Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 371

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, И овогт Рын Уы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн А сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.З, хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Халибек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.Уыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Р.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Рын У Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн даргын албыг хашдаг. Эрүүл мэндийн байгууллагад тогтвор суурьшилтай 37 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна. А сумын засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай захирамж гарган мөн өдрөөс эхлэн миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж байгаа тул уг захирамжийг хянаж хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.

Уг захирамжийг хуул бус гэж үзэх хууль зүйн үндэслэл нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан байна. Иймд миний нас хүрээгүй цаашид ажиллах хүсэлтэй байгаа. Би энэ талаар А сумын засаг дарга Аэд 2019 оны 08 дугаар сарын үед хэлж байсан. Би 2 жилийн дараа тэтгэврээ тогтоолгох болно гэдгийг хэлж байсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.гэж заасан байгаа учир би цаашид ажиллах боломжтой гэж үзэж байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 2 дугаар зүйлд Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтоож өгсөн ба үүнд 1959 онд төрсөн эрэгтэй даатгуулагчийн өндөр настны тэтгэвэр тогтоолгох насыг 60 нас 6 сараар тогтоосон байна. Үүнээс харж үзвэл миний нас одоо 60 нас 1 сар хүрч байгаа нь өндөр настны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангахгүй байна. Ажил олгогч буюу А сумын засаг дарга А нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаатай нэг жилээр хийж 2019 онд дахин нэг жилээр буюу 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 жилээр сунгасан нь буруу хууль бус үйлдэл гэж үзэж байна. Учир нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой. Нэгэнт хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан тул гэрээний хугацаа дуусах болоогүй байна. Яагаад гэрээг хугацаатай байгуулах ёстой болсон талаар надад тайлбарлаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтад Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно. гэж заасан байдаг. Иймд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгааг хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө гэж заасан байгаа ба Эрүүл мэндийн газрын дарга С.Аийн 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 1051 албан тоотоор А сумын засаг дарга Аэд намайг ажлаас чөлөөлөх тухай зөвшилцөлд хуулийн хүрээнд зөвшилцөх боломжгүй гэж хариу ирүүлснийг үл тоож бие даан шийдвэр гаргаж, Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө гэж заасныг мөн давхар зөрчиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл захиргааны үйл ажиллагааны зарчмын талаар заасан ба 4.1 дэх хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ гэж заасан. Мөн хуулийн 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтална  гэж заасныг зөрчсөн.

Хүний нөөц боловсон хүчний томилгоотой холбоотой захирамж нь Б индекстэй байх атал Засаг дарга А/187 дугаар захирамж гаргаж буй нь үйл ажиллагаатай холбоотой захирамж  гэж ойлгогдохоор байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 болон 29.5 дугаар заалтын дагуу тэтгэвэрт гарах үед нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг мөн 2021 онд авах  эмнэлгийн мэргэжилтний 3 жилд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно гэж заасан байдаг тул тус Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төвд хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалан тасралтгүй 37 жил ажилласан нөр их хөдөлмөрийн үр шимийг хуулийн дагуу эдэлж тэтгэврийн захиалга өгч тэтгэмж авсны дараа гарч чадахгүйд хүрч байна. Ажлаас гэнэт чөлөөлнө гэж бодоогүй. Харин ээлжийн амралтаа ч эдлэлгүй өдөр шөнөгүй ажил албандаа зүтгэсээр байсан. Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн түргэний машин эвдрээд 2019 оны 07 дугаар сараас өдий хүртэл түргэний машингүй байгаа. Хүнд байдалд би ажиллаж байсан. 2019 онд Эрүүл мэндийн дарга сумын Засаг даргатай байгуулсан гурвалсан гэрээний заалт бүрээр нь биелүүлж 2019 оны ажлаар аймгийн хэмжээнд 1 дүгээр байранд шалгарсан. Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төв нь 14-17 онуудад жил дараалан аймгийн хэмжээнд салбартаа 1 дүгээр байранд 2018 онд 3 дугаар байранд тус тус шалгарч байсан. 2018 онд тус Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төв нь магадлан итгэмжлэлд орж батламжийн хугацаагаа 4 жилээр авсан аймгийн хэмжээнд ганц байгууллага. Энэ бидэнд өгч байгаа баталгаа юм. 2007 оноос хойш 12 жил дараалан эхийн эндэгдэлгүй. Хүүхдийн эндэгдлийг тууштай буруулж ажилласан. Ажил жигдэрсэн. Сайхан хамт олон бүрдүүлж ажиллаж чадаж байсан. Залуу эмч нарыг мөн дагалдан сургаж байгаа. Миний он удаан жил тасралтгүй 37 жил ажилласан хүчин чармайлтыг маань үйл ойшоож 60 нас хүрсэн. Тэтгэвэр тогтоолгохыг хүсэн гэсэн нэрийдлээр халхавчлан далимдуулж өөрийн болон бусдын далд эрх ашгийн төлөө намайг золиослон. Төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчин өөрийн албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Мөн бусад үндэслэлүүдээ өргөдөлдөө дэлгэрэнгүй тусгаж бичсэн байгаа. Томилгоонууд хэрхэн явагдсан талаар дэлгэрэнгүй бичсэн байгаа гэв.

Мөн сая би тодорхой хэлсэн. Төрийн албаны тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмыг үндэслээд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч А.А би нэхэмжлэгч Р.Уы тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. А сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, дотрын их эмчээр ажиллаж байсан Р.У нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Ажил олгогчийн Р.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, үүрэгт ажлаас чөлөөлсөн эрхийн акт нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэж байна.

2. Р.У нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн Б аймгийн Эрүүл мэндийн   газрын дарга С.Ад сумын Засаг даргаас 2019 оны 12 дугаар сарын  25-ны  өдөр  327 дугаартай  зөвшилцөх  албан  бичиг явуулсан  юм. Түүнчлэн С.А даргатай хэд хэдэн удаа утсаар Р.Уы асуудлыг ярьж байсан юм. Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 1051 дугаартай албан бичигт  "Р.Уы асуудлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь 60 нас 6 сартайд үүсэх ба Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсгийн дагуу 2020 онд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах захиалгад Р.Уы нэр ороогүй учир таны саналтай зөвшилцөх боломжгүй байна"гэсэн хариу ирүүлсэн юм.  Р.У нь 60 нас хүрсэн, А сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр буюу зөвхөн нэг байгууллагад 36 жил 6 сар тасралтгүй ажилласан учир 60 насанд өндөр насны тэтгэвэрт гарах эрх  нээлттэй  гэж үзсэн  юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь 60 нас 6 сартайд үүсэх гэсэн ойлголт даатгуулагч 60 нас хүрсэн боловч, нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацаа нь 20 жил хүрээгүй байхад нэмж 6 сар нийгмийн даатгал шимтгэл төлж өндөр насны тэтгэвэрт гарах ойлголт юм. Нэхэмжлэгч Р.Уы өндөр насны тэтгэвэрт гарах үед төрөөс нэг удаа олгогдох тэтгэмжээ аваагүй, түүний нэр нь 2020 онд жагсаалтад ороогүй гэх асуудлын хувьд тэрээр 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 60 нас хүрнэ гэдгийг мэдэж байсан, төрөөс авах нэг удаагийн тэтгэмж авах тухай А сумын Засаг даргад 2019 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан учир уг асуудлыг би хариуцах үндэслэлгүй юм. Ер нь өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс нэг удаагийн тэтгэмж авах асуудал ажилтанд хуулиар олгогдсон эрх, ажилтан уг эрхээ эдлэх эсэх нь түүний хувийн асуудал юм. Харин энэ асуудлыг ажил олгогчийн үүрэг байхаар хуульчлаагүй байна.

3. Р.У нь нэхэмжлэлдээ миний хашиж байсан албан тушаал нь А сумын Эрүүл мэндийн төвийн дарга гэсэн нэршилтэй байгаа гэжээ. Р.У нь А сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан гэдэг нь түүний өөрөө шүүхэд  гаргаж өгсөн тушаал, шийдвэрээр нотлогдож байгаа тул энэ асуудалд тайлбар хийх нь илүүц гэж үзэж байна.

4. Р.Уыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай захирамжийг А сумын Засаг даргын Тамгын газрын   даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 92 дугаартай албан тоотоор хүргүүлж   2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөрт багтаан ажлаа хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн юм. Уг албан тоотыг Р.У нь хүлээж авсан юм. Ер нь Р.У нь нэлээд олон хоног үүрэгт ажлыг болон  байгууллагын тэмдгийг хүлээлгэн өгөөгүй явсан юм. Гэвч албан ажлын шаардлагыг харгалзан түүний  оронд түр  хавсран гүйцэтгэгчээр томилогдсон  хүний их эмчийн ажилтай, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тус байгууллагад он удаан жил ажилласан Д.Од 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалын ажлыг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн ба Р.У нь байгууллагын тэмдгийг удаа дараа шаардуулж байгаад өгсөн ба бусад бичиг баримтууд болон  албаны өрөөг одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй байгаа юм. Одоо Д.О нь үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана" гэж заасан юм. Нэхэмжлэгч Р.У нь үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн захирамжийг 2019 оны 12 дүгээр сарын 31-ны өдөр мэдсэн буюу хүлээн авсан, түүний ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Д.Од хүлээлгэн  өгөхийг  мэдэгдсэн тул тэрээр шүүхэд гомдол гаргах хүндэтгэн  үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Р.У нь ажлаас чөлөөлөгдсөн асуудлыг мэдсэн боловч тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр буюу 43 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Р.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ " ...Би аймгийн Засаг даргад гомдол, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан учир иргэний шүүхэд нэхэмжлэл  гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай..." гэжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэдэг ойлголтод өөр этгээдэд гомдол гаргасан, өөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг асуудал хамааралгүй юм. Иргэн хүн хуулиа мэдээгүй явдал нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулиар тухайн байгууллага, ажилтан нарын хоорондын харилцааг зохицуулдаг үйлчилгээний байгууллагад Р.У нь 36 жил тасралтгүй ажилласан мөртлөө хуулиа мэдэхгүй гэж байгаа явдалд гайхаж байна.

Иймд Нэхэмжлэгч Р.Уы "А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан А сумын Эрүүл мэндийн даргын албан тушаалд эргүүлэн томилохыг хүсэх тухай" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч А 2016 онд сумын Засаг даргаар томилогдсон. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сумын Эрүүл мэндийн төвийн дарга Р.У тэр хүний ажлыг  нэг ч удаа дэмжиж байгаагүй.

Нэхэмжлэгч бол Төрийн албан тухай хуулийн 40 дүгээр зүйл заасан төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байхад тэр насанд хүрээгүй байхад намайг ажлаас чөлөөлсөн гэж ярьж байна. Тус заалтад хуульд өөрөөр заагаагүй бол гэсэн үг байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуульд төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг 40.1.3 дахь хэсэгт хуульчилж өгсөн. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан заалт нь  энэ хүний маргаж байгаа асуудалд хамаарахгүй.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь хэсэгт төрийн үйлчилгээний албан хаагч 60 насанд хүрсэн тохиолдолд мэдэгдэх хуудас олгохгүйгээр шууд ажлаас чөлөөлөх боломжтой байхаар заасан. Иймд Засаг даргын захирамж өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд гарсан. Р.У урьд нь 1957 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн иргэний цахим үнэмлэхтэй явж байсан. 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр мөн адил 60 нас хүрсэн байсан. Тус асуудлыг ярих үед миний төрсөн он сар өдөр зөрүүтэй би 1959 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн гэсэн асуудал гарах үед тус асуудлыг хойшлуулж, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр Р.Уыг 1959 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн болохыг тогтоосон. Энэ хүн насан дээрээ маргахгүй байх гэж бодож байгаа. Сая өөрөө гаргаж өгсөн иргэний цахим үнэмлэхээр нас нь тогтоогдож байна. Яагаад үүнийг ярьж байгаа юм вэ гэвэл ажил олгогч ажилтныг  60 насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа учраас дээр дурдсан нотлох баримтууд нэхэмжлэгчийн нотлох баримтуудыг няцаах үндэслэл болно гэдгийг хэлье.

Нэхэмжлэгчийн зүгээс Эрүүл мэндийн газартай зөвшилцөөгүй гэж ярьж байна. Эрүүл мэндийн газарт бичиг явуулсан байгаа. Эрүүл мэндийн газар эргүүлээд хариу өгсөн. Монгол улсын Дээд шүүхийн тогтоол байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийг тайлбарласан. Тус тогтоолд зөвшилцөх гэдэг ойлголтыг тайлбарласан ба нөгөө зөвшилцөж байгаа байгууллага зөвшилцөх дээд шатны албан тушаалтанд мэдэгдэхийг зөвшилцөх гэж тайлбарласан. Тэр байгууллага эсрэг хариу өгнө үү. Хариу өгөхгүй байх уу. Тухайн саналыг хүлээж авахгүй байх нь энд хамаарахгүй. Тийм учраас албан ёсоор тус асуудлыг Эрүүл мэндийн газарт мэдэгдсэн. Эргээд Эрүүл мэндийн газраас хариу ирүүлсэн нь зөвшилцөл явагдсан гэж бодож байгаа. Мөнхийн амьдрал гэж байхгүй. Мөнхийн албан тушаал гэж байхгүй. Энэ хүн 1983 оны 7 сард Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилогдсон. Одоо 38 жил болж байна. Тэр газарт тогтвор суурьшилтай ажилласан. Хийсэн хөдөлмөр бүтээл нь байгаа үүнийг үгүйсгэхгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг шүүх тухайн маргаанд хэрэглэх шаардлагагүй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ тэтгэврийн маргаан биш. Тэр хуулийг нарийвчлан ойлгох бол эрэгтэй хүн 60 нас хүрээд ажилласан жил нь 20 жилд хүрэхгүй тохиолдолд 9 сар нэмдэг 12 сар нэмдэг тогтолцоо байгаа. Гэхдээ 37 жил ажилласан хүн бол 60 нас хүрээд өндөр  насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж байгаа. Энэ хүн 37 жил Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиуд энэ хүн хамгийн сайн мэдэх ёстой. Төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн тухай ярьж байна. Ямар нэгэн тэтгэмж авъя гэж Засаг даргад хүсэлт гаргаагүй. Энэ хүн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 60 нас хүрэхээ мэдэж байсан. Өөрөө тус тэтгэмжийг авахын тулд хүсэлт гаргах ёстой. Нэхэмжлэгч тэтгэмж авахгүй ч байж болно. Хуулиар зөвхөн тэтгэмж авах эрхийг хуульчилж өгсөн. Заавал авах ёстой гэсэн үүрэг нь биш. Тэгэхээр тухайн асуудал дээр Засаг даргыг буруутгах үндэслэлгүй. Өөрөө хүсэлт гаргаж тухайн хүсэлтийг зохих газарт нь Засаг дарга уламжлуулаагүй бол Засаг даргыг буруутгах боломжтой. Нэхэмжлэгч тэтгэмж авахаар хүсэлт гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.3 дэх хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Засаг даргын захирамжийг гарын үсэг зурж  хүлээж авсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Тэгээд шүүхэд гаргах хугацааг 11 хоногоор хэтрүүлж байгаа. Энэ хүн хамгийн эхлээд Аймгийн Засаг дарга гомдол гаргасан юм байна. Аймгийн Засаг дарга тус маргааныг шийдэх эрх хэмжээгүй. Дараа нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм байна. Захиргааны хэргийн шүүх үйлчилгээний албан хаагчийн томилгоотой асуудлыг шийдвэрлэхгүй. Тэгээд энэ бүгдийг эцсийн эцэст хууль мэдээгүй гэж тайлбарлах байх. Хууль мэдээгүй явдал нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ хүн 02 дугаар сарын 01-ний дотор иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргах ёстой. Сая тус захирамжийг гардаж авсан хуудсанд гарын үсэг зурснаа өөрөө харж байна. Хэрэв тус гарын үсэг минийх биш гэж байгаа бол шинжээч томилуулж шалгуулах ёстой. Би биш гэж хэлэх байх гэж гарын үсэг зурсан нотлох баримтын эх хувиар нь авч ирсэн. Энэ хүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бусад үндэслэл биш юм аа гэхэд ганцхан нь үндэслэл нь гардаж авснаас хойш 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж байгаа. Энэ хүн 1 дүгээр сард бүтэн ажилгүй байсан. Хэрэв эрх нь зөрчигдсөн гэвэл иргэний шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Энэ хөдөлмөрийн тухай хуулийн хатуу зохицуулалт. Миний ойлгож байгаагаар бол 31 дэх хоногтоо гаргасан нэхэмжлэлийг шүүх мөн хүлээж авах үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах ёстой. Ийм учраас Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай захирамж бол хууль зүйн үндэслэлтэй. Энэ захирамж өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37.8, 38.1.2, 40.1.3, 42.1, 43.3, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсгийг баримталж  гаргасан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.У нь Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.Уыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн А сумын Эрүүл мэндийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Р.У нь Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.Уыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг эс зөвшөөрч Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 66 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Р.Уы шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч Р.У нь хүлээн авсны дараа Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдлоо гаргасан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.У нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар гомдлоо хуулийн хугацаанд анх захиргааны хэргийн шүүхэд гаргаж, дараа нь Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.  

Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Р.У нь Б аймгийн Засаг даргад хандсанаар Засаг даргын орлогч А.Камелият нь “... таны гомдолд дурдсан А сумын Засаг даргын 2019 оны А/187 дугаар захирамжийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасны дагуу хүчингүй болгох боломжгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл хуулийн байгууллагад хандахыг зөвлөж байна” гэж 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2-01/29 дугаартай албан бичгээр хариу өгсөн байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж тус тус заасан байхад ажил олгогч А сумын Засаг дарга А.А нь ажилтан төрийн албан хаагч Р.У надтай тохирохгүйгээр, намайг тэтгэвэр тогтоолгон авах хүсэлт гаргаагүй байхад хуулиудыг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна. 2019 оны ээлжийн амралтаа эдлээгүй, би өндөр насны тэтгэвэрт гарах талаар хүсэлт гаргаагүй, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна, ажлаас чөлөөлнө гэж бодоогүй, өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байсан, ажлаас чөлөөлөх үед Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус  хуулийг зөрчсөн” гэж  маргажээ.

Хариуцагч Б аймаг А сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа “... 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 327 тоот албан бичгээр тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Р.Уыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар зөвшилцөх саналаа хүргүүлсэн билээ. ... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг нь Р.Уыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалд харшлахгүй гэж үзэж байна. Учир нь ажилтантай байгуулсан гэрээг ажил олгогч санаачлан цуцалж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу 2020 онд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах захиалгад Р.Уы нэр ороогүй нь ажилтны өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж байгаа ба ажил олгогчийн зүгээс ямар ч буруугүй болно. Цаашид ажлаас чөлөөлөгдсөний дараа 2020 оны төсвийн төсөлд тусгаж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг нөхөж авах боломжтой. Иймд Р.Уыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг үндэслэн чөлөөлж байна” гэж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

Нэхэмжлэгч Р.Уд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.Уыг /У/ үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" захирамжаар А сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, дотрын их эмч Рын У /У/ нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нөхцөл байдлыг харгалзан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн 1. Тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, дотрын их эмч Рын Уы хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. 2. Р.Уы нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж өөрт нь хүлээлгэн өгөхийг байгууллагын нягтлан бодогч С.Ю-д үүрэг болгосугай. 3. Р.Уд ажлаас халагдсаны үндсэн цалингийн нэг сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг нягтлан бодогч С.Ю-д зөвшөөрсүгэй. 4.Энэхүү захирамжийг Р.У-д гардуулан өгч, ажил хүлээлцүүлэх ажлын хэсэг байгуулах ажлыг зохион байгуулахыг Засаг даргын тамгын газрын дарга А.О-д үүрэг болгосугай гэж, нэхэмжлэгч Р.Уыг Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, дотрын их эмчийн албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

Хариуцагч нь нэхэмжлэгч Р.Уыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А/187 дугаартай “Р.Уыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" захирамжаар тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, дотрын их эмчийн үүрэгт ажлаас ажилтан 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр чөлөөлжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлөх ажил олгогчийн шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох болон улмаар ажлаас чөлөөлөх үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтална гэжээ.

Ажил олгогч Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.Уыг /У/ үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар ... 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нөхцөл байдлыг харгалзан, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ажилтан Р.Уыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтална гэсний дагуу ажил олгогч ажилтан Р.Уыг ажлаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэл буюу ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” бол төрийн албанаас чөлөөлөхөөр тус тус заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т заасан "ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэдэг нь ажилтны иргэний үнэмлэхэд бичигдсэн төрсөн он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгоно.

Нэхэмжлэгч Р.Уы Монгол Улсын иргэний үнэмлэхээс үзэхэд 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн гэж бичигдсэн байх ба энэ нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдох бөгөөд Р.Уы иргэний үнэмлэхэд бичигдсэн төрсөн он, сар, өдрөөр тоолоход ажил олгогч Б аймгийн А сумын Засаг даргын ажилтан Р.Уыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гарах үед Р.У нь 60 насанд бүрэн хүрсэн байх тул хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.Уыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр Рын У нь 1959 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн болохыг тогтоосон байна.  

Нэхэмжлэгч Р.У нь маргаан бүхий Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.Уыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамж гарах үед 60 нас, 1 сар, 5 хоногтой байсныг нь тэтгэвэр тогтоолгох хуульд заасан  насанд хүрсэн байна гэж  шүүхээс дүгнэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  даатгуулагч нь  нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байна гэжээ.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч нь 60 нас хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл  төрийн алба хаах  насны дээд хязгаар  буюу 65 нас хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд  гаргана, харин тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь 65 нас хүртэл ажиллуулах эсэхийг ажлын зайлшгүй шаардлага,  тухайн албан хаагчийн мэргэжлийн ур чадвар зэргийг харгалзан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй учир ажил олгогч нэхэмжлэгчийг заавал үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг хүлээхгүй.

Нэхэмжлэгч Р.Уы эрхэлж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал тул Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “... алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан заалтад хамаарахгүй болно.

Нийгмийн даатгалын сангаас олгох  тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “... өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, ... 60 нас хүрсэн эрэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно...” гэж, өндөр насны тэтгэвэр гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж тус тус тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Р.У нь “... би 1959 онд төрсөн, 60 нас 6 сар хүрээгүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй” гэж байгаа боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар нэмэгдүүлсэн ба энгийн өндөр насны тэтгэвэр нь эрэгтэй 60 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авч болно гэж хуулинд зааснаар нэхэмжлэгч Р.У нь өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрх нь нээлттэй байна.

 Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудаар төрийн жинхэнэ албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлийг нарийвчлан зохицуулсан, эдгээр зохицуулалтуудыг баримтлан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгч Р.Уыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн, цаашид үргэлжлүүлэн ажиллуулахгүй байхаар шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг нь хууль бус гэж үзэх боломжгүйгээс гадна нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлүүдээр  түүнийг маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоох  хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна.

Ажил олгогч Б аймгийн А сумын Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т тус тус заасны дагуу ажилтан Р.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон нь хуулинд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус хуулийг зөрчсөн” гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Мөн нэхэмжлэгч Р.У нь “... хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар надад мэдэгдээгүй” гэх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан үндэслэл буюу нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогч хүлээхгүй ба энэхүү заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд хамааралгүй заалт болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан талуудын харилцан тохиролцож байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6.1-д “гэрээнд тусгагдаагүй хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Хөдөлмөрийн дотоод журмын дагуу зохицуулна” гэж, А сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/10 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай” /энэхүү дотоод журмыг тухай үед нэхэмжлэгч Р.У баталж байсан байна./ тушаал болон түүний хавсралтыг тус тус баталсан байх ба дотоод журмын 4.2.7-д ажилтан өндөр насны тэтгэвэрт гарах болзлыг хангасан, тэтгэвэрт гарах эрх үүссэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж тус тус тусгасан байна.

Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга нь Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т “тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх” гэсний дагуу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх талаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх саналаа хүргүүлсэн байх ба Б аймгийн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга “... таны саналтай зөвшилцөх боломжгүй” гэж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1051 дугаартай албан бичгээр хариу өгсөн нь ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй юм. 

Монгол улсын Дээд шүүхийн тогтоолд "зөвшилцөх" гэдгийг хууль тогтоомжид өөрөөр тодорхойлоогүй бол тодорхой бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгоно гэжээ.

Ажил олгогч Б аймгийн А сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн энэхүү захирамжийг гаргасан байна гэж үзлээ.

Ажил олгогчийн ажилтан Р.Уыг ажлаас чөлөөлсөн захирамж /тушаал/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас чөлөөлсөн үндэслэлд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх тул Б аймгийн А сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.Уыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн  Б аймгийн А сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаартай “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” захирамж, Б аймгийн А сумын Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай “Ажилд томилох ба чөлөөлөх тухай” захирамж, Б аймгийн А сумын Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай “Боловсон хүчин ажлаас чөлөөлж, томилох тухай” захирамжуудын талаар талууд маргаагүй ба энэхүү нэхэмжлэлд хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Уы Б аймгийн А сумын Засаг даргын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/187 дугаартай “Р.Уыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн А сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН