Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/01916

 

 

 

 

 

 

 

                           2020         05       26                             

                               101/ШШ2020/001916

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн УК00000000000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 00-р хороо, цайз 00 гудамж, 0000 тоотод оршин суух, Х овогт Л-Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ЗД0000000000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хэсэг гудамж, 00 тоотод оршин суух Ү овогт Э- Ц,

Хариуцагч: Монгол Улсын иргэн 0000000 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 хэсэг гудамж, 000тоотод оршин суух Ч овогт Д- Т нарт холбогдох,

32,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, хариуцагч Э.Ц, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.  

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.С би Э.Цтай 2018 оны 10-р сарын 24-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 19,000,000 төгрөгийг сарын нэг хувийн хүүтэй 10 сарын хугацаатайгаар 2019 оны 8-р сарын 24-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээгээр зээлийг 3 сард нэг удаа төлнө гэсэн боловч огт төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Э.Ц нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 126 хоногийн алданги 11,970,000 төгрөг үндсэн зээл 19,000,000 төгрөг түүний хүү болох 1,900,000 төгрөгийн хамт нийт 32,870,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 

 Хариуцагч Д.Т нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т миний бие иргэн Л.Сээс хашаа байшин худалдан авсан бөгөөд байшингийн үнэлгээ банкны зээлийн үнэлгээнд хүрээгүй учир үлдэгдэл 19,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Бидний зүгээс тодорхой шалтгааны улмаас төлбөрийг төлж чадаагүй. Харин иргэн Л.Стэй хугацаа тохирон хуваан төлөх санал тавьсан боловч зөвшөөрөөгүй шүүхэд хандсан байна. Миний хувьд иргэн Л.Сээс бэлэн мөнгө аваагүй учир алданги  төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Сээс 2018 онд байшин худалдаж аваад байшингийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг бэлэн мөнгө аваагүй. Л.Сийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулсан. Бэлэн мөнгө аваагүй учраас хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь байшингийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй гэж тохиролцоод 21,000,000 төгрөг болж байгаа. Энэ төлбөрийг би төлөхгүй гэж огт хэлдэггүй. Тухайн үед би автомашин зардаг байсан. Тухайн үед автомашины борлуулалт сайн байсан боловч 2019 онд борлуулалт муу болсон. Тухайн үед Л.Сэд энэ тухайгаа би байнга хэлдэг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгийг зөвшөөрч үлдэгдэл алдангийн хэмжээг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд  зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Э.Цд холбогдуулан 32,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Д.Тыг татан оролцуулсан багаад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “... 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ”-ний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар 24-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Л.С нь 19,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч Э.Ц нь мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ гэж тохиролцжээ. /х.х-ийн 4 дэх талд/

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зохицуулснаар талуудын хооронд илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн агуулгыг тодорхойлох нь зүйтэй.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар талууд тус гэрээг хэдийгээр зээлийн гэрээ гэж нэрлэсэн боловч 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2921 тоот хаягт байршилтай 264 м.кв талбайтай хувийн сууц, грашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр худалдан авч, 49,000,000 төгрөгийг “Арин банк” ХХК-иас авсан зээлээр төлж, үлдэгдэл 19,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 32 дахь талд/

Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын мөнгө бэлнээр хүлээн аваагүй, тухайн хувийн сууцыг банкнаас зээлээр авахын тул нэхэмжлэгчийн нэр дээр урьдчилгааг байршуулах шаардлагын улмаас бусдаас түр мөнгө зээлж, байршуулан зээл гарсаны дараа нэхэмжлэгчээс 19,000,000 төгрөгийг буцаан авч зээлсэн хүндээ өгч ийнхүү үлдсэн 19,000,000 төгрөгийг өгөх талаарх баримтыг зээлийн гэрээ гэж нэрлэн гэрээ байгуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн.

Тус тайлбараас үзэхэд талууд мөнгө зээлдэх, зээлдүүлэх агуулгаар хүсэл зоригоо илэрхийлээгүй харин эд хөрөнгө худалдах-худалдан авах агуулгаар хүсэл зоригийг илэрхийлж, тухайн худалдан авсан хөрөнгийн үлдэгдэл үнийг төлөхөө илэрхийлсэн баримтыг үйлдэхдээ тухайн баримтыг “зээлийн гэрээ” нэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, тохиролцоо зэрэг нь нэг талаас эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас эд хөрөнгийн үнэ төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “худалдах-худалдан авах” гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Хариуцагч Э.Ц, Д.Т нар нь Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2921 тоот хаягт байршилтай 264 м.кв талбайтай хувийн сууц, грашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс 19,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар талууд маргахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн үнэ төлөх үүргийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас үлдэгдэл төлбөр болох 19,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний 2.4-д “зээлийн хүү сарын 1 хувь байна” гэж зааснаар зээлийн хүү 1,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

Учир нь, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдох талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан хуулийн нөхцөлийг хангаагүйгээс шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээгүй тул тус зээлийн гэрээ гэсэн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн хүү шаардах эрхгүй юм.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус зохицуулсан.

Хуульд зааснаар анзын гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлагын тусгайлан зохицуулсан бөгөөд талууд худалдах-худалдан авах гэрээний дагуу үнэ төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцно гэж бичгээр тохиролцсон байна.

Талуудын тус тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх боловч үндсэн үүрэг болох 19,000,000 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн 11,970,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нараас 9,500,000 төгрөгийн алданги нэхэмжлэх эрхтэй.

Хэдийгээр, нэхэмжлэгч нь хариуцагч нараас үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн хариуцлага буюу алданги шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зохицуулсан “анзын хэмжээ илт их байх”, “хэргийн нөхцөл байдлыг харгалзан” анзын хэмжээг багасгах гэсэн хуулийн урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийх нь зүйтэй.

Худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй улмаас худалдан авагч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.

Худалдагч тал буюу нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс буюу үүргийн зөрчил гаргасан хугацаанаас шаардах боломжтой байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь хариуцагч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, ийнхүү хариуцагч нарын хариуцлагын хэмжээ нэмэгдсээр байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч этгээд нь “эрх”-ээ шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй байх тул алдангийг хэмжээг багасгаж, хариуцагч нараас алдангид 5,985,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Э.Ц, Д.Т нараас 24,985,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Сэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,885,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Ц, Д.Т нараас 24,985,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Сэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,885,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 322,299.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц, Д.Т нараас 282,875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Сэд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ЭНХЖАРГАЛ