Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 01665

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01665

 

 

Л.Сийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01916 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Сийн хариуцагч Э.Ц, Д.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32 870 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С би Э.Цтай 2018 оны 10-р сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийг сарын нэг хувийн хүүтэй 10 сарын хугацаатайгаар 2019 оны 8-р сарын 24-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээгээр зээлийг 3 сард нэг удаа төлнө гэсэн боловч огт төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Э.Ц нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 126 хоногийн алданги 11,970,000 төгрөг үндсэн зээл 19,000,000 төгрөг түүний хүү болох 1,900,000 төгрөгийн хамт нийт 32,870,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т миний бие иргэн Л.Сээс хашаа байшин худалдан авсан бөгөөд байшингийн үнэлгээ банкны зээлийн үнэлгээнд хүрээгүй учир үлдэгдэл 19,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Бидний зүгээс тодорхой шалтгааны улмаас төлбөрийг төлж чадаагүй. Харин иргэн Л.Стэй хугацаа тохирон хуваан төлөх санал тавьсан боловч зөвшөөрөөгүй шүүхэд хандсан байна. Миний хувьд иргэн Л.Сээс бэлэн мөнгө аваагүй учир алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Сээс 2018 онд байшин худалдаж аваад байшингийн үлдэгдэл 19,000,000 төгрөг болохоос бэлэн мөнгө аваагүй. Л.Сийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулсан. Бэлэн мөнгө аваагүй учраас хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь байшингийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй гэж тохиролцоод 21,000,000 төгрөг болж байгаа. Энэ төлбөрийг би төлөхгүй гэж огт хэлдэггүй. Тухайн үед би автомашин зардаг байсан, автомашины борлуулалт сайн байсан боловч 2019 онд борлуулалт муу болсон. Би энэ тухайгаа Л.Сэд байнга хэлдэг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгийг зөвшөөрч үлдэгдэл алдангийн хэмжээг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Ц, Д.Т нараас 24 985 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Сэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 885 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 322 299.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц, Д.Т нараас 282 875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Сэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Сийн нэхэмжлэлтэй хариуцагч бидэнд холбогдох 32 870 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан иргэд хоорондын зээлийн гэрээний үүрэг гаргуулах тухай шаардлагад эрх зүйн дүгнэлт хийхдээ зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул хуульд зааснаар хүү шаардах, анз шаардах эрхгүй байна. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргалдагч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнээд хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 19 000 000 төгрөг, талуудын гэрээнд тохиролцсоноор гүйцэтгээгүй 19 000 000 төгрөгийн үүрэгт хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож хуульд зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж дүгнээд 19 00 000 төгрөгт 11 970 000 төгрөгийн алдангийг хариуцагч нараас нэхэмжилсэн үндэслэлгүй дүгнэсэн мөртлөө шүүх 5 985 000 төгрөгийн алдангийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна гэж хоёрдмол байдлаар үзэж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрхэн хэрэглэж 5 985 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй. Хариуцагч нарын зүгээс анхан шатны шүүх иргэний хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр анз гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж 5 985 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Э.Ц, Д.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг, хүү 1 900 000 төгрөг, алданги 11 970 000 төгрөг, нийт 32 870 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

            Э.Ц, Д.Т нар нь 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Л.Сээс Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2921 тоот хаягт байршилтай 264 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийн 30 хувийг Ариг банкинд байршуулж, 70 хувийг Ариг банк ХХК-аас авсан зээлээр төлж, урьдчилгаа 30 хувьд байршуулсан 19 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон болох нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл, гэрээ, зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. /хх-4, 14, 32/

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө, эсхүл мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч дээрх эрх зүйн харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж тодорхойлсон байх хэдий ч анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэнийг буруутгах боломжгүй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь гэрээний нэг тал эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас эд хөрөнгийн үнэ төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байх тул худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 10 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг зааж байгаа боловч уг гэрээний дагуу 19 000 000 төгрөгийг зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгсөн гэх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна. Хэдийгээр зээлийн гэрээний ард “...19 000 000 төгрөг /бэлнээр/ хүлээж авсан...” гэж тэмдэглэгдсэн ч хариуцагч нар бэлэн мөнгө аваагүй гэх тайлбараар үгүйсгэж байх тул уг баримтыг эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримт гэж үзэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцоход учир дутагдалтай. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх талаар тохирсон “зээлийн гэрээ” гэх бичгээр хийсэн гэрээний 2.7-д төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр заасан байгаагаас үзэхэд тэд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алданги төлөх талаар харилцан тохиролцсон байна. /хх-4/

Хариуцагч Э.Ц, Д.Т нар нь татгалзлын үндэслэлээ “зээлийн гэрээгээр бэлэн мөнгө аваагүй учраас алданги төлөхгүй” гэх боловч талууд худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх талаар бичгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй. /хх-4/ 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу шүүх хариуцагч нараас гаргуулах алдангийн хэмжээг багасгасан байх ба мөн гэрээний хүү шаардсан болон алдангийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг маргааны үйл баримтад харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн байх бөгөөд хариуцагч нараас 24 985 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасантай нийцнэ. Хариуцагч нарын “алданги төлөхгүй” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 460 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                       ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                        Б.НАРМАНДАХ