Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 01798

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Цтарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02404 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Цтарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Р.Өд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Баяржавхлан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: Н.Цтар нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт авто машин жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Р.Өд нүүрэн тус газартаа цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.

Н.Цтар нь өөрт учирсан эрүүл мэндийн гэмтлийг сэргээн засах шаардлагатай болсны улмаас “Сонс” эмнэлэгт 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэвтэн эмчлүүлж хамрын хагалгаанд орж хагалгааны төлбөрт 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг өгч эмчлүүлсэн.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1561 тоот шийдвэр, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1198 дугаар магадлалд хагалгааны төлбөрт 2 000 000 төгрөг төлсөн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй үлдээж, хохирогчийн уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийвэрлэсэн.

Иймд Р.Өаас хагалгааны төлбөрт төлсөн 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Цтарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хэрэг маргаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж шийдвэрлэгдсэн болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Р.Өаас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цтарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Цоггбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Өаас 46 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цтарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.Цтар нь Р.Өд цохиулсаны улмаас 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Сонс” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хамрын хагалгаанд орсон хагалгааны төлбөр болох 2 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тухайн нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулж “Сонс” эмнэлэгийн захирлын гаргаж өгсөн тодорхойлолт болон 2 000 000 төгрөгийг тушаасан тухай зарлагын баримтуудыг шүүхэд гаргаж өгснийг анхан шатны шүүхээс үндэслэл болгосон байна.

Хариуцагчийн зүгээс өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдын биед хөнгөн гэмтэл тогтоогдсон, мөн түүнд учирсан хохирлыг хуульд заасны дагуу төлөхөө илэрхийлсэн байр суурьтай байсан. Харин гагцхүү нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн баримтууд шүүхийн үндэслэл болж чадахгүй байна. Учир нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд нь аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн анхан шатны бичиг баримтын шаардлагыг хангахгүй байгаа явдал нь үнэхээр Н.Цтар нь 2 000 000 төгрөгийн хамрын хагалгаа хийлгэснийг нотлож чадахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Цтар нь хариуцагч Р.Өд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1561 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1198 дугаар магадлалаар Р.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Р.Өаас 293 000 төгрөг гаргуулж Н.Цтарт олгож, хохирлын нэхэмжлэлээс 2 041 200 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурьдан шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр, магадлал нь хүчин төгөлдөр болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Р.Өы гэм бурууг тогтоосон уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Эрүүгийн журмаар Н.Цтарын эрүүл мэндэд учирсан хохирлын заримыг шийдвэрлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжүүлсэн тул тэрээр өөрт учирсан хохирлыг иргэний журмаар Р.Өаас нэхэмжлэх эрхтэй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

 

“Жаянттус” ХХК-ийн “Сонс” чих, хамар, хоолойн эмнэлэгт Н.Цтар нь 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хамрын шинэ хугарал болон таславчийн мурийг тэгшлэх, самалдаг тайрах мэс ажилбар хийлгэсэн болох нь мөн өдрийн мэс заслын тэмдэглэлээр тогтоогдож байхаас гадна уг хагалгааны төлбөрт 2 000 000 төгрөгийг тус эмнэлэгт төлсөн болох нь тус байгууллагын санхүүгийн баримтаар тогтоогдож байна. /хх3/

 

Хариуцагчийн хүсэлтээр анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг явуулахад “Жаянттус” ХХК нь шүүхэд тайлбар, мэс заслын тэмдэглэл, мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас мөнгө хүлээн авсан баримтыг ирүүлсэн ба эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар шаардлага хангасан тул шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна.

 

Дээрх баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч нь эмнэлгийн үйлчилгээ авсан төлбөр төлсөн байна. Харин “Жаянттус” ХХК нь нэхэмжлэгчийн төлсөн төлбөрт баримт олгоогүй байдалд нэхэмжлэгч буруугүй юм.

 

Иймд анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж,№ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Өаас гэм хорын хохирлыг 2 000 000 төгрөгийн хэмжээгээр тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02404 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА