Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00216

 

2022           03            01                                          001/ХТ2022/00216

 

 

 

Э.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02136 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1749 дүгээр магадлалтай,

 

Э.Нийн нэхэмжлэлтэй

Т.Ат холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 40,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхамын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02136 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Аээс 34,450,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Нт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 362,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Аээс 330,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Нт олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1749 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 118 950 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 118 950 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхамын хяналтын гомдолдоо: ...Магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Иргэн Э.Н нь хариуцагч Т.Ат 26,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож талуудын хооронд 2019.04.24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардаж, нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээл 26,000,000 төгрөг, зээлийн хүүд 2,950,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг нийт 40,950,000 гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Нэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй тухайд: Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг шүүх эрх хэмжээний хүрээнд багасгаж хариуцагчаас алдангид 6,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 11 дэх хэсэгт гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан. Дэлхий нийтээр тархаад буй шинэкоронавирус нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нэг ба үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2020.01.31-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ. Зээлийн гэрээний дээрх заалтын дагуу хариуцагч нь апдангиас бүхэлд нь буюу 13,000,000 төгрөгөөс чөлөөлөгдөхөөр байхад 6,500,000 төгрөгөөс чөлөөлсөн нь үндэслэл бүхий биш байх тул алдангийн үлдэгдэл 6,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх аль аль нь талуудын байгуулсан гэрээнд бүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Хоёр. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Тус хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2020.06.11-ний өдрийн 13:30-д болсон байсан. Хурлын цаг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дэх Алтай голд ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаантай давхцсан тул хурлыг хойшлуулах хүсэлтийг, тов хамт хүргүүлсэн ч шүүх хүсэлтийг үл харгалзан, хэргийг эзгүйд шийдвэрлэсэн байсан. Гэтэл үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн, хариуцагчийн хуралдаан хойшлуулах хүсэлтийг өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 25.1.2-т заасан зохигчийн биечлэн шүүх хуралдаанд оролцох эрх, боломжийг анхан шатны шүүх зөрчсөн эсэхийг үл харгалзсан, процессын хуулийн дээрх зохицуулалтыг болсон үйл баримтад нийцүүлэн эрх зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

5. Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч Т.Ат холбогдуулан зээлийн үүрэгт үндсэн зээл 26,000,000 төгрөг, хүү 1,950,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг нийт 40,950,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл, хүү төлөхийг зөвшөөрч, харин алдангийг төлөхгүй гэж маргажээ.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, алдангийг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан хэм хэмжээг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

7. Зохигч нь 2019.04.24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь 26,000,000 төгрөгийг хариуцагчид сарын 2,5 хувийн хүүтэй, 2019.10.24-ний өдөр хүртэл зээлдүүлсэн байна. Зээлийг буцаан төлөх үүргээ зээлдэгч хугацаа хожимдуулвал алданги тооцох талаар талууд гэрээндээ заажээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ зохигчийн хооронд байгуулагдсан байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 4, 5, 6 дугаар сарын зээлийн хүүнд 1,950,000 төгрөгийг төлж, үндсэн зээл 26,000,000 төгрөг, 2019 оны 7, 8, 9 дүгээр сарын зээлийн хүү 1,950,000 төгрөгийг нийт 27,950,000 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон, зээлийн гэрээний 2-т “зээл болон зээлийн хүүг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох”-оор тохиролцсон, шүүх алдангийг багасгаж 6,500,000 төгрөгийг гаргуулжээ.

 

8. Зээлийн гэрээний 11-д “Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /тухайлбал: газар хөдлөлт , үер, гал түймэр, далайн шуурга, хар салхи, халдварт өвчний тархалт болон байгалийн бусад аюулт үзэгдэл, ажил хаялт, төрийн шийдвэр, оролцоо гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно.” гэж заасан байх боловч зээлийн гэрээний хугацаанд дээрх нөхцөл байдал бий болоогүй тул алдангиас бүрэн чөлөөлөх байсан гэх хариуцагчийн татгалзал, гомдол үндэслэлгүй байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч бус бусдыг төлөөлж байгаа этгээд тул шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэл шүүх хуралдаан хойшлуулах нөхцөл болох нь эргэлзээтэй, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй тул гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02136 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1749 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                          Б.МӨНХТУЯА

 

                                                                                                          Д.ЦОЛМОН

 

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД