Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/00984

 

Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2016/0334 дүгээр шийдвэр,        

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 94 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Боловсрол, соёлын газарт холбогдох,

АЗДТГ-аас 2015.2.05-ны өдөр явуулсан 3/212 тоот албан бичгийн дагуу Боловсрол соёлын газраас 2015.7.22-ны өдөр зарласан Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах зар, 2015.8.25-ны өдөр сонгон шалгаруулалтад орсон иргэдийн бүртгэл, 2015.8.26-ны өдөр зохион байгуулагдсан Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтын хууль бус үйл ажиллагааг бүхэлд нь мөн Аймгийн Засаг даргын 2015.11.19-ны өдрийн Б/26 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байранд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбилэг, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2001 оноос эхлэн албан бус боловсрол төвийг анх байгуулалцан багш, сургалтын менежер, захирлаар нийт 15 жил тасралтгүй ажилласан. БСШУ-ны Яамны сайд 2013.6.19-ний өдрийн А/242 дугаар тушаалаар албан бус боловсролын үйлчилгээг насан туршийн тасралтгүй боловсрол болгох үйл ажиллагааны чиглэлийг баталсан. ...Би албан бус боловсрол төвийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад 2009.7.08-ны өдөр орж тэнцэн 2015.12.14-ний өдрийг хүртэл үүрэгт ажлаа сайн хийж ирсэн. Гэтэл БСГ-аас 2015.7.24-ний өдөр миний ажлын байрыг сул ажлын байр хэмээн сонгон шалгаруулалтыг зарлан бүртгэлийг 2015.8.25-ны өдөр дуусган, 2015.8.26-ны өдөр шалгаруулалтыг явуулсан.Албан бус боловсрол төв нь Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төв болж нэр өөрчлөгдсөнөөр миний ажлын байрыг сул ажлын байр гэж үзэж сонгон шалгаруулалт зарласнаас хойш 2015.8.12-ны өдөр аймгийн Засаг даргад өргөдөл өгсөн. Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн өөрөө сонгон шалгаруулалтын хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн хариу өгсөн атлаа 2015.11.19-ний өдөр Б/26 тоот захирамжаар намайг хүсэлт гаргаагүй байхад миний хөдөлмөрийн гэрээг цуцлан, Б.Баярсайханыг ажилд томилох захирамжийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа болно. Засаг дарга сонгон шалгаруулалт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн хариуг өгсөн учраас би тухайн үед нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болно.Намайг Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх Засаг даргын 2015.11.19-ний өдөр Б/26 тоот захирамж гарах үед би Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж байсан ба үргэлжлүүлэн миний бие өвдөн шинжилгээ хийлгэн үзүүлж эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон бөгөөд 2015.12.1 мөн сарын 14-ний өдрийг дуустал акттай байж байгаад нэгэнт намайг ажлаас чөлөөлөх захирамж гарсан байсан тул 14-ний өдөр ажлаа өгсөн.Иймд миний Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байр нь сул ажлын байр биш байсан учраас АЗДТГ-аас 2015.2.05-ны өдөр явуулсан 3/212 тоот албан бичгийн дагуу Боловсрол соёлын газраас 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зарласан Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах зар, 2015.8.25-ны өдөр сонгон шалгаруулалтанд орсон иргэдийн бүртгэл, 2015.8.26-ны өдөр зохион байгуулагдсан Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтын хууль бус үйл ажиллагааг бүхэлд нь мөн Аймгийн Засаг даргын 2015.11.19-ний өдрийн Б/26 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож намайг Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2013.12.20-ны өдрийн А/658 дугаар захирамжаар албан бус боловсрол төвд түшиглэн Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийг байгуулсан бөгөөд захирамжийн хавсралтаар тус төвийн үйл ажиллагааны дүрэм болон бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Дээрх шийдвэрийн биелэлтийн хүрээнд тус төвийн захирлын сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулах шаардлага бий болсон бөгөөд Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Боловсрол соёлын газар тус төвийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2013.6 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу 2015.8.25-ны өдөр зохион байгуулж, аймгийн Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалтын дүнг танилцуулан баталгаажуулсан ба аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2015.8.31-ний өдрийн 378 дугаартай албан бичгээр тухайн ажлын байранд нэр дэвшүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн байна.Сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа удааширсан шалтгаан нь Аймгийн засаг даргын 2014.4.02-ны өдрийн 1/716 дугаар албан бичиг, аймгийн төрийн албаны зөвлөлийн дарга, ЗДТГ-ын 2014.4.24-ний өдрийн 3/900 дугаар албан бичгээр тус сонгон шалгаруулалтын хугацааг тодорхой шалтгаанаар хойшлуулах саналыг Боловсрол соёлын газарт хүргүүлж байсан байна. Тухайлбал төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байх хугацаанд Н.Мөнхтуяа нь энэ асуудалтай холбоотой гомдол гаргасан байсан тул тухайн гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар зайлшгүй хойшлуулах шаардлага тулгарч байсан. Аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2015.9.10-ны өдрийн 410 дугаар албан бичгээр тус сонгон шалгаруулалтын дүн болон холбогдох материалыг аймгийн Засаг даргад ирүүлсэн бөгөөд дээрх сонгон шалгаруулалтын дүн, холбогдох материал, Н.Мөнхтуяагийн санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, аймгийн Засаг даргын шийдвэр гарсан.Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/26 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Боловсрол соёлын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн засаг дарга нь ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолын 2.1 дэх заалтыг үндэслэн Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийг Боловсрол соёлын газрын даргад ирүүлснээр сонгон шалгаруулалтыг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь заалтыг үндэслэн Монгол улсын ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу зохиож аймгийн ТАЗ-д сонгон шалгаруулалтын дүнг танилцуулан баталгаажуулдаг болно. Аймгийн Засаг даргын 2014 оны 1/716 дугаар албан бичиг, төрийн албаны зөвлөлийн дарга, ЗДТГ-ын даргын 3/900 дугаар албан бичигт хойшлуулах санал ирсэнд үндэслэн хойшлуулсан.Үүний дараа аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга, ЗДТГ-ын даргын 2015 оны 3/212 дугаар албан бичгээр ирүүлсэн Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төвийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийн дагуу 2015.8.26-ны өдөр зохион байгуулсан. Аймгийн Засаг даргын 2014.4.02-ны өдрийн 1/716 дугаар албан бичигт үндэслэн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байх хугацаанд Н.Мөнхтуяа нь гомдол гаргасанд ЗДТГ-ын 2014.4.24-ний өдрийн 3/900 дугаар албан бичигт үндэслэн насан туршийн боловсрол олгох төвийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хойшлуулах тухай албан бичгийн дагуу сонгон шалгаруулалтыг хойшлуулсан.Аймгийн Засаг даргын зөвлөлийн шуурхай зөвлөгөөн дээр хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төвийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулах үүрэг даалгавар өгсөн. Аймгийн засаг даргын 2015.2.05-ны өдрийн 3/212 дугаар албан бичгээр ирүүлсэн албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төвийн захирлын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах хүсэлтийн дагуу Монгол улсын ТАЗ-ийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу 2015.8.26-ны өдөр зохион байгуулж БСГ-ын даргын 2015.8.31-ний өдрийн 378 дугаар албан бичгээр аймгийн засаг даргад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн.Аймгийн засаг даргын 2015.9.03-ны өдрийн 1/2096 дугаар албан бичигт нэр дэвшүүлсэн Б.Баярсайханыг Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төвийн захирлын албан тушаалд томилохоос татгалзсан хариу ирсэн.Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилох ажилтныг сонгон шалгаруулалтын дүнг 2015.9.10-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн хурлаар танилцуулж, хэлэлцүүлэн дахин нэр дэвшүүлэх тухай Засаг даргад өргөн мэдүүлэх шийдвэр гарсан. Боловсрол соёлын газрын даргын 2015.9.10-ны өдрийн 410 дугаар албан бичгээр тус сонгон шалгаруулалтын дүн болон холбогдох материалыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн болно. Аймгийн засаг даргын 2015.11.19-ний өдрийн Б/26 дугаар албан бичигт Н.Мөнхтуяагийн хөдөлмөрийн гэрээ цуцлах, Б.Баярсайханыг ажилд томилох тухай захирамж гарсан. Захирамжинд үндэслэн Н.Мөнхтуяа, Б.Баярсайхан нарын ажлыг хүлээлцүүлсэн болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2016/0334 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Орхон аймгийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/26 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Мөнхтуяаг Албан бус боловсролоор насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Боловсрол соёлын газраас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 94 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 334 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Миний нэхэмжлэлийн гол шаардлага нь Орхон аймгийн Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байранд эгүүлэн тогтоолгох шаардлага байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх сонгон шалгаруулалт хууль бусыг тогтоох гэдэг нь шаардлага хэмээн үзсэн. Энэ нь Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтын хууль бус үйлдлийн улмаас ажлаас халагдсаныг тогтоох шаардлага байсныг тусдаа шаардлага мэтээр ойлгон анхан шат руу буцаан шийдвэрлэсэнд гомдолтой байна.Иймд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 94 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлохдоо эрхэлж байсан ажил албан тушаал нь сул ажлын байр биш байхад сонгон шалгаруулалт явуулсаныг хууль бус гэж үзжээ. Шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангах эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд уг шаардлагын үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх учиртай. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар дүгнэлт хийхгүйгээр шаардлагыг хянан шийдвэрлэх боломжгүй тул “...нэхэмжлэлийн гол шаардлага нь Орхон аймгийн Албан бус сургалтаар насан туршийн боловсрол олгох төвийн захирлын ажлын байранд эгүүлэн тогтоолгох ... байхад ... давж заалдах шатны шүүх сонгон шалгаруулалт хууль бусыг тогтоох гэдэг шаардлага хэмээн үзсэн. ... төвийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтын хууль бус үйлдлийн улмаас ажлаас халагдсаныг тогтоох шаардлага байсныг тусдаа шаардлага мэтээр ойлгосон ...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон болон үгүйсгэсэн баримт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй, улмаар шүүх хууль зөв хэрэглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 94 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН