Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 500

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Ш ХХК (захирал Б)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар баг Бөхөн уул гудамж, 07 тоотод оршин суудаг, Ш овогт А-гийн З,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар баг Бөхөн уул гудамж, 07 тоотод оршин суудаг У овогт К-гийн Ө нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх 6 сарын түрээсийн төлбөр 900000 төгрөг, цахилгааны төлбөр 75855 төгрөг, алданги 487927 төгрөг, бүгд 1463782 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ш ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З, Ө нар Ш ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэг өрөө байрыг сарын 150000 төгрөгөөр түрээслэн авч Барьцаалан зээлдүүлэх Ломбард үйлчилгээ явуулж ашиглаж байсан. Байрны түрээсийн төлбөрийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бүрэн төлсөн. 2019 оны 05 дугаар сарын 01-нээс эхлэн 11 дүгээр сарын 01-ний хүртэл бүтэн 6 сар төлөөгүй. Төлөөгүй түрээс нь 150000х6 сар=900000 төгрөг болсон. Энэ хугацаанд хэрэглэсэн цахилгааны үнэ 75855 төгрөгийг төлөөгүй. Нийт 900000+ 5855=975855 төгрөг төлөөгүй. Гэрээ ёсоор хугацаандаа төлөөлгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн анз төлөх ёстой. Анзыг тооцож үзвэл хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 2020 оны 03 дугаар сарын 04-ний хүртэл 120 хоног байна. 975855х0,5%х120хоног=585514 төгрөг төлнө. Хуулиар анз нь үндсэн өрийн 50%-иас хэтрэхгүй байх ёстой. Тэгвэл 975855 төгрөгийн 50% нь 48927 төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 487927 төгрөгийн анз төлнө. Үндсэн өрийн хамт 975855+ 487927=1463782 төгрөг төлнө. Иймд А, Ө нараас 1463782 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч А, К нар шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Бид нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэг өрөө байрыг 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс түрээсэлж байгаад 2019 оны 7 дугаар сарын дундуур наадмын дараа хүлээлгэн өгсөн. Байрыг хүлээлгэн өгөх үед тооцоог бүрэн дуусгасан гэж үзэж байна. Яагаад гэвэл 2019 оны 6 дугаар сарын сүүлээр шөнийн цагаар аймагт бороо орж бидний түрээслэн сууж буй өрөөний дээврээс ус гоожиж бидний 2ш зөөврийн компьютер, 1ш өнгөт принтер шатсан байсан. Тэр хүмүүс бид хоорондоо ярилцаад түрээсний төлбөрөөс хасаж тооцох болно гэсэн хариу өгсөн. Тэгээд бид тооцоо дуусгасан гэж ойлгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл суусан гэжээ. Энэ нь огт үндэслэлгүй юм. Бид 7 дугаар сарын дундуур гарсан гэдгийг нэхэмжлэгч нар өөрснөө мэдэж байгаа. Хэрэв шатсан компьютер, принтерийг тооцоонд оруулахгүй гэвэл зөвхөн 2019 оны 05 сар, 06 сар, 07 дугаар сарын 15 хоногийн түрээсийн төлбөрийн тооцоо байх ёстой. Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан байр түрээслэх гэрээний 2.1-д зуны улиралд 150000 төгрөг, өвлийн улиралд 150000 төгрөгөөр түрээслүүлэхээр заасан. Гэтэл нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг сараар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч бид 2019 оны 05 сар, 06 сар, 07 дугаар сарын 15 хоногийн тооцоог оруулж нэг улирлын түрээсийн төлбөрт 150000 төгрөг төлж өгөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахад: Ш ХХК-ийн байраас нэг өрөө байрыг З, Ө нарт байр түрээслэх гэрээгээр хөлслүүлсэн. Уг гэрээ нь бодит хэрэгтээ эд хөрөнгө хөлсөлсөн гэрээ байсан юм. Уг байрыг хариуцагч нар 1 жил 6 сар 23 хоног ашигласан. З нар байрны 1 жилийн хөлсийг бүрэн төлсөн, харин 6 сар 23 хоногийн хөлсийг төлөөгүй. Ш ХХК нь хариуцагч З, Ө нартай 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Хариуцагч нар тайлбартаа гэрээнд улирлаар төлбөр төлнө гэж тусгасан гэж бичсэн байна. Тухайн байр нь халаалттай байр байсан. Зуны улирал гэж ярьж байгаа нь халаалт байхгүй улирал. Харин өвлийн улиралд халаалттай. Гэрээний 3.1-т тодорхой заасан. Бид хариуцагч нарын хүсэлтийн үндэслэж өвлийн /халаалттай/ улиралд халаалтын хөлсийг нэмж нэхэмжлэхгүй, гэрээнд тусгахгүйгээр зуны халаалтгүй үед хэрэглэж байсан байрны хөлсний хэмжээгээр өвлийн улиралд мөн авахаар гэрээ хийсэн. Энэ гэрээг хариуцагч нар ойлгож байгуулсан ба 1 жилийн халаалтын хөлсийг төлж байсан. Хариуцагч нар 07 дугаар сарын 15-ны өдөр байрнаас гарсан гэж тайлбартаа бичсэн байна. 07 дугаар сарын 15-ны өдөр тухайн байрыг чөлөөлж өгөөгүй. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл үйл ажиллагаа явуулсан. 11 дүгээр сарын 01-ний өдрийн орой хариуцагч З-гийн эцэг А, эхнэр Ө нар 2 залуугийн хамт ирж тухайн өрөөнд байсан сейф зэрэг эд зүйлээ авсан. Хариуцагч нар тухайн өрөөнд ломбард, дуу бичлэгийн студийн зориулалтаар ашиглаж байсан. 1 өрөөг 2 тасалгаа болгож ашиглаж байсан ба 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр эд зүйлээ аваад явсан. Би тухайн үед хариуцагч нарт та нарын төлөх төлбөр 1 сая төгрөг гарсан байгаа, тооцоогоо хийгээрэй гэж хэлсэн. Хариуцагч нар 2 хоногийн дараа ирээд тооцоогоо хийгээд байрыг хүлээлгэж өгнө гэж тохироод явсан. Гэвч 2 өдрийн дараа ирж тооцоо хийгээгүй, Заманбек дуу бичлэгийн студи ажиллуулж байсан Г нар тухайн өрөөний түлхүүрийг галч М-д хүлээлгэж өгөөд явсан. Хариуцагч нар компьютер шатсан гэсэн байна. Энэ тухай бидэнд албан ёсоор мэдэгдээгүй, мөн 1 өнгөт принтер шатсан гэсэн байна. Хариуцагч нар компьютер, принтерийг ашиглах боломжгүй болсон гэж үзүүлээгүй, албан ёсоор энэ талаар бидэнд мэдэгдээгүй. Хариуцагч нар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр биш, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тухайн өрөө тасалгааг ашигласан 6 сарын хөлсийг нэхэмжилж байна. Сарын 150000 төгрөг төлөх ёстой. 150000 төгрөгийг 6 сараар үржүүлэхэд 900000 төгрөг төлөх ёстой. Хариуцагч нар 6 сар ашигласан цахилгааны үнээ төлөөгүй. Хариуцагч нарын хэрэглэсэн цахилгааны хөлсийг тоолуурын заалтыг үндэслэж, цахилгааны төлбөр тооцох журмын дагуу тооцоход 75855 төгрөг болж байна. Гэрээ ёсоор хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн анз төлөх ёстой байсан. Иймд хариуцагч АА, Ө нараас нийтдээ 1463782 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч А, Ө нараас 2019 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх 6 сарын түрээсийн төлбөр 900000 төгрөг, цахилгааны төлбөр 75855 төгрөг, алданги 487927 төгрөг, бүгд 1463782 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч А, Ө нар 2019 оны 5 сар, 6 сар, 7 дугаар сараас 15 хоногийн тооцоог оруулж нэг улирлын түрээсийн төлбөрт 150000 төгрөг төлж өгөхийг зөвшөөрч үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч А, Ө нарт шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт нотолгоог үндэслэн нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Ш ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б, хариуцагч А, Ө нар 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Байр түрээслэх гэрээ байгуулсан байна.

 

Энэхүү гэрээний 2.1.-д Ш ХХК нь өөрийн эзэмшлийн байрын нэг өрөөг А, Ө нарт Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ хийх Ломбарт-ын зориулалтаар зуны улиралд 150000 төгрөг, өвлийн улиралд 150000 төгрөгөөр түрээслүүлнэ, 3.5-д А, Ө нар нь түрээсийн төлбөрийг тухайн сарын эхний 5 хоногт төлнө. Хэрвээ хугацаандаа төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хоногт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5%-ийн алданги нэмж төлөхөөр тохиролцсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд талуудын тайлбараар хариуцагч А, Ө нар нь нэхэмжлэгч Ш ХХК-ийн байрнаас хоосон нэг өрөөг түрээслэн авч ломбард, дуу бичлэгийн студи ажиллуулж байсан нь нотлогдож байна.

Иймд зохигчдын байгуулсан Байр түрээслэх гэрээ гэдэг нь агуулгын хувьд уг гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар гэрээ байгуулагдсан 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сар хүртэл байрны хөлсийг гэрээний дагуу төлж байсан гэдэгт маргаагүй, мөн хариуцагч нар 5 дугаар сар, 6 дугаар сар, 7 дугаар сарын 15 хоногийн байрны хөлсийг төлөөгүй гэдгээ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч А, Ө нар нь гэрээ ёсоор Ш ХХК-ний хөлсөлсөн нэг өрөө байрыг 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа боловч тухайн өдөр байрыг суллаж өгсөн гэдгээ шүүхэд нотолж чадаагүй, мөн хөлсөн авсан өрөөнд борооны ус нэвтэрч компьютер, принтер шатсан гэдгийг нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй.

Харин хариуцагч З, Ө нар нь Ш ХХК-ны нэг өрөө байрыг 2019 оны 11 дугаар сарын 03-ны өдөр суллаж түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн гэдэг нь гэрч М-ын мэдүүлгээр нотлогдож байна.

Гэрч М шүүхэд өгсөн мэдүүлэгт: ...Миний бие 2006 оноос эхлэн Ш ХХК-нд галчаар ажиллаж байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Г гэдэг З-гийн студид ажилладаг залуу З-гийн түрээслэн сууж байсан байрны түлхүүрийг надад хүлээлгэн өгсөн. З нь тус түрээсийн байрны нэг өрөөг хоёр хувааж нэг талд нь студи, нөгөө талд ломбард ажиллуулж байсан...гэсэн байна.

Хариуцагч З, Ө нар нь гэрээ ёсоор улирлаар байрны хөлсийг төлөхөөр тохиролцсон гэх боловч 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сар хүртэл түрээслэн авсан байрны хөлсийг улирлаар төлж байсан гэдгээ нотолж чадаагүй.

Хариуцагч нарын хэрэглэсэн цахилгааны хөлсийг тоолуурын заалтыг үндэслэж, цахилгааны төлбөр тооцоход 75855 төгрөг гарсан гэснийг нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадаагүй буюу нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч З, Ө нараас 2019 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх 6 сарын байрны хөлс 900000 төгрөг (6 сар х 150000=900000), алданги 450000 төгрөг бүгд 1350000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 113787 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38370 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 36550 төгрөгийг хариуцагч З, Ө нараас гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч З, Ө Өрнек нараас 2019 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх байрны хөлс 900000 төгрөг, алданги 450000 төгрөг бүгд 1350000 (нэг сая гурван зуун тавин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 113787 (нэг зуун арван гурван мянга долоон зуун наян долоон) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38370 (гучин найман мянга гурван зуун далан) төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 36550 (гучин зургаан мянга таван зуун тавин) төгрөгийг хариуцагч З, Ө нараас гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-нд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.МАНГИЛИК