Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 01612

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01612

 

 

Н.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01543 дугаар шийдвэртэй, Н.Мын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг болон нэмэлт зардал гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах, орон сууцны 8 хувийн зээлийг хариуцагчаар төлүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагч Ц.Э-д, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Э-дтай гэр бүл болж, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба хүү Э.Эрмүүнийг 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр, охин Э.Эийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрүүлсэн. Гэвч Э.Э гэр бүл болсон цагаасаа архи ууж, уухаараа гэрээсээ гадуур олон хоногоор явж, үр хүүхдээ үгийн муухайгаар харааж зүхэж, хайхралгүй хаяж явах болсон. Энэ байдалд нь гомдож, бухимдан шаардлага тавихад уурлаж, намайг гэртээ болон найзынхаа гэрт зодох гэх мэтээр удаа дараа хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байсан. Э.Эы дээрх үйлдэл, байдал нь хүүхдүүдийн маань хүмүүжилд сөргөөр нөлөөлж, улмаар гэр бүлийн уур амьсгалыг хэвийн бус болгож, амар тайван амьдрах боломжгүйд хүргэсэн тул 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба Э.Э өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан боловч хандлага, байдлаа огт өөрчлөөгүй төдийгүй хамгийн сүүлийн жишээгээр, би Э.Эыг өөр хүнтэй удаан хугацааны хамтын амьдралтай байсныг мэдсэн ба тэрээр "дахин ийм байдал үүсгэхгүй, сайхан амьдарна хэмээн амласан боловч 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гэрээсээ гарч явсан ба маргааш орой нь хүүхдүүдээ цэцэрлэгээс нь ав, би ажлаа тайван хиймээр байна" гэж хэлээд түүнээс хойш сураггүй болсон. Ц.Э-д нэгэнт өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэсэн тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Эрмүүн, охин Э.Э нарыг  миний асрамжид үлдээж, хүүхдүүдийн тэтгэлэгийг Ц.Э-даас хуульд заасан хэмжээгээр гаргуулахаар, мөн Ц.Э-даас хүү Э.Эрмүүний өдөр өнжүүлэхийн сарын сургалтын зардал 250 000 төгрөг, охин Э.Эийн цэцэрлэгийн сарын төлбөр 15 000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр сараас эхлэн 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон нийт 2 000 000 төгрөгийн нэмэлт зардлыг гаргуулж, Ц.Э-д бидний гэр бүл болж амьдарснаас хойш бий болгосон, Ц.Э-ды өмчлөлд бүртгэлтэй, СХД-ийн 29 дүгээр хороо, 133/4 байр, 57 тоот хаягт байршилтай, 40.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 50 хувь буюу Ц.Э-дд ноогдох хэсгийг болон 95-00УНЧ улсын дугаартай, ТОҮОТА маркийн тээврийн хэрэгслийг бидний гэр бүлийн дундын эд хөрөнгө болохыг тогтоож, уг эд хөрөнгүүдээс 2 хүүхэд болон надад ноогдох хэсгийг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох ХУД-ийн 3 дугаар хороо, Үйлдвэр/17060/ гудамж 49/4 байр, 32 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хүү Э.Эрмүүн, охин Э.Э бидний өмчлөлд үлдээж, тус орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэл 109 867 510.67 төгрөгийг Ц.Э-даар төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Э-д, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний эхнэр намайг үзэн ядаад, зөвхөн миний муу талыг ярьж байна. Үнэндээ энэ хугацаанд намайг дарамталж, эрх чөлөөг чинь хязгаарлаж, сэтгэл зүйн байнгын дарамтанд байж, үнэхээр 8 жил гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан. Бүхнийг аав, ээжийнх нь хэлснээр хийдэг байсан. Огт архи уугаагүй, эв саруул байж байхад хадам аав намайг чи нэг бол ээжийгээ сонго эсвэл эхнэр хүүхдээ сонго гэж хэлдэг.  Тиймээс эв найртай, бие биедээ хар буруу санахгүйгээр гэрлэлтээ цуцлуулъя. Энэ 8 жилийн хугацаанд амьдралынхаа сайн сайхны төлөө, үхэн хатан зүтгэсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд алдсан минь үнэн. Эхнэрээсээ уучлал гуйсан, би дутуугаа нөхөж, дундуураа дүүргэсэн. Гэхдээ эцэст нь болих ёстой, гэр бүлээ бодье гэж байтал гай газар доороос гэгчээр өөрийнхөө арчаагүй байдлаас болж баригдсан. Иймд эхнэрээсээ үнэхээр уучлалт гуйж байна. Мөн хоёр хүүхэдтэйгээ сардаа нэг удаа юм уу, 7 хоногт нэг удаа уулзахад эхнэрийн зүгээс саад болохооргүй арга хэмжээ авч өгнө үү. Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж, тэтгэлэгийг асуудлыг зөвшөөрч байна. Харин хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн тухайд СХД-ийн 29 дүгээр хороо, 133/4 байр, 57 тоот хаягт байршилтай, 40.16 м.кв орон сууц нь хариуцагч Ц.Энхтайвны ээж Д.Наранцэцэгийн өмч. Өөрөөр хэлбэл энэ хүн хүүхдүүддээ нэмэр болох үүднээс хувийн хашаа байшингаа заарж, 38 000 000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг Хан-Уулд авах байрныхаа урьдчилгаанд өгч, 3 өрөө байрыг 8 хувийн зээлээр авахдаа мөн СХД-ийн 2 өрөө байраа уг зээлийн барьцаанд тавьсан.Миний хувьд машинаас өөр юу ч байхгүй. Хамтран өмчлөх эд хөрөнгийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Сард 800 000 төгрөгөөс өөр орлогогүй хүнээр зээл төлүүлнэ гэсэн нь үндэслэлгүй, зөвшөөрөхгүй. Мөн хүүхдүүдийн нэмэлт зардлын тухайд хэрэгт төлбөр төлсөн баримт байхгүй тул үндэслэлгүй байна гэжээ.

            Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монголмууд овгийн Цолмонгийн Энхтайван /РД:ЧВ84041918/, Өлзийхутаг овгийн Наранбатын Мэнджаргал /РД:УП92022227/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Эрмүүн, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Э нарыг эх Н.Мын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Э.Эрмүүн, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Э нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Э-даар сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Э.Эрмүүн, охин Э.Э нарыг эцэг Ц.Э-дтай уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.М даалгаж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг 95-00 УНЧ улсын дугаартай, Toyota Allion маркийн тээврийн хэрэгслийг Ц.Энхтайвны өмчлөлд, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ гудамж 49/4 байр, 32 тоот хаягт байршилтай, 63.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Н.Мын өмчлөлд тус тус үлдээж, дээрх хөрөнгүүдийн үнэ 19 676 588 төгрөгийг Ц.Э-даас гаргуулж, Н.Мд олгож, Н.Маас 16 890 000 төгрөгийг гаргуулж Ц.Э-дд олгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мын хариуцагч Ц.Э-даар орон сууцны 8 хувийн зээлийг төлүүлэхийг даалгаж, нэмэлт зардалд 2 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Маас улсын тэмдэгтийн хураамжинд 242 400 төгрөгийг гаргуулан улсын орлогод, хариуцагч Ц.Э-даас 256 333 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж, хариуцагч Ц.Э-даас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мд олгож, хариуцагч Ц.Э-даас хүүхдийн тэтгэлэгт хохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 53 081 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Тоёото Эллион /Toyota Allion/ маркийн машиныг зөвхөн гэр бүлийн насанд хүрсэн 2 гишүүнд хуваана гэх дүгнэлтийг хийн 2 хувааж, хариуцагчаас машины үнийн 50 хувийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсгийн заалтыг илтээр хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгөд бүртгэлтэй боловч ХААН банкны ипотекийн 8 хувийн хүүтэй 112 600 000 төгрөгийн зээлээр авсан, тус зээлээс 2 сая төгрөг л төлөгдсөн ХУД-ийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ гудамж, 49/4 байр, 32 тоот хаягт байрлах 63.67 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг миний өмчлөлд үлдээхдээ түүний төлөгдөөгүй үнийн дүн буюу өрийн 15 хувь болох 16 890 000 төгрөгийг надаас гаргуулж Ц.Э-дд олгохоор шийдвэрлэсэн нь огт ойлгомжгүй, илт үндэслэлгүй, бага насны 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч үлдэж байгаа, төсвийн ажил хийдэг, албан ёсны орох орон ч үгүй үлдэж байгаа өрх толгойлсон хоёр бага насны хүүхэдтэй эмэгтэй миний эрх ашгийг үл тоомсорлосон, ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр болжээ. Маргаан бүхий орон сууц хэдийгээр Ц.Э-д бидний өмчлөлд бүртгэлтэй боловч үнэ нь огт төлөгдөөгүйтэй адил байгаа нь баримтаар эргэлзээгүй нотлогдсон байтал шүүх ийнхүү хэт нэг талыг баримтлан надаас төлөгдөөгүй үнийн дүнг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит байдалд, шударга үнэнд, хуульд нийцэхгүй шийдвэр болсон. Шүүх Иргэний хуулиар тогтоосон зээлээр худалдаж, худалдан авсан зүйлийн үнэ төлөгдсөнөөр өмчлөлд шилжих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй тул шийдвэр нь үндэслэлгүй болсон. Шүүх дээр дурдсанчлан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хүүхэд эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээх бус, харин ч дээр дурдсанаар тодотгосон шинжтэй шийдвэрийг гаргасан байдлыг хянан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Toyota Allion маркийн машиныг зөвхөн гэр бүлийн насанд хүрсэн 2 гишүүнд хуваахаар шийдвэрлэсэн хэсгийг гэр бүлийн бүх гишүүдэд адил хуваахаар, Н.М надаас ХААН банкны 100 хувийн зээлээр худалдан авах гэрээтэй хөрөнгө бус цэвэр өрийн 15 хувь 16 890 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгохоор тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.М хариуцагч Ц.Э-дд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг болон нэмэлт зардал гаргуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах, орон сууцны 8 хувийн зээлийг хариуцагчаар төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх-1-3, 30/

Н.М, Ц.Э-д нар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүү Э.Эрмүүн, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Э.Э нар төрсөн нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон./хх-8-10/

Хамтын амьдралын хугацаанд нөхөр Ц.Э-д нь архи ууж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байсан гэх шалтгаанаар гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа үүссэн, улмаар тэд 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тусдаа амьдарсан, цаашид хамт амьдрах хүсэлгүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд оролцож амжилтгүй болж дуусгавар болсон, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн байх тул эдгээр нөхцлийг үндэслэн гэрлэлтийг цуцалсан, гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүү Э.Эрмүүн, охин Э.Э нарыг эх Н.Мын асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцсэн. Шүүх хуулийн эдгээр зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн болно.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах зохигчийн маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 16 890 000 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний гомдлыг хангах боломжтой гэж үзэв.

            Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт “гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заажээ. Гэтэл шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж гэр бүлийн нэг гишүүнд ногдох хөдлөх эд хөрөнгийн хэмжээг тодорхойлохдоо уг хөрөнгийн үнийг нийт гишүүдэд бус хоёр гишүүнд хувааж тогтоосон нь алдаатай байна.

            Тоёото Эллион /Toyota Allion/ маркийн автомашин хариуцагч Ц.Э-ды нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэгт зохигчид маргаагүй. Иймээс уг автомашины үнэ болох 4 800 000 төгрөгийг /6 400 000:4=1 600 000*3/  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.  

            Гэрлэгчид 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр банкны зээлээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/ гудамж 49/4 дүгээр байрны 32 тоот 63,67 м.квадрат 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2, 126.2.4-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Харин тухайн орон сууц банкнаас авсан зээлийн хөрөнгийн эх үүсвэр болох 112 600 000 төгрөгөөр бий болсон, зээлийн төлбөр 109 224 042 төгрөг төлөгдөөгүй байхад хамтран өмчлөх эд хөрөнгийн ногдох хэсэг гэж тодорхойлон нэхэмжлэгчээс 16 890 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хх-99-102/

Тодруулбал, зохигчид 63,67 м.квадрат 3 өрөө орон сууцны үнийг ипотекийн 8 хувийн зээлийн үнийн дүнгээр тооцоход татгалзахгүй гэх тайлбарыг гаргасан ба орон сууцны үнэ болох 112 600 000 төгрөгөөс банкны зээлийн үлдэгдэл 109 224 042 төгрөгийг хасч үлдэх 3 375 958 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж, хариуцагчид ногдох 843 989 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан  Ц.Э-дд олгохоор байх боловч, зээлийн төлбөрийг цаашид нэхэмжлэгч хариуцан үлдэж байгаа, бага насны хүүхдүүдийг өөрийн асрамжид авсан, тэднийг асран хамгаалах, орон байраар хангах үүрэг эцэг, эх хэн алинд ноогдож байгаа зэрэг нөхцөл байдлыг болон хүүхдүүдийн ашиг сонирхлыг харгалзан Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчид ногдох хэсгийг өөрөөр тогтоож, олгохгүй байхаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Харин Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 133/4 дүгээр байрны 57 тоот хаягт байршилтай, 40.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь Д.Наранцэцэг, Ц.Э-д нарын өмчлөлд бүртгэлтэй бөгөөд Ц.Э-дд ногдох хэсэг болох 50 хувийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэн 16 476 588 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсгийн заалтад нийцсэн.

Нэхэмжлэгч Н.М нь орон сууцны зээлийн үлдэгдлийг хариуцагчаар төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 63,67 м.квадрат 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээсэн учраас ирээдүйд төлөх ипотекийн зээлийн өр төлбөрийг нэхэмжлэгч хариуцагч үүрэгтэй байна. Талуудын гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой шаардлагыг энэ нэхэмжлэлээр шийдвэрлэхгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий бөгөөд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01543 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын дээрх гэснийг хасаж, “Тоёото Эллион /Toyota Allion/ маркийн автомашин, 40.16 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны 50 хувь болох” гэж нэмж, “19 676 588” гэснийг “21 276 588” төгрөг гэж, “олгож” гэснийг “олгосугай.” гэж өөрчлөн, “Н.Маас 16 890 000 төгрөгийг гаргуулж Ц.Э-дд олгосугай” гэснийг  хүчингүй болгож,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 242 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.ЦЭНД

 

                                  ШҮҮГЧИД                           Д.НЯМБАЗАР

 

                                        Б.НАРМАНДАХ