Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2003

 

 

 

 

 

            2020        06          02

                                 101/ШШ2020/02003

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 34,831,374.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бхариуцагчийн итгэмжлэгдсэн Ж, нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагчтай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000.00 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай олгосон. Бид, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч Н-ийн өмчлөлийн ...  хаягт байрлалтай 79.56 м.кь талбайтай 3 өрөө байрыг барьцаалсан.

 

Гэвч хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй, түүнд биелүүлэхийг шаардлагыг хүргүүлсэн боловч зээлийг төлөөгүй бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт 162 хоногийн хугацаа хэтрэлттэй, одоо  үндсэн зээл 29,790,694.52 төгрөг, зээлийн хүү 4,709,744.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 330,935.20 төгрөг, нийт 34,831,374.24 төгрөгийг төлөөгүй байна.

 

Хариуцагчаас 4,119,035.02 төгрөгийг төлснөөс бид нар үндсэн зээлд 209,305.48 төгрөг, зээлийн хүүнд 3,578,794.52 төгрөгийг суутгасан. Иймд, зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас 34,831,374.24 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Г ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 30,000,000.00 төгрөгийг шуурхай зээлийн зориулалтаар авсан. Гэтэл зээлийг ашиглаж, эргэн төлөх явцад онцгой нөхцөл байдлын улмаас орлого олох боломжоо алдсан. Намайг тус банкинд зээлийг буцаан төлөх хуваарийг өөрчилж, хугацаа сунгах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй.

 

Нэхэмжлэгч нь миний төлсөн 4,119,035.02 төгрөгөөс үндсэн зээлд 209,305.48 төгрөг, зээлийн хүүнд 3,578,794.52 төгрөгийг суутгасан талаар маргахгүй. Гэвч миний бие барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр зээлийг төлөх саналтай байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г ХХК-иас хариуцагч Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,831,374.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Н-тэй зээлийн гэрээ байгуулж, 30,000,000.00 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 2.95 хувь, жилийн 35.4 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч *******ийн өмчлөлийн *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах 79.56 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 8-13 хуудас/.

           

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” хэлнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “мөнгөн хадгаламж, зээл..............” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 6 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу талууд энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-д зааснаар зээлдэгч нь тус зээлийг бизнесийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар авчээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасан.

 

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэрээний зүйл болох 30,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан эсэх талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч *******ийг зээлийн гэрээний зүйл 30,000,000.00 төгрөгийг авсан гэж үзнэ.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Энэхүү зээлийн гэрээгээр хариуцагч буюу зээлдэгч Ннь 30,000,000.00 төгрөгийг үндсэн зээлээс төлөлт хийхгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ашиглаж, зээлийн хүүнд 2,676,821.92 төгрөгийг төлөх, улмаар тус өдрөөс эхлэн үндсэн зээлээс сар бүр 3,333,333.33 төгрөгийг гэрээнд заасан хүүгийн хамт төлсөөр 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээжээ /х.х-ийн 10 хуудас/.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл Нзээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Учир нь, тэрээр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл үндсэн зээлд 19,999,999.98 төгрөг төлөх ёстой байснаас 209,305.48 төгрөг, зээлийн хүүнд 6,527,178.08 төгрөгийг төлөх үүрэгтэй байтал 3,578,794.52 төгрөгийг тус тус төлсөн байна. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн төлбөрт 19,790,694.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,948,383.56 төгрөгийг дутуу төлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 30,000,000.00 төгрөгийг ашиглах зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө үндсэн зээлийн үлдэгдэл 29,790,694.52 төгрөг, зээлийн хүү 4,709,744.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 330,935.20 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “............................... Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасан.

 

Зохигчдын байгуулсан гэрээний зорилго болоод зээлийн зориулалт, эргэн төлөлтийн хуваариас үзвэл уг гэрээ нь хиймэгц биелэх бус, харин урт хугацааны гэрээнд хамаарах тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэж, мөн 221.3-д “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно” гэж тус тус заасныг харгалзах ёстой.

 

Харин энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д “үүргийг ялимгүй зөрчсөн” тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй. Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г ХХК-иас хариуцагч Н-т үүргээ гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгч байжээ /х.х-ийн 15 хуудас/.

 

Нөгөө талаар хариуцагч нь зээлийн хүүнд 6,527,178.08 төгрөгөөс 3,578,794.52 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлээс 19,790,694.05 төгрөгийг төлөөгүй, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийг хүүг зохих ёсоор төлөөгүй байх тул яримгүй зөрчил гэж үзэж боломжгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Г ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 29,790,694.52 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн төлсөн нийт 4,119,035.02 төгрөгөөс үндсэн зээлд 209,305.48 төгрөг, зээлийн хүүнд 3,578,794.52 төгрөгийг суутгасан талаар маргаагүй ба талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.5-д тус тус зааснаар зээлдэгчийн төлбөл зохих зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцвол:

 

  • 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү

 

  1. x2.95%=885,000 төгрөг /1 сарын хүү/, 885,000x12=10,620,000 төгрөг /1 жилийн хүү/, 10,620,000:365=29,095.89 төгрөг /1 өдрийн хүү/, 29,095.89x124 өдөр=3,607,890.36 төгрөг”.

 

  • 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү

 

“29,790,694.52x2.95%=878,825.48 /1 сарын хүү/, 878,825.48x12=10,545,905.86 төгрөг /1 жилийн хүү/, 10,545,905.86:365=28,892.89 /1 өдрийн хүү/, 28,892.89x170өдөр=4,911,791.03 төгрөг, нийт 8,519,681.66 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 3,578,794.52 төгрөгийг хасвал 4,940,887.14 төгрөг болж байна.

 

            Харин нэмэгдүүлсэн хүүгийн хувьд хариуцагчийн хамгийн сүүлд үндсэн зээлээс 209,305.48 төгрөгийг төлсөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дараа өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх тооцвол 982,356.09 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодогджээ

/29,790,694.52x0.59%=175,765.09x12=2,109,181.17:365=5,778.57x170=982,356.09/.

 

Гэвч нэхэмжлэгч Г ХХК нь зээлийн хүүнд 4,709,744.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 330,935.20 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас хэтрэх ёсгүй. Иймд, хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 29,790,694.52 төгрөгийг зээлийн хүү 4,709,744.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 330,935.20 төгрөгийн хамт тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Нэхэмжлэгч Г ХХК-иас хариуцагч Н-т холбогдуулан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд ..................” гэж тус тус зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь зээлдэгчийн өмчлөлийн хөрөнгө тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.  

 

Мөн Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан барьцааны гэрээ нь тус хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэнтэй нийцэж байна.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 1751-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

 

 Шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 29,790,694.52 төгрөг, зээлийн хүү 4,709,744.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 330,935.20 төгрөг, нийт 34,831,374.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Н-с 34,831,374.24 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-нд олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... хаягт байрлах 79.56 м.кв талбайтай орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,307.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 402,307.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР