Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 0022

 

2018 оны 01 сарын 04 өдөр                   Дугаар 221/МА2018/0022                          Улаанбаатар хот

        

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0842 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “Б”ХХК-ийн давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0842 дугаар шийдвэрээр: “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг баримтлан “Б” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалын “...2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар...” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК давж заалдах гомдолдоо: “...”Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Сонсголон нэртэй 73 га талбайд ашигт малтмал ашиглалтын 2299А дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 262 дугаар шийдвэрээр нөхөн сэргээлт хийгээгүй гэх шалтгаанаар цуцалсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс уг зөрчлийг арилгаж, тус талбайд өөрсдийн хийгээгүй ажил буюу 1970-1980 онд Оросын СОТ-3-ынхан 3, 4 дүгээр хорооллыг барьж байгуулахад ашигласан хайрганы нөхөн сэргээлт хийгээгүй гэх шалтгаанаар цуцалсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс уг зөрчлийг арилгаж тус талбайд өөрсдийн хийгээгүй ажил буюу 1970-1980 онд Оросын СОТ-3-ынхан 3, 4 хорооллыг барьж байгуулахад ашигласан хайрганы нөхөн сэргээлтийг хийж зохих байгууллагад нь хүлээлгэн өгч, хариуцагч байгууллагад тусгай зөвшөөрлийн эрхээ сэргээлгэх хүсэлт, нотлох баримтаа гарган өгсөний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар шийдвэрээр Ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг тооцон шийдвэрлэх тухай тушаал гарч манай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргэсэн уг шийдвэрийн дагуу холбогдох ажиллагаагаа хийж байтал бүтэн жилийн дараа танай эрхийг сэргээсэн тушаалыг хүчингүй болгосон байна гэх мэдэгдлийг хүлээн авч шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхээс шийдвэрээ гаргахдаа нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.

...Хэрэгт авагдсан баримт, шүүхийн шийдвэрээс үзэхэд Уул уурхайн сайдын томилсон ажлын хэсгийг дүгнэлт болон сайдын тушаалд илэрсэн гэх зөрчлүүдийг шууд тогтоож, хүчингүй болгох үүрэг өгөөгүй, дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоож зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох гэж тушаалд дурдсан байгаа боловч хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа тайлант хугацааны сүүлийн өдрөөр огноолон тушаалаа хэлбэрийн төдий гаргасан болохоос бус Захиргааны ерөнхий хууль, Уул уурхайн сайдын тушаал ажлын хэсгийн дүгнэлтэд заасан арга хэмжээг аваагүй байдлын шүүхээс анхаарч үзээгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтлах гэж зааж өгсөн байхад уг ажиллагааг хийгээгүй, өмнө нь гаргасан тушаалаар тусгай зөвшөөрлийн эрх сэргэж байгаа, түүнийг нь хүчингүй болгож байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн эрх нэн тэргүүнд хөндөгдөж, зөрчигдөж байхад уг байдлыг анхаарч үзээгүй, түүнчлэн сэргээсэн тушаалыг хариуцагч өөрөө гаргасан бөгөөд жил гаруй хугацааны дараа өөрөө дахин хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчээр тоглож байгаа юм шиг их ажлыг эхлүүлж, хөрөнгө мөнгө гаргасны дараагаар ямар ч үндэслэл, мэдэгдэлгүйгээр тушаалыг гаргасан нь эрхийг нь зөрчсөн байдлыг буруугаар дүгнэсэн.

Түүнчлэн уг ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хайрганы буюу түгээмэл тархацтай ашигт малтмал бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу түүнийг хүчингүй болгох, цуцлах үндэслэлгүй бөгөөд тусгайлан хуулиар уг асуудлыг зохицуулсан байхад анхан шатны шүүхээс уг харилцааг зохицуулсан хуулийг хэрэглээгүй нь буруу гэж үзэж байх тул гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Б” ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг Сонсголонд байрлах 73 гектар уурхайн эдэлбэр бүхий газарт ашиглалтын 2299А тусгай зөвшөөрөл эзэмшиж байсныг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй гэх үндэслэлээр цуцалжээ.

Улмаар нэхэмжлэгч “Б” ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаартай тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан гомдлын дагуу хяналт шинжилгээ хийсэн Ашигт малтмалын газрын Хяналт- шинжилгээ, үнэлгээ, статистик, мэдээллийн хэлтсээс “Б” ХХК-ийн 2299А тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэлтэй гэж дүгнэсэн байх ба уг дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар тушаалаар “Б” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн байна.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” А/69 дүгээр тушаалаар ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан тусгай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулах, хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасны дагуу газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаал гарч, Ашигт малтмалын газрын даргын а/46 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно” гэж заасан төдийгүй Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй. Харин дээрх хуулиудад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээх эрхийг Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгоогүй байна.

Мөн Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар тушаалыг хууль зөрчсөн талаар дүгнэсэн ажлын хэсгийн тайлан болон холбогдох арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалтай нэхэмжлэгч тал огт маргаагүй төдийгүй дээрх тушаал хүчин төгөлдөр байна.

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Агентлаг нь ...сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Агентлагийн дарга агентлагийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний үр дүнг сайдын өмнө хариуцан тайлагнана“, 8.4-т “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ”, 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж тус тус зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх үүрэгтэйн зэрэгцээ гаргасан тушаал нь “хууль бус” болох нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох эрхтэй тул хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэр гаргасан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс хариуцагчийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалыг гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй гэх гомдлын хувьд:

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч “Б”ХХК-д тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байсан хэдий ч нэгэнт Ашигт малтын газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/46 дугаар тушаал нь хууль зөрчиж гарсан, анхнаасаа нэхэмжлэгчид давуу байдал бий болгох үндэслэлгүй болох нь тодорхой байгаа энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийгээд ч үр дүнд хүрэхээргүй байсан нь хэргийн үйл баримтаас харагдаж байх тул маргаан бүхий тушаалыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн а/63 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б”ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

     ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

     ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН