Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 334

 

Л.Н-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Л.Н- болон түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, Л.Н-д холбогдох 1838007710430 дугаартай эрүүгийн хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ариунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Л-н Н.

Л.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө *** иргэн С.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодолдон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, зодолдох явцдаа С.М-ын эзэмшлийн 42 инчийн “Эл Жи” загварын зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгч Л.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүйгээр буцаасан гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Л.Н- нь 2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө иргэн С.М-тай хувийн таарамжгүй харилцаа буюу эр эмийн хардалтын улмаас С.М-ын гэрт очиж хэрүүл маргаан үүсгэн маргалдах явцдаа зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн С.М-ын эзэмшлийн зурагтыг гараараа цохиж эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, насанд хүрээгүй гэрч Э.А, С.С, Б.С нарын мэдүүлгүүд, хохирогч С.М-ын зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл ...зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн идэвхтэй үйлдэл болох гараар цохиж, гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Н- нь хохирогч С.М-ын эзэмшлийн зурагтыг санаатай эсхүл болгоомжгүй аль хэлбэрээр гэмтээснийг нотлоогүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр шүүгдэгч Л.Н- нь бусдын эд хөрөнгийг гэмтээсэн болох нь хангалттай нотлогдож байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс, нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ алдаа гаргажээ. Мөн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 498 дугаар дүгнэлтэд хохирогчийн биед учирсан гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарах талаар тусгаагүй, “...гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах “хөнгөн” зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлоогүй гэх үндэслэл болж байгаа талаар дурджээ. Дээрх шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2, 27.6, 27.7 дахь заалтуудыг зөрчөөгүй байхад эргэлзээтэй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Н-ын өмгөөлөгч Н.Нарантуяа хэлсэн саналдаа “Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн нөхцөл байдлыг зөв тогтооход оршдог. Нэг цаг хугацаанд, нэг газарт хоёр хүний хооронд болсон асуудлыг мөрдөгч, прокурор шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байсан. Гэтэл хэргийг тусад нь шалгаж шийдвэрлэсний улмаас хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Л.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд тухайлбал, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлүүдийн талаар тогтоовол зохих асуудлыг тал бүрээс нь бүрэн шалгах, үйлдэл, холбогдлыг нарийвчлан шалгаж тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийжээ.

Хэргийн талаар нотолбол, зохих байдлуудыг тогтоох ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны ерөнхий нөхцөл, шаардлагыг зөрчин, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд илэрхий саад болох нөхцөл байдлыг анзааралгүй, зарим шүүгдэгчид холбогдох хэргийг үндэслэлгүй тусгаарласан байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь гэм буруугийн талаар болон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд ноцтой нөлөөлж болох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзнэ.

Тодруулбал,  2018 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Л.Н-, С.М- нар маргалдаж, харилцан зодолдож бие, биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэх нэг цаг хугацаанд, нэг газар болсон асуудлыг тус тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар тус тусад нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд нэг үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлт хийгдэж, нэгдмэл байдлаар шийдвэрлэгдвэл зохих хэргийг хоёр тусдаа мэтээр шийдвэрлэхэд хүрсэн, энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт байдлаар хянах, үндэслэл бүхий шийдвэр гарах нөхцөлийг алдагдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж дүгнэхэд хүргэж байна.

Давж заалдах шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлын талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр, өөр үндэслэл зааж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь буруу байх тул мөрдөн шалган ажиллагааны явцад гарсан зөрчлийг арилган, Л.Н-, С.М- нарт холбогдох хэргийг нэгтгэн шалгуулах шаардлагатай гэж хяналтын шатны шүүхээс дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалд өөрчлөлт оруулж, Хөвсгөл аймгийн хяналтын прокурор М.Ариунцэцэгийн бичсэн “...шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгуулах” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр магадлалын 1 дэх заалтын “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай” гэснийг “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн хяналтын прокурор М.Ариунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН