Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01753

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01368 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох,

 

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.доллар, тооцоо нийлсэн актын дагуу 155 384,29 ам.доллар буюу нийт 427 550 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Цолмон, Э.Уянга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчшүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 09 дүгээр сард нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг барьж эхлэн 2019 оны 04 дүгээр сард ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд нүүрс угаах үйлдвэр барьж эхлэх үед Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ гэх/ төлдөг байсныг өөрчилж, ашигт малтмал ашигласан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болгож өөрчилсөн тул тус компани өртөж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон. 2018 оны 10 дугаар сард техник эдийн засгийн үндэслэлээ батлуулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохгүйгээр эдийн засгийн тооцооллоо хийж тодорхой хэмжээнд ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байсан.

Гэтэл үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн Ашигт малтмалын тухай хуулийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон нь түүхий эд худалдан авахдаа нэг удаа, түүхий эдээ ашиглаж ашигт агуулгыг нэмэгдүүлсэн бол дахин нэг удаа, экспортод гаргахдаа өсөн нэмэгдэх байдлаар дахин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх болсон нь төлөвлөгдсөн ашиг бүхэлдээ алдагдалд орж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн өөрчилсөн найруулгатай холбоотойгоор Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд 2019 оны 04 дүгээр сард маргаан үүсч, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд хүчингүй болсон боловч Улсын Их хурал дахин хууль батлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өөрчлөн найруулгыг агуулгаар сэргээсэн тул бид дахин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч хэвээр үлдсэн.

Бид Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд нь нэгэнт Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон тул хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн бодлогуудын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэдэгт итгэж, итгэлтэйгээр хүлээж байсан. Дээрх хугацаанд бидний үйл ажиллагаа алдагдалтай байсан ч хамтын ажиллагаагаа бодож гэрээгээр хүлээсэн үүргээ өөрийн байгаа боломжоороо биелүүлж хичээн ажиллаж байсан боловч цаашид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсонтой холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрч үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна.

Иймд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний дагуу үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг цуцлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 03/08 дугаартай албан бичгийг хүргүүлсэн боловч “Э” ХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 06/271 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр гэрээний барьцаа 150 000 ам.долларыг буцаан олгох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

Иймд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт 1-д заасан үүргээс хэсэгчлэн татгалзаж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, талуудын тооцоо нийлсэн актын дагуу 5 384.29 ам.доллар, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.доллар нийт 155 384.29 ам.доллар буюу нийт 427 550 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХК нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дотоодын нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг сонгон шалгаруулах тухай СШ дугаар 2019-01-СО шалгаруулалт зарласны дагуу “С” ХХК нь оролцож, шалгаруулалтад заасан нөхцөлийг хангасан тул 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах ЕТТ-2019/236 дугаартай гэрээг байгуулсан.

Энэ гэрээг байгуулахдаа “С” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/51 тоот мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг манай компанид ирүүлсэн бөгөөд уг албан бичигтээ мэдэгдэлд заасны дагуу урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэй, тонн тутмыг 72.0 ам.доллараар /НӨАТ-гүй/ 150 000 тонн коксжих нүүрсийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мэдэгдэлд дурдсан “гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.долларыг танай Улаанбаатар хотын банкны дансанд шилжүүлсэн баримтыг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн албан бичгийг үндэслэж ЕТТ-2019/236 дугаартай гэрээний удиртгал хэсгийн 3-т худалдан авагч нь худалдагчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотоодын нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг сонгон шалгаруулах тухай СШ дугаар СШ 2019-01-СО бүхий шалгаруулалтад заасан нөхцөлийг ханган шалгарсан бөгөөд энэхүү гэрээнд заасан төлбөр болон нүүрс ачилтын талаарх үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам. долларыг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр худалдагчийн нэрлэсэн дансанд шилжүүлсэн болохыг тус тус харгалзан гэж, тус гэрээний 11.1-д талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл гэрээний дагуу хариуцлага хүлээнэ, 11.3-д худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ. Талууд харилцан тохиролцсоныг үндэслэн худалдан авагчид энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд гэрээний хүчинтэй хугацаа дууссанаас хойш ажлын 10 хоногийн дотор худалдагч гэрээний гүйцэтгэлийн баталгааг худалдан авагчийн нэрлэсэн дансанд шилжүүлэх, гүйцэтгэлийн баталгааны үнийн дүнг энэ гэрээний хугацаанд талуудын байгуулсан өөр гэрээний эсхүл өөр этгээдтэй байгуулсан бусад гэрээний аливаа төлбөрт шилжүүлэх, төлбөрийн дүнд тооцохгүй байна гэж заасан.

“С” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03/202 тоот хүсэлт гаргах тухай албан бичгээр “энэхүү гэрээ, түүний хавсралтад заасны дагуу манай компани гэрээний үүргээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй биелүүлж ажилласан бөгөөд дээрх хугацаанд манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтворжиж 72 000 тонн нүүрсийг экспортонд гаргаж амжилттай ажиллаж, цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Бид 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний хугацааг нэг жилээр сунгаж, нүүрсний хэмжээг 3 000 000 тонн хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэн өгч бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлт, мөн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 03/224 тоот албан бичгээр гэрээлсэн 150 000 тонн нүүрсийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний байдлаар авч дуусаад үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн, мөн гэрээний 3.1 болон 3.2 дахь заалтыг үндэслэн худалдах, худалдан авах нүүрсний хэмжээг дахин 150 000 тонноор хавсралтаар батлах хүсэлтэй байгаа тул энэхүү асуудлыг шийдвэрлэн өгч бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлтүүдийг ирүүлсэн.

“Э” ХК-ийн зүгээс хүсэлтүүдийг хүлээн авч дэмжин, талууд харилцан тохиролцож 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ЭТТ-2019/236 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт өөрчлөлтөөр “С” ХХК нь 2019 оны 11 сард багтаан 150 000 тонн коксжих нүүрс ачих үүргийг хүлээсэн боловч худалдан авах нүүрсээ гэрээний хуваарийн дагуу авах гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж ирсэн.

Өнөөдрийн байдлаар ямар нэгэн ачилт хийгээгүй 0 хувьтай байна.

ЭТТ-2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт №1 гэрээгээр худалдан авагч нэмж 150 000 тонн нүүрс худалдан авч, уг нэмэлт гэрээний 3-т 2019 оны 11 дүгээр сард багтаан нүүрс ачилт хийх үүргийг худалдан авагч тал буюу нэхэмжлэгч тал хүлээсэн бөгөөд нэмэлт гэрээний 4-т заасны дагуу ЭТТ-2019/236 дугаартай үндсэн гэрээний 11.1, 11.3-д заасны дагуу худалдан авагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Э” ХК гэрээний үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.долларын барьцааг “С” ХХК-д гэрээнд зааснаар буцаан олгохгүй байх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч талд удаа дараа буцаан олгох боломжгүй гэж албан мэдэгдэл хүргүүлж байсан.

Талууд тооцоо нийлсэн актыг хууль тогтоомжийн дагуу үйлдсэн. Худалдан авагч үндсэн гэрээний дагуу эхний худалдан авалт болох 150 000 тонн нүүрснээс 149 927 тонныг авсан бөгөөд үлдэгдэл төлбөр тооцооны зөрүүгээр худалдагчийн зүгээс баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссанаар талууд гэрээ дүгнэх акт үйлдсэнээр 5 384.29 ам.долларын өглөгийг худалдан авагчид шилжүүлнэ. Гэрээний 10-т давагдашгүй хүчин зүйлийг талууд харилцан тохиролцсон тул “С” ХХК -ийн зүгээс тавьж буй Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт нь энэ гэрээг цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул “Э” ХК-ийн зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гүйцэтгэлийн баталгаа 150 000 ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй, харин тооцоо нийлсэн актын дагуу 5 384.29 ам.доллар төлнө. Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: .Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 160 дугаар зүйлийн 160.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э” ХК-аас 5 384.29 ам.доллар буюу 14 815 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.доллар буюу 412 735 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 2 366 300 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХК-аас улсын тэмдгийн хураамжид 232 026 төгрөгийг гаргуулж “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ"-ний 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “ЭТТ-2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт №1” нэмэлт гэрээнээс татгалзах, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г цуцлах, талуудын тооцоо нийлсэн актын дагуу 5384,29 ам.доллар, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150.000 ам.доллар нийт 155 384,29 ам.доллар буюу нийт 427 550 750 төгрөгийг гаргуулахаар 3 шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн гол үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас нэгэнт авсан нүүрсээ буцаах боломжгүй харин 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаар худалдах, худалдан авах гэрээний нэмэлт, өөрчлөлт 1-д заасан биелэгдээгүй үүргээс хэсэгчлэн татгалзах гэрээнээс татгалзан болон үндсэн гэрээг цуцалсантай холбоотойгоор талуудын тооцоо нийлсэн актын дагуу 5 384,29 ам.доллар, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.доллар нийт 155 384,29 ам.доллар буюу нийт 427 550 750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж шүүх хуралд эдийн засгийн хүнд нөхцөлд орсон буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээний үүргээс татгалзах, цуцлах тухай нэхэмжпэлийн үндэслэл болгож энэхүү үндэслэл, шаардлагын хүрээнд нотлох баримтыг гарган өгч мэтгэлзсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар манай компани эдийн засгийн ямар их алдагдалд орсон цаашид уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгуй нөхцөл байдал үүссэн учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул гэрээнээс хэсэгчлэн татгалзаж үндсэн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж мэтгэлзсэн бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болгож 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/585 дугаартай худалдаа аж үйлдвэрийн танхимын “Хүнд нөхцөл байдалын гэрчилгээ”, 2019 оны татварын тайлан зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч энэхүү нотлох баримтыг үнэлэж дүгнэлгүй шийдэр гаргасан байна.

Мөн шүүхээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт нь энэ гэрээ цуцлах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэсэн байгаа нь буруу дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс болж эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд байдал орсон энэхүү нөхцөл байдал нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэл болсон гэж шүүх хуралдаан дээр маргаж мэтгэлзсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

“С” ХХК болон “Э” ХК-иудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ЭТТ-2019/236 тоот нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, “Э” ХК нь 5,384.29 ам.долларыг “С” ХХК-д төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй.

 

Нэхнэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулсан хэлцлээс татгалзснаар гэрээ дуусгавар болсон гэх үндэслэлээр барьцаанд төлсөн 150 000 ам.доллар буцаан шаардсан.

 

Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчид гэрээг цуцлах талаар мэдэгдэхэд хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 06/271 тоот албан бичгээр гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан талаар мэдэгджээ.

 

Гэрээний 11.3-т “худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд худалдагчаас худалдан авагчид гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ...“ гэжээ. Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-д заасан барьцааны агуулгатай байна.

 

Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлт нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарахгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон байна. Энэ тохиолдолд гэрээг хэрэгжүүлэх боломжтой эсэх, гэрээ дуусгавар болсон эсэх, дуусгавар болсон үндсэн гэрээний үүрэгт барьцаагаар хангагдах үүрэг байсан эсэхийг тодруулах байжээ.

 

Барьцаагаар хангагдах үүрэг тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/01368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 221 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА