг зөвшөөрөөгүй байхад Засаг дарга А.А-ийн ажлаас өөрийн санаачилгаар чөлөөлсөн нь Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3,  12 дугаар зүйлийн 12.2-т заасныг ноцтой зөрчсөн.Энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй явдал нь шүүх үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзнэ.

1.5. Ажил олгогч Засаг дарга А.А, ажилтан Р.У бид Хөдөлмөрийн гэрээг 2019.05.03-аас 2020.05.03-ны хооронд 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг 2019.12.31-ний өдөр гэрээний хугацаа дуусаагүй байхад цуцалсан, мөн байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан явдал нь Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т заасныг ноцтой зөрчсөн үйлдэл гэж гомдол гаргаж байна.

1.6. Засгийн Газрын 2019 оны “журам батлах тухай” 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын “Дөрөв” дэх хэсгийн 4.2, “Тав” дахь хэсгийн 5.3-д заасныг тус тус зөрчиж, нэг удаагийн буцалтгүй тусламжид хамаараагүй байхад ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Уг журмын 5.3-д зааснаар “буцалтгүй тусламж олгохыг ажил олгогчид үүрэг болгосон” байдаг.

1.7. Гомдол гаргагч миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн Захиргааны акт болох 2019.12.31-ний өдрийн Р.У-ыг ажлаас чөлөөлөх тухай” А/187 дугаартай захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан “Сонсох ажиллагаа явуулах журам, мөн Алтай сумын ЭМТ-ийн дотоод журмын 4.2 дахь хэсэг “ажилтан, албан хаагч нарыг ажлаас халах, чөлөөлөх хөдөлмөрийн гэрээг цуцлах” журмын 4.2.12-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө бичгээр мэдэгдэнэ” гэснийг тус тус зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагч Р.У намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эргүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Р.У нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “би 60 нас хүрсэн ч гэсэн өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй, нэг удаагийн тэтгэмж болон эмнэлгийн мэргэжилтний 3 жилд нэг удаа авдаг тэтгэмжээ авч чадаагүй байхад хууль бусаар ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч  “нэхэмжлэгч нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн” гэж шүүхэд маргасан байна.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Р.У-ыг 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нөхцөл байдлыг харгалзан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон тус сумын Засаг дарга захирамж гарган ажлаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Р.У нь 1959 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрж, 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 60 нас хүрсэн болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. /хх-ийн 43-46, 66 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтад “ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг заасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж хуульчилжээ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтооно. 1/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас: Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он 1959, өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 60 нас, 6 сар” байхаар зохицуулсан байхад 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж хариуцагч  Р.У-ыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу 60 нас 1 сартай байхад нь ажлаас чөлөөлсөн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгч Р.У-ыг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй орхигдуулсан байх бөгөөд дээрх хуулиудад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг тогтоохтой холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтад уг хуулийг хэрэглэх нь хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж үзэв.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох ерөнхий насыг 65 нас байхаар зохицуулсан нь ажилтан 60 нас хүрсэн тохиолдолд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт зааснаар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд Р.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан Р.У-ыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.У-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

                

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШШ2020/00371 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг  баримтлан Р.У-ыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж,  2 дахь заалтыг:

“2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар Р.У-ын гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200.00 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                       

Д.КӨБЕШ