Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 01799

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Сгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01678 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Сгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02063 дугаар шийдвэрээр Б.Сгоос 278 064 835 төгрөгийг гаргуулж “Барс капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.Сгын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2206018576 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байрны 41 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/17952 тоот дугаарт мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тэрээр гардан авсан.

Тус барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, өртөг өндөртэй бүс нутагт байрладаг, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Н байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон нь төлбөр төлөгч Б.Сгын эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн байна.

Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2063 дугаар захирамжаар Б.Сгоос 278 064 835 төгрөгийг гаргуулж “Барс капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Сгод шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч Б.Сгын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 1 дүгээр байрны 41 тоот хаягт байрлах 146,62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 33 тоот 15,6 м.кв талбайтай автозогсоолыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 19290231/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 19290231/02 дугаар тогтоолоор хурааж, үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4/15719 дугаар албан бичгээр Б.Сгод биечлэн гардуулж өгсөн боловч үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч “Барс капитал ББСБ” ХХК-аас шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5/258 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход “Мөнх Оргил трейд” ХХК нь 350 350 000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/17952 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.Сгод 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 245 245 000 төгрөгөөр тооцон 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч Б.Сго нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2020/08174 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н газарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 1 дүгээр байрны 41 тоот хаягт байрлах 146.62 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 33 тоот 15.6 м.кв талбайтай автозогсоолыг 350.350.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Сгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2063 дугаар захирамжаар Б.Сгоос 278 064 835 төгрөгийг гаргуулж “Барс капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Б.Сгын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2206018576 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байрны 41 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/17952 тоот дугаарт мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан.

Тус барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, өртөг өндөртэй бүс нутагт байрладаг, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр бөгөөд эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Н байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон нь төлбөр төлөгч Б.Сгын эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн байна.

Иймд үнэлгээг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Сго нь хариуцагч Н газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/02063 дугаар захирамжаар Б.Сгоос 276 524 264 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1 540 571 төгрөгийн хамт гаргуулж “Барс капитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх ба Н газар 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

Н газар нь Б.Сгын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206018576 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 1 дүгээр байрны 41 тоот хаягт байрших, 146,62 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон зоорийн давхрын 33 тоот авто зогсоолыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хураах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Төлбөр төлөгч Б.Сгод 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц, зоорийн давхрын авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч тэрээр үнийн санал ирүүлээгүй ба төлбөр авагч 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

“Мөнх-Оргил трейд” ХХК нь Б.Сгын өмчлөлийн орон сууцыг өртөгийн хандлагын аргаар 146 300 000 төгрөг, зах зээлийн харьцуулалтын аргаар 326 838 000 төгрөг, 33 тоот авто зогсоолыг өртөгийн хандлагын аргаар 11 100 000 төгрөг, зах зээлийн харьцуулалтын аргаар 23 550 000 төгрөг гэж тус тус үнэлсэн байх ба дээрх аргыг харьцуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг нийт 350 350 000 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг нийтэд нь 350 350 000 төгрөгөөр шинжээч үнэлсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/17952 тоот мэдэгдлийг Б.Сгод 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр гардуулан өгсөн Б.Сго хуульд заасан хугацааны дотор үнэлгээний талаарх гомдол гаргасныг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Төлбөр төлөгч Б.Сго нь шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, өртөг өндөртэй бүс нутагт байрладаг, үйлчилгээ, дэд бүтэцэд ойрхон, эрэлт хэрэгцээ ихтэй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/01678 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА