Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 0492

 

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0492

Улаанбаатар хот

Н.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.Д нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Н нарыг оролцуулан Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Д-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Н.Д-г ажлаас чөлөөлөх тухай” Б/68 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Д-г түүний өмнө эрхэлж байсан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Н.Д-ийн ажилгүй байсан хугацааны цалин буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд авсан цалингийн зөрүү болох нийт 2,448,109 төгрөгийн цалин олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх цалингаар тооцож зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0004 дугаар шийдвэрээр Н.Дгийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны дөрийн Н.Д-г ажлаас чөлөөлөх тухай Б/68 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэж, хүчингүй болгуулж, ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ захиргааны хэрэгт бүрдсэн нотлох баримтанд бруу дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй ханган шийдвэрлэсэн хэмээн үзэж байна.

Анхан шатны шүүхээс Н.Д-тэй тохиролцож төрийн нэг багйууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан гэх асуудлыг үгүйсгэхгүй гэхдээ Н.Д-тэй тохиролцсон гэх асуудлыг баримтжуулаагүй учир хариуцагч талын гаргасан санал, хүсэлт, тайлбарыг үнэлэх боломжгүй хэмээн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьджээ.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Н.Д-г өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай Б/68 дугаар захирамжаар төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” үндэслэлээр Н.Д-г Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар шилжүүлэн ажиллуулсан болно.

Дээрх үндэслэл бүхий захирамж гарсан даруй Н.Д нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Г луу гар утсаар залгаж, шилжин очиж байгаа ажилд орох талаараа тохиролцсон болохыг Н.Г гэрчээр өгсөн мэдүүлэгтээ, Н.Д шүүх хуралд гаргасан тайлбартаа дурьддаг.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хуулийн зохицуулалтыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга зөрчөөгүй болохыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тайлбар, бүрдүүлж өгсөн нотлох баримтаараа бүрэн нотолсон болно.

Н.Д нь мал эмнэлгийн чиглэлээр мэргэшсэн. Өмнө нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт мал эмнэлгийн улсын байцаагчаар ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын газарт эргэж очиж ажилах хүсэлттэй болохоо Говьсүмбэр айгимнй Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Г-тай уулзан илэрхийлж байсан.

Засаг даргын захирамж гарсан даруй шилжүүлсэн газарт очин ажлаа хүлээн авч одоог хүртэл ажиллаж байгаа болно.

Төрийн захиргааны байгууллага албан хаагчтай тохиролцсон асуудлаа бичгэн хэлбэрээр баримтжуулах, тухайлан тэмдэглэл үйлдэх, өөр бусад байдлаар нотлох зүйл хийх ёстой гэсэн дүгнэлтийг захиргааны хэргийн анхан шатны шүүх хийсэн байна.

Төрийн албан тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч төрийн байгууллага нь ажилтантай тохиролцсон асуудлаа заавал бичгээр болон бусад байдлаар нотол гэсэн ямар ч заалт байхгүй. Харин ч аман хэлбэрээр тохиролцож болно л гэсэн агуулга байгаа болно.

Шүүх энэхүү шийдвэрээрээ төрийн байгууллагад үндэслэлгүй тулгалт хийж байна хэмээн үзэж байна.

Н.Д-тэй тохиролцсон асуудал нь захирамж гарснаас хойш Н.Д-ийн хийсэн үйлдлээр шууд нотлогдож байгаа болно. Н.Д нь “өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” Засаг даргын захирамж гарсан даруй хүлээн зөвшөөрч Мэргэжлийн хяналтын газрын даргатай очиж уулзан ажилд томилуулах тушаал гаргуулан ажилд орж ажилласан. Мэргэжлийн хяналтын газарт очиж ажиллахгүй талаараа ямар нэг эсэргүүцэл илэрхийлээгүй, тушаалд ямар нэг гомдол гаргаагүй болно. Н.Д нь ажилд шилжүүлэн ажиллуулах тохиролцоо үүсгэсэн болохоо өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа дурьддаг. Аймгийн Засаг дарга Г.Б, орлогч дарга Ш.Б нартай уулзаж ярилцсанаа дурьддаг. Мөн өөр байгууллагад шилжин очиж ажиллах талаараа аймгийн хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.М уулзсан талаараа ч тодорхой дурьддаг билээ.

Хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан гурван үндэслэл бүхий шаардлага болох албан ажлын зайлшгүй шаардлага, төрийн жинхэнэ албан хаагчтай ямар нөхцлийг зөвшилцөж тохиролцсон, төрийн захиргааны аль байгууллагын ямар ажил, албан тушаалд шилжүүлсэн талаараа үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтуудыг гаргасан байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлд үнэлэлт өгсөн нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж эхэлснээс хойш хариуцагч талын зүгээс хоёр удаа тайлбар гаргасан. Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарыг шийдвэрт маш сайн тусгасан хэрнээ хариуцагч талын тайлбарыг бүрэн дурдаагүй. Түүнийг үгүйсгэсэн үндэслэлээ хийж чадаагүй болно.

Иймд дээрх байдлыг үндэслэн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 113/ШШ2017/0004 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар Н.Д-г өөртэй нь тохиролцож, төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах болсон тул Гомьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушааалаас чөлөөлсөн гэж тайлбарлах боловч төрийн албан хаагчтай тохиролцсон гэж үзэхээргүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан боловч маргаан бүхий Б/68 дугаар актаас үзвэл Н.Д-г аль байгууллагад, ямар албан тушаалд шилжүүлэн ажиллуулах болсон нь тодорхойгүй, төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Мөн хариуцагчийн гомдлын “Н.Д нь “өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” Засаг даргын захирамж гарсан даруй захирамжийг хүлээн зөвшөөрч ... Мэргэжлийн хяналтын газарт очиж ажиллахгүй талаараа ямар нэг эсэргүүцэл илэрхийлээгүй, тушаалд ямар нэг гомдол гаргаагүй гэх” тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацаанд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч Н.Д-г чөлөөлсөн Б/68 дугаар захирамж гарснаас хойш тэрээр төрийн өөр байгууллагад ажиллаж байсан нь түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм. Нэгэнт нэхэмжлэгч төрийн албан хаагч ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хариуцагчийг төрийн албан хаагчтай тохиролцсоныг нотолсон баримтгүй байгаа тохиолдолд Б/68 дугаар захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцлийг хангасан шийдвэр гэж дүгнэх боломжгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                              Ц.ЦОГТ