Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/16

 

 

 

 

  2023            01            03                                         2023/ДШМ/16

 

Б.Т-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

хохирогч “М О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “М О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Т-т холбогдох эрүүгийн 2105019991161 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ийн Т, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр ....................... төрсөн, .. настай, э..эгтэй, ........ боловсролтой, ............................ мэргэжилтэй, “.....................” ХХК-ийн ...................... ажилтай, ам бүл .., ................ хамт .......... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол ..........ын гудамж ... дугаар байрны .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ............................/,

Шүүгдэгч Б.Т нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М О” ХХК-ийн борлуулалтын менежрээр 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа тус компанийн борлуулалтын орлого болох 25.967.802 төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Төв аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Төв аймгийн Сүмбэр сумын Соёлын төвийн барилга засвар, гадна тохижилтыг хийх тендерт тэнцүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Ч-аас 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2.500.000 төгрөгийг залилан өөрийн Хаан банкны 5545129858 дугаар дансаар шилжүүлэн авч, нийт 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.М-аас “Дотоод хэргийн их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Тэмүүжин өрлөг сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч 1.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч А.М-д 6.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т-ийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 105.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 395.000 төгрөгийн торгох ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ялыг тус тусд нь эдлүүлэхээр тогтоож, Б.Т-ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Б.Т-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас суллаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-өөс 21.529.602 төгрөг гаргуулж хохирогч “М О” ХХК-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч “М О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүгдэгч Б.Т-т ял завших боломжийг олгож байна. Эрүүгийн 3 хэргийг үйлдэж, 2 хэргийн хохирлыг төлсөн гэх боловч хохирогч “М О” ХХК-ийн нийт хохирол болох 24.529.602 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 21.529.602 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч гомдол гаргах хугацаанд төлөөгүй болно.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөн ял шийтгэл оногдуулсан, мөн хохирол төлөгдөхгүй байгаа тул шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “М О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн өмгөөлөгч Д.Жамъяндагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Жамъяндагва нар байсан. Тухайн өдөр шүүгдэгчийн зүгээс төлбөр барагдуулах хүсэлтээ илэрхийлж хохирогч талд 3.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл төлбөрийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөрт багтаан төлж барагдуулах саналыг шүүгдэгч талаас гаргасан ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн саналаар 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож, талууд харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд үүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн. Энэ нь 3 хх 54 дүгээр талд авагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч байсан бөгөөд ямар нэг санал гаргаагүй. Иймд хохирлыг гомдол гаргах хугацаанд төлөөгүй гэсэн агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны явцад эдгээр асуудлууд яригдаж байсан. “М О” ХХК-д учирсан хохирлыг талууд харилцан тохиролцож барагдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хорих ялын саналтай оролцсон. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээн, гэмт хэргийн шинж болон бусад байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлүүдийг харж үзсэн бөгөөд эсэргүүцэл бичих талаар ярилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан прокурорын эсэргүүцэл бичих эрх хэмжээ хязгаарлагдмал болсон учир эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч “М О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллаагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Б.Т нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М О” ХХК-ийн борлуулалтын менежрээр 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа тус компанийн борлуулалтын орлого болох 25.967.802 төгрөгийг хувьдаа завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Төв аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Төв аймгийн Сүмбэр сумын Соёлын төвийн барилга засвар, гадна тохижилтыг хийх тендерт тэнцүүлж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ч.Ч-аас 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2.500.000 төгрөгийг залилан өөрийн Хаан банкны 5545129858 дугаар дансаар шилжүүлэн авч, нийт 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.М-аас “Дотоод хэргийн их сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч 5.000.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Тэмүүжин өрлөг сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч 1.000.000 төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч А.М-д 6.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч “М О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн  /1 хх 114-115, 2 хх 228/, Ч.Ч-ын /2 хх 99-100/, хохирогч А.М-ын /2 хх 180-181/ нарын мэдүүлгүүд,

гэрч О.А-ийн /1 хх 121-122/, К Д О-ийн /1 хх 133-134/, Д.Т-ын /1 хх 139-140/, Б.Б-ийн /1 хх 142-143, 2 хх 230/, Д.Э-ын /1 хх 145-146/, С.Б-ийн /1 хх 148-149/, А.И-ын /1 хх 151-152/, Д.Г-ын /1 хх 154-155/, П.М-ын /1 хх 157-158/, Г.Ч-ын  /1 хх 160-161/, Ц.Х-ын /1 хх 163-164/, Б.Б-гийн /2 хх 235/, Б.Б-гийн /2 хх 238-239/, Ж.М-ын  /2 хх 241-242/, гэрч Д.З-ын /2 хх 101-102/ нарын мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 062 дугаар дүгнэлт /1 хх 227-230/, “М О” ХХК-ийн тооцоо нийлсэн тухай акт, бэлэн мөнгөний баримт, дансны хуулга, бараа материалын зарлагын баримтууд /1 хх 235,  2 хх 72/, мөрдөн байцаалтаар шалгаж тогтоосон “М О" ХХК-ийн бараа материалын зарлагын баримт, тооцоо нийлсэн акт, гарын баримт /3 хх 1-7/,

Б.Т-ийн эзэмшлийн Хаан банкны 5545129858 тоот данс руу 5020297525 тоот данснаас 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2.000.000 төгрөг, мөн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5020297525 тоот данснаас 2.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай дансны хуулга /2 хх 132/, Төв аймгийн орон нутгийн өмчийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 420 дугаар албан бичиг /2 хх 147-148/,

хохирогч А.М-ын мөнгө шилжүүлсэн тухай дансны хуулга /2 хх 175-176/, Дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 187-188/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах ь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Хохирогч “М О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-оос “...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөн оногдуулсан, хохирол төлбөр төлөөгүй тул шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж зааснаас өөрөөр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах буюу хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хүндрүүлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй учраас хохирогч “М О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох шийтгэлийн хугацааг заагаагүй атлаа шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хэрхэн шийдвэрлэх талаарх үр дагаврыг бичсэн нь тодорхойгүй болсон байх тул шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй болохыг зааж зохих өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг 3 сарын дотор арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” гэсэн нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүх дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдаагүй зарим зүйлийг зөвтгөсөн нь шүүгдэгч Б.Т-т оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн агуулгагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 6 дахь заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-ийг “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэсүгэй.”, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.” гэсэн нэмэлт заалтууд оруулсугай.

3. Хохирогч “М О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                    ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ

 

                           ЕРӨНХИЙ

                                 ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ