Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 459

 

Т.Ц-ын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Д.Мөнхцэцэг    

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-ыг ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 12.579.320 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0007 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0503 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0007 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-ыг ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.Ц-ыг урьд эрхэлж байсан ажилд буюу Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ц-ын ажилгүй байсан хугацааны буюу 9 /ес/ capын цалин 12.579.320 /арван хоёр сая таван зуун далан есөн мянга гурван зуун хорин/ төгрөгийг хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, Т.Ц-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгажээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0503 дугаар магадлалаар: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0503 дугаар бүхий магадлалыг хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Г миний бие эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээний хүрээнд үнэлж, дүгнээгүй гэж үзэж байна.

5. Үүнд: 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгосон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дүгнэлт нь Т.Ц-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлийн зөвхөн нэг хэсэг юм. Хэрэгт нотлох баримтаар өгсөн аймгийн Аудитын газрын хяналт шалгалтын дүн, Богд сумын өмч хамгаалах комиссын дүгнэлт, Сумын төсөвт байгууллагуудад жил бүр Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын дагуу бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу сумдын төсвийн байгууллагуудад хяналт шинжилгээ-үнэлгээ хийсэн аймгийн ажлын хэсгийн дүгнэлт зэргийг маргааны үйл баримтаар огт үнэлээгүй. Энэ талаараа шүүхийн шийдвэртээ тусгаж хүлээн зөвшөөрсөн боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

6. Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаа, санхүүгийн зарцуулалт, төсвийн зохион байгуулалтад үнэлэлт дүгнэлт өгөхдөө ганцхан байгууллагын хяналт, шалгалтын дүнг баримтлаагүй гэдгээ миний бие анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх дээр ч хэлсэн байдаг. Ганцхан удаагийн алдаанаас хүнийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авах шийдвэр бид гаргаагүй бөгөөд Т.Ц-ын хувьд он дараалсан удаа дараагийн төсвийн зохион байгуулалттай холбоотой асуудал, гомдлыг холбогдох байгууллагууд удаа дараа гаргасны дараа удирдлагын түвшинд хэлэлцэж арга хэмжээ авсан болно.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл болгож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд ажилтны гаргасан эд хөрөнгийн зөрчил нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь эд хөрөнгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарна. Мөн хэсгийн “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, ... ойлгож болно. Дээрх хууль зүйн үндэслэлээс харахад Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтны хувьд байгууллагын өмч хөрөнгө, бүртгэл тооцоо, орлого, зарлага, захиран зарцуулагч мөн бөгөөд хариуцлага хүлээх нь илэрхий юм. Хяналт, шалгалтын байгууллагуудын холбогдох акттай танилцаж, өөрөө ч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь байдаг. Үүнд, нэхэмжлэгч талаас болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс Т.Ц зөрчил гаргасан гэж нэг ч үг байхгүй мэтээр тайлбарласан нь бас л үг үсгийн алдаагаар хөөцөлдсөн нь тодорхой харагддаг юм. Төрийн байгууллага, аж ахуй нэгж байгууллага гэдэг нь өөрөө хуулийн этгээдийн хувьд аливаа харилцаанд оролцохдоо заавал эрх бүхий албан тушаалтнаар дамжигдаж, тодорхойлогдож байдаг. Үүнийг хяналтын шатны шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна.

9. Мөн давж заалдах шүүхийн аймгийн Аудитын газар, Санхүүгийн хяналт аудитын газар гэсэн 2 байгууллагын санхүүгийн хяналт, шалгалтын дүнг нэг мэтээр тайлбарласан байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Аймгийн Санхүүгийн албаны хяналт шалгалтын төлөвлөгөө, хүрээ, зорилго нь өөр байдаг. Бидний хувьд Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд он дараалсан зөрчил дутагдал гарсаар байгаа тухай мэдэгдэл, албан бичгийн дагуу аймгийн Аудитын газар болон бусад хяналт, шалгалтын байгууллагын өмч хамгаалах комисс, сумын Засаг дарга, аймгийн Боловсрол, соёл,урлагийн газар зэрэг харьяалах бүх байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, мэдэгдэл, зөрчил дутагдалд тулгуурлаж шийдвэр гаргасан. Үүнд аймгийн Засаг даргаас шалгалт, давхардсан байна уу, үгүй юу гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөх нь боломжгүй юм.

10. Захиргааны ерөнхий хууль нь манай улсын хувьд шинээр нутагшиж байгаа хууль бөгөөд орон нутгийн түвшинд бид бүхэн шийдвэр гаргах ажиллагаандаа бүрэн дүүрэн мөрдөж ажиллаж байгаа бөгөөд дээрх хуулийг хэрэгжүүлэхэд дагалдаж гарах журам, дүрэм заавар байхгүйгээс шийдвэр гаргах процесс ажиллагаанд зарим нэг алдаа дутагдал гарсныг үгүйсгэхгүй боловч нэхэмжлэгчийн зөрчил, хариуцлагагүй байдлаас төсөвт байгууллагын цаашдын үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, үүнд Т.Ц-ын хувьд ямар ч арга хэмжээ авахгүй, цаашлаад зөрчил гаргасаар байх нь тодорхой байсан учир бид түүний хууль бус үйлдлийг таслан зогсоосон.

11. Эцэст нь Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар, Засгийн газрын “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 258 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын Төсвийн сахилга бат сайжруулах тухай” 01 дүгээр албан даалгавар зэргийн хүрээнд төрийн албан хаагчдын зөрчил, дутагдлуудыг арилган хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг удаашруулсан, тасалдуулсан, төсвийн сахилга батгүй удирдах болон гүйцэтгэх алба хаагч нартай хариуцлага тооцож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан хаагчдыг мэдээллээр хангах, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх чиглэлээр бид ажиллаж байгаа болно.

12. Иймд Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, аймгийн Засаг даргын 2017 оны Б/30 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

 ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

14. Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Т.Ц-ыг ажлаас халж, Д.Э-г ажилд түр томилох тухай” Б/30 дугаар захирамжаар Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Засгийн газрын 2014 оны “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц-ыг ажлаас халсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...Би ажиллах хугацаандаа хамт олны менежментийн сонгодог аргуудаар удирдаж, сурагчдын сурлагын чанар сайжирч, мэдэгдэхүйц ажлын бүтээмж сайжирсан. Үүний үр дүнд ЭЕШ-ын оноогоор улсын дунджаас дээгүүр шалгагдаж 18 дугаар байр эзэлж, төрөлжсөн болон улсын олимпиад, уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилтууд гаргасан. Иймд би ажлын байдлаараа ажлаасаа халагдах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна” гэж, хариуцагчаас “...Т.Ц нь төсвийн сахилга бат алдагдуулж, 2016-2017 оны байгууллагын төсвийн үйл ажиллагаанд зөрчил дахин давтан гаргаж, өөрөө алдаа дутагдлаа засахгүй, дээд удирдлагын чөлөө зөвшөөрөлгүйгээр удаа дараа ажил тасалж, байгууллагын төсвийн зохион байгуулалт хийх чадавхгүй нь тогтоогдсон тул цаашид хамтран ажиллах боломжгүй” гэж тус тус маргажээ.  

15. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29/01/03 дугаар дүгнэлт, мөн албанаас аймгийн Засаг дарга Г.Г-д ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаар “Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн зөрчлийн тухай” албан бичиг, Богд сумын сургуулийн 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэжээ.

16. Хэрэгт цугларсан баримтаас Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хариуцлага тооцох, шагнал урамшуулал олгох тухай” А/288 дугаар захирамжийн 2 дахь заалтаар “Төсвийн тухай хууль болон бусад хууль, журмыг зөрчсөн нь хяналт шалгалтын байгууллагын шалгалтаар илэрч сахилга, хариуцлага алдсан, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн аудитын тайлангаар “Хязгаарлалттай” дүгнэлттэй гарсан...” гэж үзэн нэхэмжлэгч Т.Ц-ын албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа Үндэсний аудитын газраас нэгэнт шалгасан санхүүгийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас дахин шалгаж дүгнэлт гарган нэхэмжлэгчийг ажлаас халсныг нэг зөрчилд хоёр удаа хариуцлага хүлээлгэсэн шинжтэй болсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасантай нийцжээ.

17. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2017 оны эхний хагас жилд хамаарах зөрчлүүдийн зарим зөрчлийг арилгах талаар нэхэмжлэгчээс арга хэмжээ авсаар байтал ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн тусгай зарчмыг хангахгүй байгаа талаар зөв дүгнэжээ.

18. Харин давж заалдах шатны шүүхийн “...нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авагдсанаас хойших хугацаанд хамаарах аудитын шалгалтаар тогтоогдсон зөрчлүүдийн дийлэнх нь сургуулийн нярав, нягтлантай холбоотой, мөн заримыг нь нэхэмжлэгч шийдвэрлэх боломжгүй” гэсэн дүгнэлт нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” шууд захирагч байхаар заасантай, өөрөөр хэлбэл,  батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавьж ажиллах хуулийн зохицуулалттай нийцэхгүй энэ нь шийдэлд нөлөөлөхгүй юм.

19. Иймд, “...нэхэмжлэгчийн зөрчил, хариуцлагагүй байдлаас төсөвт байгууллагын цаашдын үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн...цаашлаад зөрчил гаргасаар байх нь тодорхой байсан” гэх агуулга бүхий хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2018/0503 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН