Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01749

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02136 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Н-ийн хариуцагч Т.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н Т.А нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 26 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүргийг хүлээсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо /ар гүнт зуслан/-нд орших тус бүрийн 700 м.кв талбай бүхий 5 айлын газрыг барьцаалж талууд барьцааны гэрээ байгуулсан болно. Э.Н нь гэрээний зүйл болох 26 000 000 төгрөгийг Т.А-т 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бэлнээр хүлээлгэн өгсөн. Т.А нь 2019 оны 4, 5, 6 дугаар сарын зээлийн хүүнд 1 950 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Т.А нь үндсэн зээл болон хүүг гэрээнд заасны дагуу төлж барагдуулаагүй байна. Иймд үндсэн зээл 26 000 000 төгрөг, хүү 1 950 000 төгрөг, алданги 13 000 000 төгрөг нийт 40 950 000 төгрөгийг Т.А-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд 2 дахь хэсэгт зээл болон зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Нэхэмжлэгч алдангийг тооцохдоо 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл нийт 130 хоног тооцжээ. Зээлийн гэрээний 11 дэх хэсэгт гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйлийн /тухайлбал халдварт тархалт/ нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан. Шинэ корона вирус нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нэг ба үүнтэй холбоотойгоор Монгол улсын Засгийн газар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Зээлийн гэрээний дээрх заалтын дагуу зээлдэгч нь алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх юм. Гэтэл нэхэмжлэгч үндсэн төлбөр, зээлийн хүүгээс гадна алдангид 13 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Иймд 13 000 000 төгрөгийн алданги нэхэмжилснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.А-гээс 34 450 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Н-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 362 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А-гээс 330 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Н-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө зээлдэгч “тухайн зээлийг хүнд аваад өгчихсөн, удахгүй төлнө" гэсэн тайлбарыг гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Коронавирусын тархалтыг давагдашгүй хүчин зүйл гэж үзэж энэхүү нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэсэн тайлбарыг гаргасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор “Шинэ Коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолыг тус тус баталсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан.

Шүүх нэхэмжлэгчийн алданги шаардсан цаг хугацаа нь Монгол улсын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим хязгаарлалт тогтоосонтой давхацсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 6 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Гэрээний хариуцлага бол талуудын байгуулсан гэрээний үндсэн дээр болон хуульд заасан тохиолдолд үүсдэг. Үүрэг хүлээгч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээнэ.

Талууд гэрээндээ эрсдэлээ хамгаалах хуулиар зөвшөөрөгдсөн аргыг хэрэглэсэн. Анзын хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй энэ нөхцөлд шүүх анзын хэмжээг багасгасан нь талуудын хооронд байгуулсан гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

Шүүхийн зүгээс хариуцагчид давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон талаарх “Хүнд нөхцөл байдлын баталгаа”-г эрх бүхий байгууллагаас гаргуулахад нь шаардлагатай хугацаа өгч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан ч хариуцагч энэ нөхцөл байдлыг баримтаар нотолж чадаагүй.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор бүх шатны боловсролын байгууллага, сургалт, урлаг спортын арга хэмжээг хязгаарласан. Мөн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд улс орныг хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан баар, ресторан, нийтийн хоол, үзвэр, үйлчилгээний газрын цагийн хуваарийг өөрчлөх, аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын цагийн тусгай горимд шилжүүлэх арга хэмжээ авсан байдаг.

Гэтэл шүүх алданги шаардсан хугацааг сургалтын үйл ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хязгаарлалт тогтоосон цаг хугацаатай давхацсан гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтад цаг хугацааны хувьд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээний хугацаа дууссан үе буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд тооцоход алдангийн хэмжээ 16 900 000 төгрөг болсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтад нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл болон зээлийн хүү 27 950 000 төгрөгөөс алдангийг тооцох ёстой байсан хэдий ч алдангийн хэмжээг зөвхөн үндсэн зээл болох 26 000 000 төгрөгийн 50 хувиар тооцсон.

Зээлийн гэрээний хугацаа хугацаа дуусгавар болсон 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх 95 хоногоор алдангийг тооцоход алдангийн хэмжээ 12 350 000 төгрөг болж байхад шүүх алдангийн хэмжээг 50 хувиар багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтад нийцээгүй гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 11 дэх хэсэгт гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйлийн /тухайлбал халдвар тархалт өвчин/ нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан. Дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирус нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нэг ба үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ. Зээлийн гэрээний дээрх заалтын дагуу зээлдэгч нь алдангийн 13 000 000 төгрөгөөс чөлөөлөгдөх юм. Гэтэл анхан шатны шүүх 50 хувь буюу 6 500 000 төгрөгөөс чөлөөлсөн нь хариуцагчийн эрх ашигт эерэг нөлөөтэй байгаа хэдий ч талуудын байгуулсан гэрээний заалтын дагуу хариуцагчийг алдангиас бүхэлд нь буюу 13 000 000 төгрөгөөс чөлөөлөх нь зүйд нийцэх байсан.

Тус хэргийн шүүх хурал 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минут болж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байсан. Тухайн хэргийн шүүх хуралдааны цаг нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дэх "Алтай голд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралтай давхацсан. Уг захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хурал давхацсан учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хурлын тов мэдэгдсэн баримтын хамт шүүх хуралдаанаас өмнө Баянзүрх дүүргийн шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх тус хүсэлтийг үл харгалзан, хэргийг эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг тус тус зөрчиж, зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүйд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Т.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40 950 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн зээлийн хүү төлөхийг зөвшөөрч, харин алдангид 13 000 000 төгрөг төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 4 дүгээр талд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн бичгийн зээлийн гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч Э.Н нь зээлдэгч Т.А-т 26 000 000 төгрөгийг, сарын 2.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Т.А-т дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж шиийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 4, 5, 6 дугаар сарын зээлийн хүүнд 1 950 000 төгрөгийг төлж, үндсэн зээл 26 000 000 төгрөг, 2019 оны 7, 8, 9 дүгээр сарын  зээлийн хүү 1 950 000 төгрөгийг нийт 27 950 000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2-т “зээл болон зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох”-оор тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Дээрх зээлийн гэрээний 2, 3-т зааснаар хариуцагч нь зээлийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, зээлийн хүүг сар бүрийн 24-ний өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч уг зээл болон зээлийн хүүг төлөх үүргээ 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зөрчсөн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Н-т хариуцагч Т.А-гээс зээлийн гэрээний үүрэгт 26 000 000 төгрөг, зээлийн хүү 1 950 000 төгрөг нийт 27 950 000 төгрөг  гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1  дэх хэсэгт заасантай нийцүүлэн зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нь “...дэлхий нийтээр тархсан шинэ короновирусийн өвчлөлтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарласны улмаас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь талуудын хооронд байгуулсан гэрээний 11 дэх хэсэгт заасан давагдашгүй хүчин зүйл бий болсон тул гэрээний хариуцлага алдангиас чөлөөлөгдөх үндэслэл бий болсон” гэж тайлбар гаргажээ.

 

Хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Учир нь гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дууссанаас хойш алданги хуульд заасан журмын дагуу тооцогдоход давагдашгүй хүчин зүйлийн нөлөө бий болоогүй байсан гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг шүүх эрх хэмжээний хүрээнд багасгаж нэхэмжлэгчид хариуцагчаас 6 500 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, хэргийн нөхцөл байдалд нийцсэн тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй болно. Хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүх шийдвэрлэсэн нь зө байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээрх үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 118 950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ