Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 052

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00500 дугаар шийдвэртэй,  Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өлгий сумын 3 дугаар баг Бөхөн уул гудамж, 07 тоотод оршин суух А.З, К.Ө нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх 6 сарын түрээсийн төлбөр 900000.00 төгрөг, цахилгааны төлбөр 75855.00 төгрөг, алданги 487927.00 төгрөг, бүгд 1463782.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “А.З, К.Ө нар “Ш” ХХК-аас 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэг өрөө байрыг сарын 150000.00 төгрөгөөр түрээслэн авч барьцаалан зээлдүүлэх “Ломбард” үйлчилгээ явуулж ашиглаж байсан. Байрны түрээсийн төлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бүрэн төлсөн. 2019 оны 5 дугаар сарын 01-ээс эхлэн 11 дүгээр сарын 01-ний хүртэл бүтэн 6 сарын хөлс 900000.00 төгрөгийг төлөөгүй. Энэ хугацаанд хэрэглэсэн цахилгааны үнэ 75855 төгрөгийг мөн төлөөгүй. Гэрээ ёсоор хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн анз төлөх ёстой. Анзыг тооцож үзвэл хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ээс 2020 оны 3 дугаар сарын 04-ний хүртэл 120 хоног байна. /975855х0,5%х120хоног=585514 төгрөг төлнө./ Хуулиар анз нь үндсэн өрийн 50%-аас хэтрэхгүй байх ёстой. Тэгвэл 975855 төгрөгийн 50% нь 48927 төгрөг байна. Үндсэн өрийн хамт 975855+ 487927=1463782 төгрөг төлнө. Иймд А.З, К.Ө нараас 1463782 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч “Ш” ХХК-ний нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Бид нэхэмжлэгч “Ш” ХХК-ний нэг өрөө байрыг 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс түрээсэлж байгаад 2019 оны 7 дугаар сарын дундуур наадмын дараа хүлээлгэн өгсөн. Байрыг хүлээлгэн өгөх үед тооцоог бүрэн дуусгасан гэж үзэж байна. Яагаад гэвэл 2019 оны 6 дугаар сарын сүүлээр шөнийн цагаар аймагт бороо орж бидний түрээслэн сууж буй өрөөний дээврээс ус гоожиж бидний 2 ширхэг зөөврийн компьютер, 1 ширхэг өнгөт принтер шатсан байсан. Тэр хүмүүс бид хоорондоо ярилцаад түрээсийн төлбөрөөс хасаж тооцох болно гэсэн хариу өгсөн. Тэгээд бид тооцоо дуусгасан гэж ойлгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл суусан гэжээ. Энэ нь огт үндэслэлгүй. Бид 7 дугаар сарын дундуур гарсан гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдөө мэдэж байгаа. Хэрэв шатсан компьютер, принтерийг тооцоонд оруулахгүй гэвэл зөвхөн 2019 оны 5,6  сар болон 7 дугаар сарын 15 хоногийн түрээсийн төлбөрийн тооцоо байх ёстой. Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан байр түрээслэх гэрээний 2.1-д зуны улиралд 150000 төгрөг, өвлийн улиралд 150000 төгрөгөөр түрээслүүлэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг сараар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч бид 2019 оны 5,6 сар, 07 дугаар сарын 15 хоногийн тооцоог оруулж нэг улирлын түрээсийн төлбөрт 150000 төгрөг төлж өгөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00500 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч А.З, К.Ө нараас 2019 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх байрны хөлс 900000 төгрөг, алданги 450000 төгрөг бүгд 1350000 (нэг сая гурван зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш “ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 113787 (нэг зуун арван гурван мянга долоон зуун наян долоон) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38370 (гучин найман мянга гурван зуун далан) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 36550 (гучин зургаан мянга таван зуун тавин) төгрөгийг хариуцагч А.З, К.Ө нараас гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00500 дугаартай шийдвэрээр хариуцагч А.З, К.Ө бид нараас байрны хөлс 900.000 төгрөг, алданги 450.000 төгрөг, бүгд 1.350.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. “Ш” ХХК, А.З, К.Ө бид нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Байр түрээслэх гэрээ”-ний 2.1-д “Ш” ХХК нь өөрийн эзэмшлийн байрын нэг өрөөг А.З, К.Ө нарт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ хийх “Ломбард”-ын зориулалтаар зуны улиралд 150.000 төгрөг, өвлийн улиралд 150.000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж заасан. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх сарын төлбөрийг 150.000 төгрөгөөр тооцож 2019 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх байрны хөлс 900.000 төгрөг, түүнд ноогдох алданги 450.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэгэнт гэрээнд улиралд 150.000 төгрөг гэж заасан байхад сард 150.000 төгрөгөөр тооцох ёсгүй байсан. Гэрч Н.М шүүхэд өгсөн мэдүүлэгт түрээслэн сууж байсан байрны түлхүүрийг 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн гэж мэдүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн атлаа байрны түлхүүрийг 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн гэдэг мэдүүлэгт ач холбогдол өгөлгүй 2019 оны 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг түлхүүр хүлээлгэн өгсөн өдрөөр биш бүтэн сараар тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд бидний гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж төлбөр, алдангийн хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч А.З, К.Ө нарт холбогдуулан түрээсийн төлбөрт 900000.00 төгрөг, цахилгааны төлбөрт 75855.00 төгрөг, алданги 487927.00 төгрөг нийт 1463782.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нар нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс манай нэг өрөө байрыг сарын 150000.00 төгрөгөөр түрээслэн авч, барьцаалан зээлдүүлэх ломбардын үйлчилгээ явуулж байсан ба 2019 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл 6 сарын төлбөрийг төлөөгүй, мөн хугацааны цахилгааны төлбөр 75855.00 төгрөг, талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон тул алданги 487927.00 төгрөг нийт 1463782.00 төгрөгийг гаргуулна.” гэж, харин хариуцагч тал “бид байрыг түрээсэлж байгаад 2019 оны 7 дугаар сард хүлээлгэн өгсөн, бидний хооронд байгуулсан гэрээгээр улиралд 150000.00 төгрөгөөр түрээслэхээр тохирсон тул 2019 оны 5,6 сар ба 7 сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны буюу 1 улирлын 150000.00 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үлдсэнийг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцжээ.

 

Талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээгээр нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн өөрийн эзэмшлийн байрыг хариуцагч А.З, К.Ө нарт хөлслүүлэхээр харилцан тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан /хх5-6/, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны  хөлсийг  шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин хариуцагч 2019 оны 7 дугаар сарын дундуур наадмын дараа байрыг хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг боловч хөлсөлсөн эд хөрөнгийг хариуцагч тал 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.М-ын мэдүүлгээр нотлогдож байх тул  төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй. Иймд эд хөрөнгө ашигласны хөлс 900000.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт нийцнэ. Мөн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр түрээсийн төлбөрийг тухайн сарын эхний 5 хоногт төлөхөөр, мөн хугацаанд төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах тухай хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “(1) Байр түрээслэх гэрээгээр сард 150000.00 төгрөгөөр биш улиралд 150000.00 төгрөгөөр байрыг түрээслэхээр тохирсон, (2) Анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн атлаа 2019 оны 11 сарын түрээсийг төлбөрийг оруулж тооцсонд гомдолтой байна гэжээ.

 

(1) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчийн гомдлын 1 дэх үндэслэлд дурдсан уг үгүйсгэл, тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй, гэрээний 3.5-д зааснаар “...төлбөрийг тухайн сарын эхний 5 хоногт төлнө...” гэж зааснаас үзэхэд хөлсийг сараар тохиролцсон болох нь нотлогдсон байх тул гомдлыг хангах үндэслэлгүй байна. (2) Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /хх1-2/ болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас дүгнэхэд /хх-16/ хариуцагч нар нь түрээсийн төлбөрөө  2019 оны 5 дугаар сараас эхлэн төлөхөөр байх тул анхан шатны шүүхийн 2019 оны 5,6,7,8,9,10 дугаар саруудын төлбөрт 900000.00 /150000 х 6 = 900000.00 төгрөг/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба 11 дүгээр сард хөлс төлүүлэхээр шийдвэрт заагаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хуульд зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36550.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36550.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН              

Д.КӨБЕШ