Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1155

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/03039 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 9 097 314 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        ХХХХХ

Хариуцагчийн төлөөлөгч                                      ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХ нь “ХХХХ” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу ХХХХ цогцолбор хорооллын ХХ дүгээр блок, ХХ дүгээр орц, ХХ тоот 52.60 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 63.000.000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирч төлбөрөө хугацаанаас нь өмнө бүрэн төлсөн. Гэтэл “ХХХХ” ХХК гэрээнд заасан 52.60 м.кв бус 45.767 м.кв буюу 6.833 м.кв дутуу талбайтай орон сууц хүлээлгэн өгснийг мэдсэн. Гүйцэтгэгч буюу “ХХХХ” ХХК нь орон сууцыг тухайн үед мөрдөгдөж байсан Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрмийг мөрдлөг болгон стандартад нийцүүлэн барих үүрэгтэй боловч тэр үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний 6.3-т зааснаар орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон ба ингэж тооцоход зөрүү гарахгүй 52.60 м.кв байна, үүнийг захиалагч буюу нэхэмжлэгч зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь гэрээнд зааснаар талбайн хэмжээг тэнхлэгээр тооцно гэдэг нь хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгаа талаар хариуцагч нотлох ёстой. Талуудын хооронд байгуулсан гэрээний заалт нь хууль тогтоомж, дүрэмтэйгээ зөрчилдөж байна. Аливаа барилга байшинг стандарт норм дүрэмд нийцүүлэн барих байтал гэрээндээ янз бүрийн заалт оруулаад захиалагч зөвшөөрсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцох ямар ч стандарт, норм дүрэм байхгүй. Тэнхлэгээр тооцно гэдгийг хариуцагчийн тайлбарлаж байгаачлан тэнхлэгээр нь тооцоод дараа нь талбайн хэмжээ багасдаг гэж ойлгоогүй. Гэрээ 2011 онд хийгдсэн, стандарт нь 2009 оных. Энэ стандартын 7.2-т орон сууцны барилгын доторх өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашилга, хана, хамар хананы өнгөлгөө засал хийгдсний дараа дотор гадаргуугаас авна гэж заасан байна. Гүйцэтгэгч нь захиалагчид 52.60 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэж өгөх ёстой байтал барилгын ажлын явцад хэмжээ нь багассан байна. Талбай хэмжих стандартын дагуу хэмжихэд зөрүү гараад байгаа нь доголдол учраас нэхэмжлэл гаргаад байгаа юм. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлага гаргана гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний доголдол гэж үзэж байна. Уг байрны м.кв хэмжээндээ хүрч байгаа эсэхийг тогтоолгохоор “ХХХХ” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 45.767 м.кв талбай гэж 6.833 м.кв талбайгаар зөрсөн. Иймд талбайн зөрүүнд 8.184.014 төгрөг, бусад зардлыг тооцож нийт 9.097.314 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хариуцагч тал дээрх талбайн хэмжээг тодорхойлсон “ХХХХ” ХХК-ийн хэмжилтийг зөвшөөрөөгүйгээс дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ХХХХ” ХХК 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлт гаргасан. Дээрх шинжээчийн дүгнэлтээр уг 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 46.76 м.кв байна гэсэн дүгнэлт гаргасан. Шүүхээс томилсон “ХХХХ” ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэж талбайн зөрүүг гаргаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

 Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХХХХ-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бидний хооронд байгуулсан 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 6.3 дахь заалтад орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон болно гэж заасныг харилцан хүлээн зөвшөөрч талууд гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ХХХХ ХХК-ийн өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ХХХХ ХХКК нь иргэн ХХХХтэй 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Талууд гэрээний 6.3-т зааснаар орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон ба ингэж тооцоход зөрүү гарахгүй. Үүнийг захиалагч буюу нэхэмжлэгч зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь анх гаргасан барилгын зургаар орон сууцыг барьсан гэсэн үг. Барилгын зургийг гаргаж өгөхдөө хананыхаа зузаанаар гаргадаг. Ингэж гаргахдаа дотор талын хананаас хэмжилт хийх боломжгүй, яагаад гэвэл хана баpьсны дараа дотор засал хийдэг. Ингэж хийхээр наашаагаа 4 см болдог ба 4 см болоход зургийн компани тогтоох боломжгүй байдаг. Захиалагч талд зураг буюу танилцуулгаа өгөөд танилцуулган дээр 52.60 м.кв гэж байхад зөвшөөрч гарын үсгээ зурсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээнд м.кв-ын үнийг тогтоож тохиролцоогүй. Талууд 52.60 м.кв-ын үнийг тохирсон бол гэрээн дээр м.кв нь 1.197.719 төгрөг гэж бичигдэнэ. Тэгэхээр м.кв-ын талаар тохироогүй гэж ойлгогдож байна. Ийм төрлийн маргаан өөр шүүгч нар дээр байгаа ба орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон тохиолдолд шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хүлээж авсан боловч шинжээч дүгнэлт гаргах боломжгүй гэж ирүүлсэн байна лээ. Талууд хананаас хананы хооронд хийсэн хэмжилтийн талаар маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч шаардлагаа нотлох ёстой, нэхэмжлэгчийн зүгээс нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Иймд талбайн зөрүү болон хохирол нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ХХХХ” ХХК-иас 7.907.978 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.189.336 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160.510 төгрөгнөөс 19.032 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ ХХК-иас 141.477 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХд олгож, ХХХХэс 30.861 төгрөг, ХХХХ ХХКК-иас 123.446 төгрөгийг тус тус гаргуулж, ХХХ, “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо:... “ХХХХ” ХХК-д холбогдуулан гаргасан ХХХХ-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хурал 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр болж манай компанийн зүгээс орон сууцны  талбайн хэмжээг тэнхлэгээс хэмжүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Шүүгч 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн "Шүүх суралдаан хойшлуулж шинжээч томилох тухай" захирамж гаргахдаа бидний хүсэлтийг тусгалгүйгээр гаргасан байна. Иймд шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзээд 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож олгож өгнө үү гэжээ.

                                       

   ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХ” ХХК-иас орон сууцны талбайн 6.833 м.кв зөрүүгийн үнэ 8.184.014 төгрөг, ажлын хөлс 82.300 төгрөг, өмгөөллийн хөлс 820.000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардалд 11.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргажээ. 

 

            Зохигчид орон сууцны талбайн зөрүүгийн үнийн талаар маргажээ.

 

            Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч "ХХХХ” ХХК-тай 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулан, гэрээгээр гүйцэтгэгч “ХХХХ” ХХК нь ХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо “ХХХ Цогцолбор хорооллын орон сууцны ХХ дүгээр блок, ХХ дүгээр орц ХХ давхрын ХХ тоотод 2 өрөө 52.60 м.кв орон сууцыг захиалагч ХХХХд хүлээлгэн өгөх, захиалагч нь орон сууцны үнэ 63.000.000 төгрөгийг графикт тохирсон хугацаагаар төлөх үүрэг хүлээсэн байна.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцыг ашиглалтад оруулах хугацаа, үнийг графикаар төлөхөөр тохиролцсон, гэрээний хугацаа болон орон сууц хүлээлгэн өгөх хугацаа зэргийг харгалзан талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.   

 

            Талууд гэрээний 2.1.5 дахь заалтад орон сууцны талбайн хэмжээг 52.60 мкв байхаар 2.1.6 дахь заалтад гэрээний үнийг 63.000.000 төгрөг байхаар тус тус тохиролцсон байх тул орон сууцны талбайн хэмжээ гэрээний гол нөхцөлийн нэг байсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх 1 м.кв үнэ нь 1.197.719 төгрөгөөр тооцсоныг буруутгах үндэслэлгүй.

 

            Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй бөгөөд захиалагч буюу нэхэмжлэгч захиалсан орон сууцаа 2012 оны 3 дугаар улиралд хүлээж авсан энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

            Ажлын үр дүнг хүлээн авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй, ажлын үр дүнг хүлээн авахаас татгалзсан гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч ХХХХ нь ажлын үр дүнг хүлээн авсан боловч доголдлын талаар гаргах шаардах эрхээ алдаагүй байна гэж үзлээ.

 

            Анхан шатны шүүх ажил гүйцэтгэгч “ХХХХ” ХХК нь захиалагч ХХХХ-ийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул ажлын үр дүнгээс дутуу байгаа 5.84 мкв талбайн хэмжээгээр хариуцагч байгууллагаас тус талбайн үнэ 6.994.678 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т нийцсэн байна. 

 

Анхан шатны шүүх талбайн хэмжээний талаарх талуудын тайлбар зөрүүтэй байгаа маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт бүрдүүлэх зорилгоор Хөрөнгийн үнэлгээний төвийн “ХХХХ” ХХК-ийг шинжээчээр томилж, уг дүгнэлтэд үндэслэн талбайн хэмжээг тооцсоныг буруутгах үндэслэл байхгүй юм.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “ХХХХ” ХХК-д төлсөн ажлын хөлс, өмгөөлөл, нотариатын үйлчилгээний хөлс, зардал зэргийг зайлшгүй учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэл муутай байна. Учир нь эрх зүйн зөвлөгөө авах, өмгөөлүүлэх, нотариатын үйлчилгээ авах, эд хөрөнгийн үнэлгээний “ХХХХ” ХХК-иар дүгнэлт гаргуулан хөлс төлөх нь нэхэмжлэгч өөрийн хүслээр нэхэмжлэгч өөрийн хүслээр хийгдсэн ажиллагаа бөгөөд хариуцагч байгууллагын  ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид зайлшгүй учирсан хохирол гэж үзэхэд эргэлзээтэй юм.

 

 Талуудын маргаан нь гэрээнээс татгалзах, цуцлахтай холбоогүй байхад шүүх хохирол шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчтой бус болсон байх тул уг заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалт болгон өөрчилөх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч “ 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “ шүүх хуралдаан хойшлуулж шинжээч томилох” захирамжид бидний хүсэлтийг тусгаагүй гэсэн үндэслэлээр давж заалдсан байгаа боловч хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ын хүсэлтээр шинжээч томилсон байгаа нь түүний хүсэлтийг хүлээн аваагүй гэж үзэхгүй шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийснийг буруутгах боломжгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас талбайн зөрүүгийн хөлсөнд 6.994.678 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхүй болгож, хуулийн зүйл заалтыг болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөн өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/03039 дүгээр шийдвэрийн

 

1 дэх заалтын “…Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг” гэснийг “Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэг” гэж,

 

Мөн заалтын “ … 7.907.978 төгрөг” гэснийг  “…6.994.678 төгрөг” гэж, “… 1.189.336 төгрөг” гэснийг “ … 2.102.636 төгрөг” гэж

 

Шийдвэрийн 2 дахь заалтын “ Улсын тэмдэгтийн хураамжийн…” гэсний дараа “тухай” гэсэн үг нэмж тус тус 

 

өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.480 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                 

 

                                           ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО