Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/00988

 

П.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/03039 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1155 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “МД ТОФ” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 9 097 314 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг болон хариуцагчийн төлөөлөгч С.Мөнхцогт нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэцэнбилэг, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Мөнх-Эрдэнэ нь “МД ТОФ” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Дархан цогцолбор хорооллын 1 дүгээр блок, 1 дүгээр орц, 152 тоот 52.60 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 63 000 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирч төлбөрөө хугацаанаас нь өмнө бүрэн төлсөн.Гэтэл “МД ТОФ” ХХК гэрээнд заасан 52.60 м.кв бус 45.767 м.кв буюу 6.833 м.кв дутуу талбайтай орон сууц хүлээлгэн өгснийг мэдсэн. Гүйцэтгэгч буюу “МД ТОФ” ХХК нь орон сууцыг тухайн үед мөрдөгдөж байсан Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрмийг мөрдлөг болгон стандартад нийцүүлэн барих үүрэгтэй боловч тэр үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний 6.3-т зааснаар орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон ба ингэж тооцоход зөрүү гарахгүй 52.60 м.кв байна, үүнийг захиалагч буюу нэхэмжлэгч зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.Учир нь гэрээнд зааснаар талбайн хэмжээг тэнхлэгээр тооцно гэдэг нь хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа талаар хариуцагч нотлох ёстой. Талуудын хооронд байгуулсан гэрээний заалт нь хууль тогтоомж, дүрэмтэйгээ зөрчилдөж байна. Аливаа барилга байшинг стандарт норм дүрэмд нийцүүлэн барих байтал гэрээндээ янз бүрийн заалт оруулаад захиалагч зөвшөөрсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээ 2011 онд хийгдсэн, стандарт нь 2009 оных. Энэ стандартын 7.2-т орон сууцны барилгын доторх өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашилга, хана, хамар хананы өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна гэж заасан байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргана” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний доголдол гэж үзэж байна. Уг байрны м.кв хэмжээндээ хүрч байгаа эсэхийг тогтоолгохоор “Нарлаг хөхий” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 45.767 м.кв талбай гэж 6.833 м.кв талбайгаар зөрсөн.Иймд талбайн зөрүүнд 8.184.014 төгрөг, бусад зардлыг тооцож нийт 9.097.314 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бидний байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 6.3 дахь заалтад орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон болно гэж заасныг харилцан хүлээн зөвшөөрч талууд гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “МД ТОФ” ХХК нь иргэн П.Мөнх-Эрдэнэтэй 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Барилгын зургийг гаргаж өгөхдөө хананыхаа зузаанаар гаргадаг. Ингэж гаргахдаа дотор талын хананаас хэмжилт хийх боломжгүй, яагаад гэвэл хана баpьсны дараа дотор засал хийдэг. Ингэж хийхээр наашаагаа 4 см болдог ба 4 см болоход зургийн компани тогтоох боломжгүй байдаг. Захиалагч талд зураг буюу танилцуулгаа өгөөд танилцуулга дээр 52.60 м.кв гэж байхад зөвшөөрч гарын үсгээ зурсан.Орон сууц захиалгаар бариулах гэрээнд м.кв-ын үнийг тогтоож тохиролцоогүй. Талууд 52.60 м.кв-ын үнийг тохирсон бол гэрээн дээр м.кв нь 1.197.719 төгрөг гэж бичигдэнэ. Тэгэхээр м.кв-ын талаар тохироогүй гэж ойлгогдож байна. Талууд хананаас хананы хооронд хийсэн хэмжилтийн талаар маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч шаардлагаа нотлох ёстой, нэхэмжлэгчийн зүгээс нотолж чадахгүй гэж үзэж байна.Иймд талбайн зөрүү болон хохирол нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/03039 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “МД ТОФ” ХХК-иас 7 907 978 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 189 336 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 510 төгрөгнөөс 19 032 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “МД ТОФ” ХХК-иас 141 477 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнэд олгож, П.Мөнх-Эрдэнээс 30 861 төгрөг, “МД ТОФ” ХХК-иас 123 446 төгрөгийг тус тус гаргуулж, Хөрөнгө үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1155 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/03039 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “…Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэг” гэж, мөн заалтын “…7 907 978 төгрөг” гэснийг “…6 994 678 төгрөг” гэж, “…1 189 336 төгрөг” гэснийг “…2 102 636 төгрөг” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн…” гэсний дараа “тухай” гэсэн үг нэмж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч С.Мөнхцогтын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “МД ТОФ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141 480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 2016.6.13-ны өдрийн 1155 тоот магадлалыг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан ба энэхүү нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зардал нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан зардал мөн бөгөөд хуулинд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж заасан ба уг зардлыг хэмнэх боломж байсан эсэх нь энэхүү шаардах эрхэд нөлөөлөхгүй юм.Иймд давж заалдах шатны магадлалд өөрчлөлт оруулж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд шинжээч томилуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн гэсэн боловч хүсэлтээс өөр агуулгатай захирамж гаргаж, түүнийгээ танилцуулаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэхэд шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролдогч хүсэлт гаргах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ба талбай хэмжээг хананы дотор талаас хэмжихэд дутуу гэдэгтэй хариуцагч тал маргаагүй харин гэрээний 6.3-т “талбайн хэмжээг тэнхлэгээр” хэмээн бичсэн тул тэнхлэгээс хэмжилт хийлгэхээр хариуцагч хүсэлт гаргасан ч уг асуудал огт тодруулагдаагүй тул энэ нь зөрчил болно. Хууль хэрэглээний тухайд гэрээний заалт хүчин төгөлдөр байх бөгөөд түүнийг бүхэлд нь эсхүл зарим заалтыг нь хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын шаардах эрхийн хууль зүйн үндэслэл болсон гэрээний заалтад шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шийдвэр хууль ёсны болж чадсангүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

                                                                                        ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсноос гадна шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа алдаа гаргасныг магадлалд өөрчлөлт оруулах журмаар залруулах боломжтой байна.

Зохигчид 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, хариуцагч “МДТОФ” ХХК нь ажил гүйцэтгэгчийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Дархан цогцолбор” хорооллын орон сууцны 1 дүгээр блок, 1 дүгээр орц, 9 давхрын 152 тоотын 52.6 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бэлэн болгож, нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнэд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнэ нь захиалагчийн хувьд орон сууцны үнэд 63 000 000 төгрөгийг графикт тохирсон хугацаагаар төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна. Хоёр шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Гэрээний гол нөхцөл болох орон сууцны талбайн хэмжээ, 1мкв-н үнэ, орон сууц ашиглалтад орсон хугацаа, ажлын үр дүнгийн чанар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч П.Мөнх-Эрдэнийн хүлээж авсан орон сууцны талбай гэрээнд заасан хэмжээнээс бага болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч орон сууцны үнэд төлсөн төлбөрөөс дутуу талбайд ногдох үнийн дүнг буцаан шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3.-д заасан шаардлагын агуулгад нийцжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс орон сууцны талбайн хэмжээг тогтоолгохоор “Нарлаг Хөхий” ХХК-д төлсөн ажлын хөлс, өмгөөлөл, нотариатын үйлчилгээний хөлс зэргийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “...өөрийн хүслээр хийгдсэн ажиллагаа”, “...ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөнөөс ... зайлшгүй учирсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь учир дутагдалтай болжээ. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т зааснаар хохирлын ойлголтод үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал хамаардаг бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлагыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хохирол гаргуулах тухай Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаантай харилцаанд илүү тохирно гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн шийдвэртээ баримталсан зүйл, заалтыг магадлалд буруу тусгажээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1155 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “227.1. дэх хэсэг” гэснийг “227.3. дахь хэсэг” гэж өөрчлөн, уг заалтаас “мөн заалтын 7 907 978 төгрөг гэснийг 6 994 678 төгрөг гэж, 1 189 336 төгрөг гэснийг 2 102 636 төгрөг гэж” гэсэн хэсгийг хасч, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 26 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН