Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01751

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01833 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ийн хариуцагч М.Ц-д холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: М.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ц бид хоёр олон жилийн түншийн харилцаатай байсан бөгөөд М.Ц авсан махны мөнгөө гүйцэт өгөхгүй хойшлуулсаар өнөөдрийн байдлаар 10 000 000 төгрөг өгөх ёстой. 2011 онд М.Ц 3 000 000 төгрөг өгнө гэж гарын үсэг зурсан байдаг. Бид 2013, 2014 онд тооцоо нийлэхэд махны үлдэгдэл төлбөр 6 000 000 төгрөг М.Ц гарын үсэг зурсан. 1 000 000 төгрөг нь гарын үсэггүй. М.Ц яагаад төлбөр төлөхөөс татгалзах миний хашаа байшинг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авхуулсан. Манай хашаа байшинг хураахаар болж манай гэр бүлийн хооронд маргаан үүссэн. М.Ц өөрөө ч мэдэж байгаа. Намайг 2016 онд өрөө нэхэхээр очиход над руу дайрч сэтгэл санааны хямралд оруулж байсан. Би байнгын эмчийн хяналтанд байдаг хүн. Гол нь М.Ц гарын үсэг зурахдаа он сараа тавьдаггүй байсан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр надад 300 000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед би М.Ц-г ингээд төлөх байх гэж бодсон боловч дахиж мөнгө өгөөгүй. М.Ц зээлээ төлөхгүй намайг банкны өрөнд оруулсан учраас өөрөө төлж дуусгасан. М.Ц-д би зах зээлийн ханшаас өндөр үнээр мах өгөөгүй. Сая гэрчийн танилцуулсан компанид би мах нийлүүлж байгаагүй. Би М.Ц-д 6 700 төгрөгөөр мах нийлүүлээгүй. 5 300 төгрөгөөр нийлүүлж байсан. М.Ц надад мөнгийг чинь төлж дуусгасан та миний бичгийг өгчих гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Би банкнаас өөрийн хүсэлтээр зээл аваагүй. 2014 онд өгөх ёстой байсан мөнгөө одоо болтол өгөхгүй байна. Өмнө нь надаас мөнгө авчихаад өгөхгүй байсан удаатай. Би М.Ц-д 2013, 2014 онд 13 000 000 төгрөг, 14 000 000 төгрөгийн мах өгч байсан. Би байнга мөнгөө нэхдэг байсан. Талууд тухайн үед хэдэн кг мах хүлээлцсэн талаар хэн аль нь тодорхой хэлж чадахгүй байна. Хариуцагчийн өөрийн гараар бичиж өгсөн баримт бол хэрэгт ач холбогдолтой гол баримт юм. Түүний мөнгөө төлөлгүй удлаа гэсэн бичгийг өвөл бичиж өгсөн байна. Үүгээр хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Б.М гуай байнга төлбөр төлөхийг шаардаж байсан. Хэрвээ шаардаж байгаагүй бол М.Ц ийм бичиг бичиж өгөхгүй байсан. Өөрөө тайлбартаа ч гэсэн үүнийгээ хэлдэг. М.Ц энэ мөнгийг төлөх үүрэгтэй байсан нь дэвтэр, болон өөрийнх нь гараар бичиж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хойшлогдож байсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу өмнөх хугацааг тоолохгүйгээр шинээр тоолох ёстой гэж үзэж байна. Б.М -ийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 186.2, 243 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой харилцаа дуусгавар болсон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-ийн гаргасан нэхэмжлэл нь хэзээ, хэдий хэмжээний махыг /хэдэн үхрийн/ надад өгч нийт хэдэн төгрөг төлөгдсөн, хэд үлдсэн зэрэг нь ойлгомжгүй, дээр нь ямар баримтаар энэ их мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Би Б.М -ээс  10 биш 5 үхрийн махыг нь борлуулж өгөхөөр авсан. Би увуулж цувуулж өгсөөр нийт 6 700 000 төгрөгийг Б.М-ийн Хаан банк дахь 5021158740 дугаарын дансанд нь нийт 12 удаагийн шилжүүлэг хийсэн байдаг. 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн. Б.М надад итгэмжлэл хийж өгч би үл хөдлөх хөрөнгийг 2009 онд зээлд барьцаалсан болохоос Б.М өөрөө зээл авч надад мөнгө өгсөн явдал болоогүй. Би үл хөдлөх хөрөнгийг нь чөлөөлүүлж эрт өгсөн. Энэ талаар бид тооцоо байхгүй. Надад 2013 онд өгсөн 5 үхрийн мах нь 1000 орчим кг болж байсан, тэр үеийн ханшаас дээгүүр үнээр буюу 6 300 төгрөгөөр өгсөн. Би тооцоог дуусгасан учир одоо Б.М -д өргүй. Өмнө нь 2011 онд Б.М эгч надад итгэмжлэл өгсөний дагуу үл хөдлөх хөрөнгийг нь 3 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд нөгөө мөнгөө өгч чадахгүй болж ирсэн. Эхний ээлжинд махыг нь төлж дуусгахаар орж ирсэн хэмжээгээр нь цувуулаад өгсөн. Цувуулаад өгч байгаа гэдэг утгаар Б.М эгчид бичиг хийж өгсөн. Би түүний үл хөдлөх хөрөнгийг нь тавьсандаа байнгын дарамттай байдаг байсан. Би энэ хүнд үхрийн махны мөнгийг төлж дуусгасан. Энэ хүний дансаар орсон мөнгө бол дандаа энэ үхрийн махны мөнгө юм. Дансны хуулгыг харахаар үхрийн мөнгийг өгч дуусгасан. Баримтуудаа нийлүүлээд харахад үхрийн махны мөнгө 6 700 000 төгрөг болсон байсан. Би өөрөө 8 500 000 төгрөгөөр хүмүүстэй гэрээ хийж Б.М эгчийн үл хөдлөх хөрөнгийг авч өгсөн. Энэ хүний өрийг төлж дуусгасан. Дараа нь би хүмүүстэй хийсэн гэрээний төлбөрөө өөрөө төлж дуусгасан. Сая гаргаж өгсөн дансны хуулгууд бол үхрийн махны мөнгө. Би махны мөнгийг төлж дуусгасан. Үл хөдлөх хөрөнгийг нь тухайн үед төлж дуусгаад зээлээс суллаж авч өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 10 тооны үхэр гэж нэхэмжилсэн боловч түүний тайлбараас 5, 6 үхрийн мах өгсөн болж таарлаа. Гэрчийн мэдүүлэг, шүүх хурлын үйл явцаар 4, 5 үхрийн мах өгсөн үйл баримт тогтоогдож байна. Хэдэн үхэр вэ гэхээр 5 үхэр байна. Хэдэн кг мах өгснийг асуухаар нэхэмжлэгч мэдэхгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хэдэн кг мах өгсөн нь тодорхойгүй байна. 1000 кг махыг тухайн үеийн ханш 5 800 төгрөгөөр тооцож үзэхэд 5 800 000 төгрөгийн тооцоо энэ 2 хүнд байсан байна. Хариуцагч М.Ц Б.М-ийн дансанд шилжүүлсэн мөнгөний тоо нь 6 700 000 төгрөгийн төлбөр төлөгдсөн. Төлбөрийн хувьд 1 000 000 гаруй төгрөгөөр илүү төлөгдсөн харагдаж байна. Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ. 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 3 000 000 төгрөг өгнө гэсэн баримтын талаар ярьж байна. Хэрэгт энэ талаар ямар нэг баримт байхгүй. Банкнаас зээл авч 2 000 000 төгрөг өгсөн гэж яриад байгаа нь тодорхойгүй, хэрэгт хамааралгүй. Нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан зүйл байхгүй байхад 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Юу нэхээд байгаа нь тодорхойгүй байж нэхэмжлэл гаргаад байгаа учраас М.Ц-ийн гарын үсэг мөн эсэх дээр шинжээч томилуулах шаардлага үүснэ. 9 жилийн хугацаанд цугларсан баримт дотор М.Ц-ийн гарын үсэг мөн гэсэн зүйл байхгүй. М.Ц надаас мөнгө өг гэж нэхээд дарамтлаад байхаар нь бичиж өгсөн гэж хэлдэг. Хүнийг айлгаж гарын үсэг зуруулчихаад тэр мөнгөө нугалж нэхэмжлэх эрх байхгүй. Аливаа маханд гарал үүслийн гэрчилгээ байдаг. Гарал үүслийн гэрчилгээнд хэдэн кг мах нэхэмжилсэн талаар тодорхой болно. Гэтэл ийм баримт хэрэгт байхгүй. Өнөөдөр авсан мөнгөө дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ц-гаас 5 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 300 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 106 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч М.Ц “2013 оны 11 дүгээр сард 5 үхрийн махыг авсан нь үнэн. Нийт 1000 орчим кг мах болсон. Б.М хэдэн кг мах өгсөн нь тодорхойгүй, баримт байхгүй, би тухайн үеийн ханшаар бодож 2013 оны 10 дугаар сарын 02-оос 2013 оны 12 дугаар сарын 30-ны хооронд 12 удаагийн шилжүүлгээр 6 700 000 төгрөгийг төлж барагдуулсан” гэж нотлох баримтыг шүүхэд гаргаж, гэрч үүнийг нотолж оролцон хэргийг хэлэлцүүлсэн. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалтыг үндэслэн М.Ц-гаас 5 700 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, 4 300 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч ... шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байтал нэхэмжлэгч Б.М хэдэн кг мах өгснөө ч нотлоогүй, 1 кг мах ямар үнэтэй байсан ч мэдэхгүй баримжаалдаг. Тэгсэн мөртлөө 10 000 000 төгрөгийг 5 үхрийн махны мөнгө гэж нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үнийн дүн 10 000 000 төгрөгөөс үнэлж тооцвол 1 кг мах 10 000 төгрөгийн үнэтэй байсан болж таарах гээд байна. Аль эсвэл Б.М-ийн шүүхэд мэдүүлснээр 5 300 000 төгрөгөөр нийлүүлсэн гэж үзвэл 5 үхрийн мах 5 300 000 төгрөг төлөгдсөн, даруй 1 400 000 төгрөг илүү төлөгдсөн байдаг. 1 үхрээс 200 кг жинтэй мах гардаг гэж М.Ц болон гэрч мэдүүлснээр М.Ц-ийн авсан нийт үхрийн мах нь 1000 кг гэж үзэх үндэстэй юм. Гэтэл шүүх М.Ц-гаас одоо дахиад 5 700 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлээд байгаа нь юуны төлбөр вэ, нэхэгдэж байгаа үхрийн махны мөнгө юм уу, өөр бусад өр төлбөр бидний хооронд байгаа гэж Б.М ярихаар тэр төлбөрт нь хийсвэрээр тооцоод байгаа юм уу. Шүүхийн 1833 дугаар шийдвэр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нотлох баримттайгаа хэрхэн яаж холбогдож, шүүх нотлох баримтыг хэрхэн яаж үнэлсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ" гэсэн заалт хэрэгжиж байна уу, Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалт зөрчигдөөгүй гэж үзэх боломжгүй боллоо. Нэхэмжлэлд дурьдсан махны мөнгийг М.Ц өгөөгүй гэж шийдвэрлэсэн бол 1 үхэр 400 кг жинтэй байсан гэж шүүх үзсэн байх гээд байна. Гэтэл дунджаар ойт хээрийн бүсэд нас гүйцсэн бух 360-400 кг, үнээ 280-320 кг, эр шүдлэн 200-230 кг жинтэй байдаг. Алтайн уулархаг нутаг, говийн бүсийн үхэр бага жинтэй байдаг. Нас гүйцсэн бух мөн махны чиглэлийн үхэр өгөөгүй тул 400 кг жин татах учиргүй байна. Гэтэл нэхэмжлэгч махыг М.Ц-д өгөхдөө гарал үүслийн гэрчилгээ бичиггүй, мал эмнэлгийн эрүүл хүнс болохыг нотолсон тодорхойлолтгүй, мах авчирсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Ц-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 6 дугаар талд бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь  “...М.Ц Б.М -ээс  2013 оны 11 дүгээр сард мах авсан ... үүний үлдэгдэл нийт 6 000 000 төгрөгийн махны тооцоо бий. Үүнийг өгч чадалгүй их удлаа. ....Энэ мөнгийг 1-2 сарын дотор багтаан өгнө... Бид 2 олон жил харьцсан. Надад өөрт нь өшөө ч өглөг бий...” гэсэн агуулгатай байна. Уг баримтаас үзвэл нэхэмжлэгчид хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сард худалдан авсан махны үнэ 6 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх бичгийн баримт болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба энэ талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч М.Ц нь нэхэмжлэгч Б.М -д 6 700 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд шилжүүлсэн болох нь хэргийн 19-30 дугаар тал дах “Хаан банк” ХХК-ийн орлогын мэдүүлгээр  тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаангүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2013 оны 11 дүгээр сард худалдан авсан махны үнэд дээрх 6 700 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй урьд нь авсан төлөгдөөгүй махны төлбөр байсан гэж маргаж байна.

 

Мөн дээрх баримтыг үйлдсэн цаг хугацааны талаар талууд маргаж өөр өөрөөр тайлбарласныг шүүх хуралдааны шатанд нь тодруулахад хариуцагч М.Ц уг баримтыг 2013 оны 12 дугаар сард нэхэмжлэгч Б.М -д бичиж өгсөн гэж тайлбар гаргасан байна.

 

Хариуцагчийн 2013 оны 12 дугаар сард энэхүү баримтыг үйлдсэн гэх тайлбарыг үндэслэж дээрх төлбөрийг тооцвол 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид хариуцагч нь 5 000 000 төгрөг төлснийг 2013 оны 11 дүгээр сард авсан махны үнэ гэж үзэх боломжгүй.

 

Харин нэхэмжлэгчид хариуцагч нь баримт үйлдсэнээс хойшхи 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 1 700 000 төгрөг төлснийг 2013 оны 11 дүгээр сард худалдан авсан махны үнэ 6 000 000 төгрөгөөс хасвал 4 300 000 төгрөг үлдсэн бөгөөд үүнээс хариуцагчийн 2019 оны 01 дүгээр 02-ны өдөр төлсөн 300 000 төгрөгийг хасч, М.Ц-гаас Б.М -д Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу 4 000 000 төгрөг гаргуулж, үлдэх 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 10 000 000 төгрөг гэж тодорхойлсон боловч Б.М нь М.Ц-д 3 000 000 төгрөгийг 2011 онд зээлдүүлсэн, мөн 1 000 000 төгрөгт гарын үсэг зуруулаагүй гэх боловч хэрэгт баримт авагдаагүй, нотлох баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 4 000 000 төгрөгийг тогтоогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “5 700 000” гэснийг “...4 000 000” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ