Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01703

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02003 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Нэгт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 34 831 374 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цолмонсамбуу, А.Анударь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Г.Нэгтэй 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг жилийн 35,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон ба гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Нэгийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 803 дугаар байр, 602 тоот хаягт байрлалтай 79.56 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг барьцаалсан.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй, түүнд биелүүлэхийг мэдэгдсэн боловч зээлийг төлөөгүй бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт 162 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Одоогийн байдлаар үндсэн зээл 29 790 694 төгрөг, зээлийн хүү 4 709 744 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 330 935 төгрөг, нийт 34 831 374 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хариуцагч нийт 4 119 035 төгрөгийг төлснөөс үндсэн зээлд 209 305 төгрөг, зээлийн хүүнд 3 578 794 төгрөгийг суутгасан.

Иймд хариуцагчаас 34 831 374 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “Н” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг шуурхай зээлийн зориулалтаар авсан. Гэтэл зээлийг ашиглаж, эргэн төлөх явцад онцгой нөхцөл байдлын улмаас орлого олох боломжоо алдсан. Би тус банкинд зээлийг буцаан төлөх хуваарийг өөрчилж, хугацаа сунгах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгч нь миний төлсөн 4 119 035 төгрөгөөс үндсэн зээлд 209 305 төгрөг, зээлийн хүүнд 3 578 794 төгрөгийг суутгасан талаар маргахгүй, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр зээлийг төлөх саналтай байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Г.Нэгээс 34 831 374 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-нд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун /13311/, Хүннүгийн гудамж 803 дугаар байр, 602 тоот хаягт байрлах 79.56 м.кв талбайтай орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 402 307 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.Нэг нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Н” ХХК-аас 30 000 000 төгрөгийн шуурхай зээл авсан ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2204047614 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал Таун 803 дугаар байр 602 тоот хаягт байршилтай 79,56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Ковид-19 цар тахал дэгдэж орлого буурсан. Иимд 30 000 000 төгрөгийн зээлийн хүү болох 4 709 744 төгрөгийг төлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Г.Нэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 831 374 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 34 831 374 төгрөгийг зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

“Н” ХХК нь Г.Нэгтэй 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шуурхай зээлийн  гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 30 000 000 төгрөгийг жилийн 35,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн /хх-8-10/ талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн мөн өдөр ипотекийн гэрээ байгуулж Г.Нэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204047614 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал Таун, Хүннүгийн гудамж 803 дугаар байрны 602 тоот хаягт байршилтай 79,56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-11-13/

 

Хариуцагч зээлийн төлбөрт 4 119 035 төгрөг төлснөөс нэхэмжлэгч үндсэн зээлд 209 305 төгрөг, зээлийн хүүнд 3 578 794 төгрөгийг суутгасан талаар талууд маргаагүй байна.

 

“Н” ХХК нь Г.Нэгт 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах арга хэмжээ авах талаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээг цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн үлдэгдлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

“Н” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Хариуцагч Ковид-19 цар тахал дэгдэж орлого буурсан, 30 000 000 төгрөгийн зээлийн хүү болох 4 709 744 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлийг тайлбарласан.  

 

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ” гэж заажээ.

 

Хариуцагч нь зээлийн хүүг зогсоох тухай хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад гаргасан эсэх, мөн өөрийн орлого буурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/02003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 305 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА