Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 468

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Бийн Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар /дарга Ө.Х/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Халибек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 5000000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой С миний бие Б аймгийн Б сумын Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сар хүртэл Б сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан юм. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай Тамгын газрын дарга Ө.Х нь "тамгын газарт яаралтай 10 сая төгрөг хэрэгтэй боллоо, мөнгө олж өгч туслаач" гэхээр нь түүнд туслахаар болж, өөртөө мөнгө байхгүй байсан тул Ломбарднаас 5 сая төгрөгийг авч, тамгын газарт зээлдүүлсэн юм. Тамгын газрын дарга надаас авсан 5 сая төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулна гэж тодорхойлолт хүртэл бичиж өгч байсан боловч өнөөдрийг хүртэл төлж өгөөгүй. Иймд Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газраас 5 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би тухай үед Б сумын Засаг даргын тамгын газарт Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. Намайг санхүүгийн хүн учраас Тамгын газрын дарга намайг дагуулж очоод отго бэлтгэх үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байна гэж хувь хүнээс зээл авахуулсан. Ан агнаж төлөвлөгөөгөө биелүүлсний дараа давсан орлогоос төлж өгнө гэсэн. Дараа нь би 2019 оны 6 сарын үед ажлаас чөлөөлөгдсөний дараа мөнгө авъя гэж хэлсэн. Тухайн үед олж өгнө гэсэн боловч одоо хүртэл авч чадахгүй байна. Тийм учраас Б сумын тамгын газраас тухайн мөнгөө нэхэмжилж байна. Би мөнгө зээл авсан хүн надаас мөнгөө барагдуулж авсан. Би тухайн зээлийг төлөхөд өөр хүнээс мөнгө зээлсэн, тийм учраас зээлсэн мөнгөө Б сумын тамгын газраас буцааж авмаар байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 5000000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Хд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуулинд заасан эрх, үүргийг нь танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар  хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай Тамгын газрын дарга Ө.Х нь "тамгын газарт яаралтай 10 сая төгрөг хэрэгтэй боллоо, мөнгө олж өгч туслаач" гэхээр нь түүнд туслахаар болж, өөртөө мөнгө байхгүй байсан тул Ломбарднаас 5 сая төгрөгийг авч, тамгын газарт зээлдүүлсэн юм. Тамгын газрын дарга надаас авсан 5 сая төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулна гэж тодорхойлолт хүртэл бичиж өгч байсан боловч өнөөдрийг хүртэл төлж өгөөгүй” гэж тайлбарлах бөгөөд “Б” ХХК нь уригдах тал Ө.Х, К.Х, Б.С нарт холбогдуулан 15000000 төгрөг гаргуулах тухай өргөдлийг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч хүлээн авч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад уригдсан тал Ө.Х, К.Х, Б.С нар нь өргөдөл гаргагч “Б” ХХК-ийн нэхэмжилсэн 15000000 төгрөгийг Ө.Х 5000000 төгрөгийг, К.Х 5000000 төгрөгийг, Б.С 5000000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ту тус төлөхөөр болж эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШЗ2019/01234 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч Б.С нь уг 5000000 төгрөгийг “Б” ХХК-д бүрэн төлж барагдуулсан болох нь “Б” ХХК-ийн Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/86 дугаартай албан бичгээр тогтоогдох бөгөөд Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 9 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор төлбөр төлөгч Бийн Сд холбогдох 19020862 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.

Хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Х нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 277 дугаартай албан бичигт “Тус сумын Засаг дарга 2018 онд “М” ХХК-тай гэрээ хийж, 1 угалз, 2 янгир ямаа агнуулах зөвшөөрөл авсан. Тухайн үед ан агнуулах бэлтгэл ажил отог бэлтгэх зорилгоор хувь хүнээс ан агнуулах бэлтгэл ажилд зориулан 10 сая төгрөг авсан. Энэ мөнгийг орон нутгийн давсан орлогоос олгох байсан ба 2018 оны орон нутгийн давсан орлого одоо шийдвэрлэгдэж, манай дансанд орж ирж байгаа учир Б.Сын нэр дээр байгаа 5 сая төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж өгөх болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Х нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 277 дугаартай албан бичиг зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зааснаар зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар нэхэмжлэгч Б.С хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Хтай амаар хэлэлцэн тохиролцож, аман хэлцэл хийсэн байна гэж үзлээ. 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан байна.

Иймд хариуцагч Б аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Х нь нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 277 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Б.Сд 5000000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт гаргаж өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 5000000 төгрөгийг гаргуулан Б.Сд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс 94950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгох нь зүйтэй байна. 

Хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Хд шүүх хуралдааны товыг /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй ба нэхэмжлэгчээс ирцийн талаар асууж тодруулахад “... хэргийг түүний эзгүйд, хариуцагчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагч Б сумын Засаг даргын тамгын газрын дарга Ө.Хн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газраас 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулан Б.Сд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс 94950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН