Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 050

 

Б.С-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00468 дугаар шийдвэртэй,  Б сумын 3 дугаар багт оршин суух, Б.С-ын нэхэмжлэлтэй, Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ж.Ахмарал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х нар оролцов.

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5.000.000.00 төгрөг гаргуулах тухай.  

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сар хүртэл Б сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай Тамгын газрын дарга Ө.Х нь "тамгын газарт яаралтай 10 сая төгрөг хэрэгтэй боллоо, мөнгө олж өгч туслаач" гэхээр нь түүнд туслахаар болж, өөрт мөнгө байхгүй байсан тул ломбардаас 5 сая төгрөгийг авч, тамгын газарт зээлдүүлсэн. Тамгын газрын дарга надаас авсан 5 сая төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулна гэж тодорхойлолт хүртэл бичиж өгч байсан боловч өнөөдрийг хүртэл төлж өгөөгүй. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 5.000.000.00 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00468 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулан Б.С-д олгохоор шийдвэрлэжээ.     

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Б сумын нутаг дэвсгэр болох Төмөрт, Тошаант гэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын Яам (БОАЖЯ)-ны тусгай зөвшөөрлөөр 2018 онд гадаадын жуулчдад Угалз-1, Янгир-2 толгой агнуулах болж, сумын ЗДТГ-аас бэлтгэл ажил хангах, захиалагч болон гүйцэтгэгч талуудын 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн “Спорт болон олзворын чиглэлээр амьтан агнуулах” 02/18 дугаартай гэрээг үндэслэж “ангийн отог, олзворын” ажлын бэлтгэлийг хангахад 10.000.000 (арван сая) төгрөг зарцуулж, унаа хөсөг (уналгын морь, ачиллагын тэмээ), анчин тус бүрд газарчин, унаа хөсгийн бүрэн тоноглол, хөтөч, жуулчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, соёл үйлчилгээ, ахуйн нөхцөл хангахад урьдчилсан тооцоогоор 10.000.000 (арван сая) төгрөгийн зардлын тооцоо гарсан. Үүнийг тухайн үед сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий санхүүч Б.С-д сумын ЗДТГ-ын зүгээс үүрэг болгосон. Тухайн үед төсөвт хуваарилагдсан мөнгө байхгүй тул “Бес арыс” ломбардаас 10.000.000 (арван сая) төгрөг зээлсэн. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д “Гадаадын иргэнд ан амьтны төлбөрийг ан олзворын гадаад зах зээлийн жишиг үнээр тооцож төлүүлнэ” гэсэн заалт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50% -ийг орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ” гэсэн заалт, 2008 оны Татварын Ерөнхий хуулийн 7.4 дугаар зүйлийн 7.4.10-д “Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлого орон нутгийн татварын дансанд төвлөрнө” гэсэн заалт, Төсвийн тухайн хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.4, 58 дугаар зүйлийн 58.5.1-д зааснаар “Орон нутгийн төсвийг бүрдүүлэх” эх үүсвэр болох юм. Уг мөнгийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.(6), Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал “төсвийг баталж, сумын нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, нөөц ашигласны төлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулах”-аар шийдвэрлэх, “Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусгаж батлах” чиг үүрэгтэй юм. Гэтэл сумын ИТХ-д удаа дараа асуудал оруулсан боловч, дээрх гадаадын жуулчдын агнасан Угалз-1, Янгир-2 толгойн нөөц ашигласны төлбөр орон нутгийн төсөвт орж ирсэн боловч, зориулалтын дагуу төсөвт төвлөрөх байтал, төлөөлөгчдийн олонхын санал аваагүй гэж баталж өгөөгүй байх юм. Харин эсрэгээр нь ИТХ-ын төлөөлөгчдийн саналаар тэдний тойрогт хуваарилагдан алга болоод байна. Энэ нь тухайн мөнгийг захиран зарцуулах, төсөвт тусгаж батлах эрх хэмжээ нь сумын ИТХ-д байгаа тул нэхэмжлэгч Б.С нь хариуцагчаар сумын ИТХ-ыг татаж оролцуулах байсан. Сумын ЗДТГ нь батлагдаагүй төсвийг захиран зарцуулах эрхгүй учир хариуцагч биш болно. Тухайн хэргийн хариуцагч Б сумын ИТХ учраас нэхэмжлэгч Б.С нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэж гомдол гаргаж байна. Б сумын ЗДТГ-ын дарга Ө.Харлибай миний бие шүүх хуралдаан товлосон 2020 оны 4 дүгээр 29-ний өдрийн шүүх хуралдаан зарласан цаг минутад шүүхэд ирсэн. Гэтэл шүүх хуралдааныг хугацаанаас өмнө эхэлж, шүүх хуралдааны танхимыг дотроос нь түгжсэн учраас шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, нотлох баримт гаргах эрхийг эдэлж чадаагүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Сумын ЗДТГ нь сумын ИТХ-аас баталсан төсвийн хүрээнд “төсвийг захиран зарцуулах” үүрэгтэй тул анхан шатны шүүхийн 130/ШШ2020/00468 дугаартай шийдвэр биелэгдэх боломжгүй болоод байна. Иймд хамтран хариуцагчаар Б сумын ИТХ-ыг татаж, гадаадын жуулчдын Байгалийн нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн баталж, захиран зарцуулах эрхийг ЗДТГ-д олгох шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж, шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт гаргах, хамтран хариуцагч татан оролцуулах боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

            Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулж “5.000.000.00 гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Тамгын газрын дарга Ө.Х нь "тамгын газарт яаралтай 10 сая төгрөг хэрэгтэй боллоо, мөнгө олж өгч туслаач" гэхээр нь ломбардаас 5 сая төгрөгийг авч, тамгын газарт зээлдүүлсэн. Тамгын газрын дарга 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 сая төгрөгийг төлж барагдуулна гэж тодорхойлолт бичиж өгч байсан” гэж тайлбарлажээ.

 

            Анхан шатны шүүхээс хариуцагчид 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлж хариу тайлбар шүүхэд ирүүлээгүй, анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж,  зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогджээ. Хавтаст хэрэгт авагдсан Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х-н 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 277 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хариуцагч нь 5.000.000.00 төгрөгийг зээлсэн нь тогтоогдсон бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлсэн мөнгийг төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд 2 үндэслэлээр гомдол гаргасан байх бөгөөд (1) БОАЖЯ-ны тусгай зөвшөөрлөөр 2018 онд гадаадын жуулчдад Угалз-1, Янгир-2 толгой агнуулах болж, сумын ЗДТГ-аас ажлын бэлтгэлийг хангахад буюу унаа хөсөг (уналгын морь, ачилгын тэмээ), анчин тус бүрд газарчин, унаа хөсгийн бүрэн тоноглол, хөтөч, жуулчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, соёл үйлчилгээ, ахуйн нөхцөл хангахад урьдчилсан тооцоогоор 10.000.000 (арван сая) төгрөгийн зардлын тооцоо гарсан. Үүнийг тухайн үед сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий санхүүч Б.С-д сумын ЗДТГ-ын зүгээс үүрэг болгосон. Тухайн үед төсөвт хуваарилагдсан мөнгө байхгүй тул “Бес арыс” ломбардаас 10.000.000 (арван сая) төгрөг зээлсэн. Сумын ИТХ-д удаа дараа асуудал оруулж, дээрх гадаадын жуулчдын агнасан Угалз-1, Янгир-2 толгойн нөөц ашигласны төлбөр орон нутгийн төсөвт орж ирсэн боловч, зориулалтын дагуу төсөвт төвлөрөх байтал, төлөөлөгчдийн олонхын санал аваагүй гэж баталж өгөөгүй. Сумын Засаг даргын Тамгын газар нь батлагдаагүй төсвийг захиран зарцуулах эрхгүй учир хариуцагч биш болно. Тухайн хэргийн хариуцагч Б сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурал” гэж, (2) Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагч миний мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг эдлүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй гэжээ. 

 

            (1) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчийн гомдлын 1 дэх үндэслэлд дурдсан уг үгүйсгэл, тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна. (2) Анхан шатны шүүхээс Б.Сын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутад товлож, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэж, хариуцагчаар гарын үсэг зуруулсан бөгөөд тус шүүх хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутад эхэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ТМ2020/00437 дугаар тэмдэглэл /хх-ийн 34-39 хуудас/, тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай /хх-ийн 33 хуудас/ баримтуудаар нотлогдож байна.

            Шүүх талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орхолцох эрх үүргийг танилцуулж /хх-ийн 11-14 хуудас/, хэрэгт буй баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцжээ.

            Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шүүх материаллаг хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2020/00468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН                          

Д.КӨБЕШ